Монголын инновацийн стратеги нь “Амдан хөгжих”

Админ
16 цаг 24 минутын өмнө

Харин манайх тэртээ аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалаа ч гүйцээгүй яст мэлхийн замаар явж байгаа билээ. Юун дөрөвдүгээр хувьсгалын талаар ярих. Үүнд дэс дараатайгаар хүрэхэд асар их хугацаа зарцуулах нь дамжиггүй. Харин заль гаргаж аж үйлдвэрийн хөгжлийн өөдөөс нь амдаж шинийг сэтгэх хэрэгтэй болж байгаа юм. Нэг ёсондоо Монгол Улс гэв гэнэт зог тусаж, ухаарал сэхээрлийг аваад бүх зүйлийг шинээр эхэлж болно.
Бид хэдэн зуун жил хөгжсөн үйлдвэрлэгч орнууд шиг “Samsung”, “I phone” утас үйлдвэрлэж чадахгүй шүү дээ. Гэхдээ тэр утаснаас илүү гоё санаа монгол эрдэмтдэд бий. Тэр санаагаа л гаднын зах зээлд худалдах хэрэгтэй байна. Инноваци нь ямар нэгэн шинэлэг зүйлийг сэдэж, үр дүнд хүрэхийн тулд хийж буй өөрчлөлт, шинэчлэлтийг хэлнэ гэж тодорхойлжээ. Нэг үгээр хэлбэл, ямар нэгэн шинэ санааг амьдралд нэвтрүүлэхийг инноваци гэж хэлээд байгаа юм. Тэгвэл манайд шинэ санаа сэдэж, амьдралд нэвтрүүлж чадах олон мянган залуу, эрдэмтэн байна. Гол нь тэднийгээ дэмжиж, үр дүнг нь хүртэх хэрэгтэй юм. 
Ингэхийн тулд Монгол Улс мэдлэгтээ хөрөнгө оруулж, шаардлагатай зүйлийг шинжлэх ухаандаа даатгах хэрэгтэй гэдгийг олон хүн хэлдэг. Инноваци буюу шинэ санаа хөгжүүлэх талаар сүүлийн үед УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй хүмүүс ярих болов. Өнгөрөгч баасан гаригт “Санал-санаачилга-шийдэл” нэртэй инновацийн асуудлыг хөндсөн уулзалт МҮХАҮТ-д болсон юм. Энэ үеэр инновацийн талаар төрөөс хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, өнөөгийн байдал, аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар, инноваци зэрэг асуудлыг хөндөж ярилцав. 
Монгол Улс инновацийн талаар бодлогогүй биш бодлоготой. Гэвч 20 гаруй жилийн турш хэрэгжүүлэх талаар ямар ч ахиц гараагүй гэдгийг уулзалтад оролцогчид хэлж байлаа. Тухайлбал, Инновацийн тухай хууль батлагдаад бараг таван жилийг үдэж байна. Хууль нь батлагдсан ч инноваци үр өгөөжөө өгч, эдийн засгийн өсөлтийг огтхон ч тэлээгүй.  Тиймээс тус хуулийг салбарынхан нь мөрөөдлийн хууль гэлцдэг юм билээ. Ер нь улстөрчид хууль баталчихаад түүнийгээ ажил хэрэг болгохгүй мартчихдаг нэг жишээ нь Инновацийн тухай хууль гэхэд болно.
Түүгээр барахгүй Төрөөс инновацийн талаар баримтлах бодлого, Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр гээд л тоочоод байвал маш олон төсөл, хөтөлбөр инновацид зориулагджээ. Гэвч нэг нь ч үр дүнгээ өгөөгүйг бид бэлхнээ мэднэ. Уг нь инновацийн үйл ажиллагаанд өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 31 байгууллага, их дээд сургуулиуд, инкубатор, технологи дамжуулах нэгжүүд, гарааны 32 компани оролцдог юм байна. Гэвч яг амжилтад хүрсэн гарааны компани байхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэв. Тэрбээр “Манай улс эдийн засгийн мэдлэгээр 157 орноос 91-т жагссан. Аж үйлдвэрийн өрсөлдөх чадвараар 133 орноос 109 дүгээрт жагсаж байна. Инновацийн талаар соён гэрээрүүлэх ажил дутмаг байна. Амьдрал хүнд байвал инновацийг ярих хэрэгтэй. Инновацийг бүх салбарт хэрэгжүүлж, дэмжих ёстой. Шаардлагатай дүрэм, журмаа биелүүлэхгүй байна. Инновацийн талаар зорилт дэвшүүлчихээд хийдэггүй. Үүнийг түргэвчлэхийн тулд 2018 оноос эхлэн инновацийн санг хэрэгжүүлэхээр зорьж байна” гэсэн юм. 

