Георгия Свиридовын нэрэмжит уралдаанд Б.Монголхүү дэд байр эзэллээ

Админ
2017/05/02

ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч Георгия Свиридовын нэрэмжит олон улсын  мэргэжлийн дуулаачдын VI уралдаанд дуурийн дуучин Б.Монголхүү дэд байр эзэлжээ. Энэхүү уралдааныг ОХУ-ын соёлын яам, Хөгжмийн зохиолчдын олон улсын холбоо, Курскийн их сургууль хамтран зохион байгуулсан байна. Гурван жил тутамд зохиогддог энэхүү уралдаан дөрөвдүгээр сарын 19-29-нд Курск хотод болж өнгөрсөн юм.

Б.Монголхүү өмнө нь ОХУ-ын ардын жүжигчин Елена Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын “Б” зэрэглэлийн уралдаанд 20 орны 220 гаруй дуучинтай өрсөлдөн хагас финалд үлдэж байсан. Мөн П.И.Чайковскийн нэрэмжит консер­ваторийн оюутан байхаасаа эхлэн Москва хотод зохиогдсон ОХУ-ын ардын жүжигчин Л.П.Абрамовагийн нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанаас хоёрдугаар байр, ОХУ-ын ардын жүжигчин Н.Обуховагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын VI уралдаанаас тусгай байрын шагнал хүртэж байсан юм.

О.Эрдэнэ

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