Мөрөөдөл биелүүлэгч цахиур чулуу

Админ
2020/02/03

Бусдын оюун санааны өв, өөрчлөлт, хувьсал, мэдрэмжийн төлөө нэг насныхаа амьдралыг өөрийнх нь хэлснээр бүтэн “шатааж” яваа хүн бол Монголын өмнөө барьдаг авьяас, чадвар, мэдлэгтэй орчуулагч Норовын Пүрэвдагва гуай билээ. Сальвадор Дали нэгэнтээ “Андын нуруу, Номхон далай хоёрыг зурахад хэцүү. Яагаад гэвэл энэ хоёрыг хүн болгон мэддэг” гэсэн байдаг. Үүнтэй адил Монголын утга зохиол хийгээд театрын урлагийн мундагчуудын нэгэн том багана болсон түүнтэй ярилцах тийм амар байгаагүй ч амттай, гэгээн байсныг хэлэх ёстой. Баргийн зүйлд ам нээгээд байдаггүй түүний эгэл даруухан хэрнээ бусдын амьдралд дандаа цахиур нь болж, оюун санааны галыг нь асааж өгсөн түүхтэй уншигч таныг уулзуулах гэж байгаадаа таатай байна. Аа тийм, түүний театр урлагийн хийгээд орчуулгын сор бүтээлүүд дандаа хэн нэгэн түүнийг хатгаж, очиж “зурсан” цучилаар “гал” болон дүрэлзэж, мөрөөдлийг нь биелүүлсэн байдаг юм. Үүгээр нь би түүнийг үнэн сэтгэлээ дэлгээд ирсэн хэнийг ч дүрэлзүүлж өгөх чадалтай цахиур чулуу юм даа гэж бодож үлдсэн билээ. 
Түүнийг монголчууд “Кихот ноён”, “Амьгүй албат”, “Фауст” зэрэг дэлхийн сонгодогуудыг тайзны бүтээл буюу жүжгийн зохиол болгосноос гадна У.Шекспир, Карло Гольдони, Карло Гоцци, Бернард Шоу, Бертольд Брехт тэргүүтэй олон алдартны бүтээлийг эх хэлнээ хөрвүүлснээр нь андахгүй мэднэ. 

Пүрэвдагва Маркес хоёр

Пүрэвдагва гуайн сүүлийн есөн сар “зууралдаж” буй хүн бол Латин Америкийн домгийн шидэт реализмын гарамгай төлөөлөгч, Нобелийн шагналт, XX зууны хоёрдугаар хагасаас хойших хамгийн их уншигдсан, алдарт зохиолч Габриель Гарсиа Маркес. Тэрбээр Жеральд Мартини хэмээх судлаач, уран бүтээлчийн Гарсиа Маркесийн амьдралыг 15 жил сурвалжилсан намтар бүтээлийг орчуулж дуусаад, эхийг нь хэвлэлийн компанид шилжүүлээд байгаа юм. 

-Та том хүн том л юм хийдэг гэдгээр Гарсиа Маркесийн намтрыг барьж авав уу. Таны энэ удаагийн сонголт яагаад заавал Гарсиа Маркес байв гэдгээс яриагаа эхлэх үү?
-Юун түрүүнд “Үндэсний шуудан” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Габриель Гарсиа Маркесын намтар бүхий ном ирэх сард хэвлэлтээс гарна. Энэ нөхрийн хийсэн ажил нь ердөө л зохиолоо бичих байсан. Дунд сургууль төгссөн, Колумбын Боготагийн их сургуулийн хуулийн ангид элссэн ч гуравдугаар курсээсээ сургуулиа хаясан. Бидний ойлголтоор бол ямар ч боловсролгүй амьтан байхгүй юу. Гэвч энэ хүний бүтээлүүд нэг удаадаа 2-5 сая хувиар хэвлэгддэг. Бүр сүүлдээ дэлхийн том хэвлэлийн газрынхан араас нь тасралтгүй ангуучилж байж. Мань эр өмнөөс нь “Миний дансанд тэдэн ам.доллар хийчих. Нэг цаг гаргаж болох юм” гэдэг болсон байгаа юм. Гэтэл  “Зуун жилийн ганцаардал”-аа биччихээд хэвлүүлэх гэтэл түүнд мөнгө байгаагүй гэдэг. Нэг хэвлэлийн газар үзье гэсэн. Тэгж үзүүлэх гэж явуулахдаа гэртээ байсан хамаг өнгөтэй, өөдтэй юмаа ломбарданд тавиад ч нэг дор илгээж чадалгүй, хоёр хувааж явуулсан байдаг. Ийм байсан хүн тэр ном хэвлэгдэж, олон нийтэд хүрээд л дээшээ явчихсаныг хүн бүхэн мэднэ.   
Түрүүнд чамаас “Чи “Зуун жилийн ганцаардал”-ыг хэдэн удаа уншсан бэ. Ойлгосон уу” гэж зүгээр ч нэг асуугаагүй юм. Энэ бүтээлийг ойлгосон, ойлгоогүйн тухай яриа яагаад болдог вэ гэхээр “Зуун жилийн ганцаардал” бол үндсэндээ Өмнөд Америкийн 500 жилийн амьдралын түүх. Гарсиа Маркес 500 жилийн түүхийг нэг хүний амьдралын хугацаанд шахаж бичсэн. Дээр нь Латин Америкт болсон үйл явдлыг зөвхөн ах дүү, төрөл садны хүрээнд болгож, орон зайг нь шахсан. Бүр болоогүй, тэр амьдрал ердөө айлын хоёр давхар байшинд л өрнөж байгаа. Ингэж шахсан бүтээлийг домогтой холбохгүй бол тэр цаг хугацааны тайлал, өөр бусад нарийн нандин зүйлсийг илэрхийлэх хийгээд ойлгоход хэцүү шүү дээ. Энэ нь Латин Америк, Испанийн үлгэр, домгийг гаргууд мэддэггүй бол Маркес бичиж чадахгүй, тэр талын суурь мэдлэггүй бол баргийн уншигч “Зуун жилийн ганцаардал”-ыг ойлгохгүй гэсэн үг. Цаг хугацаа, орон зайг ингэж шахсан бүтээлийг уншигч тийм ч амархан ойлгоогүй л байдаг юм. 
Дээр нь бас нэг юм бий. Энэ хүн бүтээлдээ өвөөгөө бичдэг. Энэ хүний хувьд өвөө нь бурхан, эрийн дээд эр. Тэгээд өвөөгөө “Миний өвөө бол жинхэнэ колумб эр” гэж ярьдаг байсан. Гарсиа Маркес хамгийн сүүлд Латин Америкт хамгийн том болон яригддаг түүхэн хүн Боливарын тухай ном бичсэн байгаа юм. Боливар өөрөө домог байхгүй юу. Манайхаар бол Чингис хаан ч юм уу. Гэтэл түүний дүрийг нийлмэл дүрээр Маркес бүтээсэн гэдэг. Латин Америкийн тэр домгийг гаргахдаа өвөөгөөсөө их зүйл авч шигтгэж өгсөн гэх ажээ. Насныхаа эцэст бичсэн зохиол нь учраас өөрийнх нь үнэлэмж, үзэл санаа, сэтгэлгээг бас шингээсэн гэдэг. Энэ гурвын нийлмэл дүрийг тэр сүүлчийн бүтээлдээ нэг хүн болгож илэрхийлсэн. Үүнийг олж харж, мэдэрч чадсан бол түүний бүтээлүүдийг ойлгожээ гэж тоохсонж. 

