Дахин давтагдашгүй далай мэт авьяастай Э.Оюуны туурвил зүйн онцлог

Админ
2018/04/30

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор(Ph.D), профессор

Ж.Долгорсүрэн: Э.Оюуны төрөлх онгод авьяас болон тухайн үеийн нийгмийн захиалгаар туурвисан бүтээлүүдээс түүний дотоод ертөнц харагддаг

-Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулж эрдэм шинжилгээний хурал хийсэн. Энэхүү хурлын талаар ярилцлагаа эхлэе?
-Э.Оюун гуайг театрын нэрт зүтгэлтэн гэдэг талаас Монголын олон нийт сайн мэдэх боловч түүний бичсэн болон найруулан тавьсан жүжгүүд, орчуулгын бүтээлүүдийг судалж шинжлэх ухааны эргэлтэд оруулж үнэлж цэгнэсэн нь хангалтгүй байна. Эрдэнэбатхааны Оюун гуайн талаарх судалгааг бид монголын анхны театр судлаач эрдэмтэн, зохиолч, орчуулагч, найруулагч, төр, нийгмийн зүтгэлтэн болох олон талт үйл ажиллагааных нь хүрээнд чиглэл бүрээр нь дагнасан судалгаа хийж, цаашид эдгээрийг тогтвортой хөгжүүлээд явах бодлого баримталж байна.
Э.Оюун төр нийгмийн зүтгэлтэн байсан гэдэгт хүмүүс эргэлздэг. Тэрбээр үнэхээр төрийн зүтгэлтэн явсан уу гэдэг чиглэлээр хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэдэв гуай судалсан. Монголын зохиолчдын эвлэлийн хорооны даргаар олон жил ажилласан тэр зохиолч, яруу найрагч, нийгмийн зүтгэлтний хувьд, Э.Оюун гуайтай ойр ажиллаж байсан хүний хувьд их сайн судалгаатай илтгэл тавьсан. Э.Оюун Монголын урлагийн ажилтны холбоог анх санаачлан байгуулсан. МАХН-ын Төв хороонд томилогдон ажиллаж байх хугацаандаа соёл урлагийн салбарыг хөгжүүлэх чухал шийдвэрүүдийг гаргуулж, соёлын бодлогод түшиг болсон төрийн зүтгэлтэн байсан гэж дүгнэсэн. Ер нь түүхэн хүний намтарт хэдэн жил хаана ажилласныг бичих хангалттай биш. Харин он тооллын цаана чухам ямар үйл хэрэг өрнүүлсэн, юу бүтээсэн гэдгийг нарийн судалж чанарын үнэлгээ хийх түүхийн судалгааны арга зүйн асуудлыг дэвшүүлснээр энэ илтгэл шинэлэг болсон. Д.Цэдэв доктор Э.Оюуны ажиллаж, амьдарч байсан нийгэм, түүхийн цаг үеийн нөхцөл ямар байсан, олон талт уран бүтээл туурвихад юу нөлөөлсөн болохыг гүнзгий судалж, тодорхой баримтуудаар жишээлэн харуулснаар Э.Оюун судлалд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
-Э.Оюун гуайн аавынх нь амьдрал, аж байдал түүнийг сэхээтэн болоход нөлөөлсөн гэж үздэг. Энэ тухай эрдэмтэд юу гэж үздэг вэ?
-Эрдэнбатхааны Оюун, Эрдэнэбатын Оюун гэж хоёр янзаар бичдэг. Түүний аав нь Эрхүүд сургууль төгссөн Никита Федорович Бутуханов гэж буриад хүн байсан. Ардын хувьсгалын жилүүдэд тэрээр манай хувьсгалчидтай нийлж хувьсгалт үйл хэрэгт оролцсон. Э.Оюуны төрсөн дүү Э.Агваандоржийн ярьснаар бол түүний Никита нэрийг Эрдэнэбат болгож солих саналыг Д.Сүхбаатар жанжин тавьснаар өөрийн овгийн нэрнээс “хан”-ыг нь авч Эрдэнэбатхаан гэдэг нэртэй болсон гэдэг. Ардын хувьсгалын дараа Монголын Гэгээрлийн яамны сайд байсан. Д.Сүхбаатар тэргүүтэй монголын төлөөлөгчид Орост айлчилж В.И.Ленинд бараалхах үеэр тэдний орчуулагчаар ажилласан байдаг. Энэ тухай ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.Чулуун, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Батдорж нар судалж, сонирхолтой илтгэл тавьсан. Орчин цагийн боловсролтой гэр бүлд төрж өссөн нь Оюуны ирээдүйд шууд нөлөөлсөн гэж үзэж болно.
