Европ, Азийг “цэнхэр түлш”-ээр “атгах” орос төлөвлөгөө

Админ
2019/12/06

Арван дамнан яригдаж,  таван жилийн өмнө шавыг нь тавьж асан, Хятад, Оросыг холбосон “Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хий нийлүүлж эхэллээ. “Якут-Хабаровск-Владивосток” нэртэй хий дамжуулах хоолойн төслийг анх 2012 онд хэлэлцэж эхэлсэн агаад 2.7 их наяд шоо метр хийн нөөцтэй  Ковыктин,  Чаяндинийн ордоос Алс Дорнод руу 2017 онд барьж дуусгахаар төлөвлөж байв. Харин  2014 оны тавдугаар сард Хятад руу байгалийн хий нийлүүлэх түүхэн гэрээг үзэглэсний дараа дамжуулах хоолойн төсөл улам урагшилж,  гэрээнд заасны дагуу жилд 38 тэрбум шоо метр хий дамжуулах, 3000 км урт хоолойг мөн Ковыктины ордоор, цаашаа Оросын Благовещенск, Хятадын Хар мөрөнг дайруулан  тавьсан бөгөөд одоогоор 2157 км-ийг нь ашиглалтад орууллаа.  

Огтлолцох цэг 

Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, тухайлбал, байгалийн хий нийлүүлэх энэ гарц бие биенээсээ дутуугаа нөхөх ашигтай хувилбаруудыг хоёр хөршийн өмнө бий болгож байгаа юм. Ашигт малтмалын олборлолт, экспортоороо дэлхийд тэргүүлэх Оросын хувьд асар том багтаамжтай, хэрэглээ өндөртэй зах зээлд удаан хугацаагаар бүтээгдэхүүн нийлүүлнэ. Харин Бээжингийн хувьд жил ирэх тутам өссөөр буй эрчим хүчний хэрэглээгээ найдвартай, урт удаан хугацааны гэрээний дагуу авна. Газрын тосны экспортоороо дэлхийд хоёрдугаарт, байгалийн хийгээрээ нэгдүгээрт бичигддэг Москва, мөн дээрх бүтээгдэхүүний хэрэглээгээрээ тэргүүлэгч Бээжин хоёрын ашиг сонирхол нэг цэг дээр давхцаж буй нь энэ. “Энэ бүтээн байгуулалт бидэнд бүсийн хөгжил, эдийн засгийг нь урагшлуулахад боломж олгохоос гадна манай улсын машин үйлдвэрлэл, аж үйлдвэр, химийн үйлдвэрлэлийн салбарт ч түлхэц авчирна” гэж В.Путин  “Сибирийн хүч”-ийн талаар мэдэгдэж байв. 
Харин газрын тос, байгалийн хийн зах зээлийн гол тоглогчдын нэг Оросын хувьд энэ салбарт хүрээгээ тэлэх том амбицын нэг хэсэг нь л “Сибирийн хүч” гэдгийг онцлох ёстой. Европ, Азийг холбосон хий дамжуулах хоёр том төслийг ирэх онд дуусгахаар төлөвлөж буй нь ч үүнийг батална. 

“Туркийн урсгал”

Чамгүй өндөр өртгөөр, чамлахааргүй урт хугацааны турш бүтээн байгуулсан хий дамжуулах хоолойгоор “цэнхэр түлш” хөршдөө нийлүүлж эхэлсэн Оросын дараачийн зогсоол Турк. Он гарсны дараа, тодруулбал нэгдүгээр сарын 8-нд ОХУ-ын Төрийн тэргүүн В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай “Туркийн урсгал” хий дамжуулах хоолойн ёслолд оролцоно. Краснодарын хязгаарын Анапын дүүргээс Хар Тэнгис, Туркийн Европ хэсэг рүү чиглэсэн хий дамжуулах хоолой Зүүн ба Зүүн өмнөд Европ руу түүхий эд нийлүүлэх юм. 1100 км урт, нийтдээ 31.5 тэрбум шоо метр хий нийлүүлэх хоёр салаа шугам бүхий “Туркийн урсгал”-ын далайн хэсгийг тавихдаа хоногт 6.2 км-ээр ахиулж, хурдаараа дээд амжилт тогтоож байлаа. 
Дамжуулах хоолойн эхний салаа жилдээ 15.7 тэрбум шоо метр хийг турк хэрэглэгчдэд хүргэх бөгөөд мөн хэмжээний хүчин чадалтай хоёр дахь салаа Зүүн ба Зүүн өмнөд Европ руу хүрч, эхний ээлжинд Болгар, Сербийн хэрэглээг ханган, 2021 оноос Унгар, Словак руу хий нийлүүлнэ. Евро комиссын шахалтаар цуцалсан “Өмнөд урсгал” төсөлтэй харьцуулахад Туркийнх зардал, өртөг багатайгаараа онцлог. 
Жилд 27-29 тэрбум шоо метр хийг Оросоос худалдан авдаг Турк болон хийн хэрэглээ өндөртэй Зүүн, Зүүн өмнөд Европын орнуудад энэ нь байж болох хамгийн сайхан санал гэж ажиглагчид онцлох бөгөөд Москвагийн нийлүүлэх хий АНУ-аас санал болгож буйтай харьцуулахад үнэ хямд агаад дэд бүтцийн хувьд амар. 

“Умардын  урсгал-2”

Балтын тэнгисийн гүнээр дамжин ХБНГУ-ын Грайфсвальдад хүрэх хийн хоолой Европын холбооны улсууд руу жилд 55 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай. Оросын Эрчим хүчний сайд А.Новакын хэлж буйгаар энэ ондоо багтааж бүтээн байгуулалтыг дуусгах юм. ХБНГУ, ОХУ, Дани, Финланд, Шведийн усан болон хуурай газрын хилээр дайран өнгөрөх энэ хоолой  ирэх оны дундуур түлшээ дамжуулж эхлэх юм. Украины газар нутгаар  дайран өнгөрдөг “Умардын урсгал” хийн хоолойн үргэлжлэл нь энэ агаад олон орны газар нутгаар дайрах, цөөнгүй санхүүжүүлэгчтэй. Энэхүү төсөл “Газпром” болон хамтрагчдын тогтоосон транзит үнээс хамааран 8-30 жилд зардлаа нөхөх боломжтойг мэргэжилтнүүд онцолж буй. 
Европ, Азийг холбосон хий дамжуулах хоолойн эдгээр нүсэр төслүүд эрчим хүчний олон улсын зах зээл дэх орос амбицыг бэлхнээ илтгэнэ. Герман тэргүүтэй Европын орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж, цаашлаад нүүрсний хэрэглээг багасгахаар төлөвлөж буй энэ үед ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэхийн тулд  хий дамжуулах тээвэр, дэд бүтцийн асуудлыг  нэн тэргүүнд шийдэх нь гарцаагүй чухал гэж ажиглагчид мэдэгдэж буй.