Б.Мөнхболд: Би аавын 51, ээжийн 37 насанд төрсөн хэнз хүү

Админ
2019/12/04

Төрийн наадмыг “Зандан шоо”-гүйгээр төсөөлөхөд бэрх. “Гоёхон чимэг ч юм уу даа” хэдэн арваныг дамжин, ардын дуу шиг аманд хүлхэгдсээр байна. “Хормойгоо чирсэн хочтой, намайг татах хүчтэй” гэх юм уу “Тайван намрын өнгө нь халиун” гэвэл сэтгэлд дотно бас л мэдэхгүй хүнгүй. Зуун дамжин амьдарч, цаг хугацааны шалгуур даван гэрэлтсээр буй олон бүтээлийн эзэн, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Бирваа бол Монголын урлагийн алтан үеийн томоохон төлөөлөл.
Домог мэт амьдарсаар дууссан, домог мэт дурсагдах эрхтэй энэ эрхэм Монголын урлагт өөрийн авьяас билгээ зориулж, бүтээл туурвилаа хөшөө болгон үлдээгээд зогсохгүй Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Бирваагийн Мөнхдорж, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболд, бүх л амьдралаа хөгжимтэй холбосон төгөлдөр хуурч Бирваагийн Мөнхшүр, “Баянмонгол” чуулгын бүрээчин Бирваагийн Мөнхбаяр нарын шилдэг цэргүүд бэлтгэж өгсөн гавьяатай.
Аав, ээжийнхээ үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэг үр хүүхэд бүрийн хүсэл төдийгүй үүрэг. Энэ үүргээ нэр төртэй биелүүлж яваа Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдыг “Үргэлжлэл” буландаа урилаа. 

-Төрийн шагналт Гончигийн Бирваагийн үргэлжлэл болсон хүүтэй уулзаж байгаа учраас тэр эрхэм хүнийг дурсаж ярилцлагаа эхлэх нь зөв болов уу. Аавын тань авьяас билэг хаанаас эхтэй бол?
-Манайх хэдэн үеэрээ ая эгшигээр тасраагүй, удам дамжсан урлагийн гэр бүл. Өвөг эцгийг минь гайхамшигт Гончиг, эмэг эхийг минь уран Дулам гэж нутгийнхан нь авгайлдаг байсан гэнэ билээ. Ламын гэгээний хүрээнд майдар эргэх болж, маани хөгжөөх 16 хүүхдийг нутаг нутгаас шилж цуглуулсны нэг нь өвөө минь байж. Арав гаруй настай найман хөвгүүнд уртын дууны дэг сургууль зааж, тэр үед зохиогдоод байсан, бурхны найман тахилын тухай “Гайхамшигт” хэмээх уртын дууг өвөөгөөр дуулуулсан гэдэг. Өвөө дуугаа сайхан дуулж, нутаг усандаа алдаршсаны нэг илэрхийлэл нь хоч нь. Өвөө хүрээнээс оргож босон, баригдаж, хоригдон, банздуулж шийтгүүлж, багагүй зовлон үзсэн. Тэгж яваад Шаргалжуут хавиар нутагтай уран Дулам хэмээх бүсгүйтэй ханилсан бөгөөд тэдний ганц өргөмөл хүү нь миний аав. Өвөө найр наадамд явахдаа аавыг дагуулж явсаар дуу, хөгжимд дуртай хүн болгож өсгөсөн нь хожмын зам мөрт нь нөлөөлсөн болов уу гэж боддог.
-Г.Бирваа агсныг Ламын гэгээний хийдэд шавилж байсан гэдэг байх аа?
-Аав зургаан настайдаа Ламын гэгээний хийдэд шавилж, 12 хүртлээ бурхны ном үзсэн. Арав гаруй настай банди яаж зүгээр байх вэ, сахилгагүйтэж байгаад лам багшдаа зодуулж, дарь дэлбэлж, багшийгаа айлган хариугаа авах зэргээр чихийг нь халууцуулаад болохоо байсан тул өвөө хийдээс нь авч, хар болгосон гэдэг.