-Унаган орос хэлтэй хүн байсан гэдэг. Энэ нь түүний орчуулгын хэв, маяг ур хийцэд асар их нөлөөлсөн байх. Түүнийг олон жүжиг зохиол орчуулж байсан тухай ярьдаг. Түүний орчуулгын онцлог нь юу байсан бэ?
-Оюун гуай дэлхийн сонгодог 53 жүжгийг орос хэлнээс монгол хэлэнд орчуулсан. Мөн монголын үндэсний жүжгүүд, тухайлбал, Ш.Аюушийн “Яг арван найм”, Д.Намдагийн “Шинэ зам”, “Сүрэг чоно”, “Шарай голын гурван хаан”, Ч.Ойдовын “Миний баясгалан” зэрэг 20 гаруй үндэсний жүжгийг монгол хэлнээс орос руу орчуулсан байдаг. Дэлхийн сонгодог 50 гаруй жүжиг орчуулснаас 10 орчим жүжгийг өөрөө бие дааж болон бусадтай хамтран монголын театрын тайзнаа найруулан тавьсан гавьяатай хүн. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд түүний орос хэлнээс монгол хэлэнд орчуулсан жүжгийн орчуулгын талаар хэл шинжлэлийн доктор, профессор Ц.Магсар судалж цоо шинэ зүйлсийг судалгааны эргэлтэд оруулж ирсэн. Унаган орос хэлтэй хүн байсан учир оросын соёл, урлаг, гоо сайхны сэтгэлгээг монгол хэлэнд хөрвүүлэн буулгахад, түүний суурь сэтгэлгээ, хүмүүжил, гэр бүлийн болон хэлний боловсрол ихээхэн нөлөөлсөн байна. Э.Оюун бичвэрийн орчуулга хийхээс илүү тухайн жүжгийг шууд тайзнаа найруулан тавих зорилгоор утгыг гол болгож орчуулга хийдэг хүн байсан гэдгийг нотлон харуулсан. Орос текстийг монгол хэлний зүйр үг, хэлц үгээр утгыг уран яруу орлуулан буулгаж чадсанаараа сайн орчуулагч байсан гэдгийг олон жишээгээр нотолсон. Оюун найруулагч байсан учраас тухайн бүтээлийг орчуулахдаа тайзан дээр хэрхэн тавьж, үгийг яаж хэлж үзэгчдэд хүргэх тал дээр  ихээхэн анхаардаг байсан байна. Э.Оюуны орчуулсан жүжгүүдийг хэл шинжлэл, орчуулгын онолын үүднээс анх удаа судалсан нь шинэлэг болсон. Э.Оюун монголын үзэгчдийг Шекспир, Лопе де Вега, Генрик Ибсен, Бертольд Брехт, Шиллер, Войнич, Гоголь, Шолохов зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдтэй танилцуулсан гавьяатай орчуулагч юм. Э.Оюун гуайн монголын 20 гаруй жүжгийг орос хэлэнд орчуулсан орчуулга одоогоор судлагдаагүй байна.
-Орчуулгын жүжгээс гадна өөрөө жүжгийн зохиол бичиж байсан. Зохиолоороо дамжуулан үзэгчдэд юу ойлгуулахыг зорьдог байсан тухай ярилцвал?
