Нийслэлийн ирэх оны бүтээн байгуулалттай танилц

Админ
2019/12/04

Нийслэлийн 2020 оны хөрөнгө оруулалт 55.33 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Нийслэлийн 2020 оны төсвийг өчигдөр ногоон гэрлээр баталлаа. Нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 894.1 тэрбум, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөгөөр тооцжээ. Мөн орон нутгийн үндсэн төслийн ажлын 30 хувь болох 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхээр баталсан байна. Түүнчлэн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хөгжил хамгаалал, газрын харилцааны салбарын зардлыг 2019 оныхоос 96 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 494 тэрбум төгрөг байхаар баталжээ. Ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хот байгуулалт, дэд бүтэц, авто зам, хот нийтийн аж ахуй, нийгэм, нийтийн тээврийн салбар, төрийн үйлчилгээг сайжруулахад түлхүү анхаарсан аж. 2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 220.71 тэрбум, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 93.33 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19.15 тэрбум, нийт 333.19 тэрбум төгрөгөөр ажил хийх нь. Тус хөрөнгө оруулалтыг 2019 онтой харьцуулахад 55.33 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд хийх томоохон ажлуудыг танилцуулъя. 

Таван сургууль, найман цэцэрлэг ашиглалтад орно

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, бүх сургуулийг хоёр ээлжинд, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 85 хувьд хүргэх зорилт тавьсан. Тэгвэл энэ хүрээнд 2016-2019 онд төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 32 сургууль, 68 цэцэрлэгийн барилга, 12 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад оржээ. Ингэснээр сургуулийн хүчин чадлыг 21260 суудлаар, цэцэрлэгийг 12455 ороор нэмж чадсан байна. Тэгвэл ирэх онд 10.77 тэрбум төгрөгөөр таван сургууль, найман цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төсөвт тусгажээ. Мөн 17 бага сургууль, цэцэрлэгийн барилгыг үргэлжлүүлэн барихад 10 тэрбум төгрөг төлөвлөсөн аж. Харин сургууль, цэцэрлэгийн засварт нэг тэрбум, долоон сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, иж бүрэн засварт 975 сая төгрөг зарцуулах гэнэ. 

Багануур, Налайхад соёлын ордон барина

Нийслэлийн ирэх оны төсөвт Багануур, Налайх дүүрэгт 850 хүний суудалтай, Багахангай дүүрэгт 500 хүний суудалтай соёлын ордон, Сонгинохайрхан дүүрэгт Хөгжлийн төвийн барилгыг эхлүүлэхэд 5.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мөн нийслэлийн соёлын байгууллагуудын засвар, хүүхдийн зуслангийн байрны засварт 500 сая, Улаанбаатар хотын төв номын сан болон салбар номын сангуудад  фонд, тоног төхөөрөмжинд 200 сая, нийт 5.9 тэрбум төгрөг тусгажээ. Харин хөл бөмбөг, биеийн тамир, чийрэгжүүлэлтийн талбай, спорт заал барихад 1.47 тэрбум төгрөг зарцуулна.

Түргэн тусламжийн 50 автомашин худалдаж авахаар болов

Эрүүл мэндийн салбарт 2020 онд нийслэлийн төсвөөс 6.95 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Туул тосгоны эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад 735.7 сая, эмнэлгийн түргэн тусламжийн 50 автомашин худалдан авахад гурван тэрбум, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийг оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангахад нэг тэрбум төгрөг тусгасан байна. Тэгвэл эмнэлгүүдийн барилгын засварт 500 сая, Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн өргөтгөлд 200 сая төгрөгийг зарцуулах аж.

Газар чөлөөлөхөд 20 тэрбум төгрөг зарцуулна

Хот байгуулалтын салбарт  2020 онд 121.43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, нийслэлд гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтөд 25 тэрбум төгрөг тусгасан байна. Нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд 43.42 тэрбум төгрөгийг төсөвлөв. Харин шинээр баригдах барилга, инженерийн шугам сүлжээний зураг төсөв боловсруулахад хоёр тэрбум төгрөг, шинээр баригдах барилга байгууламжийн газар чөлөөлөх, нөхөн олговорт 20 тэрбум, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад 500 сая төгрөг тусгажээ. Агаар, орчны бохирдлыг бууруулах гэр хорооллын “Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэхэд таван тэрбум, орон сууц, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад таван тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Хот байгуулалтын салбарын он  дамжин хэрэгжүүлэх  төсөл, арга хэмжээний санхүүжилтэд нийт 49.87 тэрбум төгрөг гаргахаар тооцоолжээ. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төвийн бүсийн инженерийн шугам сүлжээг барих, Дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэн “Дэд бүтцийн төв”-ийг хоёр байршилд байгуулах ажлыг эхлүүлэхэд 16.5 тэрбум төгрөг зарцуулна. Мөн нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулахад 2.27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх гэнэ. 
Иргэдийг үер усны болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор Наран, Баруун уулын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажилд  1.19 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахад гурван тэрбум, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлыг санхүүжүүлэхэд 4.25 тэрбум төгрөг  төлөвлөв.

