Ц.Ерөө: Авьяас, өгөгдөлтэй хүүхдүүд багшаас суръя, авъя гэснээ л шанагаддаг

Админ
2019/12/09

Эрхэмсэг, нарийн, хүч, бяр, мэдрэмж, шандас шалгадаг хязгааргүй талбар бол сонгодог урлагийн тайз. Энэ тайзан дээр насаараа амьдарна гэдэг гайхамшиг. Заяамал, яс, цуснаасаа төрмөл байхын сацуу хувь тавилангаар оноогддог хүмүүн бол сонгодогийнхон байдаг болов уу. Дуурийн театрын тайзнаас гуч гаруй дүр бүтээж дэлхийд Монголын сонгодог урлагийг таниулсан хоёр гавьяатыг “төрүүлсэн” энэ хатагтайг алтан үеийнхэн андахгүй ээ. МУГЖ, Э. Амартүвшин, Ч.Бадрал нарыг дэлхийн дуурийн урлагт бэлтгэж өгсөн энэ хүн “Миний мундаг ч гэж юу байх вэ. Хүүхдүүдийн минь савны хэмжээ  л тэр шүү дээ. Авьяас, өгөгдөлтэй хүүхдүүд бол багшаас суръя, авъя гэснээ л шанагаддаг” хэмээн ярьж сууна. МУГЖ Ц.Ерөөг бид энэ удаагийн “Хоймор”-тоо урилаа.

-Сайхан өвөлжиж байна уу, та.  Дуурийн эх оронд дуулж яваа шавь нараас нь сураг байна уу. Таны шавь нараас ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Б.Батбаатар МУГЖ болов уу даа. Багшийн эрдэм шавиас гэдэг энэ болов уу?
-Манай Э.Амартүвшин, Ч.Бадрал, Б.Батбаатар нарт нэг ижил зан чанар бий. Мөн ч даруухан залуус. Хэзээ ч бусдын өмнө би, би хэмээн биеэр өвчлөөгүй. “Багш аа би таны шавь болъё” гээд ирж байхдаа ямар залуус байсан, тэр янзаараа. Угтаа бол монголын дуурийн урлагт гялалзаж яваа одууд юм. Дэлхийн дуучид болчихлоо. Энэ л багшийн бахархал юм даа. Хүүхдүүд минь утсаар байнга холбогддог. Энэ сард Э.Амартүвшин дээр очих байсан ч хөл минь   шалтгаангүй гэнэт өвдөөд гишгэхэд бэрх болчихоод явах тухайгаа хойшлуулчихаад сууж байна. 
-Таныг алтан үеийнхэн анддаггүй. Тэр тусмаа таны биеэ авч яваа байдал, хувцаслалт  олон хүнд бахархан дуурайх үзэгдэл болж байсныг сонсож байв. Та одоо ч ануухан сайхан харагдаж байна. Таныг залуудаа гуталдаа тоостой бүү хэл гунхаад алхаж явааг тань алсаас ч болов харах сан гэж залуус мөрөөддөг байсан гэдэг?
-Үеийн үед урлагийнхны биеэ авч явах нь үлгэр жишээ байсан. Тухайн үед манай урлагийнхан Болгар, ЗХУ-д л боловсрол эзэмшдэг байлаа. Тэгэхээр сурсан, явсан газрын соёлоос сурахаас гадна хувцаслалт, хүнтэй харьцах харилцаагаараа үеийнхнээ гайхашруулдаг байсан. Хоорын хүүхнүүд зэрэгцээд алхахад мөн ч сүртэй шүү дээ. Тэр бүү хэл тухайн үеийн урлаг, соёл, улс төрийн томоохон арга хэмжээг хаахдаа манай хоорынхноор дуулуулж арга хэмжээгээ өндөрлүүлдэг байсан. Тийм л гоё бүсгүйчүүд байсан гээд бод. Мөн ажил дээрээ нэг нэгнээсээ суралцана. Тухайн үеийн сайхан бүсгүйчүүдийг их дуурайна. 


-Та бол дуурийн театрын амьд түүх. Гуч гаруй дүр бүтээсний хамгийн оргилд нь Кармен бичигдэх болов уу. Учир нь эмэгтэй хүнд тэр бүр тохиодоггүй хамгийн бүдүүн хоолойтой дуучин. Энэ хоолой ааваас тань удамшсан уу?