Хятадууд Зүүн Азийн орнуудын “Ноу-Хау”-г сурах бодлогыг олон жил баримталжээ 

Швейцарь, Их Британи, Швед, Голланд, АНУ зэрэг улс хамгийн инновацлаг орнуудаар тооцогддог байна. Дэлхийн 145 орныг дижитал дэд бүтцийн чанар, инновацийг ашиглаж эдийн засгийн өсөлтийг залуурдаж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулж байгаагаар нь жагсаажээ. Ингэхэд 2014 оны судалгаараар Финланд Улс хоёр жил дараалан энэхүү жагсаалтыг тэргүүлсэн байна. Дэлхийн мэдээлэл технологийн тайлан тус улсыг хамгийн шилдэг дижитал дэд бүтэцтэй гэж үнэлжээ. Хүн амынх нь 90 хувь инновацийн өндөр төвшинд интернэт хэрэглэдэг гэнэ. Финланд нь 1990 оноос санхүүгийн хямралын хариу арга хэмжээнийхээ нэг хэсэг болгож энэ салбарт эрчимтэй хөрөнгө оруулалт хийжээ. Дараа нь Сингапур Улс орсон байна.
Тус улсын Засгийн газар тодорхой дижитал стратегиар нийгмээ дэмжиж, мэдээлэл технологийн салбарын дэд бүтцээ тасралтгүй өөд нь татдаг гэнэ. Ингээд хамгийн шилдэг цахим үйлчилгээ болон өндөр чанарын боловсролын системийг санал болгодог орон болж чаджээ. Гуравдугаарт, Швед улс ордог бөгөөд боломжийн үнэтэй дижитал дэд бүтэц, бизнест ээлтэй тогтвортой орчныг бүрдүүлж чадсан байна. Ингэснээр тус улсын иргэд, бизнес,  төрийн байгууллагууд мэдээлэл харилцааны технологийг гарамгай эзэмшиж өдөр тутам хэрэглэдэг болжээ. Түүнчлэн инновацийн үзүүлэлтээр шилдгүүдийн нэгт зүй ёсоор багтдаг зэрэг нь мэдлэгт суурилсан нийгэмтэй улс гэж нэрлэгдэхэд хүргэдэг аж. Мэдлэгт суурилсан эдийн засаг, шинэ санал санаачилга улс оронд ямар чухал вэ. Хэрхэн баялаг болгож чадаж байна вэ гэдгийг дээрх жишээн дээр харж болох юм. 
Наад захын жишээ гэхэд л манай өмнөд хөрш Хятад Улс санхүү, эдийн засгаар дэлхийг удирдах дипломат аргыг хэрэглэж байна. Манай улс өнөөдөр эдийн засгийнхаа хувьд хүнд байдалд орчихоод байгаа. Энэ байдлыг тэд маш овжиноор ашиглахаар зэхэж буй. Ер нь хятадууд улс орон бүрийг маш сайн судалж тэдгээрт тохирсон стратеги явуулдаг. Ингэсний хүчинд өөрсөддөө ашигтай бодлого явуулж чаддагаараа онцлогтой. 
Орос, Монгол хоёр улс түүхий эдийн маш их нөөцтэй. Энэ нөөцийг нь яаж авах вэ гэдэг бодлогыг Хятад Улс  баримталж байна гэдгийг хятад судлаач доктор Н.Алтанцэцэг хэлсэн юм. Үүнээс гадна хятадууд Зүүн Азийн орнуудын “Ноу-Хау”-г сурах бодлогыг олон жил баримтласан. Үүнийхээ хүчинд өнөөдөр өөрсдөө компьютер, гар утсаа хийдэг болжээ. Эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн зөв бодлого нь Хятадыг өсгөж байна. 

Монголын инноваци

Монголд шинэ санаа гаргаад түүнийгээ зах зээлд нэвтрүүлэх сонирхолтой хүн олон байдаг. Гэтэл манайд шинэ санаа, шинэ бүтээлийг зах зээлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах зөв тогтолцоо байдаггүй нь инновацийн хөгжилд чөдөр болж буй. Уг нь Монголд инновацийг бүтээгчид нь байдаг. Заримаас нь дурдвал Төрийн соёрхолт инженер Ц.Нацагням, “Hitachi” компанид ажиллаж байсан техникийн шинжлэх ухааны доктор Д.Баяр гээд л яриад байвал олон. Түүнчлэн “Инновацийн төсөл”-ийг хэрэгжүүлэгч үйлдвэрүүд олон бий. Тухайлбал, адууны ясны кальци, чөмөгний тос, бүлх, шөрмөс, мөгөөрс зэргийг ашиглаж бэлдмэл үйлдвэрлэдэг “Монхимо” гэх үйлдвэр байна. Хүний яс, үе мөчинд амин дэм өгдөг адууны бэлдмэл Монголоос өөр хаана ч байхгүй биологийн өндөр идэвхитэй бэлдмэл болж чаджээ. Мөн хонины сүүлнээс гаргаж авсан тос, саван зэрэг бүтээгдэхүүнийг манайхан хийдэг.
Энэ бүтээгдэхүүн нь бас л Монголоос өөр хаана ч байхгүй. Энэ мэтчилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүд олон бий. Гол нь тэднийг бодлого болоод хөрөнгөөр дэмжих хэрэгтэйг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Сүүлийн үед шинэлэг санаагаараа нэлээд амжилттай яваа Lendmn үйлчилгээг энд онцлох нь зүйн хэрэг болов уу. Lendmn нь Монгол Улсын анхны финтек санхүүгийн хэрэгсэл юм. Финтек гэдэг нь дэвшилтэт технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч гэсэн утгатай юм байна. Финтекийн 69 хувь нь дата анализ хийхэд, 55 хувь нь мобайл технологид, 36 хувь нь хиймэл оюун ухаан хөгжүүлэхэд зарцуулагддаг гэнэ. Тодруулбал, дэвшилтэт технологид тулгуурлаж, онлайнаар санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. Ингэхдээ смарт утсанд суурилсан аппликэйшнээр дамжуулж, цахим зээл өгдөг байна. Зээл өгөхдөө “хиймэл оюун ухаан” ашиглаж, шийдвэр гаргадаг бөгөөд хагас жилийн хугацаанд арван мянга гаруй хэрэглэгч “апп” татан зээл авчээ. Энэ үйлчилгээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдөөд зогсохгүй монгол залуус шинийг сэтгэж, хөрөнгө босгож чаддагийг харуулж байна. 