-Хөдөөгийн малчин хүү Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн суурийг тавилцах хэмжээний уран бүтээлч болсон түүх сонирхолтой байх болов уу?
-Аав ямар ч хөгжмийн боловсролгүй, мал маллаж байгаад цэрэгт татагдсан хүн шүү дээ. Жирийн цэргийн ангид байхад нь баахан дарга ирж, хөгжмийн ангид хүн авна гээд цэргүүдийн амыг ангайлгаж, шүдийг нь үзээд байж. Аав их сайхан шүдтэй хүн байсан. Ирсэн дарга нар аавын шүдийг хараад “Энэ аятайхан хүүхэд байна” гээд хөгжмийн салаанд авахад нь аав их дургүй байсан гэдэг. Ингээд хүчээр хөгжмийн санаанд орж, ноот заалган, бүрээ үлээсээр хөгжим хэмээх агуу ертөнцийн хаалгыг олсон.
Аав 1936 онд цэргийн албанд татагдаж, 17 жил цэрэг, армид зүтгэсэн. Энэ хугацаанд зарласан, зарлаагүй гурван дайнд оролцсон. 1939 онд Халх голын дайн зарлаж, цэрэг, дайчдад дайн эхэлснийг мэдэгдэн бүрээ үлээсэн гурван хүний нэг нь миний аав. Цэргийн албанд татагдаад Тамсагбулагийн зургадугаар морьт дивизийн хөгжмийн салаанд хуваарилагдаж, жагсаалын бүрээч, ангийн хөгжмийн дарга болсон нь ирээдүйн зам мөрөө олох эхлэл болсон.
Халх голын дайнд хамт оролцож явсан нөхөртөө зориулж “Эгэл цэрэг” дууг бүтээсэн. Халх голын дайны үед, манай нэг салаа цэрэг япончуудад бүслэгдэж, дарга нь алагдаад, удирдлагагүй болчихсон, тун хүнд байдалд байж. Гэтэл нэг цэрэг босож ирээд “Нөхөд өө, ингэж хориглож, хөдөлж чадахгүй байсаар дайсанд олзлогдсоны оронд бүслэлтийг сэтлэхийг оролдъё” гээд мориндоо мордон давхихад бусад нь зоригжиж, түүнийг даган бүслэлтээс гарсан гэдэг. Тэр цэрэгтэйгээ дайнаас хойш дахиж уулзаагүй, хаана яваа, эсэн мэнд, эсэхийг нь мэдэхгүй ч байнга сураг тавьдаг байсан. Тэгээд сураг гаргаж чадаагүй ч энэ дууг зохиосон юм.
-Зарласан, зарлаагүй гурван дайн гэдгээ тодруулаач?
-Халх голын дайн бол зарласан дайн. Мөн 1944 онд баруун хязгаарт болсон зэвсэгт тулгаралтад оролцсон. Тэр үед аав 2000 морьт цэрэг командалж, зүүн хязгаараас баруун хязгаар хүрсэн. Их хүнд аян болсон, цэргүүд алжааж ядраад, морин дээрээ үүргэлж яваад уначихдаг байсан гэж ярьдаг сан. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон. Чөлөөлөх дайн дууссаны дараа Москвагийн Цэргийн хөгжмийн их сургуульд явсан ч Орост очоод уушги нь өвдөн, сургуулиа төгсөж чадалгүй орхисон. Үүндээ их харамсдаг байж билээ.

-Сургуулиа төгсөж чадаагүй ч хөгжмийн урлагт хангалттай ихийг бүтээж үлдээсэн шүү дээ.
-Унаган авьяастайг нь тэр үед хамт ажиллаж байсан хүмүүс мэдэрсэн хэрэг биз, сургуулиа орхиод ирэхэд нь цэргийн хөгжмийн удирдаачаар авсан байдаг. Тэнд ажиллаж байгаад 1950 онд Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн чуулгыг үндэслэн байгуулалцаж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар анхны удирдаачаар томилогдсон.
