Коёда сан: Уламжлалт ахуй, үндэсний соёлд түшиглэсэн мэргэжлийн боловсрол Монголын хөгжлийн түлхүүр

Админ
2020/01/31

Ахмад багш Коёда сан Монгол оронд мэргэжлийн боловсролыг хөгжүүлэх талаар Японы Засгийн газрын төсөл хэрэгжүүлж хөдөө орон нутгаар явж, манай бараг бүх аймаг, сумын сургуулийн амьдрал, орчин нөхцөлтэй танилцсан хүн. Эдүгээ нас өндөр болсон хэдий ч Саппора мужийн Нагионо аймагтаа ажиллаж, Монголын мэргэжлийн боловсролын хөгжилд чадах ядахаараа тус дэм болохыг хичээж явна. Монголын боловсролын тогтолцоог улам бүр төлөвшүүлэх талаар боловсролын удирдах ажилтан, судлаач шинжээч тавь гаруй хүнтэй ярилцлага хийж япон хэлнээ эмхэтгэн хэвлүүлсэн бол одоо түүнийгээ улам баяжуулан монгол хэл дээр ном болгохоор ажиллаж байна. Герман улс хоёр хуваагдаж байсан үед аль алинд нь ажиллаж, хожмоо нэгдмэл улс болсон үед нь мөн очиж байсных нь хувьд энэ хүнтэй харьцуулсан боловсрол судлалын асуудлаар доктор, профессор С. Төмөр-Очирын ярилцсаныг хүргэе. 

С. Төмөр-Очир: -Та удам дамжсан багш хүн, өөрийн товч намтар, хүүхэд ахуй нас, тэр үеийн Японы сургуулийн талаар ярьж өгнө үү. Энэ нь сурган хүмүүжүүлэх ухаанд томоохон байр эзэлдэг сургууль судлалын асуудалд чухал ач холбогдолтой нь эргэлзээгүй?
Коёда сан: -Миний аав газар зүйн багш мэргэжилтэй. Өвөө маань нэг га газартай тариачин хүн байв. Би багаасаа тариан талбайд ажиллаж байлаа. Багаасаа ийнхүү суралцахын зэрэгцээ ажил хийж, гэр орныхондоо тусалж байсан минь миний хөгжил төлөвшилд шууд нөлөөлсөн гэж боддог. Би 1938 онд төрсөн, дайны дараа улс оронд өлсгөлөн нүүрэлсэн хүнд хэцүү үе байлаа. Яг энэ үед, ийм бага байхдаа би сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн дарга байсан. Нагиона аймгийн ард иргэд “Хүүхдийн банк” байгуулаад өөрт байгаа өнгөтэй өөдтэй гэсэн зүйлээ хуримтлуулан цуглуулж тэр банканд өгдөг байлаа. Хүүхдүүд ч гэсэн чадах ядахаараа энд тэнд жаал зугаа ажил хийж, олсон хэд гурван мөнгөө хуримтлалд өгч байв. “Хүүхдийн банк”-ны дарга байсны хувьд би олон нийтийн ажилд их анхаарч, бүгдээрээ сургууль даяараа нийгэмшихийн төлөө их анхаарцгааж байлаа. Ахлах сургуульд ороод бас л чамгүй том алба хашиж байлаа. Энэ нь сургуулийн номын сангийн баяжилт хариуцах ажил байв. Японд сургуулийн номын санд ямар ном авч баяжуулахыг сурагчид шийдвэрлэдэг. Ангийнхаа хүүхдүүдтэй нийлээд номын дэлгүүрээс ямар ном авахыг шийдвэрлэнэ. Багш нар ямар ном авахыг санал болгодог байсан. Энэ нь дайны дараах Японы боловсролын тогтолцоонд байсан, хүүхдүүдэд эрх олгож, хариуцлага үүрүүлсэн чухал ажил байж дээ. Тэр үеэс хүүхэд төвтэй ажлууд өрнөж эхэлсний жишээ юм.
С.Төмөр–Очир: -Боловсролын тогтолцоонд өчүүхэн төдий өөрчлөлт орох нь том үр дагавар дагуулдаг. Манайд бол боловсролын асуудал шинэ Засгийн газар, боловсролын сайд солигдох бүрт өөрчлөгдөөд нэг л тогтворгүй байх боллоо. Энэ талаар та ахмад сурган хүмүүжүүлэгч хүний хувьд санал бодлоо хэлнэ үү?
