Хоёр дахь өдрийн зочин

Админ
2019/01/14

Тамираа ах бид хоёр дөрөв дэх өдөр уулзахаар төлөвлөсөн боловч үзэсгэлэнгийн ажил, шинэ жил зэрэг ажлууд давхардаж уулзалтаа хойшлуулав. Түүнтэй утсаар ярихад “За чи яг герман хүн шиг өдөр цагаа хэл” хэмээснээр арванхоёрдугаар сарын 18-ны 10.00 цагт “Өргөө” кино театрт уулзахаар тохиролцов. Маргааш нь би товлосон газраа 10.00 цагт ирж, түүнийг хүлээх зуур автобусны буудал хавиарх  төрх байдлыг ажигласан шигээ зогслоо. Ингээд түүнтэй уулзаж, ганц хоёр асуулт асуусан ч хоорондоо нэг сайн ойлголцож чадахгүй байв. Түүнтэй яаж харьцах ёстойгоо ч мэдэхгүй байлаа.

-Таны өнөөдөр хийх ёстой ажил юу байна. Одоо хаашаа явах билээ гэхэд?
-Эхлээд хоёулаа манай эмч дээрээ очиж, хяналтын үзлэгээ хийлгээд өдрийн хоолоо тэнд иднэ гэв.

Бид кино театраас гарч, зам гаран автобусны буудал дээр дэлгүүрээс тамхи худалдан авч тамхилав. Тамираа ах байнга авдаг  “Улаан шонхор” тамхиараа бусдыг дайлах дуртай хэмээн ярих нь одоо үед ховор сэтгэл гэмээр. Ингээд бид автобус хүлээх зуур ярилцаж, Тамираа ах “Энэ гудамжинд байдаг хүмүүс архичид шиг харагддаг ч гэсэн энэ хүмүүс дотор ухаантай, өөрийн үзэл бодолтой, ямарваа нэгэн зүйлийг өөр талаас нь хардаг хүмүүс их олон. Учир нь нийгэм солигдох үед ажилгүй хүмүүс их болж сэхээтэн мундаг боловсролтой хүмүүс гудамжинд гарч архичин болсон” хэмээн ярив. Харин би нэг бус удаа “Гудамжинд амьдардаг архичид хэзээ ч ганцаараа архи уудаггүй, миний тэр найз тэнд идэх хоолгүй, уух архигүй байгаа хэмээн найзуудыгаа хайдаг” гэж сонсож билээ. Тэд хэзээ ч амиа хичээж хувиа боддоггүй хүмүүс.

Тамираа ах их цэвэрхэн хувцасласан тул ганган санагдлаа. Тэр ч бүү хэл нусны алчууртай байв. Автобусанд орж ирсэн эгч, дүү хоёрт найрсагаар “Миний дүү ахынхаа урд зогс” хэмээн урдаа зогсоож замын турш явсан юм.

Тэрбээр F25.2 буюу “сэтгэл хөдлөлийн эмгэг” гэдэг оноштой. 1990-ээд оноош хойш Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хараа хяналтанд орсон аж.

Ах хүүд өөрийн гэсэн орон байр байх­гүй бөгөөд эгч дүү, хамаатан садан­гуудаараа хоног төө­рүүл­дэг гэлээ. Харин гэр бүлийн тухайд “Нэг охинтой” хэмээн хоолой нь зангируулан хэлэв. Мөн “Ах нь залуу байхдаа омог бардам байсан. Гэрээ­сээ эхнэр, охиноо хөөгөөд явуул­чихсан” гэсэн юм.

Нэгэнтээ өөрийнх нь тухай яриад эхэлсэн болохоор ах 100 грамм архи авч уугаад бид хоёр яриагаа үргэлжлүүлэв. Тэгснээ тэр “Хоёулаа “Ганжуур данжуур” сургааль номыг монгол хэлнээ орчуулж байгаа багш лам дээр очьё” хэмээн намайг дагуулаад явлаа. Харамсалтай нь тэр газар нь саяхан нүүсэн болохыг үүдний жижүүр хэлэв. Бид хоёр тэр хавьдаа ойрхон газар орж, яриагаа үргэлжлүүлэв.

Ярьж хэлсэнээр нь бол хүн гэх агуу уран бүтээл, өнгөрсөн үе, одоо үе, ирээдүй үе хэмээн ангилагдах боловч түүний өөрийнх нь ярьснаар “Ах нь өнгөрсөн үедээ их нүгэл хийсэн болохоор одоо үедээ үйлийн үрээ эдэлж байгаа” гэдэг филисофоор өөрийгөө тайлбарлаж байсан нь түүнд ямар нэгэн итгэл үнэмшил, найдвар байгаа гэдэг нь нүднийх нь харцнаас харагдана.
Тэрбээр эмнэлгийн ханан дээр байсан “Багны цаана баг” шүлгийг дэвтэртээ бичиж буй агшин. Энэхүү шүлэгт,
Ижил олон сүрэгт
Ижилдэн хамтдаа байх хувьгүй
Инээх олон дүр найз мэт боловч
Ихэрхэн шоолж тохуурхах нь юутай гаслан...
Хоосон дүр эсгэх
Хохмой царай бүгд ижил
Хуурамч багны чинь ард
Хуудуугүй үнэн төрх чинь надтай адил шүү дээ
Хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлон дунд
Хэн хэнээс илүү ганцаардав ч
Танил олон нөхдөө би тасдаж хаяхгүй
Та нар шиг танихгүй мэт дүр эсгэхгүй ээ гэжээ...

Түүний хөрөг зургийг авахаар “Гамма” руу хөдлөв.

Гэрэл зургийн сурвалжлагыг Б.Бат-Оргил


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