-Гарсиа Маркесийн намтрыг олон хүн хүлээж байгаа байх. Гэхдээ та багахан амттай мэдээлэл өгөөч?
-Габриель Гарсиа Маркес 13-тай байхдаа найм, есөн настай нэг охиныг хараад “Би энэ охинтой гэрлэнэ” гэсэн гэдэг. Гэхдээ Маркес 30 нэлээд гартлаа, өөрөөр хэлбэл, хөл дээрээ зогсох хүртлээ хүнтэй суугаагүй. Тэгэхэд эхнэр нь болох бүсгүй бас хүнтэй суугаагүй, түүнийг хүлээж байсан гэдэг. Эхнэр нь хоёрхон удаа хэвлэлд ярилцлага өгсөн байдаг юм. Нэг удаад нь “Манай хүн их сонин хүн шүү дээ. Жаахан охин байхад минь надтай сууна гэж хэлсэн. Тэрнээс хойш намайг нас биед хүрч, түүний гэргий болон болтол миний асрагч ээж хүртэл “Чи Маркестай гэрлэхээрээ” гэж ярьдаг байсан. Тэгээд л би түүнтэй суусан. Тэр үед бас манай хүн “Би 40 нас хүрэхдээ дэлхийд нэр алдартай, Сервантесаас илүү зохиолч болно. Нобелийн шагнал авна” гэж байсан. Үнэхээр хэлсэн насандаа хэлсэн бүхнээ авсан. Одоо хар, авчихсан л байна шүү дээ” гэж ярьсан байдаг юм. Өөрөөр хэлбэл, эхнэр нь түүнийг “Энэ хүн хүссэндээ хүрдэг, авна гэснээ авдаг” гэдгийг хэлсэн байдаг. Тэгэхээр ийм хүний тухай номыг орчуулна гэдэг тийм амар биш. Өөр нэг хачир хэлье. 
Өнөөх чинь Нобелийн шагнал авах болж. Тэгсэн Маркес уншигчид, нутгийн удирдлагуудаасаа “Би Нобелийн шагнал авахдаа юу өмсөх вэ” гэж асуусан байгаа юм. Нөгөөдүүл нь “Чи юу өмсмөөр байгаа юм” гэхэд нь “Ёрог цагаан даавуугаар оёсон цагаан өнгийн өмд, цамцаа өмсөнө” гэж. Нөгөөдүүл нь дургүйлхэж, өмсдөг ёсных нь дагуу хувцасла, биднийгээ битгий муу харагдуул гэж. Манай өнөөх ч тэгсгээд яваад өгч. Шагнал авах боллоо. Ингэж очихдоо 300 гаруй ардын уран бүтээлч дуучин, бүжигчнийг Латин Америкаа сурталчлуулахаар аваад очсон байдаг. Ёслол болох газар нэг дах шиг юм нөмрөөд очиж, өвөл цаг, халуун орны хүнийг гайхахгүй шүү дээ. Яг шагналаа авах болж, нөмөрсөнөө тайлтал ёрог цагаан даавуун хувцастай зогсож байж. Ингэснээр тэрээр европын ихэс дээдэс, олон орны уншигчид, бусад улс үндэстэнд хувцас өмсгөлөө болон уран сайханчдаараа латин америкийн соёлыг таниулж, дуулж, бүжиглэж мандуулсан байдаг юм. Уг нь Нобелийн шагнал гардах, түүнд оролцох хүмүүст тусгайлан түрээслэдэг хувцас тэнд байдаг гэж байгаа. Мань хүн сонирхоогүй, бусдын зөвлөгөөнд хөтлөгдөөгүй, өөрийнхөөрөө л байсан нь тэр. 
Бас нэг юм цухуйлгая. Гарсиа Маркесийн 80 насны ойг 2007 онд тэмдэглэсэн. Испанийн хаан, хатан хоёр түүнээс 80 насны ойг тань төрсөн нутагт чинь тэмдэглэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал, том арга хэмжээ зохион байгуулъя гэж хүссэн байгаа юм. Тэгсэн өнөөх чинь “Гүй яах вэ, хаан хатан та хоёр хоёулаа ирвэл болохгүй юм алга. Үгүй бол үгүй шүү” гэсэн гэж байгаа. Тэгээд 80 насны нь ой болж, олон газраас эрдэмтэн, судлаачид, уран бүтээлч, зохиолч, сэтгүүлчид нутагт нь ирж, том арга хэмжээ зохион байгуулж, хүндэтгэлийн хурал болоход өөрөө ирээгүй гээд бод доо. Дараа нь хаан “Чи яагаад баярын арга хэмжээ, эрдэм шинжилгээний хуралд ирсэнгүй вэ” гэсэн чинь “Намайг ирээрэй гэж хэн ч хэлээгүй шүү дээ” гэсэн байгаа юм. Тэгээд болоогүй “Миний ойгоор ирвэл ирэхээр хоёр хүн л ирсэнгүй дээ” гэж. “Хэн юм” гэтэл “Ромын пап, Фидель Кастро хоёр. Фидель Кастро ч яах вэ, бие нь тааруу байгаа гэсэн. Ромын пап харин яаж байгаа юм бол” гэсэн гэж байгаа. Ийм л хүний тухай номыг хэвлэлтэд өгчихөөд сууж байна. Одоо нөгөө “Яагаад заавал Габриель Гарсиа Маркесийг орчуулах болов оо” гэдэг асуултаа ахиад нэг тавиадах аа. 

