Иргэд банкны гуравхан үйлчилгээг ашиглаж байна

Админ
2017/06/05

Судалгааны дүнгээр хүн амын 90 орчим хувь нь банкны үйлчилгээний талаар мэдэж байсан бол 50-иас цөөн хувь нь даатгал болон валют арилжааны талаар, 30 хүрэхгүй хувь нь хөрөнгийн биржийн бүтээгдэхүүний талаар мэддэг байна. 
Банк, санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг “Монгол хүн нэг сая хүртэлх төгрөгийг захиран зарцуулж чаддаг хэдий ч үүнээс илүү мөнгийг хэрхэн зөв зарцуулахаа төлөвлөж чадахгүй байна. Мөн иргэд их хөрөнгө, мөнгөтэй болсны дараа л хуримтлал бий болгоно гэсэн буруу ойлголттой байдаг. Гэвч бага багаар, тогтмол хугацаанд мөнгө хуримтлуулах нь чухал шүү дээ. Тэд банкны үйлчилгээнүүдээс хадгаламж, зээлийн талаар сайн мэддэг. Гэвч банкны үйлчилгээ авахдаа үүний ач холбогдол, үр ашгийг нь сайн тооцож чадахгүй байна. Мөнгөө банкинд хадгалуулахаас өөрөөр хөрөнгийн зах зээлд дээрээс бонд, хувьцаа авах, ирээдүйтэй компа-нид хөрөнгө оруулалт хийх зэрэг сон-голт байдгийг сайн мэдэхгүй байна” гэв. 
Манай улсын хот суурин газрын иргэдийн санхүүгийн боловсрол хөдөө орон нутагтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байдаг байна. Тухайлбал, Баян-Өлгий, Ховд зэрэг алслагдсан аймгуудын хувьд мэдээлэл авах боломж бага байгаагаас санхүүгийн мэдлэг дутмаг байгаа аж. Харин Өмнөговь, Дорноговь гэсэн уул уурхайн салбар хөгжиж буй, хилтэй ойр аймгуудын хувьд санхүүгийн ерөнхий мэдлэг хот суурин газартай ойролцоо төвшинд байгаа юм. Мөн орлогын төвшин өндөр, ажил эрхэлдэг байхын хэрээр санхүүгийн мэдлэгийн түвшин өндөр байгааг Дэлхийн банкнаас гаргасан судалгаанаас харж болно.
Тиймээс Монголбанкнаас олон ний-тийн санхүүгийн боловсролыг дээш-лүүлэх зорилгоор 2015 онд үндэсний хөтөлбөр боловсруулан,  хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхийн бусад оронд иргэдийнхээ санхүүгийн боловсролыг дээшлүүлэхийн тулд төрийн бодлогын төвшинд авч үздэг гэнэ. Олон улсын Улаанбаатар их сургуулийн Бизнес менежментийн тэнхмийн ахлах багш, профессор Б.Оюунсүрэн “Иргэдийнхээ санхүүгийн боловсролын дээшлүүлэхэд БНСУ төрийн бодлогын  хэмжээнд анхаардаг. 1995 оноос тус улсын төв банк иргэдийнхээ санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай сургалт зохион байгуулж эхэлсэн юм байна лээ. Тэд ерөнхий боловсролын сургуулийн бага ан-гийн сурагчдад “Мөнгө гэж юу бэ” гэсэн асуулт тавьж, санхүүгийн мэдлэг олгож эхэлсэн. Бид 2014, 2015 онд монгол айл, өрхийн санхүү, төлөвлөлтийн асуудлаар судалгаа хийж байсан. Тэгэхэд ихэнх өрх санхүүгээ төлөвлөдөггүй, хуримтлалгүй, мөнгөө хэрхэн зөв зарцуулахаа мэддэггүй болох нь судалгааны дүнгээс харагдсан. Эдийн засгийн мэдлэггүй байх нь ядууралд хүргэх гол шалтгаан болдог. Тиймээс айл, өрхүүд санхүүгийн төлөвлөлт хийж сурах хэрэгтэй байна. Япон, Солонгос Улсын иргэд тэтгэвэрт гарахаасаа 5-10 жилийн өмнө хуримтлал бий болгож, тэтгэвэрт гарахдаа бэлддэг. Гэтэл манайд иргэд тэтгэврийн мөнгө хэрэгцээг нь хангахуйц хангалттай биш гэдгийг мэдсээр байж мөнгөө хадгалах тухай огт боддоггүй. 
