Иванка Трамп: Аавынхаа гаргасан шийдвэрт нөлөөлж, өөрчлөх нь миний зорилго биш

Админ
2017/05/02

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин, Ерөнхийлөгчийн зөвлөх Иванка Трампын “CBS” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Ерөнхийлөгчийн туслах гэх шинэ албанд зүтгэж, албан ёсоор төрийн албан хаагч болсон Иванка Трамп анхны айлчлалаа Германд хийсэн. Тэрбээр Берлинд болох “Их-20”-ийн уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа юм.

-Та “60 Minutes” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Засгийн газрын ажилд оролцохгүй гэж мэдэгдэж байсан. Яагаад бодлоо өөрчлөх болсон юм бэ?

-“60 Minutes” нэвтрүүлэгт оролцож байх үед сонгуулийн үр дүн гараад хэдхэн хонож байсан. Гэхдээ сүүлд нь нэг хөл дотор, нөгөө хөл гадна байх ёстой гэдгийг ойлгосон. Нөхөр маань Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр томилогдсон  учраас Вашингтонд амьдрах шаардлагатай болсон.  Нэгэнт Вашингтонд  амьдрахаар болсон учир аавдаа туслахаар шийдсэн.

-Ерөнхийлөгчийн туслахын хувьд яг ямар ажил, үүрэг гүйцэт­гэдэг вэ?

-Ёс зүйн чиг баримжааг баримтлан аливаа асуудлыг шийдэхдээ нухацтай бодож шийдвэр гаргахыг хичээж байгаа. Гэхдээ эмэгтэйчүүдийн ний­гэмд эзлэх байр суурийг нэмэг­дүүлэх, боловсрол руу чиглэсэн асуудалд анхаарлаа хандуулж ажиллана.

-Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал.  Гэтэл Ерөнхийлөгч Дональд Трамп  НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд төлдөг төлбөрийг зогсоосон. Түүнчлэн Парисын гэрээнээс татгалзах тухай ярьж байгаа. Таныг Ерөн­хий­лөгчийн туслахын хувьд Ерөнхий­лөгчийн шийдвэрийг өөрчлөх юу ч хийхгүй байна гэж цахим ертөнцөөр шүүмжилж байна?

-Дуу хоолойгоо бусдад хүргэх олон арга байдаг. Зарим нөхцөлд жагсаал, цуглаанаар дамжуулан дуу хоолойгоо хүргэх нь ч бий. Би санал нийлэхгүй байгаа  болон дэмжихгүй байгаа зүйлсээ түүнд шулуухан хэлж, аль болох эергээр ойлгуулахыг хичээдэг.

-Ааваасаа хэр их зүйл суралцсан бэ?

-Маш их зүйл сурч байгаа. АНУ бол маш том орон. Тийм ч учраас тулгамдаж буй асуудал нь ээдрээтэй, өргөн хүрээг хамардаг. Харин аав минь үүссэн нөхцөл байдлыг ард түмэндээ ашигтайгаар шийдэж чадна гэдэгт би итгэдэг.

-Ерөнхийлөгч Дональд Трам­пын гаргаж буй шийдвэрүүд олны дургүйцлийг багагүй хүргэж байна. Түүний гаргасан шийдвэрийг шүүмжлэх ч хүмүүс байна. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

-Бид туйлшрамтгай цаг үед амьдарч байна шүү дээ.

-Гэхдээ таны аав нийгэмд туйлшрал бий болох нөхцөлийг бүрдүүлээгүй гэж үү?

-Миний бодлоор өнгөрсөн арван­нэгдүгээр сард болсон Ерөнхий­лөгчийн сонгууль америкчуудыг хоёр хэсэгт хуваасан.  Хиллари  Клинтоныг дэмжигчид Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр бүрийг хурцаар шүүмжилж байгаа гэхэд хилсдэхгүй байх.

-Иванка болон Жаред нар бол Ерөнхийлөгчийн чих гэсэн гарчигтай нийтлэл уншиж байсан. Ерөнхийлөгчид та хоёрын хэн нь хатуу үнэнийг хэлж чаддаг вэ?

-Ерөнхийлөгч маш олон хүнээр хүрээлүүлж байдаг. Бид бүгдээрээ  үнэнийг хэлдэг.