-Миний аав их сайхан тослог, бүдүүн хоолойтой хүн байсан. Найз нөхөд нь “Чи лам байсан бол сайхан унзад болох байж” гэцгээдэг байсан. Дуурийн дуулаачийн тухайд эмэгтэй бүдүүн хоолойд хайр сэтгэлийн болон уянгын дүр тэр бүр тохирдоггүй. Ихэвчлэн хар муу санаатай болон чөтгөр шулмын дүр тохироод байдаг юм. Харин Кармен бол дуурийн бүдүүн хоолойгоор дуулдаг эмэгтэй уран бүтээлчдийн хүсэл болсон дүр. Гэхдээ надаас маш их арга, ажиллагаа шаардсан дуулал болсон. Ер нь Кармен дүр шулуун шударга, хурц дайчин, омголон зан байдлыг алхам тутамдаа илэрхийлдэг. Энэ онцлогоосоо болж дуулаачдаас өөрийгөө эвдэх зориг, өөрөөсөө өөр байх оролдлого их шаардана. Манайд анх Карменд тоглосон хүн бол Ч.Мөнхшүр юм шүү дээ. Бүжигчин байсан болохоор жүжиглэлт их сайтай. Д.Баадайжав сайхан дуулдаг ч нуруугаар жаахан намхадсан. Гэхдээ бид гурав сайн дуулсан, сайн ч тоглосон гэж боддог.

Ольгад тоглохын тулд өөрийгөө болон амьдралынхаа хэв маягийг нэлээд эвдсэн гэж боддог. Ер нь том, жижиг аль ч дүрийг гаргах гэж байгаа л бол өөрийгөө болон үзэгчдийг хуурах хэрэггүй. Дүрээ сайн судал, яг бодит Ольга үзэгчдийн өмнө амилчихсан юм шиг ажилла. Ингэж байж сонгодог урлагийн тайзан дээр үнэлэгддэг.

-Ер нь сонгодог урлагийн тайз уран бүтээлчээс олон үзүүлэлт шаарддаг юм шиг санагддаг. Тухайлбал, та сая хэллээ. Баадайжав намхан байсан гэж. Харагдах байдал тун чухал юм шиг?
-Тэгэлгүй яах вэ. Би элсэлт авахдаа шавь нараа сонгохдоо тухайн залуучуудын биеийг шинждэг. Монголчууд хурдан морь шинждэг шиг. Сайн дуучин байгалиасаа өгөгдөлтэй байдаг юм. 
-Та Э.Амартүвшин, Ч.Бадрал, Б.Батбаатар зэрэг шавь нараа ч мөн шинжсэн үү. Хүн танина гэдэг багш хүнд байх ёстой хамгийн том чадвар шиг байгаа юм. Тухайлбал, Э.Амартүвшинг хэрхэн олов?
-Амараа минь Сүхбаатар аймгийн Халзан сумын харъяат. Есдүгээр ангийн жаахан хүү байхдаа Улаанбаатарт зохиогдсон дууны тэмцээнд оролцоод эхний байруудад шалгарч чадаагүй бондгор бор хүү нүдэнд туссан. Ингээд “Чи дуулах дуртай юу” гэж асуусан. Хүү дуртай л гэж байна. “За тэгвэл аравдугаар ангиа төгсчихөөд над руу яриарай. Би чамайг дуучин болгоно” гээд утасны дугаараа өгөөд явуулсан. Гэтэл нэг өдөр миний утас дуугарч байна. “Ерөө гэж хүн мөн үү. Би Амартүвшингийн аав нь юм. Миний хүү мэргэжлээ сонгох болчихлоо. Таныг ярь гэсэн гээд бусад шалгалтаа тоодоггүй ээ” гэж байна. Ингэж л Амараагаа СУИС руу элсүүлж багш шавь болцгоож байлаа. Ер нь сонгодог урлагаар амьдрана гээд шийдчихсэн л бол үзэгчдийнхээ өмнө харуулах өөрийн биеэ бэлдэх хэрэгтэй. Шүд бүрэн байхаас гадна их сайхан өндөр, том биетэй байх хэрэгтэй. Нүүрийн баясгалантай, сайхан инээмсэглэдэг, зан харилцааны хувьд өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Хоёр дүр бүтээчихээд сэхчихдэг биеэ тоочихвол чи хэнд ч хэрэггүй. Тэр тусмаа сонгодог урлагийн тайзан дээр гарах хэрэггүй. Би оюутнууддаа болон шавь нартаа ингэж л хэлж сургадаг. 

