Инфляци хэт бага байх нь сайны дохио биш

Админ
2017/05/02

Монгол Улсад хэрэглээний 329 нэр төрлийн барааны үнийн индексээр инфляцийг хэмждэг. Нэг ёсондоо, Монгол Улсын дундаж иргэн ойролцоогоор 329 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг гэсэн үг. Үүнийг дотор нь ангилбал, төрийн зохицуу­лалттай бараа 17, үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан бараа 13, импортын бүтээгдэхүүн 210, дотоодын бүтээгдэхүүн 119 ширхэг байдаг байна. Дээрх бараа бүтээгдэхүүнээс мах, шатахуун зэрэг хэлбэлзэл өндөртэй 29 бараа бүтээгдэхүүнийг хасч тооцоод 300 төрлийн бараанд тулгуурлаж суурь инфляцийг тооцдог.

Монгол Улсын инфляцийн төвшин өнөөдрийн байдлаар 2.5 хувьтай байна. Гэвч манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээс хамаараад инфляцийн төвшин огцом өсч, буурах хандлагатай байдаг. Энэ нь эргээд хохирол маш их учруулдаг гэдгийг эдийн засагчид хэлдэг. Учир нь инфляци өссөнөөр иргэдийн орлого буурдаг. Үүнийгээ дагаад бараа бүтээгдэхүүн худалдан авах чадвар нь буурна. Орлого буурахаар хуримтлал үүсгэх боломжгүй болно. Эцэс сүүлд нь ядуугийн эгнээнд шилжинэ. Ажилгүйдэл нэмэгдэнэ.

Монгол Улсын хувьд ажилгүйдлийн төвшин өссөн гэх тоон мэдээлэл байна. Тодруулбал, ажилгүйдлийн төвшин 2016 оны сүүлийн улиралд 8.6 хувь болсон нь өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар өндөр байна. Ажиллагсдын тоо 2016 оны дөрөвдүгээр улиралд 1.132.843 болж өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өсчээ. Ажилгүйчүүд 107.003 болж өмнөх оноос 10.9 хувиар нэмэгджээ. Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүйчүүдээс ажилд орсон иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 26 хувиар буурсан байна. Ажиллагсдын тоо барилгын салбарт 23.4, тээвэр ба агуулахын салбарт 13.2 хувиар буурсан бол боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 29.2, төрийн удирдлагын салбарт 34 хувиар нэмэгджээ. Энэ баримт Монгол Улсад ажилгүйдэл нэмэгдсэн гэдгийг батлаад өгч байгаа юм. Тэгвэл “Ажилгүйдэл болон инфляци хоорондоо маш хүчтэй хамааралтай” гэдгийг 1958 онд Их Британийн эрдэмтэн Филиппс тоон өгөгдөл ашиглан олж илрүүлжээ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, ажилгүй хүмүүс орлогогүй байдаг. Орлогогүй учраас бараа бүтээгдэхүүн худалдаж авдаггүй. Худалдан авалт байхгүй учраас үйлдвэрлэгчдэд ашиг авчирдаггүй. Монголд өнөөдөр яг л ийм дүр зураг байна. Ажил хийсэн ч амьдралд нь хүрэлцдэггүй. Өдөр тутмын хэрэгцээгээ арайхийж аргацааж байгаа гэр бүл олширсоор байгаа. Энэ нь Монголд ядуурал нэмэгдсээр байгааг илтгэнэ. Ер нь тодорхой төвшнөөс доош орлоготой хүмүүсийг ядуу гэж үздэг. Ядуурал инфляци өсөх тусам нэмэгддэг. Шугамаас арай дээгүүр байсан хүмүүсийн орлого инфляци өсөнгүүт ядуугийн ангилал руу шилждэг. Нэг ёсондоо инфляци өсөхөөр ядуурал нэмэгддэг гэж ойлгож болно.

Инфляци өсөх нь иргэдийн амьдралд ийм хүндээр тусдаг юм бол буурчихвал ямар сөрөг нөлөөтэйг авч үзье л дээ. Япон Улс 1980-аад оноос эхлэн маш бага инфляцитай байсаар иржээ. Инфляци удаан хугацаанд нам төвшинд байх үзэгдлийг дефляци гэдэг. Энэ нь эдийн засагт сөрөг нөлөө авчирдаг гэнэ. Нэг ёсондоо Япон Улс дефляцийн дарамтаас гарч чадахгүй байна. Дефляци бий болсон үед үйлдвэрлэл эрхлэгчид бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлээд ашиг олоход хүнд болдог. Учир Японы иргэд мөнгөө хадгаламжиндаа хийгээд нам дарчихдаг байна. Тиймээс тус улсын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолгүй байдаг аж. Ер нь инфляци хэт дээшээ юм уу, аль эсвэл бүр доошоо биш нам тогтвортой төвшинд байх ёстой гэдэг дээр дэлхийн эдийн засагчид санал нэгджээ. Энэ зорилтоо биелүүлж ажиллах нь дэлхийн  төв банкуудын үндсэн зорилго болсон байна. Монголбанк ч ялгаагүй энэ зорилгыг барихыг хичээдэг ч эдийн засгийн нөхцөл байдлаас болоод зарим үед барьц алдах ч тохиолдол байдаг.

