Сайжруулсан түлш борлуулах зарим цэгт хомсдол үүсжээ

Админ
2019/12/10

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатарын утаа ихэссэн нь иргэд түүхий нүүрс хэрэглэснээс болсон байж болзошгүй хэмээн хардаж буй. Хэрэв тийм бол энэ нь сайжруулсан түлшний хүрэлцээтэй холбоотой байж мэдэх. Түүнчлэн хэрэглээнд нэвтэрсэн цагаасаа хойш асуудал дагуулсаар буй шахмал түлш иргэдийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа талаар нэлээд яригдах болов. Тэгвэл өдгөө сайжруулсан шахмал түлш борлуулах зарим цэгт хомсдол үүсжээ. Иймд бодит байдал ямар байгааг сурвалжлахаар Баянзүрх, Чингэлтэй дүүрэг дэх Сайжруулсан түлш борлуулах цэгийг зорилоо.

Чингэлтэй дүүргийн XIII хороо, “Гялгар” захын хойно байрлах борлуулалтын цэгт өчигдөр 13.00 цагийн үед очиход найман тонн түлшийг түгээлтийн машинаас буулгаж байв. Ногоон тааран шуудайтай модноос өөр харагдах зүйл үгүй эл хуль, хоосон энэ газарт шахмал түлш борлуулах цэгийн эзэн нь алга байв. Ажилчид нь яриа өгөх боломжгүй гэсэн тул түүнтэй утсаар холбогдон, сайжруулсан түлшний хүрэлцээний талаар хэд хэдэн зүйлийг асуулаа. Тэрбээр нэрээ нууцлахыг хүсээд “Өдөрт 8-10 тонн шахмал түлш ирж байгаа. Хүрэлцээ муу, эрэлт ихтэй байна. Ойрын хэдэн өдөр хангамж муу байгаа. Өчигдөр захиалсан түлш өнөөдөр ирлээ. Хол газраас шахмал түлш авдаг иргэд портер машин түрээсэлдэг. Хөлсөнд нь 10-20 мянган төгрөг өгдөг учир нэг удаа ирж түлш авахдаа зургаагаас илүүг авмаар байна гэдэг. Хувийн машинтай хүнд ийм асуудал гарахгүй. Машингүй хүнд зургаахан шуудай түлшний төлөө 10, 20 мянган төгрөг өгмөөргүй байдаг байх” гэв. Уг цэгийн хойно байрлах “Гялгар” захад борлуулалтын цэг байсныг тээвэрлэлтийнх болгож байгаа гэнэ. Биднийг очиход “Тавантолгой түлш” компанийн борлуулалт хариуцсан нярав шахмал түлш жинлэж байв. Чухам яагаад тээвэрлэлтийн цэг болгож буй талаар асуухад “Үйлдвэрээс борлуулалтын цэгүүд рүү түлш  тээвэрлэхэд олон цаг зарцуулдаг. Хугацааг хэмнэж, хэрэглэгчдэд ойр, дөхөм болгох үүднээс тээвэрлэлтийн цэг болгож байна. Нэг өдөрт шахмал түлш борлуулах долоон цэгт тус бүр таван тонн нүүрс хуваарилдаг” гэв. Мөн “Долоо хоногийн өмнө гэнэтийн асуудлаас болж нэг хоног тээвэрлэлт хийгээгүй. Үүнээс болоод шахмал түлшний хомсдол үүссэн” хэмээн ярилаа. Ийн ярилцаж байх хооронд “Түлш байгаа юм уу” гэж асуух хэд хэдэн иргэн гар хоосон буцав. “Долоон хоногт зургаан шуудай  түлш хүрэлцэхгүй байна. Ес эхлэхээр шахмал түлшний хэрэглээ улам бүр нэмэгдэнэ. Тэр үед яах болж байна” хэмээх хүмүүс цөөнгүй байв.