-Та хамгийн бүдүүн дуугардаг хоолойн чадалтайгаас гадна дүр дээрээ ажиллахдаа ямар зарчим баримталдаг байв?
-Хөгжимлөг дуулъя, үгээ тод хэлье л гэж бодож дүрээ бэлтгэдэг байлаа. Дуурийн дуучин байх хэцүү. Тийм болохоор амархан дүр, амархан дуулалт гэж байдаггүй. Жишээлбэл, Евгений Онегиний Ольгагийн дүрийг хэлж болно. Ольга чинь их сахилгаггүй эрэгтэй хүүхэд шиг дүр. Татьяна болохоор даруу, ноомой дүр. Тиймээс Ольгад тоглохын тулд өөрийгөө болон амьдралынхаа хэв маягийг нэлээд эвдсэн гэж боддог. Ер нь том, жижиг аль ч дүрийг гаргах гэж байгаа л бол өөрийгөө болон үзэгчдийг хуурах хэрэггүй. Дүрээ сайн судал, яг бодит Ольга үзэгчдийн өмнө амилчихсан юм шиг ажилла. Ингэж байж сонгодог урлагийн тайзан дээр үнэлэгддэг. 
-Дуурийн урлагийн тайзнаас гэрэлтэх бас нэгэн боломж нь дүр төрх гэлээ. Эцэг эхээс заяасан төрх чухал ч тайзны хувцас, нүүр будалт, найруулагч, бусад уран бүтээлчдийн нэгдэл, дэмжлэг чухал байх. Таныг Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж гуай л гэрэлттэл буддаг байсан гэж сонссон юм байна?
-Пүүжээгээрээ будуулчихаад гарахад заримдаа би өөрийгөө танихгүй болдог байлаа. Д.Жаргалсайхан, Ц.Пүрэвдорж гуай хоёр өөрсдөө их чадварлаг зураачид байсан. Тиймээс тоглолтынхоо өмнө бүх дүрүүдээ зурна. Тэр зургийнхаа дагуу жүжигчдийнхээ хувцсыг хийлгэж, хамар нүдийг янзалдаг байлаа. Мөн манай Жамъяанжав дуулахаас гадна сайн жүжигчин. Дүр бүхэндээ шинэ гайхамшигтай үзэгдэл гаргаж төгс амилуулж чаддаг байсан. Эмэгтэйчүүдээс манай Ж.Уртнасан шиг гайхалтай биеэ авч явдаг хүн ховор шүү дээ. Тухайлбал, махлаг байсан ч Уртаа маань тайзан дээр нарийхан, өндөр сайхан харагдаж чаддаг хүн. Маш сайхан хувцаслана. Үс гэзгээ маш сайхан гоёно. Энэ бүхэн тайзны том соёл юм. Гэтэл одоо манай уран бүтээлчид ерөөсөө будахгүй юм. Будна гэж илээд өнгөрдөг болж. Д.Жаргалсайхан гуай гэхэд л жигтэйхэн том давхраатай болчихсон байна. Заримдаа танигдахын аргагүй жартгар нүдтэй болчихсон явна. Нүүр хувиргалтын мастерууд байлаа. 
-Таныг Дуурийн театрын анхдагчийн нэг гэж хэлж болно биз дээ. Энэ театрын босгоор алхаж байсан анхны өдрөө дурсаач? 
