Том багшийн тод шавь Том багшийн тод шавь

Админ
2017/05/31

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Р.Намнан, Л.Ичинноров нар өрх гэр бүл болж таван хүүхэд төрүүлсний том нь Н.Наранбаатар буюу энэ цагийн эрхэм хүмүүний нэг. Тэр багаасаа л өвөө эмээгийнхээ их хайр, хүн байх ухаан дунд өсч нас биед хүрчээ. Хүүхэд насаа “Вант улс” хэмээгдсэн УБТЗ-ын хотхонд өнгөрүүлэн нэгдүгээр ангиасаа аравдугаар ангийг төгстөл 51 дүгээр дунд сургуульд суралцав. Тэрээр сурагч ахуйдаа Хүүхдийн ордны жүжгийн дугуйланд орсон нь ирээдүйд хийх их ажил хөдөлмөрийнх нь гараа байсан гэдэг. Түүнийг дунд сургуулиа төгсөж СУИС-ийн жүжигчний ангид ороход, Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, найруулагч Н.Ганхуяг, ангийн багш нь болж гар тосон авчээ. Хичээлийн явцад Ганаа багш нь: “Нараа чамд жүжигчнээс гадна найруулагч болох авьяас байна. Хэрэв чи өөрөө сонирхвол найруулагчийн сонгонд зэрэг суралц” гэжээ. Тийнхүү багшийнхаа үгийг ёсоор болгож жүжигчин, найруулагчийн хос мэргэжлээр сургуулиа дүүргэж, алтан үеийн урлагийн бурхад чуулж байсан Улсын драмын эрдмийн театрын их өргөөнд хөл тавьж олонд танигдсан жүжигчидтэй мөр зэрэгцэн ажиллах нь тэр... 
Ингээд гол болон туслах дүрд тоглож байвч, нэгэнт л найруулагчийн мэргэжил давхар эзэмшсэн болохоор жүжиг найруулах хүсэлд дэндүү автан багшийнх нь анх санал болгож хэлсэн, “чамд найруулагч болох авьяас байна шүү” гэсэн үг сэтгэлээс нь ер гарахаа болив. Гэтэл Н.Ганхуяг багшийн бодол санаа биелж, нэг л өдөр Н.Наранбаатар жүжиг найруулж эхлэх нь тэр... “Гараа сайн бол бариа сайн” гэдэг. 2000 онд театрт орсон шинэ залуу жүжигчин ганцхан жилийн дараа Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол “Надаар тоглосон хайр”, нэрт нийтлэлч Б.Баабарын “Бооцоо“ жүжгүүдийг найруулахад театрын уран сайхны зөвлөл үзэж батлаад ихэд талархан сайшааж, үзэгчдэд толилуулахыг зөвшөөрчээ. Энэ цагаас хойш түүний найруулсан жүжгүүд ар араасаа ундарч, найруулагч Н.Наранбаатар гэсэн нэр олонд түгж, онцгой танигдаж эхлэв. Жишээ нь: 2004 онд ангийн анд авьяаслаг жүжигчин У.Уранчимэгийг (Гавьяат жүжигчин) тоглуулж, нэг хүний жүжиг тавихад үзэгчдийн ёстой л нүд нь бүлтийж чих нь дэлдийнэ гэгч болсныг мэдэх хүн олон. Аливаа сонин содон, шинэ сэргэг бүхэн хүний анхаарлыг гойд татдаг хойно... Арга ч үгүй биз. Ямартай ч үзэгчдийн сэтгэлд хүрсэн маш өвөрмөц жүжиг болсон юм. 
Тухайн тоглолтыг шимтэн үзсэн Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам: “Ийм гайхамшигт тавилттай жүжиг анх удаа үзлээ. Энэ бол найруулагчийн хосгүй авьяас. Би энэ хүүд хувийн зүгээс бэлэг болгож, агуу У.Шекспирийн өлгий нутаг Англи авч явж, урлаг соёлын хосгүй сайхныг үзүүлье!” гэжээ. Үнэхээр ч Д.Сосорбарам гавьяат хэлсэндээ хүрч, Англи улсыг хамтдаа  зорьсон нь Н.Наранбаатарт их урам, эрч хүч, хүсэл тэмүүлэл хайрласан гэдэг. Тухайлбал,  УДЭТ-ын найруулагчдын дунд шинэ нэр бүхий жүжгийг чухам хэн найруулах тухайд сонгон шалгаруулалт явуулахад Н.Наранбаатар тэргүүлж ялалт байгуулжээ. Уг шалгаруулалтыг уран бүтээлийн жинхэнэ халуун өрсөлдөөн дунд явуулсан нь тухайн үедээ урлагийнхны дунд багагүй “сенсаац” болж байв.  Ийнхүү өндөр цолтой, арвин туршлагатай, нэртэй том найруулагчдыг ардаа жагсаасан нь аргагүй л энэ цагийг эзэгнэж эхэлсний тодотгол бөгөөд “Аваргыг хаяж аварга болдог” гэдэг л тэр. Нөгөөтэйгүүр “Аварга аваргаа төрүүлдэг” гэж ч ярьдаг. Тухайлбал, Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж цаг ямагт хувиасаа зөвлөгөө өгдөг байсан бол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч: “Миний араас ийм сайн хүүхэд гарч ирсэнд туйлаас баярлаж байна. Гэрэлт ирээдүй болсон дүү чамайгаа байхад театрын төлөө санаа зоволтгүй, сэтгэл амар нүд аньж болох нь...” хэмээн хошигносон нь, цаанаа холыг харж, ихийг хэлж буй.  