-Яагаад заавал Габриель Гарсиа Маркесийн бүтээлийг орчуулахаар болсон юм бэ? 
-1970-аад оны сүүлчээр би “Роман газета”-гаас “Зуун жилийн ганцаардал”-ыг уншчихаад “Ямар сайхан юм бэ. Гэхдээ ийм бүтээлийг монгол хэл рүү орчуулах хаа ч байсан юм” гэж бодоод номын тавиур дээр зөөлөн тавиад өнгөрч байлаа. Тэгсэн тун удаагүй, 1980-аад оны эхээр Чингиз Айтматовын “Цаазын тавцанд” хэвлэгдэн гарсан. Түүнээс  удалгүй Аким аварга  өнөөхийг монгол хэлнээ орчуулаад гаргаад ирсэн. Түүнээс хойш Гарсиа Маркесийг унших хоёр тохиолдол болсон. Нэг нь Маркесийн бүтээлүүдийг испани хэлнээс нь орчуулаад байгаа Нямдорж гээд залуу байгаа. Тэр над руу “Би Гарсиа Маркесаар дагнаж орчуулга хийж байгаа юм. “Гунигт янхнуудаа дурсахуй” туужийг нь орчууллаа. Хэлний редактораар нь та ажиллаад өгөөч” гээд ярьж байна. Би ч сортос гээд л явчихлаа. Долоо хоногийн дараа нөгөө Нямдорж чинь номоо хэвлүүлээд бариад ирлээ. Редактор Пүрэвдагва гээд тавьчихаж, өнөөхдөө. Инээд ч хүрэх шиг, уур ч цухалзах шиг. Тэгээд нөгөөхийг нь хартал харин овоо найруулгатай, их дөхөм, углуурга сайтай, сайн орчуулж. Түүнээс бүр хойно, би театрын онол арга зүйтэй холбоотой хэдэн цуврал ном хийгээд байгаа юм. Тэгээд Брехт гэж хүний учрыг олох гэж ядаад явж байтал СУИС-д Брехтийн тухай онол, арга зүйн хурал болж байна. Тэр үеэр эпос гэдгийг туульс гэдэг юм гээд тун итгэлтэй тайлбарлаж байна. Тэнд нь бас дуугүй байхгүй хэдэн үг хэлчихээд гарсан. Тэрнээс хэд хоногийн дараа МЗЭ-ээс надад эпос хийгээд роман гэсэн ном орчуулж өгөөч гэж санал тавьсан. Тэр орчуулгын үеэр ерөөсөө л өнөөх Гарсиа Маркес чинь харагдаад, санагдаад байсан. Ингэж хоёр удаа эргэж энэ хүний бүтээлийг сөхөх нөхцөл нь бүрдсэн. Гэхдээ би өөрөө орчуулъя гээд орчуулчихаж байгаа юм биш. Фаустыг жүжиг болгоод тавьж байх үеэр Маркесийн номыг орчуулах тухай яриа гарсан юм билээ. Гэтэл зохиолч, СУИС-ийн багш П.Батхуяг хэвлэлийнхэнд “За наад номыг чинь тэр Пүрэвдагва гэж улаан сухай л дөнгөнө дөө. Цаадахыгаа л гуй” гэсэн бололтой юм билээ. 

-Жеральд Мартини гэж судлаач нөхрийн талаар та цухас ярьж өгөөч. Нэг хүний тухай 15 жил судалж, байнга дагаж амьдарна гэдэг бас сонин амьдрал шүү.
-Тэр бол том эрдэмтэн, том судлаач, бас л нэг гажиг амьтан. Хүн унших ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй юмны араас яваад л, бичээд л, бас орчуулаад суудаг өөр шигээ хүмүүсийг би нэг талаар гажиг гэж боддог. Бүр хэн нэгэн “Гараач гэж хөөж байж арай гэж гэрээсээ гардаг. Идээч гэж загнуулж байж иддэг” тийм нэг сонин амьдралтай болчихож байгаа юм шүү дээ, бид чинь. Тэр сэтгүүлч, судлаач Гарсиа Маркесийн араас 15 жил явсан, ингэж явахдаа Маркесийн ах дүү, төрөл садан найз нөхөд, түүнд дургүй, элэглэж дооглодог хүнээс эхлээд эргэн тойрны бүх хүнтэй уулзаж, танилцаж, заримтай нь нөхөрлөсөн үсэр том судалгааны ажилтай би есөн сар гаруй хугацаанд ноцолдлоо. Жеральд Мартинид бүр дуу хураагуурт авсан 300 удаагийн бичлэг цуглаж. 
Маркес нойр хоолоо мартаад юмаа бичээд суучихдаг байсан гэдэг. Нэг удаа Францад долоо хоног юу ч идэж, уугаагүй, зөвхөн бичсэн байдаг юм. Тэгэхдээ янхнуудын байдаг байшинд өрөө түрээсэлж байгаад сүүлдээ мөнгөгүй болоод дээвэрт нь гарч суугаад  бичсэн гэдэг. Тэр өвлийн хүйтэнд, халуун орны хүн идэх хоолгүй өдөр, шөнөгүй бичгийн машинаа тачигнуулаад сууж байна гээд төсөөл дөө. Гэтэл тэнд  байсан янхнууд түүнийг өдөж хоргоохын оронд, өөрсдийн биеэ үнэлж, ядарч зовж олсон мөнгөнөөсөө хоол аваад “Энийг идчихээд юмаа бичээч” гэж авчирч өгч байсан байдаг. Тэр ч үүднээс Маркесийн оюун санаанд янхнуудын тухай маш гэгээн дурсамж, сэтгэгдэл үлдсэн байдаг нь тэр. Зовж, ядарч, үйлээ үзсэн хүн л тэгж яваа хүнийг ойлгож, мэдэрч, хайрладаг юм байна л даа. Энэ мэтээр Жеральд Мартинийн цуглуулсан тэр сайхан баримт, үнэн түүхүүдийг уншихаар хийхээс аргагүй л болж байгаа юм. 
Үүнээс гадна Жеральд “Энэ номыг би тэр хүнийг амьд сэрүүнд өөрт нь уншуулах гэсэндээ миний сэтгэлд бүрэн хүрээгүй ч яаран сандран хийлээ” гэсэн байгаа юм. Гарсиа Маркес зөнтэйн дээр өөрийнхөө үлдэх амьдрал, намтрыг цэвэр үлдээсэй гэж их бодсон байдаг. Гэхдээ хүн л бол хүн учраас хүний л амьдрал гарч ирнэ биз дээ. Маркес өөрийгөө янхнуудын хоноглодог газарт байсан гэж тэр бүр ярихгүй нь ойлгомжтой. Гэтэл үнэн намтрыг нь тасхийтэл бичсэн Жеральдыг Маркес “Энэ бол миний албан ёсны намтар судлаач” гэсэн байдаг юм. Тэгсэн өнөөх нь “Би бол албан ёсоор хориглогдоогүй намтар бичигч нь байгаа юм аа” гэж. Ийм ч болохоор миний хувьд энэ номыг орчуулсандаа хэзээ ч харамсахгүй. 

