Л.Бумандорж: Зургаа чин сэтгэлээсээ амилуулж чаддаг хүнд туслах гоё

Админ
2017/05/02

“Бум арт”-ын Бумандорж. Ам дамжсан яриагаар түүнийг “Хүмүүнлэгийн элч” ч гэж тодотгож болохоор. Ингэж хэлсний учир нь тэрбээр “Бум арт” галерейгаа шинэ залуу уран бүтээлчдэд үнэ төлбөргүй ашиглуулдаг. Үүний сацуу зурж сурахыг хүссэн хэнд ч өөрийн мэдэх бүхнээрээ тусладаг гэсэн. Гэр хороолол, маркны зураг голчлон зурдаг түүнтэй олон улсын зураачдын хамтарсан судалгааны багийнхантай Дундад Азиар судалгаа хийж яваад дөнгөж эх орондоо ирээд байхад нь уулзсан юм. Тэрбээр “Монголоос хоёрхон зураач явах боломж олдохоор нь шавь Д.Дуулалыгаа дагуулж явсан. Дараа дараагийнхаа уран бүтээлийн арвин санааг цуглуулж ирлээ” хэмээсээр угтсан юм. Ингээд “UB INN” галерейн зөвлөх, зураач Л.Бумандоржтой ярилцлаа.

-Таныг гэр хороолол болон маркны зураг дагнан зурдаг гэдгийг хүмүүс сайн мэднэ. Тиймээс хоёулаа таны шинэ уран бүтээлийн талаар яриа­гаа хэлье. Та олон улсын зураачидтай хамтарч Дундад Азид судалгаа хийгээд иржээ. Яагаад Казахстан, Киргис­таныг сонгосон юм бэ?

-Би Германд зургаан жил сурсан. Энэ утгаараа Европын бараг бүх улсаар аялсан байх. Харин Дундад Азийн соёл иргэншил надад цоо шинэ ертөнц. Газар зүйн тогтоцоо дагаад байгаль нь гайхалтай үзэсгэлэнтэй. Оросын үлгэ­рт моднууд нь цасанд дарагдчихсан нэг их гоё зураглал гардаг даа. Яг түүн шиг. Ийм гоё байгаль дунд байрладаг болоод тэр үү, бидний буудалласан жуулчны бааз “Ойн үлгэр” гэдэг нэртэй. Энэ аяллаас шинэ уран бүтээлийн материал хангалттай цуглууллаа. Дундад Азийн уран зургийн гайхалтай үзэсгэлэн үзэж, сонирхохын зэрэгцээ мундаг уран бүтээлчдээс гадна ёс заншилтай нь танилцлаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Ирэх жил энэ сэдвийнхээ хүрээнд том үзэсгэлэн гаргана. 

-Казахстан Улс маш хур­дацтай хөгжиж байгаа. Тэн­дээс яг юуг нь онцолж, бүтээл­дээ тусгах вэ?

-“Тэнгэр” уулыг өмнө нь Хятад, Киргизийн талаас очиж зурж байсан. Энэ удаагийн онцлог нь Казахстанд очиж зурлаа. Хамгийн гайхалтай нь өмнө нь огт мэдэрч үзээгүй мэдрэмжийг тэндээс мэдэрсэн. Биднийг очсон өдөр цас орсон. Бүх зүйл цав цагаан. Монголын байгальтай адилхан биз дээ гэж хүмүүс асуух байх. Гэтэл үгүй юм. Моднууд нь шовх шовх оройтой. Орой дээр нь цас тогтчихоор тийм гэхийн аргагүй үзэсгэлэнтэй болчихдог. Ерөөс үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж гэж тийм л байдаг байх. Өдөр нь зургаа зурж, орой нь шүлгээ бичдэг байлаа.

Тэнгэр уулыг зурахаар

Тэнгэрт байгаа юм шиг

Оргилд нь гараад шүлэглэхээр

Огторгуйд жингүйдэх шиг...

гээд “Сэтгэгдэл” шүлгээ Тэнгэр уулын өвөрт зураг зурангаа бичлээ. Онгод гээч юманд умбаж байгаад ирлээ дээ.

-Тэгвэл Кыргизэд очиход ямар сэтгэгдэл төрөв. Уран бү­тээлийн тань санаанд улс ор­нынх нь хөгжил нөлөөлсөн үү?

