Зүүднээс төрсөн амжилт

Админ
2017/06/02

Одоогоос таван жилийн өмнө 13 настай охин Батлан хамгаалахын их сургуулийн харьяа “Аварга” буудлагын клубын хаалгаар аавдаа хөтлүүлэн оржээ. Буудлагын спортын талаар өчүүхэн  мэдлэггүй ч шинэ зүйл сурах хүсэлдээ хөтлөгдөн энэ л замд хөл тавьсан нь энэ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа эгчээс үлгэр дууриалал авч, түүн шиг болохыг хүсдэг гэж ярих Н.Шинэмөрөн охин өдгөө ерөнхий боловсролын сургуулийн сурагч. Буудлагын спортоор хичээллэж эхэлснээс хойш чамгүй амжилт үзүүлсэн тэрбээр өдгөө спортын мастер хэмээн дуудагдах болжээ. Ирэх долдугаар сард болох насанд хүрэгчдийн улсын аваргад орох болзол хангаж бэлтгэлээ хийж буй түүнтэй уулзсан юм. Түүний ярих бүртээ дөлгөөнөөр инээмсэглэх, инээх бүрийд гэрэлтэх тунгалаг харц, хаа нэг түгдчин сандрах зэрэг нь хүүхэд насны гэнэн хонгор зан нь эвдрээгүйг харуулна. Бидний яриа түүний буудлагын спорттой хэрхэн холбогдсон түүхээс эхлэв. “Би буудлагын спортоор хичээллэж эхлэхдээ энэ спортын талаар ямар ч мэдлэггүй, ойлголтгүй байсан. Нэг өдөр аав “буудлагын спорт гэж спортын нэг төрөл байдаг юм миний охин хичээллэх үү” гэж асуусан. Би тэр үед яг юу болохыг мэдэхгүй ч зөвшөөрсөн. Гэхдээ бүртгүүлэхээр явна гэж ярьсаар бараг жил болсон. Сүүлдээ би бүртгүүлж байна, буудаж байна гэж зүүдлэх болсон. Үүнийгээ аавдаа хэлээд, маргааш нь очиж бүртгүүлсэн дээ. 

Ингээд гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат багшийн шавь  болж байлаа. Бүртгүүлсэн анхны өдрөөсөө л бэлтгэл хийж эхэлсэн. Гартаа буу барьж бэлтгэл хийж эхэлсэн тэр үеэс энэ спортод дурлаж, бэлтгэлээ таслахгүй байнга явах болсон доо. Хийн буу 1.5 килограмм орчим жинтэй байдаг. Эхэндээ шагайлга хийхээр гар салгалж, цуцдаг. Гэхдээ бэлтгэл хийгээд байхаар булчингийн хүч нэмэгддэг юм байна лээ. Бэлтгэлээ л сайн хийх хэрэгтэй. Шагайлга хийж, буудахаас гадна кросс, хүчний бэлтгэл, гүйх гээд 5-6 цагийн бэлтгэл хийдэг. Хүмүүс үүнийг тэр бүр мэддэггүй,  хэлэхээр хүчний бэлтгэл хийх ямар шаардлагатай юм бэ гэдэг. Бид буудах үедээ амьсгалаа түгждэг. тиймээс гүйж амьсгалын багтаамжаа сайжруулдаг. Хүчний дасгалууд хийснээр ганхалт багасч, буу дийлэх хүчийг нэмэгдүүлдэг. Мөн буудахын өмнө нэг цаг орчим шагайлга хийж гарын хөдөлгөөнөө багасгадаг юм. Ер нь энэ спортоор хичээллэхээр тэвчээр шаардахын зэрэгцээ хүнийг төлөвшүүлдэг гэдэг. Би ч гэсэн өөрийгөө төлөвшиж байгаа байх гэж бодож байна” гэлээ.
Түүний нэг өдөр хичээлдээ суух, хичээлээ тараад клуб дээрээ очиж бэлтгэлээ хийх, орой очиж гэрийн даалгавар, гэрийн ажлаа хийх зэргээр өнгөрдөг гэнэ. Аав ээж хоёр нь тэтгэвэртээ гарснаас хойш хөдөө орон нутгаар борлуулалтын ажил хийдэг болсон байна. “Ээж, аав хоёр гэртээ бараг байдаггүй болохоор гэрийн ажил хийх шаардлагатай болдог. Харин сүүлийн үед ахлах сургуулиа төгсөх гээд хичээлийн хажуугаар бэлтгэлдээ цаг бага зарцуулж байна. Манай гэр бүл, ангийнхан, багш нар гээд бүгд л надад тусалж дэмждэг. Ялангуяа аав өөрөө оруулсан болохоороо ч тэр юмуу их дэмжинэ ээ. Тэмцээнд орохгүй гэвэл “ор чамд туршлага болно” гэнэ. Ер нь тэмцээн уралдаан битгий алгас гэдэг. Заримдаа бэлтгэлдээ явахгүй бол загнуулна. Гэрээсээ хөөгдөөд шахуу гарах ч тохиолдол байдаг” гээд инээлээ. 