Инновацийг хөгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ

“Санал-санаачилга-шийдэл” нэртэй инновацийн асуудлыг хөндсөн уулзалтын үеэр Монгол Улс инновацийг хөгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй талаар ярилцсан юм. Уг нь төсөл, хөтөлбөр нь батлагдсан ч хөрөнгө мөнгөгүйгээс болж одоо болтол хэрэгжихгүй байгааг энэ үеэр онцолж байлаа. Түүнчлэн аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи сул, улс орны хөгжлийн төвшин үйлдвэржилтийн өмнөх шатанд байгаа. Зээлийн хүү өндөр, хэмжээ бага, хугацаа богино, эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудын цалин хөлс бага, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүд эдийн засгийн бусад салбарт шилжсэн зэрэг хүндрэл бэрхшээлүүдийг тоочиж байв. Тиймээс инновацийг хөгжүүлэхэд хамгийн түрүүнд олон тооны чанар сайтай өндөр технологи бүхий компаниуд байгуулах нөхцлийг хангаж өгөх хэрэгтэй гэнэ. АНУ-ын Цахиурын хөндийд энэ бүх боломжийг хангаж өгсөнөөр олон тооны өндөр технологи бүхий компани бий болсон түүхтэй. Сан Франциско хотоос урагшаа хагас арлаараа дамнан эх газрын Сан Хосе хот хүртэл дал орчим км урттай хөндийг Silicon Valley буюу  Цахиурын хөндий гэдэг аж.
Энэ хөндийд дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч толгой компаниудын  headquarters буюу төв  удирдлага байрладаг. Интернэт ертөнцийн хаан Google Цахиурын хөндийн Menlo park хотод 1998 онд байгуулагджээ. Удирдлага нь мөн л Цахиурын хөндийн  Mountain View хотод байрладаг. Дэлхийн хамгийн баян бизнесмений жагсаалтыг байнга тэргүүлдэг алдарт Билл Гэйтс мэдээллийн сүлжээний хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж, одоо ч байр сууриа хадгалсаар байгаа Microsoft корпорацаа 1975 онд байгуулжээ. Цахиурын хөндийн Mountain View хотод нэг салбар нь байдаг. Энэ мэтчилэн шинэ технологи бүхий том компаниуд улс орныхоо хөгжлийг өөд нь татаж байна. Манайх энэ хөгжлийг гүйцэхэд өдий. Гэхдээ л тэдний өөдөөс амдаж хөгжих хэрэгтэйг салбарынхан нь онцолж байна. 
Түүнчлэн инновацийг хөгжүүлэхэд шинжлэх ухааны парк байгуулах хэрэгтэйг онцолж байв. Шинжлэх ухааны парк байгуулснаар бизнесийн байгууллагуудын өрсөлдөх чадварыг сайжруулж чадах мэргэжилтэй боловсон хүчнээр удирдуулах ач холбогдолтой гэнэ.
Энэ зорилгодоо хүрэхийн тулд шинжлэх ухааны парк нь инновацид суурилсан компаниудыг нэгтгэн хөгжүүлж, үйл ажиллагааг нь дэмжих зорилготой юм байна. Тиймээс Инновацийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулахаар болсоныг УИХ-ын гишүүн Н.Учрал дуулгав. Ингэхдээ инновацийн санг сэргээх, инновацийн төсөл хэрэгжүүлэх, гарааны компаниудыг дэмжих, инновацийн бүтээгдэхүүнийг урамшуулах зэрэг зүйлүүдийг хуульд шингээж өгөх юм байна. Ямартай ч Монгол Улс инновацийг хөгжүүлэх цаг нь болсон. Хөрөнгө мөнгөөр дэмжихээс ч өөр аргагүй. Дэлхийн хөгжлөөс хол үлдсэн Монгол Улс аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд чирэгдэж бус, амдаж хөгжих стратеги баримтлахаас өөр гарцгүй. 
 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