2030 онд хөдөлмөрийн зах зээл хүний нөөцийн дутагдалд орно

Админ
2017/05/02

Манай улсад найман минут тутамд нэг хүн төрж, 30 минут тутамд нэг хүн нас барж байна. Монголчууд 2015 оны нэгдүгээр сарын 24-нд гурван сая дахь иргэнээ хүлээн авч түүхэн үйл явдал тохиосон. Гэвч тэр өглөө дөрвөн сая дахь иргэнээ хүлээн авах боломжтой байсан гэвэл та итгэх үү. Монгол Улс 1961 онд нэг сая дахь иргэнээ хүлээж авахад 44 жил, хоёр сая дахь иргэнээ хүлээж авахад 26 жил зарцуулсан. Жилээс жилд хүн амын тоо нэмэгдэж, 1979 онд цэвэр өсөлт 2.9 хувьд хүрч байсан.  Гэвч 1990 онд нийгмийн шилжилт хөдөлгөөний үеэр 1.4 хувь болтлоо буурчээ. Үүний гол шалтгаан нь нийгмийн шилжилтийн явцад иргэдийн амьжиргааны баталгаа алдагдсаны улмаас ажилгүйдэл өсч, гадаадад гарч ажиллах нь ихэсч, иргэдийн дунд тогтворгүй байдал, стресс бий болсонтой холбоотой гэнэ. Үүнээс улбаалан гэр бүлийн салалт ихэсч, үр хөндүүлэх эмэгтэйчүүдийн тоо өссөн байна. Мөн 1992 онд Казахстан улс руу 40-60 мянга казак иргэн шилжсэн нь багагүй нөлөөлжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар, 1991-2015 оны хооронд нийт 376 мянган эх үр хөндүүлжээ. Гэвч энэ тоо зөвхөн улсын эмнэлгүүдэд бүртгэгдсэн тоо юм. Цаана нь 1200 гаруй хувийн эрүүл мэндийн байгууллага байна. Тэдгээрийн цаана үр хөндөлтийг “тэжээдэг” далд бизнес цэцэглэн хөгжсөөр байгаа юм. Нэг үр хөндөлтийн цаана хоёр нууц үр хөндөлт байгаа гэж үзвэл 1991 оноос хойш 780 мянган ураг энэ хорвоод мэндэлж чадалгүй хорвоог орхижээ. Тиймээс төрөлт багасч, үр хөндөлт ихэссэний улмаас өдгөө 10-14 насныхан нийт хүн амын долоон хувийг эзэлж байна.

Энэ талаар Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Батсүх энэ сарын 28-нд “Хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн хандлага” сэдвийн хүрээнд илтгэл тавьж, 1991-2006 оны төрөлтийн бууралт ирээдүйд эдийн засагт ямар аюул авчрахыг  таамаглажээ.  Тэрбээр “2031 он буюу 15 жилийн дараа хөдөлмөрийн зах зээл дээр 24-40 насныхны эрэлт үүсч, албан байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орж эхэлнэ. Тэр үед хүүхэд, өндөр настны эзлэх хувь ихэсч, хөдөлмөрийн насны хүмүүс цөөрөх ба хүн ам зүйн ачаалал огцом нэмэгдэх магадлалтай байна.  Үүний улмаас татвар төлөгч багасч, тэтгэвэр, тэтгэмжийн сангаас мөнгө авах иргэдийн тоо нэмэгдэнэ. Манай улс нэг системээс нөгөө рүү шилжихэд гарсан бодлогын алдааны улмаас хүн амын өсөлтөө сааруулчихсан. Энэ алдааны хор хөнөөлийг ирэх 40 жилд үүрэх нь. Хэрэв бид социализмын үед байсан хүн амын цэвэр өсөлтийг хадгалж чадсан бол одоо дөрвөн сая дахь иргэнээ хүлээж авах байсан.