-Цэргийн албанд ажиллаж байхдаа ес хоногийн зайтай хоёр удаа Алтангадас одонгоор шагнуулсан хүн Монголын түүхэнд ааваас тань өөр байхгүй байх. Ямар тохиолоор ингэж ойрхон шагнуулсан юм бол?
-Энэ их гоё түүх. Цэргийн байгууллагад 15 жил ажиллахдаа ганц ч алдаа гаргаагүйнх нь төлөө эхнийхийг нь шагнасан. Хоёр дахь нь, арваад орны Төрийн дууллыг ноот харалгүйгээр удирдсаны төлөө олгосон гэдэг юм.
-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа хэмээх эрхэм Монголын хөгжмийн урлагт ямар хувь нэмэр оруулсан гэж та үнэлэх вэ. Хүүгийн хувиар бус, хөгжмийн урлагийн зүтгэлтний зүгээс хэлбэл?
-Би аавыгаа зөвхөн хөгжмийн урлагийн бус, төр, нийгмийн зүтгэлтэн гэж боддог. Монголын хөгжмийн зохиолчдын холбоог үндэслэн байгуулалцаж, гуравхан хүний орон тоотой байсныг нь 17 хүний бүрэлдэхүүнтэй болгож, боловсон хүчин, материаллаг баазаар бэхжүүлж өгсөн. Орон тоо нэмүүлнэ гэдэг цалин мөнгийг нь батлуулахаас эхлээд амаргүй ажил шүү дээ. Тухайн үед яаж арга ухаан, ааш, заль хослуулж байсан тухайгаа найз нөхдөдөө ярьж байхыг нь багадаа зөндөө сонсож байлаа. Харамсалтай нь тэр үед би жаахан байсан болохоор учрыг нь сайн олдоггүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд, тоймтой юм хадгалж үлдээгүй байна. 
Аавыг ажиллаж байхад Монголын хөгжмийн зохиолчдын холбоо их нэр хүндтэй байгууллага байлаа. Тэр үед гадаад харилцааг хөгжүүлж, боловсон хүчнээ бэлтгэхэд их анхаарсан. Б.Шарав, Н.Жанцанноров, Х.Билэгжаргал, З.Хангал нарын мундагууд бүгд аавын үед гадаадад сурсан. Ер нь аж ахуйн ажил сайн хийж, орчин үеийн хөгжмийн урлагийн үндэс суурийг маш сайн тавьж өгсөн. Энэ бол үгээр хэлж, үнэлэх аргагүй үйлс.
Байгууллага авч явах, аж ахуйг нь өөд татах их ажлын хажуугаар уран бүтээлээ яаж амжуулж байсан юм бол гэж гайхдаг. Би тэр үед жаахан байлаа. Аав ажлаасаа ирчихээд шөнө дөл болтол хөгжмөө бичиж суудаг нь санаанд тод үлдэж. Ингэж суухдаа намайг дэргэдээ суулгаад  хөгжмийг маань давтуулдаг байсан болохоор ингэж тод үлдсэн байх.
-Аавыг тань 80 гарсан хойноо ч уран бүтээлээ туурвисаар байсан, амьдралынхаа сүүлийн жилүүдэд цөөнгүй сайн бүтээлээ хийсэн гэдэг?
-80 настайдаа “Би хаана төрөө вэ” дуугаа бичиж, “Морин хуур” наадамд залуустай өрсөлдөн, гуравдугаар байрт орсон. “Дамдин Чойжилын дором” симфони найраглалаа ч 80-тайдаа бичиж, 83-тайдаа Төрийн шагнал хүртсэн шүү дээ. Ламын гэгээний хүрээнд жил бүр шашин, урлагийн томоохон ёслол болдог байж. Түүнийг үзэж байсан дурсамжаа хөгжмөөр зурагласан нь “Дамдин Чойжилын дором”.
Аав залуугаасаа л биеэ чийрэгжүүлэхэд их анхаардаг хүн байлаа. Зуны гурван сар мах идэхгүй, биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийнэ. Өвлийн хүйтэнд нүцгэн гарч, хүйтэн усаар биеэ арчина. 80 гарсан хойноо ч үүрийн 04.00-05.00 цагт босож, дасгалаа хийчихээд, ваннд хүйтэн ус тосоод, хэвтчихдэг байсан. Ухаан санаа нь гайхалтай саруул, сэргэлэн байсаар дууссан нь үүний ач байх. 
