Дампуурлаа зарласан байгууллагуудын 80 хувь нь сайн дураараа шүүхэд ханджээ

Админ
16 цаг 15 минутын өмнө

Байгууллагууд өр, төлбөрөө барагдуулж чадахгүй, эдийн засгийн хүнд нөхцөлд орж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрвэл албан ёсоор дампуурлаа зарлаж, татан буугддаг. Ингэхийн тулд шүүхээс төлбөрийн чадваргүй эсэхийг тогтоон татан буулгах, эсвэл дахин хөрөнгөжүүлэх замаар үйл ажиллагааг нь сэргээх боломж олгодог байна.
Манай улс 1991 онд дампуурлын тухай хууль баталж, төлбөрийн чадамжгүй болсон аж ахуйн нэгжийг татан буулгах, үлдсэн хөрөнгийг нь зарж борлуулан, харилцагч нарын өр, төлбөрийг нь барагдуулах замаар эрх зүйн зохицуулалт хийж эхэлсэн. Гэвч  дөнгөж өмч хувьчлал эхэлж байсан үед батлагдсан учраас өдгөө нийгмийн хөгжлөөс хоцорч, зохицуулалтын хүрээ нь сул болжээ. Хуулийн хэрэгжилт сул байгаагаас зах зээл дээр их хэмжээний өр, төлбөртэй, санхүүгийн алдагдалд орсон аж ахуйн нэгж нэмэгдэн, дампуурлын хуулийг хэрэгжүүлэхээс зайлсхийж, өрийн сүлжээ бий болгосоор байгаа аж. Үүнтэй холбоотойгоор олон улсын байгууллагууд тус хуулийг шүүмжилж, шинэчлэн батлахыг зөвлөж байна. 
Дэлхийн банкнаас 2015 онд хийсэн судалгаагаар манай улс аж ахуйн нэгжийн төлбөрийн чадваргүй байдлыг зохицуулах чадвараар дэлхийн 190 орноос 91 дүгээр байранд оржээ. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар энэ оны өнгөрсөн дөрөвдүгээр сард Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан байна. Энэ хүрээнд тус ажлын хэсэг Дэлхийн банкны Олон улсын санхүүгийн корпарацитай хамтран хууль эрх зүйн орчныг сайжруулах, дампуурлын хэргийг шийдвэрлэх олон улсын туршлага судлах зорилгоор өчигдөр энэ асуудлаар зөвлөгөөн зохион байгуулсан юм. 
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа “Шүүхэд дампуурлаа зарлах хүсэлт гаргасан байгууллагууд үйл ажиллагаагаа дахин сэргээх ямар ч сонирхолгүй байна. Аль болох хурдан өрнөөсөө чөлөөлөгдөөд, татан буугдах  л хүсэлтэй байдаг.  Дампуурлаа зарлах хүсэлт гаргасан байгууллагыг шүүхээс төлбөрийн чадвартай болохыг тогтоогоод, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон ч эргээд гомдол гаргаад байна” гэв.
Тухайн байгууллага сайн дураараа эсвэл зээлдэгч, харилцагчид шүүхэд хандвал таван хоногийн дотор дампуурлын хэрэг үүсгэж, 30 хоногийн дотор төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох арга хэмжээ авдаг байна. Хэрэв төлбөрийн чадвартай болох нь тогтоогдвол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгодог аж. Харин төлбөрийн чадваргүй болохыг нь тогтоовол дампуурсанд тооцож долоо хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нийтэд мэдээлдэг байна. Үүний дараа өр,  төлбөр авах ёстой нэхэмжлэгчдийн хохирлыг ямар хэлбэрээр барагдуулах талаар шүүх хурлыг товлодог аж. 
Монгол Улс 1991 онд Дампуурлын тухай хуулийг батлахдаа АНУ-ын хууль, эрх зүйн туршлага судалж, боловсруулсан. Харин тус хуультай холбоотой иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ХБНГУ-ын хуулиас санаа авч, баталсан байна.  Тиймээс хоёр өөр системтэй улсаас жишээ авч боловсруулсан хуулиудын уялдаа холбоо муу байгаагаас, дампууралд хүрсэн аж ахуйн нэгжтэй холбоотой асуудал нэмэгдсээр байгаа аж. 