Хэрэв урлагийн хүнд байгалийн хувь хишиг болох төрмөл их авьяас заяах аваас тэр нь бүтээн туурвихын эх үндэс, улс орны үнэт баялаг, үндэсний бахархал мөн. Гагцхүү бүтээх ажил үйлстээ бие сэтгэл, хүч хөдөлмөрөө бүрэн зориулах нь чухал. Н.Наранбаатар яг л ийм, байгалиас өгөгдөлтэй, авьяаслаг, хүчирхэг уран бүтээлч болохоо харуулж чадсан учраас төр түүнийг соёрхон дээдэлсэн ажгуу. Тэрээр түүхийн, хайрын, сонгодог, инээдмийн гээд бүхий л төрөл сэдвээр дөчөөд жүжиг бие даан найруулахдаа жүжиг өөрөө дуутай, клиптэй байж болохыг анх үлгэрлэн үзүүлсэн төдийгүй ОХУ-ын Москва хот болон Грузин, Литва, Өмнөд Солонгос улсад болсон Театрын олон улсын жүжгийн фестивальд уригдан амжилттай оролцсон юм. Мөн жүжиг гэлтгүй “Үл таних эмэгтэй”, “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Нүдээ аниад төсөөл”, “Сүүлчийн шөнө” зэрэг уран сайхны сонирхолтой кино, цөөнгүй найруулсан байдаг. Ажилтай, авьяастай хүн амжилт дагуулдгийг Н.Наранбаатараас тодхон харж болох... 
Тэр “Улаанбаатар кино наадам”-ын шилдэг эрэгтэй дүрийн шагнал, найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагнал (хоёр удаа), “Гэгээн муза” шагнал (таван удаа), “Гоо марал” шагнал (“Парисын дарь эхийн сүм” жүжгээр) тус тус хүртсэн бөгөөд Монголын төр түүнийг 2006 онд “Алтангадас” одонгоор шагнаж 2013 онд “Төрийн соёрхол“ хүртээсэн юм. Энэхүү шагналыг түүнд Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү”, У.Шекспирийн “Гамлет”, В.Гюгогийн “Парисын дарь эхийн сүм”, Ц.Балдоржийн зохиол “Шөнө амталсан нулимс” зэрэг жүжгүүдийг мэргэжлийн өндөр түвшинд найруулсны учир олгожээ. Дээрх бүтээлүүд нь найруулагчийн далд буй их авьяас чадварыг тод томруун харуулж өгсөн юм. Ийм л авьяас билэгт хүүгээ төр засаг нь шагнаж, түмэн олон нь шагшин магтахаас ч яахав. Ямартаа л академич Ж.Болдбаатар “Монголын сод хүмүүс” номондоо түүнийг маш сайхан бичсэн билээ. 
Монголчууд бид Булган нутгийнхныг сайн үйлсийн анхдагчид гэдэг. Үнэхээр ч тийм. Тэгвэл Н.Наранбаатар, жүжгийн найруулагчдаас анх Төрийн соёрхол хүртсэн Булган нутгийн хүү. Харин Завхан нутгийн харьяат алдарт Л.Ванган гуай “Эмч нар” жүжгээрээ мөн л Төрийн шагнал хүртсэн хэдий ч, ялгаа нь гэвэл нэг нь зохиолоороо, нөгөө нь найруулгаараа ийнхүү төрдөө үнэлүүлжээ. Хуучин Төрийн шагнал гэдэг байсан ба сүүлд Төрийн соёрхол болж өөрчлөгдсөн юм. 
Аливаа ажлыг төгс төгөлдөр гүйцэтгэх сайхан. Сайн найруулсан жүжиг байгууллага хамт олондоо багагүй ашиг орлого авчирч болохыг Н.Наранбаатар найруулагч бодитоор харуулж, Ц.Балдоржийн зохиол “Шөнө амталсан нулимс” жүжгийг долоон саяын зардлаар хийж, далан саяын орлого олж, арав дахин өсгөжээ. Энэ бол найруулагчийн авьяас билэг, нөр их хөдөлмөрийн үнэ цэнэ, ажлын амт мөнөөс мөн. Дашрамд хэлэхэд, Н.Наранбаатарыг маш хөдөлмөрч, аливаа ажлын цаана нь гарч амардаг гэлцдэг. Үнэндээ тийм их ажлынхаа хажуугаар СУИС-д багшилж, дөрвөн жил анги дааж авч төгсгөөд, мөн л дараагийнхаа ангитай золгож “Ахлах” зэрэгтэй багш болсон зэрэг нь, түүний тууштай хөдөлмөрч занг тод илтгэнэ. Ийм хүнийг их урлагийн төлөө төрсөн гэхээс ялтай билээ. 