-Төрийн наадмыг “Зандан шоо”-гүйгээр төсөөлөшгүй. Энэ дууны бүтсэн түүх их сонирхолтой юм билээ. Та ааваасаа энэ талаар сонирхож, яриулж байв уу?
-Аав биднийг том болсон хойно, өөрөө нэлээд нас явсан үедээ, “Зандан шоо” дууныхаа тухай ярихдаа энэ тухай дурсаж байсан. Архангай, Баянхонгор зэргэлдээ нутаг шүү дээ. Малчид адуу малаа хайгаад хаа л бол хаа хүрдэг юм чинь. Аав Архангайн Цэнгэл сумд явж байгаад найр хийж буй айлд бууж. Найрын ахлагч нутаг усыг нь асуугаад “Ламын гэгээний хүүтэй хуруудаж, айраг уулгана” гэж. Ингээд хуруудаж, аав хоёр, гурав ялагдаад, том хултай айраг хэд дараалж уутал зоогийн сав нь дүүрч, эвгүйтэх тийшээ хандаж. Тийм нөхцөлд нэг бол, айраганд мөргөж, “Айраг та далай юм байна, алд бие минь өчүүхэн юм байна” хэмээн ялагдлаа хүлээн зөвшөөрч, бууж өгөх, эсвэл оргож зугтаах хоёр арга байдаг юм байна.
Гэтэл тэр найрын зочид дунд байсан хөөрхөн алаг нүдтэй бүсгүй аавтай байн байн харц тулгараад байж л дээ. Түүний дэргэд айраганд мөргөж, сөгдөх нь ч хаашаа юм, шахуулсаар байгаад цагаалж, доог тохуу ч болмооргүй санагдаад сууж байтал нөгөө бүсгүй гарч, орж ирээд нүдээрээ хаалга руу дохьсон байгаа юм. Аав ч дохиог нь ойлгоод, найрын ахлагчаас морь харах зөвшөөрөл хүстэл хашир өвгөн “Зочин морь харъя гэж байна. Ханьтай гар” гэж гурван залуугийн нэр цохон гаргаж. Зугтах нь гэж мэдсэн хэрэг. Аав гарахдаа нөгөө бүсгүй мориных нь тушааг тайлж, мордоод давхихад бэлэн болгож орхисныг хараад мориныхоо ойролцоо очиж, бие засаж байгаа дүр эсгэн зогсоход дагаж гарч ирсэн гурав ч хар сэр авалгүй биеэ хөнгөлцгөөж. Тэр хооронд аав мориндоо мордоод зугтаачихсан гэдэг.
Ингэж Архангайн алаг нүдэн бүсгүйтэй үг сольж үзээгүй ч хайр сэтгэлийн холбоотой болж, дараа жил нь Архангай явна гээд гэртээ тогтохоо больж. Тэгэхэд аав нь зургаан тугалтай үнээгээр нэг сайхан морь авч өгсөн нь дуунд мөнхөрсөн Зандан шоо. Зургаан тугалтай үнээний үнэтэй морь гэдэг одоогийнхоор жийп машин юм даг уу. Ингээд явах болоход ээж нь хацар дээр нь үнсээд “Харийн нутагт хүргэн болж үлдэхгүй шүү, миний хүү. Хоёр хоночихоод ир” гээд үдсэн гэдэг.
-Аав нь морь авч өгөөд, ээж нь хоёр хоноод ир гээд явуулж байдаг...
-Монгол ахуй, монгол амьдрал, монгол хайр гэдэг нь юм болов уу даа. 
-Тэгээд яасан бол?
