Нийтийн тээвэр реклам, зарын узель болжээ

Админ
2019/12/04

Тухайн суваг, долгионоор юу л явна, түүнийг хамгийн чангаар иргэдийн чих рүү “чихэх” мэдээллийн хүчирхийлэл автобус дотор үйлдэгдэж байна...

Иргэндээ хүрч үйлчилдэггүй, хүүхэд, хөгшдийг авдаггүй, тогтсон цагтаа хамаарах буудал, зогсоол дээрээ ирдэггүй, ариун цэврийн шаардлага хангадаггүй, жолооч нар нь хариуцлагагүй, камер нь ажилладаггүй, хүнээ гүйцэт суулгаж, буулгаагүй хөдөлгөөнөө эхлүүлдэг зэрэг нийтлэг шүүмжлэл нийтийн тээврийг байнга дагадаг. Ямар сайндаа л ирдэггүй, ирсэн ч хүнээ багтаадаггүй том оврын автобусныхаа цагийн зохицуулалтад анхаарахыг иргэд хүсэж байх вэ дээ. Улаанбаатар хотод өдөрт дунджаар 600-650 мянга орчим хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Эдгээр иргэнд өнөөдрийн байдлаар 93 чиглэлд 800 тээврийн хэрэгсэл үйлчилдэг. Энэ тоо хангалттай эсэхийг энэ удаад лавлах гэсэнгүй. Харин нийслэлд нийтийн үйлчилгээнд явж байгаа 900 гаруй автобус болон нийтийн үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдээ ядаргаанд оруулах, стресстүүлэх узель болжээ. Богино долгионы радио, FM сонсдоггүй автобусны жолооч, үйлчилгээний газар нийслэлд тун ховор. Тухайн суваг, долгионоор юу л явна, түүнийг хамгийн чангаар иргэдийн чих рүү “чихэх” мэдээллийн хүчирхийлэл автобус дотор үйлдэгдэж байна. Элдэв асуудалтай хүмүүс олны дунд бишгүй. Тиймээс нийтэд үйлчилж байгаа үйлчилгээний газрууд болон нийтийн тээврийн орчинд соёлын довтолгоо үгүйлэгдэж байна. Ядаж л иргэд амар тайван орчинд гэртээ харьдаг байх нөхцөлийг бүрдүүлье. Хашгирсан, хоёр хүний биенээсээ асуусан, хариулсан нэгэн хэвийн загвартай реклам, зарын шинжтэй хөтөлбөр давамгайлсан FM, богино долгионы радио хөтөлбөрт тархиа “базуулсаар” зорчих иргэдийнхээ мэдээлэл авах нөхцөлийг сайжруулъя. Тухайлбал, соён гэгээрүүлсэн, олон нийтийг бие биенээ хайрлан, хүндэтгэх арга ухаанд сургасан, мэдлэг олгосон, амьдрах орчиндоо сайн сайхныг бүтээхэд хөтөлсөн, хуулиа сурталчилан таниулсан контентуудыг сонсоход хялбаршуулсан байдлаар бэлтгэн хүргэхэд анхаарахгүй бол горьгүй нь ээ. Хүүхэд, хөгшид зорчиж яваа автобусанд чих дөжрөм чангаар эр хүнд хэрэгтэй гэсэн элдэв бэлдмэл, эм тариа сурталчилан эфирийн соёлгүй хашгирсан хэдэн хөтлөгч нарын дэндүү тэнэг асуултууддаа мессэжээр хариулт авах гэсэн ядуухан хөтөлбөртэй зальжин контентууд иргэдийг бухимдуулж байна. Гэртээ харихаар түмэн янзын орчноос холдож чиглэлийнхээ автобусанд суучихсан иргэдээ нийтийн тээврийн салбарын бодлого ярьдаг дарга нар хүндэтгэн соёлт орчин бүрдүүлэхэд анхаарах цаг болжээ. Тэгэхгүй бол XXI зууны хоцрогдсон салбар нийтийн тээвэр болох нь ээ.