Монгол Улсын инфляци 2016 оны гуравдугаар улирлын турш маш бага төвшинд буюу дефляцитай байсан. Энэ нь эдийн засгийн хямрал болж, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэнтэй холбоотой. Тэгвэл Монголбанкны зүгээс инфляцийг 2017, 2018 онд өснө хэмээн таамаглажээ. Учир нь хэрэглээний сагсны хүнсний бүлгийн 30 орчим хувийг бүрдүүлдэг махны үнэ оны эхний хагаст өсөх, сүүлийн хагаст буурах улирлын онцлогоо даган өөрчлөгдөж, өмнөх жилтэй ойролцоо төвшинд байна гэж үзсэн байна. Харин дэлхийн зах зээл дээрх хүнсний үнийн өсөлт, төгрөгийн ханшийн сулралтын дам нөлөөгөөр махнаас бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөхөөр байгаа аж. Үүнээс гадна автобензин, дизель түлшний онцгой албан татвар 2017 оны II болон IV улирлуудад нэмэгдэхээр байгаа нь үнийн ерөнхий төвшинг өсгөх нөлөө үзүүлэхээр байна гэж таамаглажээ.

Харин гадаад нөхцөл байдлаас шалтгаалж инфляци хэрхэн өөрчлөгдөх талаарх төсөөллийг Монголбанк ингэж гаргасан байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн ерөнхий төлөв сул хэвээр, 2018 онд зургаан хувьд хүрч буурах төсөөлөлтэй байгаа нь манай улсын эдийн засгийн тодорхой бус байдлын гол эх сурвалж болсон хэвээр байна. Төсвийн зөөлөн бодлого хэрэгжүүлснээр Хятадын хэрэглээ өсч, орон сууцны зах зээл сэргэсэн ч энэ нь ердөө богино хугацаандаа эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж шинжээчид үзжээ. Барилгын салбар сэргэж гангийн гол түүхий эд болох коксжих нүүрс, төмрийн хүдрийн эрэлт нэмэгдсэн ч энэ нь мөн л богино хугацааныx гэдгийг шинжээчид анхааруулж байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын цагаачлалыг хязгаарлах шийдвэр бодитойгоор хэрэгжиж эхэлсэн нь дэлхийн улс орны удирдагч төдийгүй бизнесийнхнээс нэлээд шүүмжлэл авч эхэлсэн. Энэхүү үйл явдал нь ам.долларын ханшид сөргөөр нөлөөлж, алтны эрэлтийг нэмэгдүүлж, 2017 оны эхний хоёр сард үнэ өсөхөд нөлөөлсөн билээ. Гэвч Холбооны Нөөцийн Банк гуравдугаар сард бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлсэн бөгөөд алтны үнэ цаашид хэрхэн өөрчлөгдөх нь тодорхой бус байна.

Мөн ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэд хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон нь инфляцид үзүүлэх шууд болон шууд бус нөлөөг тооцож төсөөлөлд тусгасан. Хэрэв татварын нөлөө тооцоолсноос өндөр байвал инфляци нэмэгдэх эрсдэлтэй. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих шийдвэр эцэслэн гарахтай холбоотойгоор зах зээлийн хүлээлт өөрчлөгдөж, ханш богино хугацаанд чангарах эрсдэл өндөр байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх, тухайлбал, Тавантолгойтой холбоотой хөрөнгө оруулалт болон эдийн засгийг сэргээх төлөвлөгөөний хүрээнд бодит секторыг дэмжихтэй холбоотой томоохон төслүүд хэзээ эхлэх, хэрхэн санхүүжих нь тодорхой бус байна. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн болзошгүй доголдол эсвэл илүүдэл инфляцийн төсөөллийг өөрчлөх эрсдэл үүснэ. Тухайлбал, нийлүүлэлтийн шалтгаантай инфляци бий болох, урьдчилан зарлаагүй эсвэл тооцоолоогүй төрийн зохицуулалттай бараа үйлчилгээний үнэ нэмэгдэх нь төсөөллийг өөрчлөх болно хэмээн Монголбанкнаас таамаглажээ.

У.Сарангэрэл


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