Дэгдээхийгээ дагуулсан тоодог

Админ
2020/03/26

Байгалийн элдэв шалгарлыг даван туулж чадвал хамгийн ихдээ 24 насладаг энэ шувуу өрөвдмөөр нь дэндүү амьтан. Олонх нь өвгөртлөө орчлонгийн тоосыг хөдөлгөж чадахгүй, орь залуугаараа нас нөгчинө. Тоодог болж төрсөн ганцхан заяандаа олигтой амар амгаланг эдэлж чаддаг ч юм уу, үгүй ч юмуу даа. Түүний энэ зовлон үржилтэй нь холбоотой. Эр нь 5-7, эм нь гурван нас хүрч үржилд орно. Үржилд орсноос хойш жил бүр өндөглөнө. Жил бүр дөрөвдүгээр сарын эхээр эр тоодог өөрийн эзэмшилдээ орооны бүжиг бүжиглэж, эм тоодгуудад байдгаа дэлгэнэ. Таалагдсан хос үржилд орох ч үүнээс цааших хариуцлага эмд ногдоно. Харин нөгөөхийнх нь хувьд өнөөх бүжиг, наадам нь ердөө үржилд орохын тулд хийсэн бэлтгэл нь гэлтэй. Ихэнх эр амьтны адил амиа бодсон араншинтай аж. Үр төл нь бүрэлдэж байгааг мэдсэн эх амьтан илүү нэг ч хөдөлгөөн хийлгүй цөмцөгнөнө.Арван жил үр мөрөөдөж, шаналдаг говийн мазаалайтай зовлон нэг гэмээр. Гэхдээ шаналал нь өөрөөр илэрнэ. Говийн маахай арван жилийн турш мөрөөдсний эцэст арайхийн нэг бамбарууштай болдог бол тоодог жил бүр өндөглөдөг ч бараг бүгдийг нь алддаг. Ийм учраас л эм тоодог өрөвдмөөр нь дэндүү амьтан. Тоо толгой нь өсөж өгөхгүй байгаа нэг шалтгаан нь ч энэ юм.
Ихэвчлэн тал хээрээр нутагладаг болохоор амьтны битгий хэл хүний нүдэнд ил шахам үүр засна. Үүр ч гэж дээ, сарвуугаараа газар хэд самардаад, өндгөө хагалчилгүй дараад хэвтэж болохоор хонхорхой гаргана. Алгын чинээ тэр хонхойдоо ногоон туяатай  2-3 өндөг гаргана. Өндөгөө бараг 40 хоног дарна. 40 хоног түгшүүртэй амьдарна гэсэн үг. Жижигхэн толгойгоо хурдан хурдан хөдөлгөж, гялганасан нүдээрээ орчноо нэг бүрчлэн хянана. Хумсын толионоос жижигхэн зүрх нь амаараа гарчих шахан цохилно. Өндөгнүүдээ тэнгэрээр хийгээд газраар хоол эрэн хэсүүчлэгсдийн хурц нүдэнд өртчих вий гэхдээ ийн сандран бэмбэгнэнэ. Нэг ч хором тайван зогсохгүй. Өт, шавьж тоншихдоо ч, ургамлын үндэс сугалж байхдаа ч өндөг рүүгээ мөнхийн ширтээстэй. Таван алхам ч холдохгүйг хичээнэ. Тав хоногийн дотор ойролцоох өт, шавьж, амтат үндэс, ургамал, нахиа дуусна. Тэрүүхэнд цар цархийх царцааг тонших гээд гүйх зуур нь зальт үнэг, эсвэл бүргэд өндгийг нь ганцхан харайлтаар суйлаад давхчихна, нисчихнэ. Цовхроод цовхроод эргүүлж өгөхгүй. Араас нь нисвэл бусдыг нь алдана. Тоодогийн хэлээр хашгирч, загнаад ч нэмэргүй. Аргадаж, гуйгаад ч авчрахгүй. Шувуу хэдий ч хүний гараар урласан гэлтэй алгын чинээ үүрэнд нь хэдэн өндөг үлдэж вэ гэж шалгана. Азтай бол гурав, эсвэл хоёр, эсвэл нэг... Дөрвөн өндөг торойлгож асан үүр хов хоосон хүйт дааж хоцрох үе ч цөөнгүй. Үнэг мэтийн амьтдын өлийг бүрэн дарж чадахгүй ч эхдээ бол юугаар ч орлуулшгүй үрийг нь махчин шувууд ганц тоншоод сорчихно, үнэг мэт нь нэг үмхээд л уучихна. Хүнд тохиовол хорвоо дэлхий хөмөрчих шиг ийм гашуун тавилан хөөрхий тоодгийг жил бүр ээрдэг нь гаслантай. Зөвхөн араатан амьтад ч бус хүн, мал, түймэр ч тэднийг хагацахад үүрэг гүйцэтгэнэ. 