Нийтийн тээвэрт 31.85 тэрбум төгрөг тусгажээ

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад 31.85 тэрбум төгрөг тусгажээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 949  автобус үйлчилгээ үзүүлж байна. 2020 онд 137 тээврийн хэрэгсэл, 2021 онд 526 тээврийн хэрэгсэл үйлчилгээнээс хасагдана. Иймд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр төлөвлөж, 26.5 тэрбум төгрөг тусгасан аж. Мөн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан хөдөлгүүртэй автобусыг нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор том оврын 50 цахилгаан автобусыг цэнэглэх цахилгаан хангамжийн хамт худалдан авахад гурван тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлнэ.
Мөн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркын барилгыг үргэлжлүүлэн барьж, харьяа баазын гараашнуудын их засвар, агааржуулалтыг сайжруулах, авто замын хяналтын камерыг нэмэгдүүлэхэд 800 сая төгрөг төлөвлөжээ. Түүнчлэн стандартад нийцсэн автобусны 15 буудлыг  барихад 500 сая төгрөг төсөвлөв. Үүний зэрэгцээ нийслэлийн иргэдэд хүргэх бөөний төв байгуулах ажлыг эхлүүлэхэд хоёр тэрбум төгрөг зарцуулна. 

Жишиг гудамжийг нэг тэрбум төгрөгөөр байгуулна

Хот нийтийн аж ахуйн салбарт нийслэлийн төсвөөс 2020 онд 14.42 тэрбум төгрөгийг зарцуулах нь. Тодруулбал, зургаан эмнэлгийн гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах, түүх, соёлын дурсгалт газруудад цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Хот тохижилтын газрын автомашины гараашийн үлдэгдэл санхүүжилтэд 5.9 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Түүнчлэн орон сууц, гэр хорооллын дунд спорт, тоглоомын талбай байгуулж, хүүхэд залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эрүүл орчинг бий болгоход 6.52 тэрбум төгрөг, жишиг гудамж байгуулахад нэг тэрбум, хот тохижилтын тусгай зориулалтын автомашин, техник хэрэгсэл, машин механизм худалдан авахад 791.3 сая төгрөг тус тус зарцуулах аж. 

Төрийн үйлчилгээг 17.76 тэрбум төгрөгөөр сайжруулна

Төрийн үйлчилгээг сайжруулахад 17.76 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Иргэдэд төрөөс үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилгоор Нийслэлийн архивын барилгыг үргэлжлүүлэхэд 375 сая, Сонгинохайрхан дүүргийн Нутгийн захиргааны нэгдсэн байрны барилгыг үргэлжлүүлэхэд 2.25 тэрбум, Налайх дүүргийн Нутгийн захиргааны ордны барилгыг эхлүүлэхэд нэг тэрбум, дүүргүүдэд дөрвөн хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажлыг эхлүүлэхэд 2.25 тэрбум төгрөг тусгажээ. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын техник, тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил авахад нэг тэрбум, нийслэлийн төр захиргааны авто баазын парк шинэчлэлт, барилгын засварт 500 сая төгрөгөөр хөрөнгө оруулна. иргэний шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг хороодоос үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжинд мөн 80 сая төгрөг зарцуулна. 

Хөдөлгөөнт эргүүлд парк шинэчлэл хийнэ

Засгийн газрын 153 дугаар тогтоолоор нийслэлд 15 мянган хүн тутамд нэгээс доошгүй хөдөлгөөнт эргүүлийн автомашин байхаар тогтоосон байдаг. 2013 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хөдөлгөөнт эргүүлийн 68 автомашиныг худалдан авчээ. Өдгөө 47 нь үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон байна. Иймд ирэх онд Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн парк шинэчлэлтийг нэмэгдүүлэхэд 2.72 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Мөн иргэдийг болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалахад 1.39 тэрбум төгрөг гаргахаар тооцжээ.

Дугуйн зам барихад зургаан тэрбум төгрөг төсөвлөв

2020 онд нийслэлийн замын сангийн нийт 93.33 тэрбум төгрөгөөр авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэлтэд 64.35 тэрбум, замын засвар, арчлалтад 16.92 тэрбум, бусад ажилд 12.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөжээ. Мөн гэр хороололд хатуу хучилттай зам барих, сайжруулахад 27.66 тэрбум, туслах гудамж зам,орон сууцны хороолол доторх холбоос замуудыг шинээр барих, хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулахад 14.59 тэрбум төгрөг зарцуулна. Түүнчлэн төмөр замын доогуур нүхэн гарцыг гурван байршилд барьж, төмөр замтай огтлолцох авто замын нэвтрэх чадварыг сайжруулах гэнэ. Үүнээс гадна нийтийн эзэмшлийн гудамж талбайд явган хүний зам тавих, засварлах ажлыг үргэлжлүүлэхэд хоёр тэрбум, дугуйн зам барихад зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ.