Хулгайгаар хил давдаг алтны хэмжээг хөл хорио илчлэв

Админ
2020/03/12

Хоёрдугаар сард Монголбанканд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 10 дахин нэмэгдэв

 

Улс орнуудын гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх гол эх үүсвэрүүдийн нэг нь алт бөгөөд хэзээнээс нааш хэн бүхний сэтгэлийг татаж ирсэн энэ шар металл тухайн орны мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт үүсэх эрсдэлийг бууруулах баталгаа болдгоороо хүчирхэг хийгээд үнэ цэнтэй эд. Монголбанк улсынхаа гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор алт худалдан авдаг. Үүнийг өөр талаас нь харвал, иргэд, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголбанканд тушаавал улсын гадаад валютын нөөц зузаарч, энэ хэрээрээ та эх орноо санхүүгийн хувьд хүчирхэг, эрсдэл даах чадвартай болоход хувь нэмрээ оруулсан хэрэг болох билээ.

Харамсалтай нь, иргэд, аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Төвбанканд тушаахаас илүү нууцаар хил давуулан худалдах нь түгээмэл. Монголбанк янз бүрээр ухуулж, хууль, хяналтынхантай хамтарч ажиллаад ч, Засгийн газар, УИХ татварын хувь хэмжээг нь бууруулаад ч алтны хууль бус наймааг зогсоож чадаагүй өнөөг хүрсэн. Алт хууль бусаар хил даван урсаад байгааг мэдсээр, ярьсаар байгаа ч таслан зогсоож чаддаггүйн цаад шалтгаан энэ урсгалаас ашиг олдог бүлэглэл бий болсонтой холбоотой гэдэг.
Хил гааль, хууль, хяналтын байгууллагынхныг эгнээндээ нэгтгэсэн уг бүлэглэл өөрийнхөө хүмүүсийн хилээр гаргаж буй алтыг харсан ч хараагүй мэт өнгөрөөгөөд, тэднээсээ хувь авдаг, өөрсдөд нь хандаагүй жижиг гарын наймаачид, шинэ хүмүүсийг мэр сэр барьж, хилээр гарч буй алтыг илрүүлсэн нэр зүүдэг талаарх хардах, нотлохын завсраарх яриа бишгүй л сонсогддог. Алт олборлогчдын дунд алтаа нуух, хууль бусаар хил давуулах, тушаахгүйгээр хадгалах, татвараас зайлсхийх зорилгоор арилжааны банканд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг далд үйл ажиллагаа явуулах байдал газар аваад удаж буй талаар холбогдох албаны хүмүүс хэлдэг.
Харин алт олборлогчдын холбоо зэрэг үүнд нэр холбогддог нөхөд “Ийм нөхцөл байдал огт байхгүй. Хулгайгаар нэг кг алт ч хилээр гаргаж чадахааргүй эрх зүйн нөхцөл бүрдсэн. Хил, гааль, тагнуул, цагдаагийнхан гэж байгаа. Тэд алт хил давж байхад мэдэхгүй өнгөрөх тийм баларчихсан улс биш. Алтыг хулгайгаар гаргах нь ямар ч ашиггүй. Харин Монголбанканд тушаах нь ашигтай” хэмээн итгэл төртөл сэнхрүүлдэг. Гэвч статистик шал өөрийг өгүүлсээр байна.
Тухайлбал, Монголбанкны алт худалдан авалтын хамгийн сүүлийн статистикт энэ оны нэгдүгээр сард Монголбанканд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс зургаа дахин, хоёрдугаар сард энэ тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт дурайж буй. Тодруулбал, Төвбанк өнгөрсөн оны нэгдүгээр сард 597.1 кг алт худалдан авсан бол энэ оны нэгдүгээр сард 3557.6 кг-ыг авчээ. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард 95.9 кг-ыг авсан бол өнгөрсөн сард 952.5 кг-ыг худалдаж авсан байна. Энэ тоог хараад алт тушаалт нэмэгдлээ хэмээн баярлах нь өрөөсгөл хэрэг. Харин хулгайгаар хил давдаг алтны багцаа бүрэн биш болов ч харагдлаа гэж ойлгох нь үнэнд дөхөх болов уу.
Нэгдүгээр сард урд хөрш Цагаан сараа тэмдэглэж, хилээ хаасан. Хятадын Цагаан сарын баяр дуусаад удалгүй манай улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд БНХАУ-тай хиллэдэг боомтуудаа хаасан. Хил хаасан, иргэд өмнөд хөрш рүү зорчих боломжгүй болсон саруудад Монголбанканд алт тушаасан хэмжээ ингэж огцом өссөн нь нэгийг хэлж байна бус уу. Хил хааснаар хулгайгаар гадагш урсдаг алт Төвбанканд очсон нь энэ огцом өсөлтийн гол хүчин зүйл болжээ гэж харж байна. Ганц, хоёр сарын огцом өсөлтийг хараад ингэж дүгнэх нь өрөөсгөл хэрэг гэж хэлэх хүн гарч магадгүй. Тэгвэл бид Монголбанкны арван хэдэн жилийн статистикийг харсан. Алт олборлолт өнөөгийнхөөс илүү байсан уу гэхээс дутуу байгаагүй тэр жилүүдэд нэгдүгээр сард 3557 кг бүү хэл 2000 руу дөхөх хэмжээний алт худалдан авсан тохиолдол ч алга. 2009-2019 оны нэгдүгээр саруудад алт олборлогчид дунджаар 490 кг алт тушааж байж. Хоёрдугаар сарын тухайд ч ялгаагүй. 2009-2019 оны хоёрдугаар саруудын дийлэнхэд нь 100 орчим кг алт худалдаж авсан байна. Энэ жилийнх яалт ч үгүй огцом өссөн үзүүлэлт аж. Тиймээс л хил хаасан нь хулгайгаар урсдаг алтыг илчилж гэж хардаад буй хэрэг. Статистик худлаа хэлдэггүй гэдэг дээ.
Зарим нэг хүн алт тушаалт огцом өссөнийг ханшийн өсөлттэй холбож тайлбарлаж мэднэ. Гэхдээ өнгөрсөн онд алтны ханш өссөөр байсан ч Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ буурсан билээ. Тодруулбал, өнгөрсөн онд Төвбанк 15.2 тонн алт худалдан авсан нь 2018 оныхоос 6.7 тонноор бага буюу 30 хувиар буурсан үзүүлэлт байв. 2018 онд 21.9 тонн алт худалдан авсан юм. Өнгөрсөн онд ийм байсан тул энэ онд ч алт тушаалт үргэлжлэн буурч болзошгүй гэж эдийн засагчид анхааруулж байсан удаатай. Товчхондоо алт тушаалт ингэж огцом нэмэгдэх хүчин зүйл эдийн засагт бүрдээгүй гэж харж байв. Алтны ханш өсөж буй ч тушаалт бага байгаа талаар албаны хүмүүс өнгөрсөн онд “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 2.5 хувь байсан АМНАТ-ийг таван хувь болгон нэмэгдүүлсэн. Мөн алт олборлолт буурч байгаа” хэмээн тайлбарлаж байв. АМНАТ-ийн хэмжээ хэвээрээ, олборлолт ч идэвхтэй биш энэ үед хил хаасан саруудад тушаасан алтны хэмжээ ийнхүү огцом нэмэгдсэн нь нэгийг хэлж буй биз