-Оюун гуай “Шинэ хүн”, “Дэнсмаа”, “Гарваа” гээд 10 гаруй жүжиг бичсэн байдаг. Мөн Ш.Нацагдорж, Д.Намдаг нартай хамт “Арвижихын гэр бүл”, С.Нинжбадгартай хамт “Би эндээс явахгүй” зэрэг 10-аад жүжгийг бичсэн. Бичсэн жүжгүүдээс нь Э.Оюуны дотоод ертөнц ажиглагддаг гэж судлаачид үздэг. Манай энэ ЭШХ-д МУИС-ийн утга зохиол, урлаг судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Г.Нандинбилэг “Сээтэн Дулмаа” өгүүллэгийн хам бичвэрийн судалгаа хийж хэлэлцүүлсэн нь бас их сонин шинэлэг байсан. “Сээтэн Дулмаа” зохиол бичигдэж байх үед нийгэм улс төрийн байдал ямар байсан, монголчуудын эмэгтэй хүнийг үзэх үзэл, хандлага, эмэгтэйчүүдийн эрх чөлөө, орон зайг зохиолч маань эмэгтэй хүнийхээ зүгээс харж, хамгаалж байсан. Яагаад эмэгтэй хүн бусдад найрсаг хандаж, сайхан харагдсанаар сээтэн гэдэг нэр зүүх болсон, социалист нийгмийн эмэгтэй хүний дүрийг энэ жүжгээр харуулсан. Тус зохиол нь 1975 онд бичигдэж байсан төдийгүй эмэгтэй дүрийг бүтээхдээ эрэгтэй зохиолчид эмэгтэй дүрийг үзүүлдгээс ялгаатай өнцгөөр үзүүлж, шинэ нийгмийг бүтээн байгуулалцсан эмэгтэйчүүдийн дуу хоолойг илэрхийлж чадсан байна.
-Э.Оюун судлалыг хөгжүүлэхэд судалгааны эх сурвалж, түүний намтар судлал хэр арвин, олдоцтой байдаг вэ?
-Э.Оюуны намтар судлалыг ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ууганбаяр  судалж илтгэл хэлэлцүүлсэн. Түүнийг 1917 онд төрсөн, эсвэл 1918 онд төрсөн гэдэг маргаан байдаг. Тэр үед төрсөн хүмүүс яг хэзээ төрснөө мэдэх, зарим тохиолдолд эцэг эх нь мэдэхгүй үе  ч байдаг. Өнгөрсөн жил түүний 100 жилийг тэмдэглэнэ гэсэн боловч маргаантай байсан. УДЭТ-ын архиваас Э.Оюуны өөрийнх нь гарын үсэгтэй төрсөн оноо баталсан баримт олдсон. Түүнд үндэслэн энэ жил 100 жилийн ойг тэмдэглэж байгаа. Энэ асуудлыг нотлох баримтуудаар Э.Оюуны гэрэл зургийн үзэсгэлэн Монголын театрын музейн нөхдүүд маань гаргасан нь хүмүүсийн сонирхлыг татсан.
-Эрдэмтэн, судлаач хүний хувьд Э.Оюуны таван талт бүтээл туурвилд юу нөлөөлсөн гэж үздэг вэ?
-Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт Э.Оюун шиг олон мэргэжлийн чиглэлээр жигд ажиллаж бүтээл туурвиж эх орныхоо төдийгүй хүн төрөлхтний оюуны хөгжилд хувь нэмэр оруулсан хүн тийм ч олон биш. Нэгэн биед ийм олон талт эрдэм цогцолсон нь нэгдүгээрт, Э.Оюуны төрөлхийн авьяас, хурц ухаан, хөдөлмөрч зан чанар нөлөөлсөн байна. Хоёрдугаарт, өндөр боловсролтой гэр бүлийн орчинд төрж өссөн нь нөлөөлсөн. Гуравдугаарт, тухайн үеийн нийгэм, улс төрийн байдал нөлөөлсөн. Харицлагатай өндөр албан тушаал хашиж, тухайн үеийн сэхээтнүүдийн дунд намын даалгавар, эх орны зохиалга, сэтгэлийн дуудлагаар зохиол бичих, орчуулга хийхээс өөр аргагүй байдалд орж байсныг үгүйсгэхгүй. Социалист эмэгтэй хүний дүр, социалист гэр бүлийн дүр төрхийг гаргах амаргүй хэрэгцээ шаардлага гарч байсан байх. Эх оронч эмэгтэй хүний хувьд Монголын соёл, уламжлалыг дэлхийд таниулахад хэлтэй боловсролтой байсан нь нөлөөлж НҮБ-ын ЮНЕСКО-гийн хурал чуулганд оролцож байсан удаатай. Э.Оюуны цэвэр онгод авьяасаар туурвисан бүтээлүүдэд түүний дотоод ертөнц агуулагдаж байсан гэж үздэг. Харин нийгмийн захиалгаар бүтсэн бүтээлүүд нь өөр л дөө. 