-Хөгжлийн хувьд манай улсын 1990 оноос өмнөх үеийг санагдуулсан. Хүмүүс нь ямар гоё тайван гэж санана. Гэхдээ гудамж, талбай нь их эвдэрч хэмхэрсэн байна лээ. Улсынх нь эдийн засаг хүнд байгаа болохоор аргагүй биз. Харин Казахстан бол юун Монгол гэж хэлэхээр хөгжсөн байна лээ. Байгалийн унаган төрхөө хадгалж үлдэхийн тулд их зүйл хийж байна. Үүнийг нь хараад их атаархсан.

-“Бум арт” галерей залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг гэдгээрээ хүмүүст илүү танил. Та энэ галерейтэй ямар холбоотой юм бэ. Зарим хүн таныг захирал нь гэх юм билээ?

-Би захирал нь биш ээ. Миний уран бүтээлийг дэмжиж, тусладаг хүмүүс бий. Миний зургуудыг үнэлдэг, авьяасыг маань хүндэлдэг хүмүүс гэх юм уу даа. Тэд “UB INN” зочид буудлыг барьсан юм. Ингэхдээ надад галерей байгуулж өгөөд, нэрээр минь нэрлэх санал тавьсан. Би ч зөвшөөрсөн. Гэхдээ би зөвхөн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад нь зөвлөгөө өгдөг. Галерейн хувьд залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллах үүднээс ямар ч төлбөр авдаггүй. Бусад галерейд үзэсгэлэнгээ нээвэл өдөрт 50-400 мянган төгрөгийн төлбөр төлдөг. Харин бид бизнес хөөхийг хүсээгүй.

-Залуу уран бүтээлчдээ дэмжих нь зөв. Гэхдээ огт төлбөр авахгүй гэхээр танай байгууллагад алдагдалтай биш үү?

-Хүмүүс бас ингэж асуудаг. Бидний гол зорилго бол урлаг соёлыг бүх нийтэд түгээх. Цаашдаа ч төлбөр авахгүй. Анх байгуулахдаа “Нэгэнт миний нэрээр нэрлэж байгаа бол уран бүтээлчдээс танхимын төлбөр битгий ав. Энэ миний болзол” гэж хэлсэн. Нөгөөдүүл маань ч дуртай зөвшөөрсөн.

-Төлөвлөгөөгөө бүтэн жи­лээр гаргадаг уу?

-Бүтэн жилээр гаргадаг. Зарим галерей үзэсгэлэнгийн хувиараа өөрчлөх тохиолдол цөөнгүй бий. Харин манайх төлөвлөгөө гаргасан л бол үүнийхээ дагуу ажиллана. “Та ахмад эсвэл нэртэй уран бүтээлч юм чинь энэ хүний урдуур орчих” гэсэн зүйл хэзээ ч байхгүй. Энэ утгаараа бүх уран бүтээлчид тэгш эрх үйлчилнэ. Танай хэвлэл мэдээллийн салбарынханд ч гэсэн манай хаалга үргэлж нээлттэй гэдгийг энэ дашрамд хэлье.

-Үзэсгэлэнгээ танайд нээхийн тулд ямар шалгуур хангах ёстой вэ?

-Уран бүтээл нь урлагийн төвшинд гүйцэтгэгдсэн байх ёстой. Ингэж байж галерейн шаардлага хангана. Түүнээс биш заавал мэргэжлийн зураач байх ёстой, эсвэл Урчуу­дын эвлэлийн хорооны гишүүнч­лэлтэй байх ёстой зэрэг чөдөр огт байхгүй. Зургаа чин сэтгэ­лээсээ амилуул. Ингэж чадвал бид хэзээд дэмжиж ажиллана. Яагаад ийм хүмүүст тусалж болохгүй гэж. Гоё биз дээ.

-Галерейд тавьсан бүтээл зарагдвал үүнээс нь шимтгэл авдаг уу?

-Зарагдсан үнийн дүнгээс 15 хувийг авдаг. Гэхдээ үүнийгээ эргүүлээд шинэ залуу уран бүтээлчдэд урлангийн өрөө түрээслэхэд нь зориулдаг. Нэг өрөө түрээслэхэд багадаа л хоёр сая төгрөг болно. Энэ мөнгийг шинэ залуу уран бүтээлчид халааснаасаа шууд гаргах хэцүү. Өөрөөр хэлбэл, дараа дараагийнхаа хүмүүнлэгийн үйлсэд зориулж бага зэргийн шимтгэл авдаг гэсэн үг. Гэтэл бусад галерей өдрийн түрээс дээрээ борлуулалт тус бүрээс 30 хувь авдаг юм билээ. Тэгсэн хэрнээ үүнийгээ зөвхөн өөрсдөдөө зориулдаг.  

-Залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг “Гранд арт” үзэсгэлэнг санаач­лагч­дын нэг нь та. Ирэх онд 10 жилийн ой нь тохионо. Төслийн хугацаагаа яагаад 10 жилээр төлөвлөсөн юм бэ. Төслийг цааш үргэлжлүүлэх боломжгүй юм уу?

-Төслийг анх санаачлахдаа 10 жилийн хугацаатай хэрэгжүүлнэ гэж төлөвлөсөн. Ивээн тэтгэгчдийн олонх нь Солонгос иргэн. Өөрөөр хэлбэл, миний уран бүтээлийг үнэлж, дэмждэг хүмүүс гэсэн үг. Жил бүрийн “Гранд арт”-ын бүх шагналыг Солонгос Улсын хувь хүн болон бизнес эрхлэгчид ивээн тэтгэдэг. Урлаг ойл­гож, дэмждэг манай улсын иргэд ч гэсэн ивээн тэтгэгчээр оролцдогийг хэлэх нь зүйтэй. Шилдгээр шалгарсан уран бүтээлчийг Солонгост гурван сар судалгаа хийх бүх зардлыг нь даахын зэрэгцээ бие даасан үзэсгэлэн гаргаж, каталоги хэвлүүлэх зардлыг мөн ивээн тэтгэдэг уламжлалтай. Үүнээс өөр шагналууд ч бий. Ирэх жилийн “Гранд арт”-ийн шилдгээ шалга­руулсны дараа 2008-2018 онд шилдэг бүтээлээр шалгарсан бүх бүтээлээр үзэсгэлэн гаргаж, Монголын уран зургийн галерейд бэлэглэхээр төлөвлөсөн.

-Монголын уран зургийн галерейд бэлэглэнэ гэхээр уран зургийн үнийн зардлыг хэн гаргах юм бэ?

-Солонгосчууд ивээн тэтгэхээр яригдаж байгаа.           

-Ажиглаад байхад та залуу уран бүтээлчидтэй маш сайн тулж ажилладаг. Заримдаа “Хүмүүнлэгийн байгууллага юм уу” гэж таниас асуумаар санагдах үе гардаг.

-Миний хобби гэх юм уу даа. Уран бүтээлч хүнд олон бэрхшээл тулгардаг. Уран бүтээлээ туурвих урлангаас эхлээд үзэсгэлэн гаргах галерейн төлбөр олдохгүйн зовлон их. Би өөрөө энэ зовлонг туулсан хүн. Тиймээс яагаад шинэ залуу уран бүтээлчдээ туслаж болохгүй гэж. Монголын төр засгаас нэг ч төгрөг гараагүй. Миний бүтээлийг дэмждэг хүмүүсийн л хийсэн ажил. Эд нар маань “Танд туслая” гэхээр нь “Залуу уран бүтээлчдэд туслаадах” гэж хэлдэг. Үүний нэг нь “Бум арт” галерей юм шүү дээ. Түүнээс биш миний халааснаас гарсан мөнгө гэх юм бараг байхгүй. Гарсан юм гэвэл урлагийн орон зайд эзлэх миний нэр хүнд л бий. Гэхдээ энэ маань ч гэсэн том зүйл юм шүү. Хэрвээ энэ урлагт өөрийн гэсэн орон зайгаа бий болгож чадаагүй бол би юугаараа тэдэнд туслах вэ дээ. Монголчууд “Мэргэжлийн бус” гэж ирээд шүүмжилдэг. Би ийм ярианд огт дургүй. Хүн өөрөө сонирхоод, дурлавал яагаад зурж болохгүй гэж. Яагаад дуулж, бүжиглэж болохгүй гэж. Энэ утгаараа зураач мэргэжил эзэмшээгүй хэрнээ зурах сонирхлоо хөгжүүлэхийг хүссэн олон хүн надад шавь ордог. Сэтгэлзүйч мэргэжилтэй ч зураг зурах дуртай гээд хүрээд ирдэг. Би заагаад л өгсөн. Саяхан үзэсгэлэнгээ гаргалаа. Дундад Азиар хамт судалгаа хийсэн Д.Дуулал шавь маань гэхэд Туркт санхүүгийн чиглэлээр боловсрол эзэмшсэн эмэгтэй. Тэгтэл бас л надад шавь орсон. Барууны болон хөгжилтэй улсад ийм жишиг тогтчихсон. Танай салбарт ч гэсэн мэргэжлийн сэтгүүлч биш хэрнээ мундаг бичдэг сэтгүүлчид байдаг биз дээ. Яг үүнтэй адилхан. Мэргэжлийн бус хүн байх тусам өөр өнцгөөс хардаг. Тоочвол зөндөө юм ярина. 