Найруулагч маань 2012 онд Төрийн концерт найруулж “Уяхан замбуу тив” хөтөлбөр гаргаж ажилласан нь маш амжилттай болов. Энэ цагаас хойш Төрийн соёрхолт түүнийг, Үндэсний их баяр наадмыг найруулмаар юм гэсэн яриа энд тэндгүй сонсогдож эхэлсэн юм. Энэ нь тухайн найруулагчийн авьяас чадварыг мэддэг, үнэлдэг, хүндэлдэг, наадамчин олны чин хүсэл, гүн хүлээлт байв. Гэтэл цаг нь ирж тэр 2016 оны Төрийн их баяр наадмыг найруулах эрх авч, аргагүй л хүчирхэг зангарагтай найруулагч болохоо илэрхий харуулан, Марзан Шаравын олноо алдаршсан “Монголын нэг өдөр” гайхамшигт зургийн утга санааг төгс амилуулж, наадмын зүлэг ногоон дэвжээг, хүн зон, хүлэг морьд, эд зүйлс, идээ цагаагаар дүүргэж, уран сайхны зохиомжоор утга яруу баяжуулсан нь, монгол наадмын жинхэнэ дүр төрхийг нэн гайхалтай илэрхийлэн наадамчдын зүрх сэтгэлийг хүчтэй огшоолгож, үнэнхүү баясуулан цэнгүүлэв. Тэр жилийн наадам тийм л сайхан болсон юм. Хойшдоо ч олон жилийн “Төрийн их баяр наадам” түүнийг хүлээх нь лавтай. Жил бүхэн, үндэсний маань энэхүү баяр цэнгэлийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон хэлийн хүн зөн багшран ирдэг нь 
“Дэнж хотойтол наадах 
Дэлхийд ганцхан монгол наадам Монгол наадам мину”
Ер нь Монгол төрийн их баяр наадмыг найруулсан найруулагч, Төрийнхөө наадамд ес давж төрүүлсэн бөх хоёрт хэлбэрийн ялгаа байхаас бус, наадамч түмнээ цэнгүүлэн баясгах гол утгаараа яг ижил юм. Тиймээс наадмын судсыг атгаж байгаа хүнийх нь хувьд эрхэм найруулагчийг түрүү бөхтэй адилтган зүйрлэвэл, хичнээн жил наадам найруулна, төдий тоогоор наадамд түрүүлсэнтэй агаар нэг. Төрийн соёрхолт маань ийм л хүндтэй ажил үүргийг энэ жил бас дахин гүйцэтгэхээр “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс”-ын урилгыг хүлээн аваад байна. 
Авьяаслаг, бүтээлч хүмүүсийн их амжилтын ард, ажиллах боломжийг нь бүрдүүлэгч гэр бүлийнх нь байдаг гэх... Төрийн соёрхолт Н.Наранбаатарын гэргий Л.Гантуяа СЭЗДС-ийн ахлах багш, энэ цагийн өндөр боловсролтой даруухан бүсгүй. Тэр хайрт ханьдаа зургаан сайхан хүүхдийнх нь зулайг үнэрлүүлсэн эрхэм ээж. “Үртэй хүн жаргадаг, үндэстэй мод найгадаг” гэдэг дээ. Хүмүүний хамгийн том үнэнч хөрөнгө бол эрүүл саруул үр хүүхэд, эрдэм ном байдгийг хэлэх юун... Мөн шавийн эрдэм багшаас гэдэг. Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор Н.Ганхуяг багш, дотоод, гадаадад их дээд сургууль төгсөж, он удаан жил СУИС-д багшлан мянга мянган шавь төрүүлж, мэргэжлийн олон ном орчуулан гаргаж, цөөнгүй дууны үг бичиж түмэнд хүргэсэн ёстой л урлагийн хүн. Тэрээр харц зөөлөн нүдээрээ инээмсэглэн, байнга аядуу намуун ярих нь, хүн даруу төлөв, буйр суурьтай, эгэл энгийн байхыг сургах мэт. Н.Ганхуяг багшийн авьяаслаг олон шавийн нэг бол  УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар бөгөөд тунчиг залуугаараа Төрийн соёрхол зүүсэн түүнд бие тоох өвчлөл огт үгүй нь, эцэг эх, эмээ өвөөгийнх нь зөв сайхан хүмүүжүүлсний ач буян төдийгүй, өөрийнх нь хүн ухаан, суурь төлөвшил, басхүү Ганаа багшийнх нь хувийн үлгэрлэл ч байж болох... 
Саяхан ТВ-ийн нэгэн сувгаар Н.Ганхуяг гавьяат “Багш хүн байнга шавь нараа сургадаг ч зарим үед харин ч тэднээс сурах зүйл бас байдаг юм” гэж хэлсэн нь гайхалтай сайхан үг санагдсан юм. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж...
Тийм багшийн шавь ийм байхаас ч яах билээ. Том багшийн тод шавь гэдэг л энэ юм даа. 

Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Отгон
 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