Коёда сан: -Би өөрийнхөө жишээн дээр хэдэн зүйл хэлье. Бага ангидаа Нагионо аймагтаа сурч байгаад дунд ангидаа Шиншугийн их сургуулийн лицейд орсон. Нөгөө соёлын шоконд орно гэдэг болсон. Энд дандаа боломжтой, чинээлэг  айлын хүүхдүүд суралцдаг, хангамж сайтай. Нөгөөтэйгүүр, бага ангиас дунд ангид орж орчин нөхцөл  өөрчлөгдсөнтэй холбоотой. Бага ангидаа хөгжилтэй, нийгмийн ажилд илүү их оролцож, хошуучлан санаачилдаг байсан бол дунд ангид ороод дан ганц хичээлээ хийдэг болсон. Учир нь сурагчдыг зөвхөн дүнгээр жагсаадаг журам хэрэгжиж эхэлсэн юм. Дүнгийн хойноос хөөцөлдөх нь тэр үеийн амин гол асуудал. Үе үе явцын шалгалт авч дүнгээр  жагсаадаг байсан. Тэгэхээр дээгүүр байр эзлэхийн тулд хичээлээ л хийгээд, нийгэмших үйл явц алдагдсан. Эргээд санахад “Тэр үед өөрийгөө балласан даа” гэж бодохуйц хэмжээнд хүртэл нийгмийн олон талт ажилд оролцохоо больж, дан ганц хичээл хийсэн. Өөрөөр хэлбэл, би дунд сургуульд орохоосоо өмнө, байгальтай, хүнтэй, нийгэмтэй харилцаж өсөж, торниж байгаад гэнэт сурлагаар байр эзлүүлдэг сургуульд ороод хүн гэдэг утгаараа эвдэрсэн гэж хэлж болно.
С. Төмөр–Очир: -Ахлах сургууль төгсөөд цаашид мэргэжлээ сонгох асуудал хэрхэн яаж шийдэгдэв. Ер нь Японд мэргэжил олгох явдал ямар онцлогтой байдаг вэ. Мэргэжил сонгоход нөлөөлдөг гол хүчин зүйл, онцлогийн талаар сонирхмоор байна?
Коёда сан: -Ямар ч байсан ангидаа нэгд биш юм аа гэхэд хоёр юм уу, гуравт жагсдаг болов. Тэгж яваад ахлах сургуульд ороод буцаад нийгэмших буюу хүн хоорондын харилцааны ур чадвар гүнзгий олж авах тал дээрээ сайжирсан гэж боддог. Манай ахлах сургууль 12 жилийн тогтолцоотой. 11 дүгээр анги хүртлээ ирээдүйд ямар мэргэжил сонгохоо төсөөлөөгүй байв. Тэр жил манай сургуулийнхан Токио хот руу аялалд явлаа. Аялалын төгсгөлд Токиогийн их сургуульд зочилсон нь надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн юм. Профессор  Namabara  Shigeru гуайн яриаг сонсоод улам бүр сэтгэл догдолж байлаа. Гэхдээ би эмч болж чадаагүй, багш болсон юм. Багш нарын үлгэр дуурайл, хүүхдийн өөрийнх нь хүсэл сонирхол мэргэжил сонгоход чухал болохоос биш, гадны тулгалт шаардлага тусгүй гэдгийг амьдрал харуулсаар байна.
Оюутан байхдаа оюутны хөдөлгөөнд идэвхтэй оролцож байлаа. Тэр үед Америк, Японы аюулгүй байдлын гэрээ байгуулах асуудлаар ширүүн тэмцэл болж  байсан бөгөөд би уг гэрээг баталж болохгүй гэсэн байр суурьтайгаар оюутны хөдөлгөөнд оролцож байв. Сургуулиа төгсөөд  Aumory мужид багш нарын боловсролын хүрээлэнгийн захирлаар ажилласан.
С.Төмөр-Очир: -Таны судалгааны ажил сонирхол татаж байна. Ид хүйтэн дайны үед Японд марксизм, ленинизмийг шүүмжлэлтэй талаас нь бус, шинжлэх ухааны талаас нь судалж эхэлсэн нь сонирхол татахгүй байхын аргагүй. Үзэл суртлын тээг, янз бүрийн цензур тавьдаггүй байсан юм уу?