-Гэхдээ заримаас нь төлбөр авдаг биз дээ?

-Заавал мөнгө авах албагүй биз дээ. Хүний амьдрал юун дээр тогтдог юм бэ. Мөнгө гэж бодож байна уу. Үгүй шүү. Мөнгө бол зөвхөн хэрэглээ. Надад шавь орсон хүмүүсийг би заавал зургийн хэрэгсэл худалдаж ав гэж шахдаггүй. “Минийхээс хэрэглэ” гэдэг. Тэгэхээр шавь нар маань “Үгүй ээ, та ч ялгаагүй мөнгөөрөө худалдаж авдаг. Би өөрөө авъя” гэдэг. Хүн хүндээ туслаж байж л хорвоод тоос хөдөлгөж яваагийн хэрэг бүтнэ шүү дээ. Тиймээс нэг талыг хэтэрхий битгий барь.

-Таны гэр хороолол зурж эхэлсэн үеийнхээс одоогийн гэр хороолол хэр өөрчлөгдсөн бэ. Ялгаа юу вэ?

-Би 1970 оноос гэр хорооллын өнгө төрхийг зураг зурж эхэлсэн. Тухайн үед орон байрны хулгай гэж байсангүй. Түлээ, нүүрсээ хашааныхаа гадаа буулгачихдаг. Гэр нь маш цэмгэр. Тухайн үед байшин ч цөөхөн байж. Өнөөдөр гэр хороололд баян, ядуу, дундаж гээд нийгмийн гурван давхарга зэрэгцэж амьдарч байна. Уулын нэг аманд нь баячууд. Нөгөө талд нь ядуус байх жишээтэй. Уг нь Монголын гэр хороолол бусад улсаас гэртэй байгаагаараа онцлог байж чаддаг. Гэтэл өнөөдөр гэрт амьдардаг айл ховордчихлоо. Би энэ үгээрээ “Заавал гэрт амьдар” гэж хэлээгүй шүү. Гэрт амьдардаг хүн ховордоод ирэхээр Оросын тосгоноос ялгарах юмгүй болчихож байгаа юм.

-Тэр үеийн гэрт амьдар­даг байсан үеийг өнөөдрийн гэрт амьдардаг айлтай харьцуул­бал та ямар ялгаатайгаар зурах вэ?

-Өнгөний ялгаа гарна. Өнөө үед ядаж л гэрийнхээ дээврийг цэвэрлэхээ байж. Нүүрсний утаанаас болж гэрийн цаваг хар бололгүй яахав. Бас өвлийн улиралд цасаа цэвэрлэдэг айл ховордож. Энэ нь жаахан онцгүй санагддаг.

-Таны зурсан гэр хорооллын зургийн олонхийг гаднын хүмүүс худалдаж авсан байдаг юм билээ. Монголын гэр хороололд огт очиж үзээгүй хүн таны зургийг худалдаж авч байсан уу. Хэрвээ худалдаж авч байсан бол ямар мэдрэмж авснаа танд хэлж байв уу?

-Эрх чөлөө үнэртэж байна гэж хэлдэг. “Ямар гоё амьдрал вэ. Дөрвөн хананы дундахаас тэс өөр амьдрал юм байна. Ийм гэрт амьдарвал гэр бүлийн дулаан мэдрэмжийг илүү авах байх” гэдэг. Арга ч үгүй биз. Өрөө өрөөндөө шигдээд, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй амьдардаг хүмүүс шүү дээ, тэд. Гэтэл монголчууд бөөрөнхий гэртээ бөөгнөрч амьдардаг гэхээр яах аргагүй сонин санагддаг байлгүй.

Г.Нацаг-Эрдэнэ


1
1
0
0
0
0

Холбоотой мэдээ