Харин байгаль дэлхийн үр өгөөж, тавилангаар дэгдээхий хальсаа цөмлөн орчлонтой танилцах тэр үе бол тоодогийн хувьд тоодог болж төрсний гавьяа гэлтэй. Турь муутай сарвуугаараа тогтож, ядан дэгдэгнэх дэгдээхийгээ дагуулсан тоодог бүгдийн өмнө толгой өндөр, цэмцэгнэнэ. Махчин шувууд, үнэг, хярс зэрэг тоодгийн ойр орчимд үзэгдвэл дэгдээхийгээ дороо хийчихээд нам хэвтэнэ. Бараа сураг алдартал, дуу чимээ алсартал хэвтэнэ. Эхийнхээ халуун хэвлийд наалдсан тахианы дэгдээхийгээс ялгагдах юмгүй өрөвгөр амьтан айдас, түгшүүрийн өчүүхэн ч мэдрэмжгүй унтана. Цацагт хяруулын дайны том биетэй тоодог махчдаас үр төлөө хамгаалах гэж биеэ эвхэн эвхэн нугдайна. Болдог бол дэгдээхийнхээ чинээнд хүртэл жижигрэх гэж хичээнэ. Хэчнээн жижгэрээд ч хэр баргийн махчин харчихна. Бараг бариулахын даваан дээр биеэсээ хоёр дахин том далавчаа нэвсийтэл дэлгээд, ухасхийнэ. Тэр болтол огтхон ч хөдлөхгүй, тэвчинэ. Өнөөх араатан цочиж, үргэх нь үү гэж хэсэгхэн харзнана. Тайван гэгч нугдайж асан цэгдээхий эхийнхээ сүр сархийн өндийхтэй зэрэгцэн дэгдэгнэнэ. Хаашаа дэгдэж байгаагаа ч мэдэхгүй харайлгана. Зарим нь араатны саварт өөрөө гүйгээд орчихно, азтай бол сарвууныхаа шандсыг сорин өвс, сондуул хайна. Агшин зуурын амь тэмцэлд эх нь ч оролцоно. Дээрэлхэж болохоор жижиг араатныг бол эх, дэгдээхий хоёр энэ мэтээр аргалж дөнгөнө. Харин дөнгөхөөргүйтэй учирвал хагацахаас өөр тавилан үгүй. Үр төлөө тасчихаас буцдаггүй махчин араатнуудад өрөөлийн дэгдээхий ч яамай байдаг биз дээ. Харин ганц бие тоодог бол махчдыг шоглож өгнө. Томхон хурганы дайтай шувуу өмнө нь нисэж бууж, нисэж буух нь үнэг, хярс зэргийн ангуучдад аманд нь мах хийгээд авахтай адил. Эцэж, цуцахын даваан дээр тоодогийн тоглох бах ханана. Ихэвчлэн эр нь ингэж эмс, хүүхдүүдийнхээ хариуг авдаг байна. 