Нэг монгол хүн жилд 102 кг мах иддэг. Нэг сая хүн байсан бол таван сая малын хэрэгцээ гарч, 102 мянган тонн махны үйлдвэрлэлийн зах зээл бий болох байсан. Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний зах зээлд 1.4 их наяд төгрөг эргэлдэх боломжтой байжээ. Нэг сая хүнд шаардлагатай 120 мянган тонн гурил бэлдэхийн тулд “Алтан тариа” компани шиг гурван гурилын үйлдвэр барих байсан. Дэлхий дахинд хотжилт болон аж үйлдвэржилтээс өмнө төрөлт, нас баралтын харьцаа ойролцоо байсан учраас хүн амын тоо тогтвортой байдаг байсан. Өнөө үед техник, технологи хөгжиж, хүн амд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ сайжирч нас баралтын түвшин өмнөхөөсөө багассан. Үүний нөлөөгөөр хүн амын цэвэр өсөлт хурдасч байна. Харин манайд хүн амын цэвэр өсөлт хурдацтай биш ч тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа” гэв.

Манай улсын нийт хүн амын 34.9 хувийг 15-34 насныхан эзэлж байна.  Залуусын эзлэх жин өндөр байх тусам эдийн засгийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс оронд эергээр нөлөөлнө гэж шинжээчид үздэг. Монгол Улсын хүн ам 2040 он гэхэд дөрвөн саяд хүрч, залуусын эзлэх хувь 29 хувь болж буурна гэж Монгол Улсын хүний хөгжлийн зургаа дахь илтгэлд дурьдсан байдаг. Тэгэхээр ойрын 30 жил хөдөлмөрийн зах зээлд шинээр орж ирэх залуусын тоо багасч, хүүхэд, хөгшдийн тоо нэмэгдэх магадлалтай байгаа юм. Дэлхий дээр хүн ам зүйн бодлого нь хамгийн гажуудсан улсын тоонд БНХАУ ордог. Тус улс хүн амынхаа тоог бууруулахын тулд “нэг өрх, нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний улмаас айл өрхүүд эрэгтэй хүүхэд гаргахыг эрмэлзсэнээс эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 300 саяар илүү болжээ. Мөн ахимаг, хижээл насныхан нэмэгдэж, асрамжийн газрын эрэлт маш ихэссэн байна.

Манай улс 1990-ээд оноос өмнө хүн амын залуу бүтэцтэй орны тоонд ордог байжээ. Харин одоо идэр насныхан давамгайлсан бүтэцтэй гэж үздэг байна. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2012 онд “Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлтийн нийгэм, эдийн засгийн хөгжил, нийгмийн бодлого дахь нөлөөлөл” судалгаанд тодорхойлсноор хүн ам зүйн хувьд “цонх үе” тохиож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хүн амын бүтцийн  хамгийн тааламжтай үе дээр байгаа аж. Нийгэмд хөдөлмөрийн насны залуус зонхилж, хүүхэд, хөгшдийн тэтгэвэр, тэтгэмжийн сангийн ачаалал харьцангүй бага байгаа нь эдийн засгийн хөгжлийг түргэтгэх тааламжтай үе гэж үздэг байна. Гэвч ирээдүйд хүн ам зүйн тогтвортой байдал алдагдаж, Япон Улсын араас ороход ойрхон болжээ. Тус улсын хүн амын тоо 2060 он гэхэд 128 саяас 86.7 сая болж буурах гэнэ. Учир нь  иргэдийн насжилт уртасч төрөлтийн түвшин доогуур байгаатай холбоотой аж. Тиймээс тэр үед 65 буюу түүнээс дээш насныхан улсын нийт хүн амын 39.9 хувийг эзлэх тооцоо гарчээ.

Харин манай улсын хувьд 2040 он гэхэд хөгшин насны хүн ам буюу 60-аас дээш насныхны хүн амд эзлэх хувийн жин одоогийнхоос гурав дахин нэмэгдэж 16.7 хувьд хүрэхээр байна. Үүнээс үзвэл,  2040 он гэхэд Монгол Улсын хүн амд  хижээл, ахимаг насны хүмүүс зонхилж, “хөгшин” иргэдтэй улс болох нь. Тиймээс бид ойрын арван жилд хурдацтайгаар өсөн нэмэгдэх насжилтын асуудлыг анхаарч, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцож, нийгмийн халамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэн, эмэгтэйчүүдийн үр хөндөлт, бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах чиглэлд анхаарал хандуулах шаардлагатай байна.

Ш.Цогзолмаа


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