Л.Болд: Монгол инженерүүд дотооддоо анх удаа ачааны вагон угсарлаа

Админ
2017/06/06

-Манай инженерүүд анх удаа өөрсдийн гараар ачааны вагон угсарсан байна. Өмнө нь ийм төрлийн вагон угсрах оролдлого хийж байв уу. Ямар нэгэн хүндрэл бэрхшээл тохиолдов уу? 
-Миний хувьд төмөр замын вагоны инженер. 30 дахь жилдээ энэ салбартаа ажиллаж байна. Энэ хугацаанд салбарынхаа талаар туршлага хуримтлуулсан.
Тиймээс инженер, мэргэжилтнүүдтэйгээ хамтарч 2012 онд өөрсдийн нөөц бололцоо, мэдлэг, чадварт тулгуурлан “Ачааны вагон угсрах” төслийг боловсруулаад байсан юм. 
Засгийн газар, тэр дундаа Зам тээврийн хөгжлийн сайд төмөр замын хөгжлийн асуудлыг ихээхэн анхаарч, энэ оны хоёрдугаар сард “Ачааны шинэ вагон угсрах” төслийг хэрэгжүүлэх тухай 21 тоот тушаал гаргасан. Ингээд ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам”, “Эколог бус” ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. 
Ингээд богино хугацаанд “вагон угсрах”  үүрэг даалгаварыг бидэнд өгсөн юм. Бид Зүүнхараа дахь ачааны вагоны засварын баазыг түшиглэн өнгөрөгч тавдугаар сарын 10-26-ны хооронд  вагон угсрах цехээ байгуулсан. 

-Вагон угсрах техник хэрэгсэлээ хаанаас авсан бэ. Хэр зэрэг хугацаа шаардагдсан бэ? 
 -УБТЗ-ын Хангамжийн албаны мэргэжилтнүүд ОХУ-ын Барнаулын ачааны вагон засварын үйлдвэрээс туршилтын таван вагоныг угсрахад шаардлагатай тэвш, ноён нуруу, дагалдах хэрэгслүүдийг худалдаж авах ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулснаар угсралтын ажил тавдугаар сарын 29-нд эхэлсэн. Ер нь вагоны үндсэн хийцийг угсрах ажлыг нэг өдөр, дагалдах хэрэгслийг угсрах ажил бас нэг өдөр болсон.
Будагтайгаа нийлээд дөрвөн хоногийн дотор вагоныг угсарлаа. Түүнчлэн үүнээс гадна бид вагон зүтгүүрийн бүх дугуйг Монголдоо угсрах үйлдвэрийн төслийг 2006-2010 онд боловсруулсан боловч дотоод шугамынх нь хөрөнгө оруулалт хийгдэхгүй гацаад байсан юм. Харин энэ жилээс эхлэн Зүүнхараагийн вагон депогийн өргөтгөлийн ажлын хүрээнд цехээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  
-Вагон угсрах ажилд инженер техникийн хэдэн ажилтан оролцсон бэ? 
-Гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс нь гагнуурчид, засварчид байсан. Ер нь депогийнхан маань бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн дээ. Вагон депогийн даргаар ажиллаж байсан Б.Азжаргал, ерөнхий инженер А.Баттулга, хяналтын инженер С.Мөнх-Алдар нар газар дээр нь ерөнхий зохион байгуулалтыг хийж, хяналт тавьсан.  
-Гаднын улс орнуудаас зөвлөгөө авсан уу? 
-ОХУ-ын Барнаулын ачааны вагон засварын үйлдвэрээс технологи инженерээ явуулах санал тавьсан. Гадны зөвлөгөө, хяналт бүгд л өндөр үнэ хөлстэй шүү дээ. Хоёрдугаарт, бид өөрсдөө вагон угсах зорилт тавьсан учраас саналыг нь хүлээж аваагүй. Ер нь вагон угсрах ажил миний сэтгэлд багтаж байсан учир тавдугаар сарын эхээр Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат биднийг дуудаж уулзахад хөрөнгийн асуудлаа л саадгүй шийдвэл бид нэг сарын дотор  “Вагон угсарч чадна” гэж амалсан юм. Тэгээд ажил маань богино хугацаанд сайхан бүтлээ. Маш их баяртай байна. Төмөр замчид маань эзэмшсэн мэргэжилдээ эзэн болжээ гэдгийг харуулах нь бас нэг зорилт байсан. 
-Монголд угсарсан дээрх ачааны вагонуудын даац, хүчин чадал ямар байх вэ?  
-Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагоны урьдчилсан тооцоогоор даац 72 тонн, тэвшний эзлэхүүн нь 88 шоо метр, цагт 120 км хурд авах боломжтой юм. Туршилт, баталгаажуулалтын дараа эдгээр техникийн үзүүлэлтүүд нарийн тодорхой болно.  Уг ачааны вагонд нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг төрөл бүрийн нурмаг ачаа ачих зориулалттай. Мөн үүнээс гадна Зүүнхараа дахь ачааны вагоны засварын баазад манайхан нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэдэг вагоны үндсэн ноён нурууг ашиглан тавцант вагон үйлдвэрлэж байгаа.
Өнгөрсөн жил хоёрыг өөрчлөн тоноглож ашиглалтанд оруулсан. Нефть тээвэрлэдэг вагоны тогоо цоорсны улмаас ашиглаж болохгүй байсан 18 цистерн вагоныг зориулалтыг өөрчилж тавцант вагон болгосон юм. Тэдгээрийн үндсэн ноён нуруун дээр хөндлөн арал зангидаж хийсэн тавцант вагоны хувьд 40 тоннын даацтай, 120 км/цаг-ийн хурдтай, чулуу, хайрга, чингэлэг, техник ачих зориулалттай юм. Энэ онд манай инженерүүд хөрөнгийн асуудал шийдвэрлэвэл 5-6 тавцант вагон угсарч, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 
-Чанарын баталгаа  хэдэн жил вэ?  
-Чанарын хувьд ямар ч асуудалгүй. Үүнийг баталгаатай хэлнэ. ОХУ, Хятад Улсын үйлдвэрүүд ачааны вагоныг 22-25 жил ашиглана гэж баталгаа гаргадаг. “Монголын нөхцөлд ачааны вагоны засварын системийг боловсронгуй болгох, вагоны эдэлгээний хугацааг тогтоох”  сэдвээр би ОХУ-ын Москва хотын Тээврийн их сургуульд 2004-2009 онд суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан юм. Үүгээрээ Монголд вагоныг 30-32 жил ашиглаж болно гэдгийг баталчихсан. Үүнтэй холбоотой Монгол Улсын МNS 6466-16  стандарт гарч төмөр замын салбарт мөрдөн ажиллаж байна. Энэ стандарт дээр ачааны вагоныг 30-32 жил ашиглана гээд тогтоочихсон. Тиймээс бидний үйлдвэрлэж байгаа вагоныг 30 жил ашиглах бүрэн боломжтой. 
-Дотооддоо ачааны вагон угсарснаар эдийн засгийн ямар үр өгөөж гарч байна вэ. Гадаадаас нэг вагон оруулж ирэх үнээс хямд байгаа болов уу? 
-Дэлхийн эдийн засаг хямраагүй байхад ОХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудад үйлдвэрлэсэн ачааны вагон 80-100 мянган ам.долларын үнэтэй байсан нь сүүлийн үед ялимгүй буурч эхэлсэн. Хамгийн сүүлд бид үнийн судалгаа явуулахад БНХАУ-д үйлдвэрлэсэн ижил төрлийн вагон 79.5 мянган ам.долларын үнэтэй байна. Манайд угсарч байгаа вагон 120 орчим сая төгрөгөөр “босож” байна. ОХУ-д их засвар хийсэн дугуй тавьж, тоормосны эд ангийг эрээсгүй холболт буюу шинэ технологиор холбосон. Мөн нэг вагоныг бид хайрцган гүүшинтэй хос дугуйгаар тоноглолоо. Хайрцган гүүшинтэй хос дугуй нь найдваржилт сайтайн  дээр ашиглалтын зардал бага, эдэлгээ урттай байдаг тул сүүлийн үед дэлхий нийтээрээ ачааны болон суудлын вагоныг үүгээр тоноглож байгаа. Агаар хуваарилагчийн хувьд “КАВ-60” гэдэг ОХУ-д үйлдвэрлэсэн, урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг жолоодоход зориулсан, тоормосны хийн тархалтын хурд өндөртэй хуваарилагчаар тоноглосон. Ийм орчин үеийн тоноглолтой  (инновационный вагон) гэж нэрлэгдэх вагон ОХУ-д 80 орчим мянган ам.долларын үнэтэй байна. Тэгэхээр угсрах нь вагон худалдаж авснаасаа хямд тусах боломж байгаа нь харагдаж байна. Энэ удаад бид туршилтын журмаар вагон угсарч байгаа учраас үйлвэрлэлийн арга барилаар үнийг нь хямдруулах арга байхгүй. Хэрвээ вагон угсрах шугамыг байгуулж олон тоогоор үйлдвэрлэвэл бүтээгдэхүүнийхээ үнэд нөлөөлнө шүү дээ. Үүнийг нарийвчилан тооцох шаардлагатай. 
-Туршилтаар ачааны вагон угсрах төслийн эхний шат амжилттай хэрэгжжээ. Харин хоёр дахь шатанд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ. Хэдий хугацаанд хэрэгжих вэ? 