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Батхуягтай ярилцлаа.


П.Батхуяг: XX зуунд феминист үзлээр зохиол бүтээлээ туурвиж байсан зохиолч бол Э.Оюун

-Э.Оюун гуай хүүрнэл зохиол ховор бичиж байсан. Шалтгаан нь юу байсан бэ?
-XX зууны Монголын утга зохиол тун сонир­холтой түүхэн цаг үеийг туулж гарч ирсэн. Нийгмийн олон шалтгаан утга зохиолын эхэн, дунд үед нөлөөлсөн. Тодорхой хэдэн зохиолчийн үзэл санаанд нийгмийн чиг хандлага илэрхий нөлөөлсөн байдаг. Тэдгээрийн нэг нь Э.Оюун зохиолч юм. Уран бүтээлийн өв санд голлох төрөл зүйл нь жүжгийн зохиол. Монголын жүжгийн зохиолын түүхэнд онцлон дурдсан хэд хэдэн жүжиг байдаг. үзэгчдэд хамгийн их хүрсэн нь “Би эндээс явахгүй”, “Гарваа”, “Хот айл” зэрэг жүжиг. Харин хүүрнэл зохиолыг нь төдийлөн судалж байгаагүй. Түүний шалтгаан нь гол бичиж байсан төрөл зүйл нь жүжгийн зохиол байсан учраас хүүрнэл зохиолуудыг нь онцолж авч үздэггүй байсан тал бий. Хүүрнэл зохиол тун цөөхөн бичиж байсан. “Ховор амьдрал” нэг тууж, “Нисгэгч” гэдэг найруулал, богино өгүүллийн 23 бүтээл бичиж байжээ.
-Хүүрнэл зохиолын онцлог шинж нь юунд агуулагдсан бэ?
-Хүүрнэл зохиолын бичлэгийн онцлог нь жүжгийн зохиолын хэв шинжтэй. “Сээтэн Дулмаа”, “Шуудан хүргэгч Цэрмаа”, “Цэвэлмаа юу гэж бодож байгаа бол”, “Хоёр найз” гэх мэт хүүрнэл зохиолын богино хэлбэр буюу богино өгүүллэгүүд нь жижиг зохиолын товч хураангуй шинжтэй. Үйл явдал нь хураангуй. Нэг дүр  дээр төвлөрөөд үйл явдлын хүрээ цааш задардаг. Жүжгийн зохиолын сонгодог зарчим ажиглагдаж байна. Зохиолын дүрүүд нь үйл явдлын тойрог дунд оролцож байгаа байдал нь бүлэг үзэгдлээр төлөвлөж бичсэн хандлагатай. Э.Оюун нь хүүрнэл зохиол бичихдээ өөрийн голлож байсан жүжгийн зохиолууд дээрээ үндэслэн жүжгийн зохиолын системээр буюу жүжгийн зохиолын өнгө аястай бичдэг байжээ. Хожим өгүүллэгээрээ том хэмжээний  жүжиг тавих зорилготой байсан байх магадлалтай. Э.Оюуны хүүрнэл зохиолууд нь жүжгийн зохиолтой адил төстэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
-Та ямар хүүрнэл зохиолд нь дүн шинжилгээ хийсэн бэ?
-“Хаврын нэгэн өдөр” хэмээх хүүрнэл зохиолыг нь голлож судалсан. Учир нь энэ зохиол  жүжгийн зохиолын системээр бүрдсэн боловч зарчим, бичвэрийнхээ хувьд хүүрнэл зохиол байдлаар бичсэн. Зохиол бүрийн дүрүүдийн сэтгэл зүй, үйл явдлын дундах хоорондын зөрчил нь жүжгийн зохиолын суурьд зангилагдаж байгаа нь анзаарагдсан.
-Түүний зарим зохиолд өөрийнх нь амьдрал үзэл санаа гардаг гэж зарим судлаач үздэг. Тэгэхээр түүний гол үзэл санаа юу байсан бэ?
-Хүүрнэл зохиолд нь хоёр онцлог байна. XX зуунд феминист үзлээр зохиол бүтээлээ туурвиж байсан зохиолч бол Э.Оюун мөн. Түүний бүх хүүрнэл зохиолын гол дүр нь эмэгтэй хүн. Тэр цаг үеийн эмэгтэйчүүдийн амьдрал, дарамт, шахалтыг туулан гарах эр зориг, тэмцэл энэ бүхэн бол хүүрнэл зохиолын түгээмэл онцлог гэж харж болно. Эмэгтэйчүүдийн оюуныг дэмжих, үзэл бодлыг сонсох гэсэн хандлага их байсан учраас богино өгүүллэгүүдээ бичсэн гэж үзэж байгаа.
 


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