ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн үндэс нь эрчим хүч

Админ
2017/03/22

Аливаа улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь эрчим хүч. Тиймээс эрчим хүчийг дэлхийн эдийн засгийн үндэс суурь ч гэж үздэг. ОХУ нь дэлхийн нефтийн илэрсэн нөөцийн 13 хувь, байгалийн хийн 34 хувийг дангаар эзэмшиж байна. Орос нь дэлхийн анхдагч эрчим хүчний 10 орчим хувийг үйлдвэрлэдэг. Тиймээс ОХУ-ын Төрийн тэргүүн “Эдийн засгаа шинэчлэх тухай яривал эрчим хүчний шинэчлэлийн асуудал тэргүүнд яригдах ёстой” гэж тэмдэглэсэн байдаг. 2009 онд ОХУ-ын “Эрчим хүчний стратеги-2030” баримт бичгийг батлан гаргасан. Энэхүү баримт бичигт ОХУ зөвхөн өөрийн эрчим хүчний аюулгүй байдлаа хангах бус дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын системийг бүрдүүлэхэд гол тоглогч байх үзэл санааг тусгасан байдаг. Энэхүү стратегийг хэрэгжүүлснээр ОХУ экспортын чиглэлийг олшруулах замаар олон улсын эрчим хүчний аюулгүй байдлын системийг бүрдүүлэхэд боломжтой хэмжээнд оролцох, улс орны эдийн засаг нь нефть, хийгээс бүрэн хараат байдлыг багасгах, өнөөгийн ОХУ-ын ДНБ-д түлш, эрчим хүчний салбарын эзэлж буй 30 хувийг 18 хувь болгон бууруулах, нэг хүнд ногдох эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэрийн хэмжээг 40-өөс дээш хувиар нэмэгдүүлэх, зарим тохиолдолд 80 хүртэл хувиар нэмэх зорилттой байгаа аж. Олон улсын эрчим хүчний системд тэргүүлэгчдийн эгнээнд байхын тулд эрчим хүчний салбарт хамтарч ажиллах олон улсын хамтын ажиллагааны найдвартай эрх зүйн үндсийг бий болгохыг оросууд санал болгосоор байна. ОХУ-ын Засгийн газар ирэх 2030 он хүртэлх эрчим хүчний салбарын стратегийн хүрээнд нүүрсний салбарын стратегийг баталсан. Салбарыг шинэ түвшинд гаргахаар төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсвийн санхүүжилт нь нийт санхүүжилтийн есөн хувиас /3.7 их наяд рублийн 251.8 тэрбум нь/ хэтрэхгүй байхаар тусгасан. Хөтөлбөр ёсоор 2030 он гэхэд нүүрс олборлолт 430 сая тонн хүрч өсөн нэмэгдэх ба үүнийг 82 ил, 64 далд уурхайгаас олборлох аж. Нүүрсний салбарын хөдөлмөрийн бүтээмжийг 2010 онтой харьцуулахад 2030 онд тав дахин өснө гэж үзжээ.

Энэ оны II улирлаас мөнгөний бодлогын хүүгээ бууруулна

ОХУ-ын Төвбанк энэ онд бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр үлдээсэн ч мөнгөний тэлсэн бодлогоо үргэлжлүүлэх нөхцөл хязгаарлагдмал байгааг урьдчилан сануулж байсан. Төвбанк өнгөрсөн арванхоёрдугаар сард мөнгөний бодлогын хүүг 10 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Үүнээс гадна ирэх оны эхний хагаст мөнгөний тэлсэн бодлого явуулсан хэвээр байх ч II улирлаас бодлогын хүүг бууруулж магадгүй тухай Төвбанкны Ерөнхийлөгч Эльвира Набиуллина мэдэгдсэн юм. Хэдий мөнгөний хатуу бодлого явуулах нь инфляцийг бууруулах үр нөлөөтэй ч ирэх оны эхний гурван сар бодлогын хүүг бууруулах нөхцөл хязгаарлагдмал байгааг тэрбээр онцолсон юм. Үүний зэрэгцээ бодлого боловсруулагчид 2017 онд инфляцийн зорилтот түвшин болох дөрвөн хувьд хүрэх таамгийг нэмэгдүүлээд байна.

Нефтийн үнэ суларвал рублийн ханш буурах эрсдэлтэй

Өнгөрсөн жил рублийн ханш багагүй унасан. Рублийн ханш суларсанаар экспортлогч компаниудын ашиг өссөн. “Роснефть”-ийн орлого өнгөрсөн онд 18 хувиар нэмэгдсэн нь рублийн ханшийн уналттай холбоотой гэж зарим шинжээчид бичиж байна. 1998 онд үүнтэй ижил нөхцөл байдал үүссэн бөгөөд Оросын эдийн засаг нүд ирмэх зуур сэргэсэн билээ. Тухайн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү шилжиж байсан оросуудыг бүгд дэмжиж байсан юм. Дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ эргээд унавал рублийн ханш ч дагаад сулрах эрсдэл байсаар байгаа. Барууны хоригоос болж Оросын компаниуд гадаад зээл босгоход хэцүү болсон учраас тэд зардлаа танаж эхэлсэн тухай “ТАСС” мэдээлж байсан. Харин барууны шинжээчид ОХУ-ын эдийн засаг санаж байснаас хурдан сэргэж байна гэж үзэж байна. 350 гаруй тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй хүчирхэг улсын хувьд ОХУ ямар ч хямралыг ажралгүй давах чадвартай гэж зарим шинжээчид үзэж байна.

 

Ц.Даваасамбуу


1
1
0
1
0
0

Холбоотой мэдээ