Хоёр жил “нууцаар” боловсруулсан Сонгуулийн хуулийн төсөлд ийм заалтууд бий

Админ
2019/12/05

Зовлон үзсэн Сонгуулийн хууль дахин мэс заслын орон дээр гарлаа

1990 онд батлагдсанаасаа хойш хамгийн их зовлон үзсэн хууль Сонгуулийн тухай хууль байх. Хөмсгөө шивүүлж, нүдэндээ давхраа оюулаад, тэр нь зохихгүй, хялар, сөлөр боллоо хэмээн буцааж арилгуулаад явж байдаг бүсгүй шиг сонгууль бүрийн өмнө их, бага хэмжээгээр засварт ордог уг хууль заримдаа бүр “хүйсээ солиулчихсан” тууж явах нь бий.
Монголчууд 1992-2008 оны хооронд болсон таван удаагийн УИХ-ын сонгуулийг мажоритар системээр явуулсан бол 2012 онынхыг холимог тогтолцоогоор зохион байгуулсан. Нэг намд давуу байдал олгож, сонгогчдын саналын багахан зөрүүг УИХ-д олон суудал болгодог, өнгө мөнгөний нөлөөллийг хамгийн тодоор мэдрүүлдэг сул талтай гэсэн шүүмжлэл хүлээдэг мажоритар системийг өөрчлөхийн тулд 2008-2012 онд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн парламент багагүй саад бэрхшээл туулж, урт хугацааны хэлэлцүүлэг өрнүүлэн байж холимог тогтолцоог хуульчилсан. Энэ нь “жижиг” намуудад ашгаа өгч, өнгөрсөн дөрвөн жилд үнэмлэхүй олонхгүй, хүчний харилцаа ойролцоо, олон намын төлөөллийг оролцуулсан парламент бүрдсэн. Ялагчгүй парламент бүрдүүлсэн, тэр тусмаа жижиг намуудад ивээлээ өгсөн, засаглалыг тогтворгүй болгох сул талтай холимог тогтолцоо АН, МАН хоёрт таалагдаагүй учраас 2016 оны сонгуулийн өмнөхөн хавсайдаж байгаад хувь тэнцүүлсэн тогтолцоог халж, муулж, муучилдаг мажоритар руугаа буцсан.

Ингэхийн тулд сонгууль болохоос хагас жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалтыг санаатайгаар “мартаж” байгаад, УИХ-ын сонгуулиас сар хүрэхгүй хугацааны өмнө хуулийг бужигнуулж, тогтолцоог өөрчлөн, Монгол Улсыг 76 жижиг тойрогт хуваасан. Тэгэхэд УИХ-ын гишүүд өөртөө зориулан тойрог зурж, чухам л дураараа дургисан билээ. Энэ мэтээр улстөрчдийн хатуу гараар орж, сонгууль бүрийн өмнө өвчин намдаагчгүй мэс засалд ордог Сонгуулийн тухай хууль дахин мэс заслын орон дээр хэвтэж байна. 

“Сонгуулийн хууль өөрчилсөн нам ялагддаг”

“Сонгуулийн хууль өөрчилсөн нам ялагддаг” гэх мухар сүсэг ч гэмээр яриа Төрийн ордонд тэнүүчлээд удаж буй. МАН олонх байхдаа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжүүлээд ялагдсан бол АН эрх барьж байхдаа 2016 онд мажоритар тогтолцоог сэргээгээд “гудамжинд гарсан” нь энэ ярианд хүч нэмдэг. Сонгуулийн хууль өөрчлөх талаар санал солилцсон өнөөгийн гишүүд ч энэ үгийг хэлэлцэж байна.
Ерөнхийдөө УИХ-ын гишүүд Сонгуулийн хуулийг өөрчлөх асуудалд тун болгоомжтой хандаж байсан ч хуулийг өөртөө ашигтайгаар өөрчилж чадах ч юм шиг шунал хүсэл нь хатгаад зүгээр суулгахгүй байгаа бололтой. Үүний хажуугаар “Өмнөх парламентын самарч орхисон хуулийг өөрчлөхөөс аргагүй” гэсэн сонгуулийн төв байгууллагын санал ч зориг оруулж, хүч нэмээ биз.
Парламентад олон суудал авсан хүчнүүд (Засгийн эрх ээлжлэн барьдаг хоёр нам) болж бүтэхгүйг нь засах гэж бус, эрх мэдлээ зузаатгах, албан тушаалд суух хугацаагаа уртасгах гэж л Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулдаг жишиг тогтоод удаж байна. Энэ удаа ч тийм л зорилгоор өөрчлөлт оруулах гэж байх шиг.

