Дэлхийн улс орнуудын өрийн дарамт нэмэгдэж байна

Админ
2017/05/02

Сүүлийн таван жилд хөгжиж буй орнуудын нийт зээлийн хэмжээ нь дэлхийн нийт зээлийн 50 хувийг  эзэлж байна. Ихэнх орнуудын эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүд сайн байгаа хэдий ч өрийн дарамт нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Судалгаагаагаар ирэх жилүүдэд зээлийн өндөр хэмжээ нь ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон, БНСУ, Австрали зэрэг улсын  эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхээр байгаа юм.  Азийн орнуудын өрийн хэмжээ хамгийн хурдацтай өсч байгаа бөгөөд Японы Засгийн газрын өрийн  ДНБ-д эзлэх хэмжээ хамгийн өндөр түвшинд байна. Өнгөрсөн онуудад хөгжиж буй орны Засгийн газар, бизнесийнхэн банкуудаас зээл авах хандлага их байсан бол хямралаас шалтгаалан банкуудын зээл олгох боломж хязгаарлагдмал болжээ. Тиймээс зээлдэгчид олон улсын бондын зах зээл рүү шилжиж тус зах зээлээс авсан зээлийн хэмжээ хоёр дахин өссөн байна.  Дэлхийн ихэнх улсад хүүгийн төвшин буурч, хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудын бондыг худалдан авах нь ихэссэнээр бондын өгөөжийн төвшинг бууруулж зээлдэгчдэд зээл авах хөшүүрэг болж байгаа ажээ.

Евро бүсийн Ирланд, Португаль, Итали, Грек зэрэг орон их хэмжээний өртэй бөгөөд эдийн засаг нь хүндрэлтэй байгаа. Эдгээр орноос  хамгийн их өртэй нь Ирланд. Нийт өр нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 663 хувьтай гарчээ. Тэгвэл хөгжиж байгаа орнуудын өрийн хэмжээ зургаан их наяд ам.доллараар өссөн бол өндөр хөгжсөн орнуудын өр 19 их наяд ам.долларт хүрсэн байна. Ийнхүү дэлхийн улс орнуудын нийт өр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ  225 хувьд хүрчээ. Энэ нь түүхэнд байгаагүй үзүүлэлт бөгөөд улс орнуудын төсвийн бодлого хумигдаж, эдийн засгийн хөгжил нь удааширч байна гэдгийг судлаачид онцолж  байна. Дэлхийн санхүүгийн хямралаас хойш дэлхийн нийт өр 57 их наяд ам.доллараар өсчээ. Дэлхийн улс орнуудын гадаад өр өсөх шалтгааныг шинжээчид  Засгийн газрын зардал 30-50 хувь болж өссөнтэй холбон тайлбарлаж байна. Учир нь, улс орнууд 2008 оны эдийн засгийн хямралаас гарахын тулд Засгийн газрын зардлыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэхийг чухалчилжээ. Харин өрөө багасгаж байгаа орнуудад Саудын Араб, Египет, Энэтхэг, Аргентин орж байна. Эдгээр улс орны дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн бөгөөд эдийн засгийн өсөлт нь сайжирсаар байгаа юм. Тиймээс өрийн асуудал нь дагаад шийдэгдэж байгаа гэнэ. Ер нь дэлхийн улс орнууд өртэй хэвээр байвал төсвийн сахилга батыг зохистой хэмжээнд барьж чадахгүй. Цаашлаад өрийн дарамтад орно гэж эдийн засгийн шинжээчид  таамаглаж байна.

Ц.Даваасамбуу


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