Мөрөөдөл биелүүлэгч

Анх уулзаж байгаа хэн ч түүнийг бусдын мөрөөдөл, хүслийг нарийн мэдэрч, түүнийг нь биелэлээ олоход өөрийгөө гамгүй зориулдаг, “зөөлөн амьтан” гэж таамаглахгүй байж мэднэ. Тэгвэл тэр Монголын театр урлагийн тухайн он цагийн түүхийг өөрсдийнхөөрөө найруулан тавьсан найруулагчдын мөрөөдлийг хамтран биелүүлэгч байжээ. Үүнийгээ тэрбээр “Хамтран зүтгэгч найзуудтайгаа гар нийлж, сайхан ажилласан” л гэнэ үү гэхээс “Мөрөөдлийг нь биелүүлсэн” гэж хэзээ ч томорч байгаагүй болов уу. 

-Таныг Монголын мундаг найруулагчдын алтан хамтрагч гэхэд буруудахгүй биз дээ. Ингэж хэлэх шалтгаан нь та найз найруулагчдынхаа хамт дэлхийн сонгодог бүтээлүүдийг жүжиг болгон тайзнаа тавьсан шүү дээ. Хамтран ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа найруулагчдынхаа онцлог, чадварын талаар ярьж өгөөч?
-Би өөрийнхөө он цагийн хамгийн луугар найруулагчидтай хамтарч ажиллаж байгаа хүн шүү. Миний анхны найруулагч бол Л.Лхасүрэн. Манай уншигч, үзэгчид түүнийг Шагдар-Лхасүрэн гэдгээр нь илүүтэй мэддэг. Дараагийн миний найруулагч бол Баянцагааны Баатар, гурав дахь нь Чимэддоржийн Ганхуяг. Дөрөв дэх нь Мягмарнарангийн хүү Батболд гээд залуу, одоо бол Н.Наранбаатар найруулагчтай хамтарч байна. 
Лхасүрэн бол хар нялхаасаа өрх толгойлж, гурван дүүгээ харж хандаж, өсгөсөн. Аав нь тээврийн жолооч учраас Лхасүрэн ар гэрээ авч явдаг, амьдралд нухлуулсан хүн. Гэсэн ч түүний уран бүтээлийн замнал нь дандаа хүүхэд, залуучуудын соёл, хүмүүжлийн чиглэлээр байсан. Дээр нь инээдмийн төрөл нэмэгдэнэ. Лхасүрэнгийн маань мөрөөдөл Шекспирийн инээдмийн жүжиг тавих байсан юм. Бид 1980, 1981 оны Найрамдал лагерын Сүлд модны наадмыг хамтран тавьж байлаа. нэг удаа Мольерийн “Аргагүйн эрхэнд оточ” жүжгийн орчуулга энэ байна. Чи нэг үзээдэхээч” гэсэн. Тэгж би анх удаа дэлхийн алдартай, мундаг, инээдмийн жүжгийн орчуулгыг харсан. Түүнээс хойш уулзах бүртээ “Шекспирийн инээдмийн жүжгээс тавимаар байна” гэдэг байлаа. Бид “Эндүүрлийн паян” инээдмийн жүжгийг нь дажгүй сайн тавьсан.
Баатарын хувьд бас их сонин хүн шүү дээ. Дөрөвдүгээр ангид сурч байхдаа л “Би найруулагч болно” гэж мөрөөдсөн хүүхэд. Улаанбаатар хотын хэмжээнд пионерийн илэрхийлэлт уншдаг хоёрхон хүүхдийн нэг нь Баатар байсан. Нэг хөгжилтэй түүх нь илэрхийлэлт уншдаг хүүхдүүд яагаад бээлий өмсдөг болсон бэ гэхээр тухайн үеийн хүүхдүүдийн гар их сайртдаг байсан. Баатар шиг мундаг, цовоо цолгиун уншдаг хүүхэд байхгүйгээс гадна түүний гарыг сольж болохгүй тул бээлий өмсгөж, сайрыг нь нууж байсан гэж байгаа юм. Түүнээс хойш бүгд цагаан бээлий өмсдөг болсон гэдэг. “Оюутан байхаасаа мөрөөдсөн нэг жүжиг байдаг юм. Тэрийг биелүүлж өгөх хүн та л харагдаад байна” гэж байсан. Тэгээд “Амьгүй албат”-ыг нь жүжиг болгож, тавиулсан. Энд нэг онцлох зүйл нь, бид хоёрыг “Амьгүй албат”-ыг бүрэн хэмжээний жүжиг болгож тавих хүртэл дэлхийн хаана ч энэ зохиолоор бүрэн хэмжээний жүжиг тавиагүй байсан. Түүний сүүлийн үед хийсэн гол гол бүтээлүүдтэй нь миний нэр холбоотой.
Төв аймгийн театрын найруулагч, Ч.Ганхуяг Карло Гоццийн “Хятад гүнж Турандот”-ыг жүжиг болгож тавих нь миний мөрөөдөл гээд хүрээд ирсэн. Тэгээд бид хамтраад хийсэн дээ. Ч.Ганхуяг бид хоёр “Учиртай гурван толгой”-г улс төржүүлээгүй, жинхэнэ утгаар нь тавина гэж ярьж байгаад тавьж байлаа. “Хятад гүнж Турандот”-ыг мань хүн бүр эрж явсаар байгаад олж авчирч, надаар орчуулуулаад тавьсан. Ингэж онцлоод байгаа шалтгаан нь тэр жүжгийн нэг дүр нь доголон Төмөр хаан. Хүн төрөлхтний түүхэнд Монгол гэдэг нэрээр, Төмөр нэрээр үлдсэн агуу том хаадын нэг нь Төмөр. Маш ёс суртахуунтай хүн. Тэр том эзэнт гүрэн байгуулсан хэрнээ татвар эмийн хүүхэд гэдгээрээ өөрийгөө хаан гэж зарлалгүй явж байгаад сүүлд Чингисийн удмын нэг эмэгтэйг эхнэр болгож авчирсныхаа дараа өөрийгөө хаан гэж зарласан түүхтэй. Гэтэл манайд тавьсан дуурь дээр түүнийг танилгүй, бүр хэн ч биш, шалны алчуур болгочихсон байсан. Тиймээс Ганхуяг бид хоёр ярьсаар байгаад жинхэнэ утгаар нь жүжиг болгон тавьж байлаа. Эд маань ч яах аргагүй ясны найруулагчид байлаа. 