Коёда сан: -Боловсролын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхад Хоккойда их сургуулийн Боловсролын сургуулиас багшлах урилга, хүсэлт хоёр удаа ирсний дараа би тэнд очиж ажилласан. Тэр үед би 30 настай байлаа. Ингээд “Зүүн Германы 1945-1955 оны үеийн хагас фашизм, хагас социализмын үеийн тогтолцоо” сэдвийг сонгон судлах болсон. Марксизм, ленинизмийн зохиол бүтээлүүдийг хангалттай судаллаа. В.И.Ленинийг жинхэнэ чөлөөт сэтгэлгээтэй хүн байсан гэж боддог. Түүний зохиолуудыг уншаад ингэж мэдэрсэн. Ленинийг судалж байгаад 1989-1990 онтой золгосон. Хоёр Германыг нэгдэхээс өмнөхөн 1982-1983 онд Зүүн Германы Карл Маркс (Karle Marx) их сургуульд суралцсан. Тэр үед судалгааны эх сурвалжуудыг олж үзэхэд бэрхшээлтэй, бодит материалуудыг хав дараад нуудаг байсан, хүмүүсээс юм асууж ярилцлага хийх гэхэд хэлж өгдөг хүн байдаггүй байв. Иймэрхүү сонин үзэгдлийг би биеэрээ туулсан. Сүүлд нь хоёр Герман нэгдсэнээр миний хийж байсан судалгааны ажил урагшлахгүй болсон. Бүх нийтийн боловсрол эрх ашгийг хангахгүй бол улс төр нуран унах юм байна гэдгийг би ойлгосон. Зүүн Германы хууль дүрэм, бодлого журмыг судлахаар зөвхөн дээрээсээ доошоо чиглэсэн, олон нийтийн эрх ашгийг хамгаалсан зүйл харагдахгүй байсан. Тийм учраас би одоо ч гэсэн Лениний сургаалыг хүндэтгэж явдаг. Энэ сургаал бол бол СССР-ыг байгуулсан социалист гүрэн биш л дээ. Энэ бол Лениний хүсэж байсан улс биш гэж боддог. Европын орнуудын эртний түүхийг судлахаар ерөөсөө ганцхан К.Маркс хэлсэн биш, өнө эртнээсээ л тийм нийгмийг бүтээх гэж хүн төрөлхтөн мөрөөдөж байжээ гэдэг нь ойлгогддог.
С.Төмөр-Очир: -Бидний санал нийлдэг юм байна. Зах зээлийн эдийн засагт шилжээд тэр үеийн бүх юмыг хэрэггүй гэж хаясан. Хэт үзэл сурталжаад К.Марксын зохиолыг уншихаа больсон. Мөн В.И.Лениний зохиолыг ч уншихаа больсон. Тэднийг дайсан гэж үздэг болсон. Одоо хэрвээ Ленин, Маркс байсан бол бидний ярьж байсан бүхнийг эсрэгээр нь хийчихжээ, харин тэр Скандиновын орнууд нэлээд дөхүүлсэн байна гэж хэлэх байсан байх.
Коёда сан: -Яах аргагүй үнэн. Би бас тэр орноор аялж байхдаа мэдэрсэн. Аялаад үнэхээр биширсэн.

С. Төмөр-Очир: -Монголд ажиллахаар ирсэн анхны сэтгэгдлээсээ хуваалцана уу?