-Аав минь “Нөгөө бүсгүйтэйгээ хонины бэлчээрт нь уулзаж, өдөржин хамт байгаад, гэрт нь нэг хоноод буцсан. Тэгэхэд бүсгүй “Танай нутагт төрөх минь яав даа” гээд уйлж байсан. Би ээжийнхээ хэлснийг бодоод эргэж харалгүй явсан. Хэрэв нэг удаа эргэж харсан бол үлдэх байсан байх” гэж ярьсан. Тэгээд л нутаг холын эрхээр дахиж уулзаагүй юм билээ. 
-Та аавыгаа нас ахисан хойно төрсөн, хэнз хүү нь байх аа?
-Аавыг 51-тэй, ээжийг 37-тойд би төрсөн. Тэгэхээр аав аюултай нөхөр байсан байгаа биз.
-Хэнз хүү эрх танхи өсөв үү?
-Аав ёстой эрхлүүлэхгүй. Ээж л жаахан хошуу дэвсэнэ үү гэхээс аав бол цэргийн хүмүүжлээр өсгөсөн гэхэд хатуудахгүй. Гурван цаг хөгжмөө давтана шүү гэвэл гурван цаг яс сууна. Тэгж л өссөн.
-Таныг хөгжмийн урлаг руу хүчээр оруулчихсан хэрэг үү?
-Ааваас гадна ээж маань Улсын филармонийн хөгжчимчин. Ийм гэр бүлд, дандаа урлагийнхны дунд өсөж, хүмүүжсэн хүүхдүүдэд урлагийн хүн болохоос өөр сонголт харагдаагүй байх. Ах, эгч нар бүгд урлагийн хүн болсон.
Аав төгөлдөр хуур сайн тоглодог байгаад сэхээтний хэлмэгдүүлэлтийн үед шоронд орсон юм. Тэгэхдээ хатуу ажил хийсээр гар хуруу нь эвдэрч, хөгжим тоглох аргагүй болсон. Тэгээд өөрийнхөө төгөлдөр хуур тоглох хүслийг гүйцээх гэж, битүүхэндээ өөрийг нь залгамжлах болов уу гэж горьдон намайг хөгжим рүү хөтөлсөн байх гэж боддог. Намайг 5-6 дугаар ангид байхад Төрийн шагналт Ц.Нацагдорж багшид шавь оруулснаар хөгжмийн урлаг руу эргэлт буцалтгүй орох үүд нээгдсэн.
-Аав тань юунаас болж шоронд орсон юм бэ?
-Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн удирдаач байхдаа “Коммунизм гэдэг чинь АНУ-д байдаг юм. Оросууд Монголын хонийг үнэгүй авч байна” гэх мэтээр болохгүй сэдвээр цуурч л дээ. Түүнийг нь дотнын нөхөр нь НАХЯ-нд матаж, Зөвлөлт, Монголын харилцаанд сэв суулгах, үзэл сурталд таарахгүй зүйл ярьсан гэсэн зэм хүлээлгэн, долоон жилийн ял өгсөн. Шоронд байхдаа ажил сайн хийж ялын хоногоо багасгасаар гурван жил шахам суугаад гарсан юм билээ. Гарч ирээд Хүүхэлдэйн театрт нэг жил ажиллаад, Улсын филармонийн симфони найрал хөгжмийн удирдаач болсон.
-Таныг өөрийгөө залгамжилна гэх горьдлого юунаас төрсөн юм бол?
-Аав бидэнд янз бүрийн юм яриад байдаггүй хүн байсан болохоор намайг жаахан байхад юм анзаарагддаг байсан, эсэхийг нь мэдэхгүй. 7-8 дугаар ангид байхад аав хүүхэлдэйн жүжгийн хөгжим зохиох гээд сууж байснаа “Миний хүү ая хийгээдэх дээ” гэсэн. Би нэг их юм бодолгүй хоёр ая зохиогоод сонсгосон чинь их баярлаж билээ. Хөгжмийн зохиолч болж болох юм гэсэн бодол надад тэгэхэд төрсөн. Аавд ч адил болов уу.
-Аавын тань ээжид тань зориулсан сайхан дуу байдаг. Тэр дууны түүх болон аав, ээж хоёрынхоо танилцсан тухай хуучилж болох уу?