-Найруулагч М.Батболд, Н.Наранбаатар хоёр бол таны хувьд залуу найруулагчид, бас хамтрагчид юм байна шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Сонин юм ярьж өгье. Ардын жүжигчин Мягмарнарангийн хүү Батболд манайд гэнэт орж ирээд “Миний мөрөөдөл бол Гётегийн Фаустыг тавих. Та үүнийг хийж өг. Би давхар дипломоо хамгаалах юм” гэсэн. Тухайн үед нь би дотроо юун хүний дипломын ажил янзалж өгөх манатай гэж бодоод, жаахан ахиу үнэ хэлээд “Энэ ч эргэж ирэхгүй дээ” гэж бодоод явуулчихлаа. Тэгсэн хэдхэн хоногийн дараа нөгөө хэлсэн мөнгийг маань бариад ороод ирлээ шүү. Би ч хэлсэн амандаа унасан хүн Фаустыг бариад суухгүй яах вэ. Ингээд жүжгээ СТӨ-нд тавихад хүмүүс “Монголын театр урлагийн түүхэнд маш гайхалтай шинэлэг, сайхан юм боллоо” гээд л алга ташсан, нөгөөх маань ч Москвад очиж дипломоо онц хамгаалаад ирсэн. Ингэж бас нэг хүний мөрөөдлийг биелүүлчихээд байж байтал Наранбаатар найруулагч “Миний мөрөөдөл бол Анна Каренина” гээд 2017 онд  хүрээд ирсэн. Одоо энэ найруулагчийн мөрөөдлийг биелүүлэх гээд сууж байна. Миний гараас миний хэмжээнд жүжгийн зохиол гарчихсан. Одоо Наранбаатар театрынхаа тайзанд мөрөөдлөө биелүүлэх гээд нойр нь хүрэхгүй бэлтгэж байгаа. Хэрхэхийг бидний мөрөөдлийн үнэ цэн мэдэх биз. Би чамаас одоо дахиад нэг асуулт асуучих уу. 
-Тэг тэг.

-Чи Анна Каренинаг ойлгосон уу?
-Өөрийнхөө хэмжээнд л ойлгосон. 

-Яг үнэнийг хэлэхэд бас л маш цөөн хүн ойлгосон байгаа шүү. Жишээ нь, 1873 оноор үйл явдал яагаад эхэлдэг гэж бодож байна вэ. 1812 онд Орос, Францын дайн дууссан. 1873 он гэхээр 61 жил буюу нэг жаран дуусч, шинэ жаран эхэлсэн байгаа биз. Лев Толстой шинэ жаран эхлэхэд найрлаад л, архи уудгаараа ууцгаагаад л явж байгаа ихэс дээдсээ “Ингэж болохгүй ээ” гэж хэлж байгаа юм шүү дээ. 1812 оноос эхэлсэн их назгайрал, архидалт явсаар 1917 онд Орос орон задарч, мөн л сургамж авалгүй явсаар ЗХУ үгүй болсныг он цагийн хэлхээсээр шүүмжилж байгаа хэрэг шиг санагдана. Бас Анна Каренинаг сайхан хайрын тухай роман гэх нь бий. Биш шүү дээ. Сайхан хайрын билэгдэл бүр биш. Энэ талаар цааш нь задалбал зөндөө урт яриа болно. Гол нь 1873 оны тэр үйл явдал, амьдралыг өнөөдөрт авчрахад ч тэндэх үнэн үнэнээрээ л байгаа нь Толстойн ур, ухаан. 
Бидний яриа зөвхөн Анна Каренинагаар хоёр цаг орчим үргэлжилсэн ч тэрбээр “Зааза, Наранбаатарын мөрөөдөл биелэхээр очиж үзээд өөрийнхөөрөө ойлгоно биз. Үзэхээсээ өмнө романаа дахиад нэг уншчихад гэмгүй. Цаг гарвал ахиад уншсандаа ч зүгээр. Тэгээд ойлговол чиний хэрэг” гэв ээ. Үгийн үндэс, үзүүр ёроолыг нь үргэлж эрж хайж суудаг хүн “Хэрвээ сонирхвол нэг мөр учрыг нь ол. Эс бол ингэж яриулаад ч нэмэргүй” гэх шиг дээрхийг хэлээд “Фауст бол Гёте. Гётегийн Фаустыг би жүжгийн зохиол болгосон. 

Лев Толстойн “Адууны түүх”-ийг Оросын нэгэн уран бүтээлч жүжгийн зохиол болгосныг би орчуулж, Баатар найруулан тавьсан. Харин Анна Каренина бол эх зохиолоосоо жүжиг болж, тавигдах гэж байна. Гэхдээ энэ  тийм амар жүжгийн зохиол болчихдог зүйл биш байсан. Тэр том романыг хоёр цаг, цаг 30 минутад шахаж, бүрэн хэмжээний жүжиг болгоно гэдэг баргийн аавын хүүгийн амархан хийчих ажил биш байсан” гэв. 