Коёда сан: -За ингээд 2002 он боллоо. Тэтгэвэртээ суулаа. Ажлаа хүлээлгэж өглөө. Гэтэл Японы Соёлын яамнаас Монгол руу явж ажиллана уу гэсэн санал ирсэн. Монголын талаар би сайн мэдэхгүй, яаж очих юм бэ, тэгээд ч би Германд амьдарсан, дараа нь Солонгос, Америкийн боловсролын тогтолцоог нэлээн судалсан, өөр улс орноор яваагүй учраас жаахан айдас төрсөн ч бас сонирхол татагдсан. Гэртээ хариад ногооны талбайдаа хэвтэж байсан чинь нэг их сайхан хөх тэнгэр, “Монгол ийм хөх тэнгэртэй гэсэн, яагаад ийм сайхан хөх тэнгэрээр холбогдсон юм чинь очиж болохгүй гэж” гэж бодоод Соёлын яам руугаа утасдан “Монголд очиж ажиллая” гэж хэлсэн. Бас нэг бодсон юм бол Азийн нэг улс, бас социалист байсан юм чинь Германаас юугаараа ялгаатай байх нь вэ гэдэг нь сонирхолтой санагдаад зөвшөөрсөн. Монголд очоод хамгийн түрүүнд гадаадын донор орнуудын бичиг баримтуудыг судалж эхэлсэн. Ерөнхийдөө хүмүүстэй ярилцаж байхад Олон улсын валютын сан, өөр бусад донорууд социализмыг шүүмжлэхийн хамт Монголын уламжлалт ахуйг хамтад нь унагасан. Уламжлалт соёлоо үгүйсгэж эхэлсэн нь их том алдаа гэж мэдрэгдэж байсан. Социализмын үед байгуулагдсан нэгдэл, сангийн аж ахуй, фермүүд эзэнгүйдэж, том үйлдвэрүүд балгас болон сүйтгэгдсэн нь, өмч эзэндээ очоогүй нь харамсалтай явдал шүү. Малыг үнэгүй хувьчилсныг зөвтгөх аргагүй. Боловсролын яаманд ажиллаж байхад миний хамгийн их санаа зовж байсан зүйл бол мэргэжлийн боловсрол, тэр дундаа техникийн инженерийн боловсролын асуудал байсан. Ашигт малтмалаа эцсийн бүтээгдэхүүн болгож нэмүү өртөг шингээж зардаг болгох зорилтыг мэргэжлийн боловсролын салбар шийдвэрлэх боломжтой. Монголоос буцахдаа миний гүйцэтгэсэн эхний ажил нь төсөл, дараагийнх нь мэргэжлийн боловсролын чанартай сургууль (Коосэн) байгуулах явдал байв. Хэдэн жилийн дараа ирээд асуухад, монголчууд өөрсдөө инженер бэлтгэдэг, тэдний доор гардаж ажил хийх техникийн ажилчдыг бэлтгэхэд хориг тавигдсан байна. Монголчууд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд үнэ хүрэх зүйл хийвэл Хятадын зах зээлд ашиггүй болж, нэр хүнд нь унана, ийм учраас  хориг тавигджээ гэж нууцын зэрэглэлтэйгээр надад хэлсэн. Тэр хориг тавигдаагүй бол Коосэн одоо яригдах биш, аль 10 жилийн өмнөөс Японы Засгийн газраас санхүүжилт авах боломжтой байсан.    
С.Төмөр-Очир: -Манайд мэргэжлийн сургалт Боловсролын яамны харьяаэд байсан. Сүүлийн үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд шилжүүлсэн. Энд боловсролын талаар мэдлэггүй хүмүүс уг ажлыг эрхэлж байгаа. Миний бодлоор, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголд ойрын хэдэн жил ямар мэргэжлийн хичнээн ажилчин хэрэгтэй вэ, ямар мэргэжлийн зах зээлийн эрэлт хэрэгцээ байна вэ гэх зэргээр ажиллах хүчний баланс гаргаж захиалга өгдөг байвал зүгээр мэт. Энэ талаар таны бодол санааг сонсъё.
Коёда сан: -Японд Боловсролын яам болон Хөдөлмөрийн яам хоёулаа мэргэжлийн сургууль байгуулж болдог. Түр сургалтыг Хөдөлмөрийн яам хариуцдаг. Гэхдээ түүнийгээ яг боловсрол гэж үздэггүй.
С.Төмөр-Очир: -Монголд өмнө нь Хөдөлмөрийн яам түр сургалтаа хариуцдаг байсан бол одоо бүгдийг нь хариуцдаг болсон?
Коёда сан: -Түр сургалт олгох нэг өөр, суурь сургалт олгох бас нэг өөр асуудал.
С. Төмөр-Очир: -Тэр социализмын үед байсан боловсролыг хэрэггүй гээд, дээр нь Монголын ёс заншил, соёл, уламжлалыг байхгүй болгосон нь маш буруу байсан. Жишээ нь, хуучин боловсролын тогтолцооноос бид нар юуг нь авах шаардлагатай гэж танд санагддаг вэ?
