Манай сонины орлогч эрхлэгч Х.Уянга “Ган үзэг” цомыг гурав дахь удаагаа хүртлээ

Админ
2019/12/09

Мэргэжлийн сэтгүүлзүйн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг сэтгүүлзүйн салбарын оны тэргүүн шалгаруулах “Ган үзэг” наадам энэ сарын 7-нд болж өнгөрлөө. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс зохион байгуулдаг тус наадам хэвлэл мэдээллийн шилдэг байгууллага, шилдэг сэтгүүлч, шилдэг бүтээл, орон нутгийн шилдэг төрлүүдэд сэтгүүлзүйн үүргээ гүйцэтгэсэн бүтээл, сэтгүүлч, хамт олныг шалгаруулдгаараа онцлогтой. Энэ жилийн “Сонины шилдэг бүтээл”-ийн төрөлд манай сонины орлогч эрхлэгч Х.Уянга “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутаг луйварчдын өгөөш болж байна” цуврал нийтлэлээрээ шалгарч, хошой алтан үзэгтэн боллоо. 2018 онд Монголын сэтгүүлзүй болон ард түмний хүндэтгэл, асар өндөр хариуцлагын дор гардаж байсан “Ган үзэг”-ээ дахин өргөж, амжилтаа бататган зогсож буй нь энэ.

Тэрбээр Монгол Улсын хуульд захирагддаггүй том толгойтой компани, тэдний эзэмшиж буй Хамарын хийд орчим дахь ашиглалтын тусгай зөвшөөрлийн эргэн тойрон дахь ээдрээ, эргэлзээтэй үйл явдлын талаар 2019 оны нэгдүгээр сараас эхлэн сурвалжилга бэлтгэж, есдүгээр сар хүртэл 12 цуврал уншигчдад хүргэсэн. Асуудлыг ийнхүү олон нийтэд баримттайгаар хүргэсний үр дүнд 2009 онд хуулийн дагуу хүчингүй болсон тусгай зөвшөөрлийг 2017 оны зургадугаар сарын 16-нд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хойно, илт хууль зөрчин сэргээсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0466 дугаар шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх энэ оны долдугаар сарын 8-ны 128/ШШ2019/0078 тоот тогтоолоороо хүчингүй болгосон юм. Мөн Шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0466 дугаар тогтоолд үндэслэн гаргасан Хамарын хийд орчмын тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх шийдвэрээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хүчингүй болгосон. Тусгай зөвшөөрөл анхнаасаа хууль бус замаар явж өнөө хүрснийг олон нийтийн анхааралд хүргэж, хууль бус шийдвэрүүдийг шүүхээс хүчингүй болгосноор улс том артай компаниудын нөхөн олговор өгөх, ард түмний мэдлийн орд газруудыг үнэгүйдүүлэн, хэд хэдээр нь авах төлөвлөгөө бүтэлгүйтсэн юм. Улстөр, бизнес, хууль хяналтынхны оролцсон зохион байгуулалттай залилан, луйврыг баримтаар илчилж, таслан зогсоож, лиценз угаах хэмээх шинэ төрлийн луйвраас Хамарын хийдийг хамгаалж чадсан нь түүний нийтлэлийн үр дүн. Ташрамд дурдахад уг бүтээл 2019 оны “Цахиур” уралдааны гран при, “Балдорж”-ийн тусгай шагнал хүртсэн гэдгээрээ онцлогтой юм. Энэ өдөр эзэддээ хүрч буй “Ган үзэг” бүр шударга үнэний баталгаа болж тэдний гарт гялалзаж байсан юм. Мөн энэ үеэр тодорсон салбар бүрийн шилдгүүдийг танилцуулья.  

ШИЛДЭГ БҮТЭЭЛ

  • Сонины шилдэг бүтээл: Х.Уянга (Үндэсний шуудан сонин) Бүтээл: “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутаг луйварчдын өгөөш болж байна”
  • Мэдээллийн сайтын шилдэг  бүтээл: Б.Алтанхуяг (MONTSAME.MN) Бүтээл: “Хилийн зурвасыг цаг хугацаанаас нь ангид тольдохуй” цуврал тэмдэглэл,  “Эх хэлний энэ цагийн түүчээ” уран зохиолын цуврал ярилцлага, “Ой санамж ба түүний эзэд” цуврал нийтлэл
  • Сэтгүүлийн шилдэг бүтээл:  BUSINESS.MN сэтгүүл
  • Радиогийн шилдэг бүтээл: Эмчийн өрөө нэвтрүүлэг (Эрүүл мэндийн радио, фм-104 радио)
  • Телевизийн шилдэг бүтээл: Бүрэн зураглал хөтөлбөр (Eagle news телевиз) Бүтээл: “Мандухай сэцэн хатан” киноны 30 жилийн ойн хүрээнд бэлтгэсэн дугаар