-Хөгжим бүжгийн коллежид анх ассистент багшаар ажилд орж байлаа. Нэг өдөр МУГЖ А.Найдалмаа “Чамайг театрт аваачиж үзүүлнэ” гээд Драгомескийн “Лусын дагина” дуурийг тавих гэж байсан цаг хугацаатай давхацдаг юм. Монголын анхны есөн  сафроны нэг дуучин М.Дариймаа тус дуурьт дуулах байсан ч бие давхар учраас оронд нь дуулах хүн хэрэгтэй байж л дээ. Дуучин хайж байгааг А.Найдалмаа мэдчихээд намайг дагуулаад дуурь дээр очиж байгаа юм. Ингэж өөрөө ч мэдэлгүй очиж шалгуулаад тэнцэж байлаа. Тухайн үед 18 настай жаахан охин Дуурийн театрын босгоор алхаж байлаа. Лусын дагина дуурийн вангийн хатны дүрд, Г.Хайдав багш Ван буюу миний дурлалт залуугийн дүрд тоглосон. Анх тайзан дээр хөтөлж гарсан найруулагч маань  УГЗ Д.Лхасүрэн Балтын дүрд тоглодог. Мөн АЖ Э.Оюун гэх мэт томчууд дунд орж ёстой л алган дээр нь эрхэлсэн.  Миний хувьд 1968 оноос 1993 он хүртэл тасралтгүй 25-н жил дуурийн театрт гоцлол дуучнаар ажилласан. АЖ Д.Жаргалсайхан миний анхны багш. Жагаа багш сүүлд намайг Г.Хайдав багшад хүлээлгэж өгөөд өөрөө гадагшаа суралцахаар явж байлаа. Ингэж л алтан үеийнхний дунд алхаж орсон түүхтэй. 
-Таны аавыг урлагийнхан “Маршийн хаан” хэмээн өргөмжилдөг. МУУГЗ Цэрэнпил цэргийн хөгжимд амьдралынхаа ихэнх он жилүүдийг өнгөрөөсөн.  Үлээвэр хөгжимд зүрх сэтгэлээ зориулсан. 100 гаруй марш бичсэн хүн гэж уншсан юм байна. Тэгэхээр хөгжим хангинаж уран бүтээлчид цугласан танай гэрийн уур амьсгал, аавын тань найз нөхдийн яриа таныг урлагийн хүн болоход нэлээд нөлөөлсөн байх?
-Аавыг минь Н.Жанцанноров нэг удаа ингэж хэлсэн байсан шүү. Яах аргагүй үнэн. Миний аав эд залуудаа бурхандаа мордсон ч Монголын зэвсэгт хүчин аавын минь зохиосон маршийн аянд алхаж, сэрж, жагсч байна. Зарим өглөө унтаж байхад яг гэрийн цонхны доор аавын марш дуугарч эхлэхээр нь зүүдэлж байна уу гэж сэрдэг. Цонхоор харахаар цэргүүд жагсчихсан хөл тавиад ямар нэг баярын үйл явдалд бэлтгэж байдаг юм. Намайг урлагийн хүн болоход аавын минь нөлөө хамгийн их байсан. Манай гэрээр тухайн үеийн мундагууд бүгд ирдэг. Зарим нь их олон сараар амьдардаг байлаа. Миний хүүхэд нас үлээвэр найрал хөгжимтэй цэргүүдийн дунд өнгөрсөн.
-Таны ээж их даруу хүн байв уу. Ээжийнхээ тухай дурсаач?
-Миний ээж Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат хүн. 16 настайдаа хотод ирж ажиллаж байгаад аавтай минь танилцсан юм билээ. Төмөр замын цэцэрлэгийн эрхлэгчээр олон жил ажилласан. Миний аав бол урлаг, уран бүтээлч нөхдийнхөө дунд гүйсээр ахуйн ажлаас хөндийхөн явсан хүн. Ээжид цалингаа хураалгана. Ээж гэр орны ажлаа цэгцлэхээс гадна намайг, манай дөрвөн хүүхдийг хүн болгосон. Аав нэлээд хүнд өвдөж. Өвдсөн хүн нутгаа илүүтэй санаад ээжийг аваад, гэр орноо ачаалаад нутаг руугаа явсан байгаа юм. Тухайн үед би төрөөгүй. Аав ээж хоёр минь ханилаад олон жил болсон ч хүүхэд олдохгүй зовж л дээ. Ингээд Ерөөгийн сангийн аж ахуйд умгархан байшинд тохижоод амьдарч. Гэтэл би олдож бөөн баяр болцгоосон гэж ярьдаг.  Ээж минь амьдралын их ухаантай хүн байсан. Гэхдээ аавыг бурхан болсноос хойш тулах, түших ханьгүй сэтгэлээр унасан. 
-Сонгодог урлаг ч гэлтгүй, урлагийн зам эрэгтэй хүнд илүү ээлтэй байна уу гэж хардаг. Манай залуус дэлхийд нэрээ дуудуулаад эмэгтэйчүүд чимээгүй болохоор тэгж бодоод байна. Үүнд таны бодол? 
-Урлаг хатуу. Үнэхээр урлагийн амьдрал сонгочихсон бүсгүйтэй гэр бүл болохоор сонгож байгаа л бол бүх талаар нь ойлгох хэрэгтэй. Би дөрвөн хүүхдийн ээж. Хорь хүрээгүй жаахан охин байхдаа ханьтайгаа учирч байсан. Хөдөө гадаа их явна. Юм л бол тоглолт гээд л алга болчихно. Тэр үед миний ээж л дөрвөн хүүхдийг минь өсгөж өгсөн. Ааваас хойш 19 жил миний ээж надад хань болж, дөрвөн хүүхдэд минь ухаан суулгасан юм шүү. Ээжийн минь ухаанаар миний хүүхдүүд одоо сайн сайхан амьдралтай явна гэж би боддог юм. Би хүүхдүүдийнхээ эцэг эхийн хуралд сууж үзээгүй хүн шүү дээ. Миний ээж л хүүхдүүдийн минь сургууль, соёл гээд л хамаг л зүйлийг нь хийдэг байсан. Би ийм л сайхан ээжтэй хүн. Миний сонгосон мэргэжил, уран бүтээлийн цаг наргүй байдлыг ханилсан хань минь ойлгоогүй дээ. Хувийн амьдралын үл ойлголцол зэргээс шалтгаалаад урлаг эмэгтэйчүүдэд арай илүү хатуурхдаг байж мэднэ. Гэхдээ бүгд хань ижлээ ойлгодоггүй гэсэн явцуурхал биш. Маш сайн ар тал нь болоод амжилтыг нь бататгаж байгаа хань нөхөр олон бий. 
-Та бол Болгарт боловсрол эзэмшсэн. Таниас гадна Б.Жамъяанжав, Б.Уртнасан, А.Бүтэд, Б.Жаргалсайхан гээд алтан үеийнхэн суралцсан байдаг юм билээ?
-Аав минь баян хуур, лимбийг жаахан байхад минь зааж өгсөн. Долдугаар ангиа төгсөөд Москва хот уруу төгөлдөр хуурын ангид явж байсан юм. Гэтэл бидний боловсрол нимгэн байсан болохоор хоорын удирдаачийн ангид орж сураад төгссөн. Хүүхдүүдийн минь аав намайг 31 настай байхад дөрвөн хүүхэдтэй минь үлдээгээд явж байлаа. Яг тэр хэцүү цаг үедээ Болгар руу явж суралцаж байлаа. 
-Шавь нар нь дэлхийд үнэлэгдчихээд байхад багш нь СТА цол тэмдгээс өөр зүйлгүй явж байна гэж саяхны хэвлэлүүд бичдэг байсан. МУГЖ цол нэлээд орой таны энгэрт гялалзсан гэж боддог уу?
-2014 онд Д.Сосорбарам Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх байхдаа надад өгсөн юм. Үүнийг би хаана ч хэлдэг. Үнэн юм чинь. СУИС, Хөгжим бүжгийн коллеж, ДБЭТ гээд намайг гавьяатад тодорхойлоогүй газар байхгүй. Гэтэл өгдөггүй ээ. Шагнал авах гэсэн юм гээд гуйгаад явах биш. Одоогоос таван жилийн өмнө Со ярьж байна. Ерөө эгч та 9-ний өглөө 10 цагт Төрийн ордны гадна хүрээд ирээрэй гээд утсаа тасалчихлаа. Би чинь сургууль дээр элсэлтийн шалгалтад сууж байсан үе. Долдугаар сарын 1-ний өглөө юм. Ингээд 9-ний өглөө очтол МУГЖ цолоор шагнаж байна гээд Ерөнхийлөгчөөс гардаж байгаа юм. 
-Таны дөрвөн хүүхэд ямар ямар ажил эрхэлж байна вэ. Урлагийн хүн бий юү?
-Том хүү МИАТ компанид ажилладаг. Дунд охин шаазан ваарны мэргэжлээр гадаадад суралцсан. Дунд хүү маань ДБЭТ-т хормейстер. Бага охин СУИС-д багшилдаг. 
