Тариалалт 94.6 хувьтай байна

Админ
16 цаг 5 минутын өмнө

Одоогоор 432.4 мянган га талбайд тариалалт хийж, газар тариалангийн ажлын явц 94.6 хувь байна. Тухайлбал,  үр тарианы тариалалт 91.9, улаанбуудайн тариалалт 92.9 хувьтай байгаа аж. Түүнчлэн төмс 76.8, хүнсний ногоо 53.9, тосны ургамлын тариалалт 96.3 хувьтай байна. 
Энэ хүрээнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад шатахуун 50, үрийн буудай 40, ургамал хамгааллын бодис 30, бордоог 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгээр гэрээ байгуулан олгожээ. 
Нийтдээ 1281 аж ахуйн нэгж, иргэнд 14 тэрбум төгрөг олгосон байна. Тодруулбал, 270 аж ахуйн нэгж, иргэнд нэг тэрбум 775 сая төгрөгийн 140627 литр ургамал хамгааллын бодис, 198 аж ахуйн нэгж, иргэнд дөрвөн тэрбум 754 сая төгрөгийн 5745 тонн үрийн буудай, 150 аж ахуйн нэгж, иргэнд гурван тэрбум 652 сая төгрөгийн 2985 тонн бордоо, 572 аж ахуйн нэгж, иргэнд дөрвөн тэрбум 488 сая төгрөгийн үнэ бүхий 2554 тонн шатахуун олгосон байна.
 Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү “Үр тарианы тариалалтын ажлын явц шувтарч байна. Одоогийн байдлаар малын тэжээлийн ургамлын тариалалт болон хүнсний ногооны талбайг ил талбайд шилжүүлэн суулгах ажил ид өрнөж байгаа. Газар тариалангийн ажил цаг агаарын нөхцөл байдлаас шууд хамааралтай.  
Энэ жил зарим бүс нутагт шөнөдөө харьцангуй сэрүүн, өдөртөө халах төлөвтэй. Үүнтэй холбоотойгоор өдөр шөнийн температурын хэлбэлзэл хэт өндөрсвөл хүнсний ногоог ил талбайд хөрслөгийг шилжүүлэн суулгах ажил эрсдэлд орно. Тиймээс цаг агаарын төлөв байдалтай уялдуулан, ажлын явцыг эрчимжүүлсэн. Энэ сарын 15 гэхэд хүнсний ногооны тариалалтыг дуусгахаар төлөвлөсөн” гэв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