БНСУ-д 1995-2013 оныг хүртэл санхүүгийн боловсролыг хувийн байгууллагууд иргэдэд олгож байсан. 2013 оноос тус улсын төрөөс иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх тухай бодлого боловсруулж, тусгай зөвлөл байгуулсан. Уг зөвлөл нь санхүүгийн мэдлэг олгох тусгай сургалтын хөтөлбөр боловсруулж, ерөнхий боловсрол, их дээд сургууль, албан байгууллагуудад сургалт зохион байгуулж эхэлсэн юм байна лээ. Энэ хүрээнд 2015 оноос ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангиудад санхүүгийн мэдлэг олгох хичээлийг заавал үзэх ёстой хөтөлбөрт багтаасан. Иргэдийн санхүүгийн мэдлэг дутмаг байгаагийн шалтгаан нь энэ талаарх мэдээлэл олгох эх үүсвэрүүд хангалтгүй байна. Хувийн санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх, зарцуулах талаар сургалтад хамрагдах боломжтой боловч мэдээлэл авах эх сурвалжууд нь нээлттэй биш байна” гэв. 
Манай улсын хүн амын 57 хувь нь ирээдүйгээс илүү одоо байгаа нөхцөл байдалдаа илүү анхаарлаа хандуулдаг аж. Тиймээс  хуримтлал үүсгэж банкинд хадгалуулах, хөрөнгийн зах зээлд мөнгөө өсгөх талаар тэр бүр боддоггүй болохыг Дэлхийн банкны мэрэгжилтнүүд онцолж байна. Энэ асуудлаар энэ сарын 2-нд банк, санхүүгийн байгууллагууд, их, дээд сургуулийн эрдэмтэн хэлэлцүүлэг өрнүүлж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм. Тиймээс энэ талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Нургултай ярилцлаа. 

М.Нургул: Сурагчид хувийн санхүүгээ хэрхэн хөтлөхөө мэдэхгүй хэрнээ макро эдийн засаг судалж байна


-Дэлхийн банк-наас манай улсын иргэдийн санхүү-гийн боловсролын асуудлаар судал-гаа хийгээд багагүй хугацаа өнгөрлөө.  Энэ хүрээнд иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ямар арга хэмжээ хэрэгжүүлсэн бэ. Дахиад энэ чиглэлийн судалгаа хийх үү?  
-Сүүлийн жилүүдэд банк, санхүү-гийн салбарын өсөлт эрчимжиж, иргэд гүйлгээний данс ашиглаж, хадгаламж, зээлийн үйлчилгээг авах болсон. Гэвч иргэдийн мэдлэг хангалтгүй байгаагаас өөрсдийн хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүн сонгож, урт хугацааны санхүүгийн шийдвэр гаргах чадамжгүй хэвээр байна. Энэ нь улс орны эдийн засгийн тогтвортой байдалд нөлөөлдөг.Тиймээс Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хамтран  иргэдийн хувийн санхүүгээ зөв удирдах мэдлэгтэй болгож, санхүүгийн залилангаас  сэргийлэх чадвартай болгох зорилгоор 2015 онд  “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” боловсруулан, хэрэгжүүлж байна.  Энэ нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулахад чухал нөлөөтэйгөөс гадна банк, санхүүгийн байгууллагын хэрэглэгчид идэвхитэй болж, хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоо нэмэгдэх боломжтой юм. Аливаа улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэх үед, иргэд нь бага орлогоор амьдралаа залгуулах нөхцөл бүрддэг. Энэ үед санхүүгийн боловсролоо дээшлүүлэхэд нь дэмжиж өгвөл ядууралд хүрэхээс сэргийлж чадна. 
Хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, залуус, хөдөө орон нутгийн иргэдэд зориулан төсөв, санхүү, зээл, хөрөнгө оруулалт, даатгал, хуримтлал, татварын талаар ойлголт өгч, санхүүгийн эрсдэлээс хэрхэн хамгаалах тухай зөвлөгөө өгч байгаа. Энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийн сонгон судлах хөтөлбөрт “Бизнес судлал” гэдэг хичээлийг багтааж, өнгөрсөн есдүгээр сараас орон даяар зааж эхэлсэн. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын сургалтын хөтөлбөрт санхүү, эдийн засагтай холбогдолтой сэдвийг нийгмийн тухай мэдлэг хичээлийн хүрээнд заадаг боловч, харьцангуй макро эдийн засгийн хүрээний асуудлыг хамарсан,өрхийн болон хувийн санхүүг хэрхэн зөв зохистой удирдах талаар бага тусгагдсан байдаг. 
Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар дунд ангийн сурагчид мөнгө, татвар,  зах зээл, эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн, ажилгүйдэл, инфляци зэрэг цөөн тооны, макро эдийн засгийн сэдвийг голлон судалж байгаа аж.   Мөн цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санхүүгийн мэдлэг олгох зорилгоор “Төсөвчин” аппликэйшн бүтээсэн. Тус аппликэйшныг ашигласнаар хувийн орлого, зарлага, зээлийн хүүгээ хянаж, хуримтлалын төлөвлөгөө боловсруулах боломжтой юм. Хөтөлбөрийн эхний шат дуусгаад иргэдийн санхүүгийн боловсролын төвшин хэр өөрчлөгдсөн талаар мониторингийн судалгаа явуулахаар төлөвлөж байгаа. 
-Хөтөлбөр хэр удаан үргэлжлэх вэ. Зөвхөн ахлах ангийнхан хамрагдах боломжтой юу? 
-Хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги буюу 10,11,12 дугаар ангиудад орохоор төлөвлөсөн. Одоогоор 10 дугаар ангид туршилтын шатанд явж байна. Цаашид бага, дунд ангийн хичээлийн хөтөлбөрт оруулахаар төлөвлөгөөтэй байгаа. Иргэд  сургалтад хамрагдаад л санхүүгээ зөв захиран зарцуулдаг болчихгүй. Тухайн хүний мөнгөнд хандаж буй хандлага, зуршлаар тодорхойлогдох учраас тодорхой хугацаа шаардлагатай. Тиймээс энэ хөтөлбөр 2021 он хүртэл үргэлжилнэ. Бид  хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 40 сургуульд туршилтын журмаар сургалт явуулж, “бизнес судлал” хичээлийг заах 1050 багшийг бэлтгэсэн. 
-Иргэд санхүүгийн мэдлэг тааруу байгаагийн гадаад нөлөө юу бэ. Газар зүйн онцлогтой холбоотой юу. Хөдөө орон нутагт банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний хүртээмж бага шүү дээ. 
-Банк, санхүүгийн ажилчид иргэдэд хангалттай мэдээлэл өгөхөөр үйлчилж чадахгүй байх тохиолдол бий. Иргэд нэг үйлчилгээний талаар асуухаар гарын авлага юмуу танилцуулах хуудас өгчихдөг. Тэрийг уншуулах биш тайлбарлах хэрэгтэй байгаа юм. 
-Банкны үйл ажиллагаатай холбоотой шалтгаан бий юу? 
-Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар монголчууд харилцах данс, зээл, хадгаламж гэсэн гуравхан төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний талаар ойлголттой байна.  Иргэд эдгээрээс өөр бүтээгдэхүүний талаар мэдээллийг хангалттай авахгүй байгаа учраас шинэ бүтээгдэхүүн сонирхохгүй байгаа юм.  Тухайлбал, хөрөнгийн зах зээл дээр мөнгөө өсгөх боломж байгааг ихэнх хүн мэддэггүй. Тэгэхээр санхүүгийн байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүнээ сайн сурталчилж, иргэдэд ямар ач холбогдолтой болохыг сайн тайлбарлах хэрэгтэй байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