-Аав, ээж хоёр хожуу ханилсан. Аав залуудаа өөр ханьтай байгаад, хэлмэгдэж, шоронд орохдоо нөгөө бүсгүйдээ “Намайг хүлээх хэрэггүй, амьдралаа бод. Улс төрийн эсэргүү хүний ар гэр гээд чамайг яаж ч мэднэ. Би бас шоронгоос гарч ирэх ч бил үү, үгүй ч бил үү” гэсэн юм билээ. Аав үнэхээр өөрийгөө цаазлуулж ч мэднэ гэж бодсон гэсэн. Тэгээд шоронд байхад нь нөгөө бүсгүй нь амьдралаа бодоод явсан. Аав гарч ирээд Улсын филармонид удирдаачаар ажилд ороход ээж тэнд хөгжимчин байж таарахгүй юу.
1955-1956 оны үед байх нь ээ дээ, аав ээжийг болзоонд урьж. Дөнгөж шоронгоос гарч ирсэн, 50 гарч яваа эр өөрөөсөө үе мултарсан, 14 дүү бүсгүйг эргүүлж байгаа нь тэр. Одоогийн Урт цагаан орчим хүмүүсийн болздог, хотын төв гудамж байсан юм байлгүй, “Шар дэлгүүрийн үүдэнд хүлээж байя” гэчихээд оройжин хүлээсэн ч ээж очоогүй байгаа юм. Эмэгтэй хүний бардам зан гаргаж л дээ. Тэнд ээжийг хүлээж байхад нь бороо орж, “Намрын шөнө” дууны аялгуу орж ирсэн гэдэг. Ингээд Ж.Бадраа гуайд учраа хэлж, үг захиалахад “Би ч гэсэн нэг бүсгүйн араас хөөцөлдөж байгаа. Түүндээ зориулъя” гээд
“Мэлтэлзсэн сүү шиг сарны туяанд
Гялталзсан шүүдэр сувдан өнгөтэй
Мэлрэн хүлээх миний дотрыг
Гялайлган цайлгах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатах
Зовлон биш
Зол минь гэлтэй” 
гэж эхэлдэг сайхан дууны үгийг дор нь бичээд өгсөн гэсэн. Ж.Бадраа гуай эхнэртээ, аав ээжид зориулсан, хоёр эр хүний сэтгэлээс төрсөн дуу даа.
-Та Арменд хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцсан. Оюутан цагийнхаа тухай дурсаач?
-ЗХУ-аас хальж, дэлхийн хэмжээнд нэр алдар нь түгсэн гайхалтай багшийн хайртай шавь болж, таван жил сурсан. Хойно ч, энд ч нийгэм шилжиж, хамаг юм хөл толгойгоо алдсан хүнд үед оюутан байлаа. Гэхдээ би хичээлээс өөрийг боддоггүй оюутан байсан. Тэгж суусны хүчинд тэр агуу багшийн их эрдмээс нь өөрийнхөө хутгаж чадах хэмжээгээрээ авч ирсэн гэж боддог. Багшийн эрдмийг авлаа авлаа гэхэд тэр нь хүний ур чадварын 20-30 хувийг бүрдүүлнэ, үлдсэнийг нь өөрийнхөө хөдөлмөрөөр бий болгодог юм.
-Та 1992 онд төгсөж ирсэн юм билээ. Урлаг, соёл хэрэггүйд тооцогдож, бүгд ганзагын наймаанд явсан үе шүү дээ. Тэр шилжилтийн үед наймаа арилжаа хийх талаар бодож байгаагүй юу?
-Тэр талаар ёстой бодоогүй. Хэрэв хичээлээ хийдүүлж, сургуулиа хаясан бол аав “алах” байсан. Хамгийн аюултай нь улсын мөнгөөр сурч байгаа гэсэн аавын үг байв. Захидал бүртээ “Чи малчны мөнгөөр сурч байгаа шүү. Олигтойхон байж үзээрэй” гэж бичдэг байлаа шүү дээ. Тэр үг намайг хааш нь ч хөдөлгөөгүй. Тэгээд ч надад наймаа арилжаа хийж, мөнгө өсгөх авьяас байхгүй. Хүн таван төгрөгийг зургаа болгодог бол би гурав болгож л чадах байх. Үүнийгээ мэддэг болохоор тэгж явъя ч гэж бодоогүй.