-ЗТХЯ-ны зүгээс төслийн хоёрдугаар шатанд Монголдоо ачааны вагон угсрах үйлдвэрийн шугам байгуулж дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьсан. Улмаар цаашид энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн орнуудын вагон оператор компаниуд болон төмөр замын хэрэгцээнд нийцсэн ачааны вагон үйлдвэрлэх шаардлагатай.  Ачааны вагон угсрах үйлдвэрийн шугамыг оруулж ирэхдээ вагоны үндсэн ноён нуруу, тэвш, бусад дагалдах хэрэгсэл, эд ангийг дотооддоо үйлдвэрлэх, металл хийцүүдийг  эсгэдэг, нугалдаг автомат, хагас автомат тоног-төхөөрөмж,  технологи- ноу-хау ашиглан бэлдэцээ үйлдвэрлэж гагнуур, угсралтын өндөр бүтээмжтэй  технологиудыг нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний өртгийг бууруулах, чанар, бүтээмжийг дээшлүүлэх чиглэлийг баримтлах ёстой. Вагон үйлдвэрлэлийн шугамыг илүү боловсронгуй, үр ашиг сайтай болгосноор уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд аваачиж борлуулах асуудлыг тээврийн бодлогоор дэмжиж байгаа хэрэг. Тиймээс төслийн хоёр дахь шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхэд төр, засаг анхаарна гэдэгт найдаж байна. Монголын төмөр замчдад арвин туршлага, мэдлэг, ур чадвар, нөөц боломж байна. Сая байгуулсан туршилтын цехийг гэхэд л вагоныг уураар цэвэрлэх байгууламжийг ашиглан цаашид вагон угсрах, засах, будах, цистерн  вагоныг халуун уураар цэвэрлэх гэх мэт дөрвөн төрлийн зориулалтаар бүрэн  ашиглах боломж бүрдүүлж тоноглолоо. 
-Монголд хичнээн вагон байдаг вэ. Тэдгээрийг дандаа гаднаас худалдаж авдаг уу? 
-Улаанбаатар төмөр зам 2700 орчим вагонтой. “Болд төмөр Ерөө гол” компани гурван мянга орчим вагонтой. Төрийн хэвшлийн Монголын төмөр зам компани 245 вагон, бусад эзэмшигчдийн 50 гаруй вагон байна. “Болд төмөр Ерөө гол”, “Монголын төмөр зам” компани 1520 мм царигт тохирсон вагоныг Хятад Улсад үйлдвэрлэж оруулж ирсэн. Хятад Улсад үйлдвэрлэсэн 2245 вагон, үлдсэн нь ОХУ-д үйлдвэрлэсэн вагон байна л даа. Вагоныг олон хүн ашигладаг өндөр үнэтэй болохоор тэр болгон хурдан шинэчилж чадахгүй байна. Төмөр замын салбарт ашиглаж байгаа нийт вагоны гурван мянган гаруй хувь нь 25-аас дээш жил ашиглагдаад хуучирчихсан. Ер нь төмөр замын вагоны паркын шинэчлэлт зайлшгүй хийх шаардлагатай. 
-Хэрэв туршилт амжилттай болбол гаднаас вагон авах шаард­лагагүй гэж ойлгож болох уу? 
-Бүтээгдэхүүн нэгэнт гарчихсан болохоор маргаашнаас угсарсан вагонуудынхаа хувийн жин, ачаа ачих даацыг тогтоох, овор хэмжээг тооцох гээд туршилт баталгаажуулалтын ажлуудыг тогтсон дүрмийн дагуу хийж эхэлнэ. Туршилт ямар байхаас техникийн үзүүлэлтүүд нарийвчлан тогтоогдоно. Би танай сониноор дамжуулан нэгэн зүйлийг хэлмээр байна. Манай Вагон депогийнхон үүрэг даалгавараа чанартай, цаг тухайд нь хийх чадвартай үнэт зүйл нь тогтсон сайхан хамт олон. Бидэнд цаашид улам ихийг хийж бүтээх эрмэлзлэл, нөөц бололцоо байгааг бахархалтай хэлмээр байна. Ахмад үеийн маань бидэнд өвлүүлсэн ажилсаг хөдөлмөрч, үнэнч шинж чанар, ажлын бүтээлч арга барил, чармайлт нь өнөөдөр биднийг амжилттай ажиллахад түлхэц болсон. Төслийг хэрэгжүүлэх санаачилга гаргаж итгэл өгч зоригжуулсан ЗТХЯ,  хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг саадгүй шийдвэрлэсэн УБТЗ-ынхаа удирдлага хамт олон, хамтран ажилласан “Монголын төмөр зам”, “Эколог бус” компанийн мэргэжилтнүүддээ баярласан таларахсанаа илэрхийлье. 


 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