Хоёр жил “нууцаар” боловсруулсан төсөл

Өмнөх парламентын үед буюу 2015 онд УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуулийн тухай хуулийг нэгтгэж, бүх сонгуулийг нэг хуулиар зохицуулахаар баталсан. Гурван тусдаа сонгуулийг нэг хуулиар зохицуулах талаар парламент хэлэлцэж байх үед СЕХ-ноос “Уг төслийг дэмжих боломжгүй” гэсэн саналаа хүргүүлсэн ч түүнийг нь хууль тогтоогчид хэрэгсэж үзээгүй.
Нэгдсэн хуулиар орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулахдаа багагүй зүдэрсэн сонгуулийн төв байгууллага “2016 оны сонгуульд нэгдсэн хуулийг хэрэглэхэд зарим заалт дээр будилах, асуудал зохицуулахад хүндрэл учрах зэрэг асуудал гарсан” хэмээн зовлонгоо тоочиж байж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг “өрх тусгаарлуулсан”.  Дараахан нь Сонгуулийн тухай хууль ийм байвал зүгээр байна гэсэн саналаа хууль тогтоох байгууллагад хүргүүлэх далимдаа УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг салгах төсөл дайсан.
Сонгуулийн төв байгууллага “УИХ-ын ээлжит сонгууль дөхөж, улстөрчид надад л ашигтай бол бусад нь ямар ч хамаагүй гэдэг горим дээрээ тавиагүй дээр Сонгуулийн хуулиа дориухан засаад авъя” гэсэн байр суурь илэрхийлсэн бол УИХ дахь олонх “Нэгэнт гар хүрвэл 2020 оны сонгууль дөхүүлж, нөхцөл байдлыг харж байгаад, тооцоо судалгаанд үндэслэн өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа жижиг мажоритар тогтолцоонд сонгогчдын саналын багахан савалгааны үр дүн томоор илэрдгийг бодолцож, тухайн үед нөхцөл ямар байхыг харгалзах нь зөв” хэмээн хойш тавьж байв. 
Сонгуулийн төв байгууллагын хүргүүлсэн саналын мөрөөр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийг 2017 оны сүүлчээр байгуулсан бөгөөд уг ажлын хэсэг хоёр жил “нууцаар” боловсруулсан төслөө өргөн бариад удаагүй байна. Нууцаар гэж буйн учир нь ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан “Манай ажлын хэсэг хоёр жил тасралтгүй ажилласан. Олон уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох бүх байгууллагаас саналыг нь авч, тусгасан” гэж буй. Гэвч түүнийг нь үзэж харж, сонсож дуулсан хүн улстөрчид дунд ховор байгаа юм.
Ямар сайндаа л өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэхэд хуралд оролцсон гишүүдийн тал нь “Төслийн талаар ямар ч мэдээлэлгүй байна. Хэлэлцэх гэж буй төслийг дөнгөж сая олж аваад, тухтай ч хараагүй явна. Уншиж танилцах цаг хэрэгтэй тул хэлэлцэх хугацааг маргааш болгож өгөөч” гэж гуйж байх вэ. Ийм нэг төсөл өнөөдрөөс УИХ-аар хэлэлцэгдэж эхлэх нь. УИХ-ын гишүүд ч танилцаж амжаагүй хэмээж буй уг төсөлд ямар заалтууд байгаа талаар олон нийтэд төдийлөн хүрээгүй мэдээллийг багцлан хүргэе.

Энэ тухай "Үндэсний шуудан" сонины өнөөдрийн (2019.12.05 №238 3449) дугаараас уншаарай.