Коёда сан: -Ямарч байсан Боловсролын яаманд ажиллаж байх хугацаандаа социализмын үеийн боловсролын тогтолцооноос авах зүйл маш их гэж хүмүүс ярихыг сонсож байсан. Би хоёр жилийн хугацаанд судалсан болохоор тэр нь сайн, энэ нь муу гэж хэлэхэд хэцүү байна. Харин уламжлалт монгол ахуй бол ерөөсөө хүн гэдэг зүйлийг бий болгох тийм гайхалтай орчин. Хөдөөний зургаан настай хүүхэд, хотын зургаан настай хүүхэд хоёрын хэн нь төлөвшсөн хүн бэ гэж асуувал би хөдөөний хүүхэд гэж хариулна.
С.Төмөр-Очир: -Монголчуудын дээр үеэс ярьдаг байсан нэг зүйл бол хүнээр хүн хийнэ гэдэг. Хүнийг хүн болгох нь чухал юм. Энэ талаар таны бодол?
Коёда сан: Одоо Японд ч тэр, ер нь өндөр хөгжилтэй орнуудын ганц хийх гээд чадахгүй байгаа хамгийн том ажил бол хүүхдийг нийгэмшүүлэх. Өөрөөсөө дээшээ, доошоо болон үе тэнгийнхэнтэйгээ, янз бүрийн байгууллагынхантай харилцдаг тэр бүх босоо хөндлөн харилцаанд яаж оруулах вэ гэвэл ажил хийлгэх. Гэтэл уламжлалт монгол ахуй тэр бүгдийг өөртөө агуулсан байдаг. Тэнд мал сүрэг байгаа, хүүхэд хөгшид, дээшээ доошоо бүх л харилцааны хүмүүс байж байдаг. Энэ бүх бэлэн орчин, тэр хот айл гэдэг тогтолцоон дотроос хүн бий болно. Нэг сонирхолтой судалгаа гэвэл, Монголоос ирснийхээ дараа хэдэн монгол хүүхдийг урин, Япон сэтгэл судлаач айлд байлгаад хэд хэдэн дасгал гүйцэтгүүлсний нэг нь, цэцэрлэгийн туршилтын тусгай өрөөнд тэднийг тоглуулах явцдаа уйлдаг хүүхэлдэй оруулж тавихад дөрвөн хүүхдээс нэг нь хүүхэлдэйг аргадаж чадсан. Тэр хүүхэд хөдөө өссөн, олон ах, дүүтэй, хүн болох ёсыг яах аргагүй монгол ахуйгаас сурсан байв.
С.Төмөр-Очир: -Манай хөдөөний амьдрал бол тайван. Мал аж ахуй эрхлэхэд хүүхдийн хөдөлмөр маш чухал. Гадныхан хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байна гээд байгаа. Манайд үнэн чанартаа гурван настай болоод хурга ишгээ хариулна. Тэднийгээ хайрлана. Ээж аавдаа тусална. Байгалийн бэрхшээлтэй өвлийн хүйтэнд хоёр малчин ээлжилж малаа хариулахгүй бол түвэгтэй. Гэтэл нөгөө талд, төв суурин газрын нэг байрны өөд өөдөөсөө харсан хоёр айл бие биенээ бараг танихгүй. Тэгэхээр хүмүүсийн хоорондын харилцаа бол хүнээс хамааралтайгаас гадна байгаль орчноос маш их хамаарч байна. Боловсролын тогтолцооны бүх шатанд сурах бичгийн талаарх хандлага манай хоёр орны хувьд арай өөр байх шиг?
Коёда сан: -Товчоор хэлбэл, Японд сурах бичгийг минимум гэж үздэг. Сурах бичгийг багш 100 хувь  заах гэж зовдоггүй. Сурах бичгийн агуулгыг улам баяжуулаад заадаг учраас хаана ч шилжиж очсон хүндрэл гарах ёсгүй. Монголд бол сурах бичгийг максимум гэж боддог учраас багш улам баяжуулахгүй, агуулгад нь хэтэрхий баригдмал байна. Багш өөрөө сурах бичгээс дээшээ гарахгүй байна гэсэн үг. Энэ хандлагыг өөрчилж чадвал сургалтын чанар, арга зүйд өөрчлөлт гарна.
С.Төмөр-Очир: -“Хангай” дээд сургуулийн удирдлага, багш нарын төлөөллийг урьж, Токио болон Хоккойдагийн Коосэн мэргэжлийн сургуулиудтай танилцуулж өгсөнд тань маш их баярлалаа. Танд эрүүл энх, аз жаргалтай, урт удаан наслахыг хүсэн ерөөе.