Насан туршийн даалгавар авсан хүн

-Өнөөдрийн Пүрэвдагва гуайн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ. Хэр сахилгагүй хүүхэд байв?
-Би их хувь муутай хүүхэд ахуйтай. Бас би их азтай хүүхэд. Би бол эмээгийн хүүхэд. Эмээг маань Цэвээний Хорол гэдэг байсан. 1958-1959 онд Ардын хувьсгалын партизануудыг бүртгэж эхэлсэн. Манай Шаамар сум тэр партизаны голомт шүү дээ. 400-гаад партизаны хэд нь манай сумынх байсан юм бүү мэд. Манай эмээгийн гэрт Сүхбаатар жанжин, Билэгсайхан хоёр сууж байгаад Ардын журамт цэргийн бүртгэл хийсэн байдаг юм. Эмээ маань 1880 оны хүн. 1960-аад онд 80-тай мөртлөө ухаан санаа сэргэг, гялалзуур хөгшин байлаа. Хэдийгээр би дороо таван дүүтэй ч эмээ бид хоёрын амьдрал тусдаа. Би аавынхаа дэргэд аав шахуу амьтан болтлоо хөгшин ээждээ эрхэлж өссөн. Хүмүүс Ардын журамт цэрэгтэй холбоотой янз бүрийн юм болохоор эмээгээс асуух гээд хүрээд ирнэ. Эмээ нэг жижигхэн гаанстай, тэрийгээ нэг сороод “Мэдэхгүй, би бол тогооны л хүн” гээд нэг ч үг унагадаггүй байсан. Би нэг өдөр “Хөгшин ээж та чинь одоо яачихаад байгаа юм бэ дээ. Мэдэж байгаа юмаа хэлбэл цалин хүртэл өгнө гэнэ шүү дээ” гэчихсэн чинь нээг их ёжтой инээснээ “Ишшш, надад цалин өгөх юм уу. Би тэр цалингаар чинь яах юм. Байгаа хувцсаа барж идвэл их юм. Надад юу ч хэрэггүй. Өнөөдөр одон тэмдгээ зүүгээд хаахалзаж явсан хүн маргааш нь дээлээ нөмрөөд зовж байхыг үзэхээрээ л нэг боллоо. Илүү, дутуу үгийн хэрэг ер байхгүй. Илүү үг унагавал би та нарт гай болж мэднэ. Надад цалин хэрэггүй, та нарт гай нь хэрэггүй” гэж билээ. Тийм хөгшин ээжийн хүү хүн шиг хүн болох уу. Ганц авах юм нь би хүүхэд байхдаа маш их уншдаг байсан. Манай авга ах надад нэг гар чийдэн бэлэглэсэн. Түүнийг нь шөнө ном уншихад жинхэнэ утгаар нь ашигласан даа. 
Шаамарын бага сургууль, Сэлэнгийн 10 жил төгссөн. Хойно геофизикч болохоор III курс төгстөл сураад, халууны шил мултартал халуураад буцаад ирсэн. Хоёр жил завсардаж, МУИС-д шилжин дүүргээд, хоёр жил багшилсан. Тэрнээс хойш янз янзын ажил хийлээ. Орчуулгаа бол 1976 оноос эхэлсэн байдаг юм. Тэгэхээр бас нэлээд удсан байгаа биз. 

-Та орос хэлийг хаана, яаж сурсан юм бэ?
-Манай сум нэг жижиг мотортой байсан. Харуй бүрий болохоор бараг орны цагаан даавуугаа дэлгээд л киногоо гаргадаг байсан. Сард ганцхан орос кино ирнэ. Тэрнийг өдөрт хоёр, гурав үзнэ, заримдаа. Сүүлд бодож байхад миний орос хэл овоо гадарладаг болсон шалтгаан, миний орос хэлний багш бол “Хатан зоригтон” гээд орос кино байсан. Бараг хоёр сар тэр киног өдрийн хоёр үзсэн байсан. 10 жилд хэл олигтой заалгаж чадаагүй. За тэгж байж байгаад Орост хоёрдугаар курсийн шинэ жилийн үдэшлэгийн үеэр ариун цэврийн өрөө ортол цонхны тавцан дээр баахан ном тавьчихаж. Хамгийн дээд талд нь нөгөө “Хатан зоригтон” чинь байж байна шүү. Их танил учраас гялс аваад эргүүлтэл бараг уншаад, ойлгоод байна шүү. Тэгээд л нэмж 2-3 ном аваад өрөө рүүгээ гүйчихсэн. Тэрнээс хойш миний орос хэлний мэдлэг, түвшин огт өөр болж, гуравдугаар курст өгдөг орос хэлний шалгалтаа хоёрдугаар курстээ өгч байлаа. 