Хил хаасан хоёр сарын хугацаанд тушаасан алтны хэмжээ арван жилийн дунджаас 5-6 дахин их байна

Монголбанкнаас алт олборлогч иргэд, аж ахуйн нэгжүүдийг алтаа хуулийн дагуу, дотооддоо тушаахыг байнга уриалдаг. Өнгөрсөн онд “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян эхлүүлсэн. Уг аяны хүрээнд иргэн, аж ахуйн нэгжийн олборлосон алтыг Монголбанк болон арилжааны банкуудад худалдах явцыг идэвхжүүлэх замаар нөөцөө нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хийсэн юм. Гэсэн ч алт тушаалт нэмэгдэх бус, эсрэгээрээ буурсан үр дүн гарсан талаар дээр дурдсан. Улсын хилээр хууль бусаар алт гаргах явдлыг бууруулахаар Төвбанк хууль, хяналтын байгууллагатай тогтмол хамтран ажилладаг талаараа мэдээлдэг. Энэ ажлын хүрээнд хураагдан улсын орлого болсон алтны хэмжээ жилд 10 орчим килограммаар яригддаг билээ. Гэтэл хил хаасан хоёр сарын хугацаанд тушаасан алтны хэмжээ арван жилийн дунджаас даруй 5-6 дахин их, 2000-3000 кг-аар илүү байгааг холбогдох байгууллага анхааралдаа авахад гэмгүй биз ээ.