Амьжиргааны төвшин тодорхойлох судалгааны дүнг нэгтгэж эхэллээ

Админ
2017/05/01

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тэмдэглэлд “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг Энэ оны нэгдүгээр улиралд багтаан дуусгах”-ыг үүрэг болгосны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны төвшинг тодорхойлох судалгааг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын удирдамж”-ийн дагуу 330 сум, нийслэлийн 152 хороонд энэ оны гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт өрхийн 99.5  хувьд  буюу 579.162 өрхөд хүрч ажилласан байна.

Мэдээлэл цуглуулах үед цас зуд, шар усны үер, малын гоц халдварт өвчний улмаас зарим аймагт онцгой нөхцөл байдал үүсч мэдээлэл цуглуулахад нөлөөлсний улмаас төлөвлөсөн өрхийг бүрэн хамруулахад хүндрэл үүсчээ. Энэхүү байгалийн хүчин зүйлсээс шалтгаалан мэдээлэл цуглуулах хугацаа дууссанаас хойш таван хоног сунгаж, самналт хийх замаар мэдээллийн сан дахь өрхийг бүрэн хэмжээнд хамруулахаар ажиллажээ. Тэгвэл одоогоор өрхүүдээс авсан мэдээллийг нэгтгэх ажил явагдаж байгаа юм байна.

Мэдээлэл цуглуулах ажилд тоологч, шивэгч, жолооч зэрэг гэрээт ажилтнаас гадна нийгмийн халамжийн салбарын ажилтнууд болон хөтөч, орон нутгийн төрийн байгууллагын ажилтнууд, удирдлага хяналтын багийнхан зэрэг нийт 7238 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна. Мэдээллийн сангийн дотоод нийцлийг шалган өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны өрхөөс цуглуулсан мэдээллийн зарим чухал үзүүлэлтийг ижил төрлийн бусад сангуудтай тулган шалгах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд мэдээллийн сан дахь өрхийн гишүүдийн регистрт суурилсан шалгалтыг хийх зорилгоор Үндэсний статистикийн хороо, Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газруудад хамтарч ажиллах хүсэлт хүргүүлжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