-Физикийн чиглэлээр суралцаж байсан хүн яагаад орчуулга хийх болсон юм бэ. Хэнээс, юунаас болж орчуулга хийж эхэлсэн юм?
-Намайг орчуулга руу ороход нэг хүн миний гарыг атгаж, дагуулсан гэж болно. 1976 онд политехникийн дээд сургууль төгсөөд тэр жилийнхээ намар бурхан болсон миний Готов гэж найз байлаа. 1975 онд би хойноос өвдөөд ирчихсэн, гэртээ байж байхад тэр найз маань А.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” роман барьчихсан “Хоёулаа орчуулга хийж үзье” гээд хүрээд ирсэн. Хоёулаа үзэж тарлаа. Юу юугүй шожигнотол орчуулаад хаячих юм яриад суусан хоёр явдаггүй дээ. Тус тусдаа үзлээ, хамтдаа үзлээ. Чаддаггүй дээ, хоёулаа хэд хоног нүдсэн хагас хагас нүүр орчуулгаа “За энийгээ ядаж үзье” гээд үзтэл юун Бадраа гуайн орчуулга. Бараанд нь ч дөхдөг юм биш. Жинхэнэ орчуулга тэнд байсан. 1976 онд өнөөх найз маань “Дээвэр дээр суудаг Карлсон, Жаалхүү хоёрын тухай гурван тууж”-ыг барьчихсан явж байна. Тэгснээ “Чи наадахаа нэлээд голлож хийнэ шүү, би сургуулиа төгсөөд оролдъё” гэж байна. Ингэж байтал есдүгээр сард нь найз маань бурхан болчихсон. Ингээд би орчуулах даалгавартай үлдсэн. Орчуулсан, орчуулах дуртай болсон. Готов маань байсан бол тэр орчуулагч болж, би өөр юм хийх байсан байж мэднэ. 
Надад орчуулгын тал дээр алсуураа айхтар том тус болсон өөр нэг хүн бий.  Аравдугаар ангиа онц төгсчихөөд хотод ирж, конкурс өглөө. Орос хэл дээрээ дунд дүүжилчихвэл хойшоо явах гээд байгаа. За тэгээд шалгалтанд ичихгүй орж, харж байгаад шалгагч багш нарын хамгийн захад сууж байсан залуухан багш дээр очлоо. Орост сургууль төгсөөд ирсэн залуухан эрдэмтний нүдэнд нэг хөдөөний хүү харагдаж байсан байх. Өнөө багш маань “уд” гэсэн үнэлгээ тавьчихлаа. Ингээд би Орос явсан хэрэг. Дараа нь 1983 оны сүүлчээр нэг, 1984 оны эхээр гээд хоёр ном зэрэг гаргахаар боллоо. Тэгсэн надад хуваарилагдсан редактор гэнэ. Очтол нөгөө “уд” тавьсан багш маань байна. Намайг яаж таних вэ дээ. Гэхдээ миний орчуулга таалагдаж байгаа бололтой. Тэр дунд дүрүүд нь их хачин, сонин нэртэй жижиг өгүүллэг байсан юм. Намайг дуудаад “Пүрэвдагва аа, чи энэ өгүүллэгийн нэрсийг яагаад ийм сонин хачин байна гэж бодож үзэв үү” гэж байна. Би бодож үзээгүй гэлээ. Тэгсэн “Гоголийн “Амьгүй албат”-д гардаг хүмүүсийн нэр үүнтэй адил их сонин. Жишээ нь, Чичиков, Собакович ч гэх ч шиг. Гоголь оросын олон сайхан нэр мэдэхгүйдээ ийм сонин нэр сонгоогүй байх” гэж байна.  тэндээс надад нэг юм бодогдоод үлдсэн. Тэр явдлаас бүр хойно, 2005 онд “Амьгүй албат”-ыг жүжиг болгон тавих боллоо. Тэгэхдээ би тэр багшийн мөрөөдлийг биелүүлж, бүх нэрийг нь өөрчилж өглөө. Жүжиг ч тавигдлаа. Хүн цөөтэй нэг өдөр өнөө багшийгаа урилаа даа. Их таатай байна аа, нэрсийг өөрчилсөн нь түүнд таалагдаж байгаа гэж жигтэйхэн. Тэгэхээр нь “Та л намайг тэгж хийгээрэй гэж 1983 оны сүүлчээр захиж байсан” гэлээ. Өөрөө хийчихсэн юм шиг баярлаж байна аа. Андаж байгаад “За багшаа, би одоо нөгөө дунд дүнгээ хамгаалж чадав уу” гэлээ. Тэгсэн их гайхаж байна, тэгэхээр нь нөгөө явдлаа хэлтэл “Өдий олон жил хэлэхгүй, юугаа хийж явсан юм” гээд л намайг ширээ тойруулаад л хөөж билээ. Энэ хоёр хүн намайг хүний зэрэгтэй явахад, орчуулгад дурлахад, өнөөдрийн энэ их цаасан дунд амьдрах хувь бүрдэхэд гол нөлөө үзүүлсэн хүмүүс дээ. Энэ багшийг маань А.Шархүү гэдэг юм. Их гоё дурсамж шүү, бодоход. 

-Таны хамгийн хайртай, магадгүй таныг хамгийн их зовоож гарсан ямар орчуулга байдаг вэ?
-Намайг их зовоосон нэг ном бий. Гэргий Москва яваад ирэхдээ З.Фрейдийн шавь Э.Фроммын “Эрх чөлөөнөөс дайжихуй” гээд ном авчирсан. Үүнийг бид 13 жил нухаж, хүмүүсээр шахуулж байж арай гэж дуусгасан даа. Би нэг удаа гэргийдээ “Энэ номыг орчуулж чадахгүй юм байна” гэсэн чинь “Яагаад чадахгүй байгаа юм” гэж байна. Тэгэхээр нь би “Нийгмийн ухааны мэдлэг надад ерөөсөө байхгүй. Хойно сургуульд сурч байхад гадаад оюутан гээд энэ хичээл ороогүй. Энд ирээд шууд ахлах курст орчихсон болохоор би судлаагүй” гэтэл эхнэр “Энэ чинь чиний аз байхгүй юу. Тэр үед чи нийгмийн ухааны хичээл үзсэн бол цаг үеэ дагаад өдийд хоцрогдчихсон мэдлэгтэй сууж байх байсан. Үүгээрээ чи азтай, чамаас өөр орчуулах хүн байхгүй ээ” гэсэн. Дараахан нь төв талбайн тэрүүгээр явж байтал их сэтгүүлч, агуу Лодонгийн Түдэв гуайтай таарлаа. Тэгээд нэг их том хүн болох гээд ийм ном орчуулдаг юм уу, больдог юм уу гээд байж байна гэтэл өмнөөс үгийн зөрүүгүй “Чи хийхгүй юм бол хэн хийх юм. Юун яадаг юм билээ гэж. Ёстой олддоггүй, ховор, чухал ном. Чи заавал орчуулна шүү” гээд загнаад эхэллээ шүү. Тэгж явснаа “Чи надад тэр номоо өгч байгаач. Би сонссон болохоос барааг нь хараагүй юм. Барьж үзье” гэж байна. Гялс гэр рүүгээ яваад авчраад өглөө. Ингээд түүнээс хойш эхнэрээс гадна Түдэв гуай намайг шалдаг болсон. Сүүлд 1995  онд таартал “Нөгөөхөө орчуулж дууссан уу” гэж байна. 60 гаруй хувьтай яваа гэтэл “Ерөөсөө “Үнэн” сонинд гаргая. Маш хурдан дуусна шүү. Хурдан дуусга” гээд хэвлүүлж эхэлсэн. Үнэхээр гялалзуулж өглөө, орчуулга олигтой явдаггүй. Энд би би гээд байгаа болохоос биш, эхнэр маань бас давхар хийж байсан юм шүү дээ. Тэгтэл 1996 оны УИХ-ын сонгууль болж, МАХН ялагдал хүлээж, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээс эхлээд бүгд солигдсон. Би дотроо шахуулж, шаардах хүнгүй боллоо гээд баярлах шахаж байсан хогийн эр дээ. Ингэж байтал МАХН-ын Хянан шалгах хорооны дарга, философич Ш.Түдэв гээд өөр нэгэн Түдэв гарч ирээд ёстой нэг шалж эхэлсэн дээ. Орчуулж чадахгүйдээ биш, углуургыг нь олж, мэдлэгтэй, тэвчээртэй орчуулна, мэдэж юм хийх гэж л зүтгэж байсных. 