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Энхтунгалаг “Дампуурлын тухай хуульд заасны дагуу тухайн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний өр, төлбөрийг төлөх боломжгүйд хүрвэл дампуурлаа зарлах ёстой байдаг. Гэвч бодит байдал дээр компаниуд өр, төлбөрийн хэмжээ өөрийн хөрөнгөөс хэд дахин нэмэгдсэний дараа шүүхэд хандах тохиолдол их байна. Тухайлбал, Олон улсын санхүүгийн корпарацийн хийсэн судалгаагаар “Бауконстракшн” компани өөрийн хөрөнгөөс 1760, “Толгойтын хөтөл” компани 843 дахин их өр, төлбөртэй болсны дараа шүүхэд хандсан байгаа юм. Ингэснээр зээлдүүлэгчийн эрх ашиг маш их хохирч, нөхөн төлбөрөө бүрэн авч чадахгүйд хүрдэг. Мөн ажилгүйдэл, өр зээлийн хэмжээ нэмэгдэж эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Шүүхээс төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгжийг татан буулгах нь гол зорилго биш. Харин тухайн компаниас өр, төлбөрөө авах ёстой нэхэмжлэгчдийн хохирлыг барагдуулах нь хамгийн чухал байна. Гэвч өнөөгийн нөхцөлд татан буулгах нь давамгайлаад нэхэмжлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хохирлыг нөхөх боломж сул байна. Тухайлбал, 2006-2016 онд Олон улсын санхүүгийн корпарацийн судалгаанд хамрагдсан 39 дампуурлын хэргийн 95 нэхэмжлэгч 20.7 тэрбум төгрөг нэхэмжилсэн. Гэвч нэхэмжилсэн хөрөнгийнхөө 10 хувийг л эргүүлэн авч чадсан байгаа юм” гэв. 
Сүүлийн жилүүдэд Татварын албанд санхүүгийн алдагдалтай ажилласан аж ахуйн нэгжийн тайлан нэмэгдэх болжээ. Тухайлбал, Сангийн яаманд энэ жил 148 мянган байгууллагын тайлан ирэх ёстойгоос  84 мянга нь ирсэн байна. Цаана нь 64 мянган аж ахуйн нэгжийн эдийн засгийн нөхцөл байдал хэр байгаа нь тодорхойгүй, татвараас зайлсхийсээр байгаа юм. Төлбөрийн чадваргүй атлаа хэлбэр төдийгөөр оршин тогтнож харилцагчдыг төөрөгдүүлж  буй  байгууллагыг татан буулгаснаар эдийн засгийг цэвэршүүлэх ач холбогдолтой гэнэ. Тэгэхгүй бол өрийн сүлжээ бий болж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа улам далд болох эрсдэлтэй аж. 
Түүнээс гадна дампуурлын хэрэг цөөн байгаагаас энэ чиглэлээр мэргэших шүүхийн практик сул байгааг зөвлөгөөний үеэр онцолж байв. Тухайлбал, манай улсын 49 шүүгч дампуурлын хэрэгт оролцсоноос зургаан шүүгч нь хоёроос дээш удаа тус хэргийг хянан шийдсэн байна. 
Олон улсын санхүүгийн корпорацийн Төлбөрийн чадваргүйд тооцох эрх зүйн орчинг сайжруулах төслийн зөвлөх Фарид Анвари “Монгол Улс Дампуурлын тухай хууль эрх зүйн орчноо сайжруулснаар зээлийн хүү, зардал буурч, өр барагдуулалт нэмэгдэх боломжтой. Мөн ажил эрхлэлт сайжирч, үнэт нөөц, үр хөрөнгө үр ашиггүй компаниудад түгжигдэхээс сэргийлэх ач тустай. Дэлхийн олон орны шүүх байгууллага дампуурах дөхсөн компаниудыг татан буулгахаас илүү үйл ажиллагааг нь сэргээж, өр, төлбөрийг нь барагдуулах төлөвлөгөөнд хамруулах нь хамгийн үр дүнтэй арга гэж үздэг. Мөн сүүлийн үед зарим орон шүүхийн бус замаар дампуурлын хэргийг шийдвэрлэдэг болсон”  хэмээв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