Ном, нот хэрэггүй болж, бүгд ганзагын наймаанд явсны гор одоо гарч байгаа шүү дээ. Яг манай үеийн хөгжмийн зохиолч гэвэл өрөөсөн гарын хуруунд цөөдөхөөр, С.Сансаргэрэлтэх, С.Соронзонболд гэсхийгээд л дуусна. Кино урлагт ч гэсэн манай үеийн найруулагч ховор. Ер нь хоосон орон зай, ангал бий болчихсон юм билээ.
-Аав тань хүүгээ хөгжмийн зохиолч болжээ гэж магтсан, өөрийгөө үргэлжлүүлэх залгамжлагчаа бэлдчихлээ гэж баярласан үе нь хэзээ бол?
-Ээ дээ, манай аав хүүхдүүдээ магтахгүй шүү. Би 1992 онд хөгжмийн зохиолч гэсэн дипломтой төгсөж ирснээсээ хойш зүгээр суугаагүй. Янз бүрийн юм хийгээд л байсан. 2003 он хүртэл арав гаруй жил нот бичихэд намайг хөгжмийн зохиолч гэж нэг ч хэлээгүй. Хүний хүнийг бол үг хайргүй магтана. Бидэнд бол үгээ их харамлана. Би ааваар магтуулчих санаатай, өөртөө бол аятайхан бүтээл хийчихээд, түүнийгээ дэргэд нь тоглоод л байна, тоож байгаа юм байхгүй. Арав гаруй жилийн хугацаанд 1996 онд бичсэн төгөлдөр хуурын концерт, 1998 оны симфони нотыг багахан магтсан. Гэхдээ яг “Сайхан бүтээл болжээ” гэж цээж дүүртэл хэлээгүй. Харин 2004 оны ятга, симфони найрал хөгжмийн концертыг сонсоод “Одоо л миний хүү хөгжмийн зохиолч болж” гэсэн.
-2010-аад оны үед таны од гийж, гялалзав аа. Сүүлийн үед шинэ бүтээл туурвиж байна уу?
-2009 он миний алтан үе байсан. Тэр жил Төрийн шагнал, “Алтан намар” наадмын гран при, “Гэгээн муза”-гаас шилдэг хөгжмийн зохиолч номинацын шагналыг авсан. 2010 онд бие даасан тоглолтоо хийгээд, 2013 онд цомгоо гаргасан. 2014 онд дахин “Гэгээн муза” авсан. Би нийт гурван “Гэгээн муза”-тай хүн. Тэгээд одоо “Яасан идэж ууж ханадаггүй юм” гэх байх гээд түр завсарлаж байна. (Хошигнов) Гэхдээ зохиол бүтээлээ бичихээ завсарлаагүй, одоо нэг дуурь бариад авчихсан сууна.
-Энэ шагналуудын ард уран бүтээл хийхээр давхар ачаа үүрчихсэн мэт санагдаж байна уу?
-Залуу насны зориг сайхан шүү дээ. 2000-аад оны үед, залуухан байхад юу ч бодохгүйгээр, орж ирсэн бүхнээ буулгаад л, тэр хэрээрээ халгиа цалгиа, алдаа оноо аль аль нь байж. Ер нь ямар ч юм сайн, муу хоёр талтай хойно. Төр засаг, салбарын шагнал урамшууллыг дагаад хариуцлага нэмэгддэг юм байна. Одоо өөрийгөө анзаарахад илүү хянамгай, судалгаатай, буурь суурьтай хандахыг хичээж, их цензур тавьж, байн байн шалгадаг болсон санагддаг. Энэ нь эргээд жаахан бие бариатай болгодог талтай ч хүн хийж буй зүйлдээ хариуцлагатай хандсанаар муу зүйл яавч болохгүй л дээ. Улам л чамбайрч, чангарах суурь шүү дээ.