Л.Ундралбат багшийнхаа бэлэглэсэн буугаар одоо болтол буудаж байгаа

Н.Шинэмөрөн охин Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 2013 онд орж, мөнгөн медаль авснаар амжилтын гараагаа эхэлжээ. Тус тэмцээнээс урам авч, илүү олон амжилт гаргах зорилт тавин, хичээллэх болсон байна. Тиймдээ ч удалгүй Иран Улсад зохиогдсон ААШТ-нд оролцож спортын дэд мастерын болзол хангажээ. Тэрбээр “Өсвөрийн улсын аваргад орж мөнгөн медаль аваад баярласандаа эхэр татаад уйлж билээ. Нэг хэсэгтээ л манай клубынхан намайг уйланхай гэж нэрлэдэг байсан. Ер нь медаль авахаараа уйлчихдаг байсан, одоо гайгүй болоод байгаа шүү” гэлээ. Мөн анхлан суралцагчид клубын буугаар бэлтгэлээ хийдэг юм. Харин цаашдаа хичээллэх бол өөрсдөө хувьдаа буу худалдан авдаг. Энэ тэмцээнд орсны дараа Л.Ундралбат багш маань хийн гар буу бэлэглэсэн нь үнэхээр гэнэтийн бэлэг байсан. Түүнээс хойш багшийнхаа бэлэглэсэн буугаар буудаж байна даа” гэж ярилаа.
Мөн 2015 онд Кувейтэд болсон ААШТ-нд оролцож хувийн болон багийн дүнгээр хошой мөнгөн медаль хүртэж спортын мастер цол авсан байна. Энэ спортоор хичээллэхэд, буудахдаа бэлдэж чимээгүй зогсох тэр агшин түүнд таалагддаг гэнэ. Тэмцээнд оролцох үед 40-60 минут бусадтай ярихгүйгээр чимээгүй зогсох шаардлагатай болдог байна. “Тэр хооронд дотроо юм бодож зогсох мөч хамгийн гоё , нам гүм тайван байдлыг мэдэрдэг юм. Гэхдээ пиналын шатанд шалгарсан үед бол анхаарлаа төвлөрүүлэхэд бэрхшээлтэй. Илүү их хариуцлагатай байх хэрэг гардаг. Дээр нь хүмүүс дэмжих, орилох зэргээр анхаарал сарниулах зүйл их байдаг. Энэ болгон дээр анхаарлаа төвлөрүүлж, сандрахгүй байж сурах нь маш чухал. Харин хүндрэлтэй юм нь буудлагын спорт өртөг өндөр. Заримдаа хэцүү санагддаг. Намайг тэмцээнд оруулахын тулд аав, ээж хоёр минь зав чөлөөгүй ажиллаж байна гэж бодохоор хэцүү санагддаг. Гадагшаа явахад дөрвөөс таван сая төгрөг шаардлагатай болно. Дотоодын тэмцээнд ороход хүртэл санхүүгийн бэрхшээл тулгарна. Тэрийг нь бодоод орохгүй гэхээр аав, ээж тэмцээндээ ор гэдэг. Тэр хоёр маань гадагшаа явах болохоор гадуур явж ивээн тэтгэгч хайдаг юм. Ихэнхдээ амжилтгүй байдаг. Азийн аваргын тэмцээнд явахад хашаа байшингаа барьцаанд тавьж намайг явуулсан. Дараа жилийнх нь Азийн аваргад явуулахын тулд дахин зээл авсан. Энэ бүх зээлээ дарж чадалгүй хашаа байшингаа алдсан. Одоо айлын хашаанд амьдарч байгаа. Амжилтад хүрч ээж, аавыгаа баярлуулах юмсан л гэж боддог” гэж хэлээд түүний мишээл дүүрэн царайд гуниг тодорлоо. 
Хэсэг чимээгүй суусан тэрбээр “Гэхдээ гадагшаа тэмцээнд явахад сургууль, анги, клубээс дэмжлэг үзүүлдэг. Тэмцээнд явахын тулд сарын чөлөө авч бэлтгэл хийдэг. Тэр болгонд сургуулиас чөлөө өгөөд, сайн оролцохыг ерөөдөг. Манай сургуулийнхан хандив цуглуулж өгч байсан тохиолдол ч байгаа. Тэмцээнд олон хоног явахаар гэр бүлээ санадаг. Энэ үеэр ээж аавтайгаа холбогдох, утсаар ярих хамгийн гоё байдаг. Гэрт юу болж байгаа, яаж байгааг сонсох хамгийн гоё байдаг” гээд инээмсэглэв. Түүнээс эх үрсийн баярыг хэрхэн тэмдэглэдэг талаар асуухад “Ихэвчлэн гэр бүлээрээ тэмдэглэдэг. Хамаатнуудтайгаа уулзаж, салхинд гарч, тойрч суугаад юм ярих боломж олддог болохоор хүүхдийн баярт дуртай. Өнгөрсөн жил манай хороонд харьяалалтай, амжилттай явж буй иргэд нийлж, гаргасан амжилт, шагналуудаараа үзэсгэлэн зохион байгуулсан. Үүнийгээ хорооныхоо хүүхдүүдэд танилцуулж, баярлуулсан юм. Бэлэг аваад баярлаж байгаа хүүхдүүдийг харах үнэхээр сайхан байсан. Миний хувьд хамгийн гоё, мартагдахааргүй эх үрсийн баяр болсон” гэв. 
Олимпод орж, амжилт үзүүлэхийг хүсдэггүй тамирчин гэж үгүй. Тэр ч мөн ийм л зорилго өмнөө тавиад буй. Тиймээс дэлхий дахинд нэрээ дуурсгасан мундаг тамирчин болж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, ээж аавыгаа дандаа баярлуулахыг ерөөн ярилцлагаа өндөрлөсөн юм.  

Б.Номин


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