Маш ховор тохиолдолд үндэс, нахиаг ялгахгүй шахам нялх дэгдээхий, үрээ хамгаалсан тоодог хоёр элэг бүтэн үлдэнэ. Энэ мэт тулаан өдөр бүр, цаг тутамд шахуу тэднийг зовооно. Өт, царцаа, цох, навч, ургамлын үндэс, нахиа зарим үед хулгана, гүрвэл, мэлхий зэргээр хооллоно. Тэр бүр усанд шумбаад, нуурын толионд саатаад байхгүй. Ингэж, тэгж явсаар наймдугаар сартай золгочихвол дэгдээхийн өд сөд нисэх хэмжээнд хүрнэ. Нисэж сурах гэж тэгтэл зовдоггүй. Тэнгэрийн хязгааргүйд элин хальж сурснаас хоёрхон сарын дараа холын аянд мордоно. Нүүдэллэхдээ бусад шиг олноороо зэллэн, алс холыг зорьж буйгаа илтгэхгүй. Хамгийн олондоо зургаан тоодог нийлэн өмнө зүгийг зорино. Монголын Дорноговь, Хөвсгөл, Увс, Ховд Алтайн өндөр говийн хээр талаар зусдаг тоодогууд ихэвчлэн урд хөршийн Бээжингээс баруун урагш тал нутаг руу нүүдэллэнэ. Тэндэхийн амьдрал ч амар, амгалан биш, үхэл амьдралын тэмцэл шаардсан эндэхээс ялгаагүй цаг мөчүүд үргэлжилнэ. Даль жигүүртэн тэнгэртээ л эрх чөлөөтэй, айдас, түгшүүргүй байдаг байх гэх хүмүүсийн төсөөлөл бас л өрөөсгөл. Учир нь, Анчид тоодогийн махны амттайг гайхаж,

“Тоодогийн мах тогоо дүүрнэ” хэмээдэг.Одоогоос 20-иод жилийн өмнө тоодогийг өнөөгийн талын цагаан зээр шиг л хяддаг байв. Үүний үрээр одоо тоодогийн мах тогоо дүүрэхээ байсан. Тоо толгой нь эрс цөөрсөнтэй холбоотойгоор агнахыг хориглосон ч тэдэн рүү онилох бууны тоо цөөрөөгүй. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Шувуу судлалын лабораторийнхон 14 тоодогт мэдээлэл дамжуулах хүзүүвч зүүсний 12 нь жил гаруйн хугацаанд үрэгдсэн байна. Энэ нь Монголд 3000 тоо толгой үлдээд байгаа тоодогийн хувьд муу мэдээ юм. 
Хуурай газрын хамгийн том шувуу болох тоодог дотроо хонин, жороо гэсэн хоёр төрөлтэй. Аль аль нь дэлхийд нэн ховордсон ч хонин тоодог нь жороогоосоо арай олуулаа. Энэ шувуу манайхаас гадна Зүүн Азийн буюу ОХУ, БНХАУ, Хойд Африк, Иран болон Пакистан зэрэг улсын нутагт нүүдэллэн амьдардаг. 
Монголд хахир хүйтний улирлын сүүлч ирэхтэй зэрэгцэн өд сөд нь дөнгөж ургаад алсыг зорьсон амьтад наашаа тэмүүлцгээнэ. Араатан, жигүүртэн хийгээд анчдаар дүүрэн Монгол руу юунд нь ирдэг юм гэмээр яарцгаана. Намрын уйтай тэнгэрт тав зургуулахнаа буцаж асан тоодог дөрөвдүгээр сарын эхэн гэхэд бараг бүгдээрээ ирчихнэ. Урт холын замд яарч ирдэг нь цайвар ногоон гурван өндгөө төрүүлэх газар нь Монгол учраас тэр биз ээ.