Москвад сүүлийн 100 жилд тохиогоогүй гамшиг боллоо

Админ
2017/05/31

ОХУ-ын нийслэл Москва хотыг өнгөрсөн даваа гаригт  110 кмцагийн хурдтай хар салхи  дайрч, ширүүн бороо орсны  улмаас 13 хүн амиа алдаж, 140 гаруй хүн  гэмтэж бэртжээ. Мөн олон иргэн эд материалын хохирол амссан байна. Оросын төвийн бүсийн Москва, Тула, Рязань, Калуга, Tверь болон Владимир гэсэн зургаан мужид цахилгааны шугам гэмтжээ. Гурван мужид цахилгааны шугамын гэмтлийг одоогоор засаад байгаа аж. Тус улсын Онцгой байдлын яамны мэдэгдсэнээр, Москвагийн цагаар мягмар гаригт шилжих шөнийн 01:00 цагийн байдлаар гурван мужийн 127 хот сууринд 9000 гаруй айл өрхийн 30 мянга гаруй хүн гэрэл цахилгаангүй байжээ. 
Зам дээр унасан моднуудаас болж замын хөдөлгөөн сааталд орсон бөгөөд мод унах явцдаа цахилгаан холбооны шугамуудыг гэмтээснээс болж  галт тэрэгний хөдөлгөөн ч мөн саатахад хүрчээ. Хүчтэй хар салхины улмаас 6500 орчим мод булгаран унаж, 200 орчим байшин барилга, 1800 гаруй суудлын машин эвдэрч, сүйдсэн байна. Москва хотын төв хэсэг болон зүүн өмнөд  дүүргүүд гамшигт илүү өртжээ.  Печатник дүүргийн оршин суугчид орон сууцны хорооллууд  дунд тавьсан хогийн том бункерүүдыг салхи хийсгэж байсан тухай ярьсан байна. Түүнчлэн байшингийн дээврүүд хүчтэй салхины улмаас хуурч хийсчээ. Москвагийн Первомайскийн гудамжинд байх хүүхдийн тоглоомын талбай болон тэнд барьсан  жижиг барилга тэр чигээрээ нурсан байна.  Мөн  автомашины төмөр гараашууд салхинд хийссэн аж. Цаг уурын албаныхан Онцгой байдлын албанд шуурга болох талаар хоёр цагийн өмнө мэдээлсэн бөгөөд  Онцгой байдлын алба энэхүү анхааруулгыг  үүрэн холбооны гурван операторын хэрэглэгчид рүү явуулсан аж. Өчигдөр орой  хотын цаг агаарын алба  болзошгүй аюулын зэрэглэлийг “улбар шар”  өнгийн түгшүүрийн байдал зарласан бөгөөд энэ нь иймэрхүү гамшиг давтагдах магадлалтайг сануулж буй хэрэг аж. Шуурганд амь үрэгдсэн хотын иргэдийн ар гэрт санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснээс гадна одоогоор нэг сая рубль олгоно гэсэн яриа байна. Аюулгүй байдлын үүднээс хотын зарим чиглэлийн автобусны үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэрийг хотын удирдлагууд гаргажээ. Түүнчлэн Москвагийн Домодедово, Шереметьево зэрэг нисэх онгоцны буудлын 13 нислэгийг цуцалж, 33 нислэгийг хойшлуулсан байна. Ирж байгаа онгоцнуудыг өөр буудлууд руу буцаах арга хэмжээ авсан гэнэ. Энэ удаагийн байгалийн гамшиг нь Москвагийн түүхэнд хамгийн их хохиролтойд тооцогдож байгаа юм. Сүүлийн 100 жил Москва хотыг ийм хүчтэй салхи дайран өнгөрөөгүй талаар албаныхан мэдээлж байна. 1998 онд тохиолдсон үүнтэй ижил үзэгдлийн үеэр есөн хүн амиа алдаж, 165 хүн гэмтэж байжээ. Харин 1904 онд болсон шуурганаар есөн хүний амиа алдаж, 100 хүн бэртсэн гэх баримт бий.

Ц.Даваасамбуу


0
0
0
0
1
0

Холбоотой мэдээ