-Ерөнхийлөгчтэй санал нийлэх­гүй байсан тохиолдол байгаа юу?

-Би АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй. Харин аав минь  америк­чуудын итгэлийг хүлээж, энэ хүндтэй албанд сонгогдсон. Би түүнд туслахыг хүсдэг. Гэхдээ түүний гаргасан шийдвэрт нөлөөлж, өөрчлөх нь миний зорилго биш.

-Таны нөхөр Жаред хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна. Учир нь тэрбээр маш олон ажил хариуцан ажиллаж байгаа. Тухайлбал, Ойрхи Дорнод болон Иракийн асуудалд голлох үүрэг гүйцэтгэж буй. Улс төрийн болон цэргийн талаар ямар ч туршлагагүй хүн иймэрхүү ажил хариуцаж буй нь хүмүүсийн сонирхлыг татаж байх шиг байна?

-Анх аавыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхад улс төрийн туршлагагүй гэж шүүмжлэх хүн олон байсан. Жаред ч мөн улс төрийн туршлагагүй. Гэхдээ аав минь АНУ-ын Ерөнхийлөгч болж чадсан. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход Жаредын гүйцэтгэсэн үүрэг их бий.  Жаред бол ухаалаг, авьяастай, эрч хүчтэй хүн. Түүнтэй хамтарч ажиллахад үнэхээр гайхалтай байдаг.

-Иванка брэндийн талаар яриагаа үргэлжлүүлье. Хувийн биз­нес­тээ хэр их цаг гаргаж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажил­лах болсноос хойш бизнесийн­хээ ажилд бараг оролцоогүй. Цаашид оролцохгүй байх. Би зөвхөн стратегийн шийдвэр гаргахад нь өөрийн үзэл бодлоо илэр­хийлж,  зөвлөхөөр ажиллана.

-Та өөрийн брэндээ хадам дүү юм уу, бэрдээ хариуцуулах бодол байгаа юу?

-Манай гэр бүлийнхэн бүгдээрээ биеэ даасан. Хүн бүр өөр өөрийнхөө сонирхсон зүйлийг л хийдэг.

-Та бизнесээ худалдах талаар бодож байсан уу?

-Миний явуулж буй бизнес Иванка Трамп гэдэг нэрээр дэлхийд танигдсан. Харин худалдсан тохиолдолд худалдан авагч нь Трамп гэдэг нэрийг бизнесийнхээ гол хөшүүрэг болгон ашиглах магадлалтай тул худалдах бодолгүй байна.

-Аав тань Ерөнхийлөгч болс­ноор таны явуулж буй бизнест  хэрхэн нөлөөлсөн бэ. Ашиг, орлого нь нэмэгдсэн үү?

-Хэрвээ би бизнесээ өргөжүүлэх, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх сохир­холтой байсан бол Вашингтонд биш, Нью-Йоркт амьдрах байсан.

-Вашингтонд амьдрах ямар байна даа?

-Үнэхээр гайхалтай. Гэхдээ би өмнө нь Вашингтонд амьдарна гэж төсөөлж ч байгаагүй.  Жаред бид хоёр амралтын өдөр бүр хүүхдүүдтэйгээ хамт музей үзэж байгаа. Вашингтонд нүүж ирснээсээ хойш зургаан музей үзсэн.  Мөн ачааны машины шоу үзсэн.

-Таныг ачааны машины шоу үзсэн гэхээр сонирхолтой сонсогдож байна шүү?

-Тийм ээ. Жаред машины шоунд дуртай.

-Барак Обамагийн гэр бүл, Маккензи Безос болон Жеффийн гэр бүл гэх зэрэг олны танил хүмүүс танай хөрш гэж сонссон?

-Төрийн нарийн бичгийн дарга Рекс Теллорсоны гэр бүл ч гэсэн ойролцоо амьдардаг.

-Танд улс төрд орох бодол байгаа юу?

-Байхгүй.

-Гэхдээ улс төрд орох бэлтгэлээ аль хэдийнэ хийгээд эхэлчихээгүй гэж үү?

-Улс төр бол маш хүн, хэцүү ажил.

Эх сурвалж: http://www.cbsnews.com/news/ivanka-trump-interview-full-transcript/

Ц.Даваасамбуу


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