Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжжээ. Ингэхдээ үйлдвэрийн нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг хөрөнгө оруулалтын зардал гаргахгүйгээр төр үнэ төлбөргүй эзэмших юм. Мөн “Оюутолгойн баяжуулах үйлдвэр”, “Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр”, “Тавантолгойн цахилгаан станц”, “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”-ийн усан хангамжийн асуудлыг “Орхон говь”, “Хэрлэн говь”, “Онги говь” төслийн хүрээнд боломжит хувилбарыг судлан сонгож, зохих журмын дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэхээр болсон байна. Үйлдвэрийг байгуулснаар жилд сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд 2020 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
С.Ган