-Та судалгаагаа харилцан адилгүй хугацаанд хийдэг байх. Сонсоод байхад таны ихэнх хугацааг судалгаа аваад явчихдаг санагдлаа. 
-За ямар ч байсан нэг юм хийхдээ нэлээд судалгаа хийдэг нь чамд мэдрэгджээ дээ. Яг бичих бол тийм ч их хугацаа шаарддаггүй, хэцүү  биш нь  ч үнэн. Харин жанжин шугам, хэлхээ холбоо, хамаарал, дэс дарааллыг олох тийм амархан биш. Нийтийн төлөөх эрэл бол баталгаатай судалгаа. Ийм ч учраас би өөрийгөө машин барьж болохгүй гэж боддог. Эрж байгаа зүйлийн маань нэг гогцоо тайлагдахад нөгөөхөө бодож, хөөж явсаар машинаа мартаад юу ч дайрч мэднэ. Миний хийж байгаа ажил амархан биш нь үнэн байх. 

-Та яагаад өөрөө бичээгүй юм бэ ээ. Танд өгүүллэг, тууж, роман бичмээр санагдаж байгаагүй гэж үү?
- Би чинь их л сайндаа нэг муу орчуулагч шүү дээ. Миний гараас гарсан юм орчуулга байгаасай, оршуулга битгий байгаасай гэж боддог хүн. Агуу зохиолчдын сайн бүтээл, туурвил, зохиол хэчнээн олон байхад тэднээс давж бичиж чадахгүй байж дэмий юм хийгээд юу хийх вэ. Тэгснээс тэдний юмыг бусдад нь хүргэж, орчуулж өгөхөө л дорвитойхон хийх минь. Би нэг юм хийчихээд гараасаа гаргачихсан л бол эргүүлж уншдаггүй. Нэлээд хугацааны дараа, цөөнгүй жилийн эцэст эргүүлж харахад “Яах гэж ийм хогийн юм хийв дээ” гэж бодогдохоор юм одоогоор гарч ирээгүй байна. Хийсэн болгондоо би өөрийгөө зориулсан, бүтэн шатаасан гэж боддог. Би одоо явж байгаа энэ замдаа хэзээ ч харамсдаггүй, үүнээс илүү амьдрал, албан тушаал, өөр юу ч хүсэхгүй. 

-Орчуулагчдаас та хэн хэнийг онцлох вэ?
-Орчуулагч Ж.Бадраа гуайг л агуу орчуулагч гэж боддог. Бусдыг нь үгүйсгэдэггүй ч нэг их ойшоодоггүй. 

-Таны эхнэр бас их мундаг түүхч эмэгтэй байдаг. Эхнэрээ бидэнд танилцуулаач?
-Аав нь Монголын урдаа барьдаг том түүхч, Завханых. Ээж нь Сэлэнгийнх, тооны багш. Тэдний дундаас төрсөн том охин нь миний хань. Нэгдүгээр сургуулийн тооны анги төгссөн, Монгол Улсаас олон улсын математикийн олимпиадад оролцсон эмэгтэй сурагч. МУИС-ийн түүхийн ангийг төгссөн. Монгол Улсын түүхийн таван ботьд орсон эмэгтэй таван түүхчийн нэг. Түүний амьдралдаа хамгийн тууштай байсан нэг зүйл нь миний эхнэр гэх алба. Энэ маань ганцхан дутагдалтай. Тэр нь Сэлэнгийн нэг ийм тэнэгдүү хүнтэй амьдралаа холбож. Түүнгүйгээр миний юу ч урагшлахгүй, бүтэхгүй, олдохгүй. Сүүлдээ би энэ хүний том хүү л болж байх шиг байна 

-1976 оноос эхлэлтэй таны эрэл хайгуулын дараагийн том бүтээл юу байгаа вэ?
-Хийх юм их байна аа. Бид хоёр энэ компьютертээ амрах чөлөө өгөхгүй ээлжлэн сууж байна. Тэр доор харагдаж байгаа хайрцгуудад юу байгаа гэж санана. Хийхээр цуглуулаад байгаа материалууд. Дээр нь монголчуудын унших ёстой, мэдрэх ёстой сайхан сайхан зохиол, бүтээл биднээр дамжин уншигчдад хүрэхээ хүлээж байна. Дотор бодогдоод байгаа өөр нэг юм нь намайг өмнөхөө хийгээд зүв зүгээр явж байхад СУИС-ийнхан хүндэт профессороо болгосон. Бас СИТИ их сургуулийн профессор гээд байгаа. Хийж гавьсан юмгүй мөртлөө ийм том алдартай болчихоод байгаа учраас тэр сургуулиудад, цаашлаад тэндээс төрөх уран бүтээлчдэд хэрэгтэй хэд хэдэн юм хийхсэн гэж санаж байна.  

Нөхөрлөл хийгээд түүний орчуулгууд хэрхэн бүтсэн талаарх жаргал зовлонтой эрлүүд, барагтай хүний бүтээгээд байж чадахааргүй гажиг амьдралынх нь талаар бид багагүй хөөрөлдсөн ч тэдгээрийгээ дараа хийх ярилцлагаа бодоод, өөртөө үлдээхээр шийдлээ. Гэхдээ төгсгөлд нь надад Монголын орчин цагийн авьяас, мэдрэмжтэй орчуулагчдын нэг, дэлхийн театр урлаг хийгээд сонгодог бүтээлүүдийг Монголын хаалгаар гэгээ татуулан замлагч таниас асуух нэг асуулт байна. 

-Та дандаа бусдын мөрөөдлийг биелүүлж иржээ. Харин таны мөрөөдөл юу юм бэ?
-...