-Та шавь нарынхаа ээж нь юм шиг л байх юм. Энэ хугацаанд хэд хэдэн шавь руугаа ярьж асуудлыг нь цэгцэлж хаана явааг нь сураглах юм. Миний хүү, миний охин гээд л?
-Би шавь нар аа миний хүүхэд гэж боддог. Шавь нарыгаа томоохон тэмцээнд явуулах гэж зардлын мөнгө хайна, хүнээс гуйна. Ахуй амьдралд нь хэрэгтэй гэж үзвэл хаа байсан газраас шавийнхаа байгаа газар руу яваад л очно шүү дээ. Багш гэхээр хичээл заагаад л болчихдог хүн биш. Хүүхдүүдтэйгээ хэр ойр ажиллаж сэтгэл зүрхийг нь мэдэрч чадна  тэр хэрээр хүүхдүүдээ ойлгодог. Чи бодоод үз дээ. Дөнгөж аравдугаар ангиа төгсөөд их сургуульд орно гээд их хотын газар ирнэ гэдэг хэцүү. Ах дүү, хамаатан садангүй хөдөөгийн хүүхдэд бол бүр хэцүү. Ганцаардана, гэрээ санана, өлсөж цангана, автобус унааны мөнгөгүй гээд хаа байсан газар руу алхана гээд. Тэгэхээр хүүхдүүддээ эхийн сэтгэлээр хандах хэрэгтэй. Тэгж байж замыг нь зааж чадна. Урлагийн хүн ямар байх ёстойг мэдэх нь бүү хэл юу дуулж, яаж ажиллаж амьдрахаа мэдэхгүй хүүхдүүдэд ном заахаас гадна хүн болгох, хүмүүжүүлэх хэрэгтэй. Эрэгтэй хүүхдүүдийг нь тамхи архи гэх мэт зүйлээс  хол байлгах, зохисон зохиогүй  хувцаслахад нь хэлж залуурдах, зарим үед өлсөж цангасанд нь хоол авч өгнө гээд багшаас гарч болох бүхий л аргаар эдэнтэйгээ харилцана даа. Нэг удаа хөршөөсөө хүртэл мөнгө зээлж уралдаанд явах гэж байсан шавьдаа өгөөд зардлыг нь бүтээж л явлаа. 
-Та дууриас гадна хэд хэдэн богино дуу дуулсны нэг нь “Баянбулагийнхан” киноны дуу. Дуу төрсөн түүх нь ч их сонин юм билээ. Төрийн соёрхолт Г.Бирваа гуай таны аавын сайн найз байсны хэрэг гарсан юм болов уу?
-Тухайн үед Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Г.Бирваа гуай манайд их ирнэ. Ээжийн минь гарын хоол, цайг идэж уугаад манайд хоёр сар амьдарч байсан түүх бий. Г.Бирваа гуай цэргийн хөгжмөөр холбогдож яваад миний аавтай дотно найз болсон юм билээ. Энэ хугацаандаа аавтай үргэлж уран бүтээл ярина. Төгөлдөр хуур дээр ая дарна. Ингэвэл яасан юм, тэгвэл гоё байна гэх мэтээр бүтээл л ярьцгаадаг байлаа. Г.Бирваа ах хоёр сар манайд амьдарч байхдаа намайг Хүүхэлдэйн театр руу их дагуулж явна. Тэнд хөгжмийн багшаар ажилладаг байсан л даа. Гараас нь хөтөлж өссөн болохоор ч тэр юм уу Г.Бирваа ахын ихэнх дууг би дуулсан. Дуу бичихээрээ л “Энэ дууг Ерөө дуулна” гэдэгсэн. Г.Бирваа ах маань сүүлд нь филармонид удирдаач байлаа. Хөгжмийн зохиолчдын холбооны дарга гээд л олон ажил хийсэн. Их олон киноны хөгжим, симфони найрал хөгжим, нийтийн дуу, дуурь бичсэн авьяастан байлаа. Г.Бирваа ер нь аливаа юмны дээр, толгойд байх өндөр заяатай хүн шүү гэж аав хэлдэг байлаа. Одоо санахад, аав удам судрыг нь сайн мэддэг байсан учраас найз нөхөд ч гэлээ дээш нь залдаг, хүндэтгэдэг байжээ.