Ж.БӨХБОЛД: ОРОЙ, ҮДЭШ ТЭРЭГ ТҮРСЭН ХҮМҮҮС ИРЭЭД ХООСОН БУЦДАГ

Баянзүрх дүүргийн XXI хороо 2860 өрх, 10826 хүн амтай. Тэдний дунд шахмал түлш борлуулах жижиглэнгийн цэгийг эс тооцвол ганцхан л борлуулалтын цэг байдаг. Тэр нь Бага Дарь эхийн 12-1403/2 тоот буюу 155 дугаар түгээлтийн цэг. Биднийг очиход хоёр, гурван иргэн түлш авахаар зогсож байв. “Картаа мартсан тул гэрээс хүн авч ирэхийг нь хүлээж байна” гэх иргэн бол тус хорооны оршин суугч Г.Бямбасүрэн. Тэрбээр “Шахмал түлш эрэлт өндөртэй байна. Долоон хоногт зургаан шуудай түлш яагаад ч хүрэхгүй байна. Сая би таван шуудайг авлаа. Энэ дөрвөн хоногийн л хэрэглээ. Одоо ганцхан шуудай авах эрх үлдсэн. Нэг шуудайгаар гурав, дөрөв хонохгүй нь лавтай. Түлш дуусахаар, ирэх даваа гараг хүртэл юугаар галлах болж байна. Өмнө нь хоёр тонн түүхий нүүрсийг 150-160 мянгаар авдаг байсан. Сайжруулсан түлш нэг тонн нь 150 мянган төгрөг. Ийм үнэтэй хэрнээ хүрэлцээ муу” хэмээн ярилаа. Харин тус цэгийн борлуулагч Ж.Бөхболд “Зарим өдрүүдэд шахмал түлш  ирдэггүй. Өглөө түлш ирээд савлаж байх хооронд 17.00-18.00 цагийн үед хүмүүс аваад дуусчихдаг. Найман тонн түлшнээс нэг тонн хог гардаг учир өдөртөө долоон тонныг л зарж байна. Орой, үдэш тэрэг түрсэн хүмүүс ирээд хоосон буцдаг. Түлш нь байхгүй болохоор би өөр юугаа өгөх билээ. Хаа, хаанаа л асуудалтай байна. Нэг тонн түлш 30 гаруй шуудай болдог. Манай хороо олон айлтай учир эрэлт маш их. Болдог бол ахиухан түлш авмаар байна” гэлээ. 
Чингэлтэй дүүргийн XII хороо, Булгийн 1-24А тоот буюу “Нарантуул-2” захын баруун талд байрлах борлуулалтын цэгт очиход сайжруулсан шахмал түлш ирээгүй байв. Энэ үед 15.00 цаг болж байсан юм. Биднийг очиход шахмал түлш сураглан ирсэн эмэгтэй мөн л гар хоосон буцахаар болов. Чингэлтэй дүүргийн X хорооны оршин суугч Б.Нямдаваагаас сайжруулсан түлшний хүрэлцээний талаар асуухад “Нэг шуудай нүүрс өдөртөө дуусдаг. Шөнөдөө бараг хоёрыг хэрэглэж байна. Ес эхлээгүй байхад зургаан шуудай хүрэлцэхгүй байна. Эхлэхээр нь яах юм бүү мэд. Түлшний норм дуусахад модоор л гал залгаж байна. Одоо мод үнэтэй болсон. Өнгөрсөн жил мод 3000-3500 төгрөг байсан бол одоо 4500-5000 төгрөг гэж байна. Өчигдөр түлш хайгаад олоогүй. Орой  нь хүйтэн хоносон. Өглөөнөөс хойш хайгаад л яваад байна. Болохгүй бол мод түлнэ дээ. Хоёр шуудай мод гэхэд л 10 мянган төгрөг шүү дээ. Өнгөрсөн жил ийм байгаагүй. Ер нь түүхий нүүрс хэрэглэдэг байхад элбэг, дэлбэг сайхан байсан” хэмээв.