Эгэл атлаа үзэсгэлэнтэй “Бидний цөөхөн монголчууд”

Админ
2017/06/07


Үзэсгэлэнд найман настай балчираас 80 настай буурлын хөрөг, Хөвсгөлийн үзэсгэлэнт нутгийн төрх, ард түмний аж ахуйг шингээсэн зурагнууд, нутгийн сайн дурын уран сайханчдын нутаг бүрийн онцлогийг шингээсэн баримтат кино, бичлэгүүд байгаа нь хотын бүчсэн амьдралд, завгүй аж төрөх бидэнтэй зэрэгцэн, хаа алс нутагт эгэл жирийн атлаа энгүй ихэмсэг, аялгуу сайхан амьдарч байгаа нэгэн хэсэг “оршихуй” байгаа шүү гэдгийг сануулах мэт.

Улаан-Уул сумын найзынхаа амийг аварсан сурагч буюу баатар эрийн бахархал төрүүлэм хөрөг, Монгол Улсын далайн тээврийн түүхийг тэр чигээр нь өгүүлэх сэтгэл огшим хөрөг, 30 жилийн турш цаатангуудын их эмч хийсэн “Тайгын доктор”-ын сэтгэл уярам хөрөг, нурах дөхөж, цонх нь шиллэх боломжгүй болсон дотуур байрандаа тэмүүлэл дүүрэн амьдарч буй сурагчдын итгэл дагуулсан хөрөг, 1942 онд баригдсан, магадгүй Монголд өнөөдөр ганц буй эртний модон сургуулийн найдлага тээсэн төрх, хүнд өвлийг давж чадаагүй “зүрх үхмээр” аж байдлыг уг үзэсгэлэнгээс харж болно. Зураг бүхэн түүх өгүүлэхтэй зэрэгцэн, зураг бүхэн өөр өөрийн түүх, баяр жаргал, бахдал, зовнил, харуусал, бэрхшээлийг харуулна. Мөн нэг зурагт, нэг сандалтай хоёр гурван жижиг өрөө байгаа нь үзэж буй бичлэг, дууг тухайн орчинд, тэр хүнтэй уулзаж байгаа мэт тусгаарлагдсан тайван сэтгэгдэл төрүүлж байлаа. 


Төслийн санаачлагч зам тээврийн сайд асан, “Мөнхчулуун” сангийн тэргүүн М.Зоригт “Монголчууд бид цөөхүүлээ учраас нэг хүний амь, нэг өрхийн амь амьдрал дэндүү үнэ цэнэтэй. Тиймээс ядарсан нэгнээ түшээд авдаг, тулаад авдаг, дэмжээд өгдөг, хайрлаж энэрдэг байх ийм зүйлүүд нэн чухал юм аа. Манай төсөл бол зөвхөн зураг аваад зогсохгүй, энэ үзэл санааг тээж,  олон түмнээ уриалсан тийм төсөл. Иймээс бид төслөө “Бидний цөөхөн монголчууд” гэж нэрлэсэн” хэмээн ярилаа. 
Уудам нутгийг амь оруулж буй эгэл атлаа үзэсгэлэнт хүмүүсийн хөргийг энэ сарын 11 хүртэл үзэх боломжтой.  


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