ОРОН НУТАГ

  • Шилдэг сайт: Орхон аймаг (ETZONE.MN) Бүтээл: “Улстөрчдийн тоглолт үйлчлэгч нарын амьдралаар тоглож үргэлжлэв үү”, “Албан тушаалын хэнээрхэл буюу Эрдэнэтийн эмгэнэл” мэдээ, мэдээлэл 
  • Шилдэг сонин, сэтгүүл: Дундговь аймаг (Дундговийн амьдрал сонин)
  • Шилдэг радио: Дархан-Уул аймаг (Бизнес радио 106.5) Бүтээл: “Рокд би дуртай”, “Залуус”, “Ретро ностальги”, “Ам дамжсан аялгуу” хөгжмийн хөтөлбөрүүдээс гадна “Танд дуулгах сонин” мэдээллийн хөтөлбөр, “Өдрийн зочин” ярилцлагын нэвтрүүлэг,  “Нууц биш нууц” ток шоу нэвтрүүлэг
  • Шилдэг телевиз: Өвөрхангай аймаг  (Хас телевиз)
  • Сайтын шилдэг сэтгүүлч: Х.Эрдэнэбулган (Dornogovipost.mn) Бүтээл: “Хамарын хийдийн орчим энергийн төвд уурхай эрхлэхийг зөвшөөрсөн үү” цуврал сурвалжлагууд, “З.Алтангэрэл: Хэзээ нэгэн цагт Хамарын хийд орны газрыг ухаж төнхөхөөр хүмүүс ирнэ гэдгийг мэдэж байсан” цуврал ярилцлага, “Б.Үлэмжсаруул: Би хүний сайн хүү байх тавилантай биш” ярилцлага”, “Зүүнбаянгийн дурсамж буюу Нефтийн үйлдвэрийн залуус” нийтлэл 
  • Сонин, сэтгүүлийн шилдэг сэтгүүлч: Д.Улаанхүүхэн (Сүхбаатарын өнгө сонин) Телевизийн шилдэг сэтгүүлч: Р.Төмөрчөдөр (Говь-Алтай, Миний нутаг телевиз) Бүтээл: “Алсарч буй өв” цуврал 
  • Телевизийн шилдэг сэтгүүлч: Н.Таванцэцэг (Ховд телевиз) “Сум хөгжүүлэх сангийн суунагласан манан” цуврал нэвтрүүлэг
  • Радиогийн шилдэг сэтгүүлч: Т.Болдбаатар (Говьсүмбэр аймаг) Бүтээл: “Монгол хүү”, “Эрхэмсэг” нийтлэл

ШИЛДЭГ РЕДАКТОР

  • Мэдээллийн сайтын шилдэг редактор: Н.Пунцагболд (ZALUU.COM) “Жинхэнэ ЖДҮ”, “Улсын төсөв арван их наяд бол авлигчдын учруулсан хохирол 11.9 их наяд” цуврал ярилцлага, нийтлэл
  • Сэтгүүлийн шилдэг редактор: Ц.Оюунчимэг (Зиндаа сэтгүүл) Бүтээл: “Эрхэм Зиндаа” ярилцлагын булан 
  • Сонины шилдэг редактор: П.Хашчулуун (Өдрийн сонин)
  • Радиогийн шилдэг редактор: О.Цэнд-Аюуш (MҮОНР) Бүтээл: Халхголын ялалтын 80 жилийн ойд зориулсан радио цуврал нэвтрүүлэг 
  • Телевизийн шилдэг редактор: П.Алтанцэцэг - МҮОНТ Бүтээл:  “Би монгол хүн” нэвтрүүлэг, “ТӨЛ ТАВАН ЭРДЭНЭ” нэвтрүүлэг
  • Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер: С.Насанжаргал (ТВ6 телевиз)

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ

  • Сайтын шилдэг сэтгүүлч: С.Гандөл (24tsag.mn) Бүтээл: “Мона Лизагийн харцнаас тодрох Монгол”, “Бидний сэтгэхүйд ухамсрын шанаа л хэрэгтэй”, “Хүүхдээ үхэл рүү нь түлхдэг хэнэггүй монгол зан” 
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч: Л.Номин-Эрдэнэ (Гранд сэтгүүл)
  • Сонины шилдэг сэтгүүлч:  Ч.Үл-Олдох (Зууны мэдээ сонин) Бүтээл: “Аварга Тосонгоос аврал эрэх хэрэггүй”, “Хөдөө арлыг хөдөөгөөр нь үлдээе”, “Сүхбаатарт харин ч цөөхөн лиценз олгосон гэнэ үү”, “Жанжны нутаг сүйрлийг ирмэгт” сурвалжилга
  • Радиогийн шилдэг сэтгүүлч: Н.Амарсанаа (Гэр бүлийн радио 104.5) Бүтээл: “Хос урлаг” нэвтрүүлэг
  • Телевизийн шилдэг сэтгүүлч: Ч.Доржбат (ТВ5 Телевиз) Бүтээл: “Эрүүгийн хуулиар 7 үхэр, 23 хонь хулгайлахыг зөвшөөрчээ” сурвалжилга 
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч: Намсрайжавын Сүхбат Бүтээл: “Аяллын гэрэл зураг” цуврал 
  • Шилдэг судлаач: МУСГЗ Л.Норовсүрэн Бүтээл: “Хянан найруулах ухаан”, “Иргэний сэтгүүл зүй”, “Телевизийн сэтгүүл зүй”, “Радио сэтгүүл зүй”, “Фото сэтгүүл зүй”, “Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл, зүйл” гэх мэт судалгаа, шинжилгээний үр дүнд 21 боть зохиол хэвлэн гаргасан.

ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА

  • Шилдэг мэдээллийн сайт: (LIVETV.MN)
  • Шилдэг сэтгүүл: ГЭРЭГ сэтгүүл
  • Шилдэг радио: MNB Монголын дуу хоолой 
  • Шилдэг сонин: “Өнөөдөр” сонин                  
  • Шилдэг телевиз: 25 дугаар суваг телевиз