ЭШЛЭЛ: Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Хашбаатарын Цагаанбаатар

Админ
2020/05/20

Хашбаатарын Цагаанбаатар нь Монголын жүдоч бөгөөд 1984 оны 3-р сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн. Тэрбээр Аварга биеийн тамирын дээд сургуулийг төгсжээ. 1995 оноос анх жүдо барилдаанаар хичээллэж эхэлсэн. 2004 оны Афины олимпоос 60кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн, 2009 оны дэлхийн аварга, 2010 оны ДАШТ-ий хүрэл медальт. Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой юм. Мөн Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, самбо бөхийн дэлхийн хошой аварга хүн билээ. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.


Тамирчид робот биш. Олон жил бэлтгэл хийхээр ясны сийрэгжилт, шөрмөс суналтаас эхлээд эрүүл мэндэд олон асуудал тулгардаг. 


Өнөөдөр ялсан нь биш, унаад босож байгаа нь хүчтэй. Та нар намайг хараарай. Би 2009 оны ДАШТ-д заавал түрүүлнэ” гэж өөртөө хэлээд хавиргаа нэг сар эмчлүүлэн, бүсэн дээр бичүүлсэн “Аварга” гэсэн үгийг зүүх бүртээ харж, итгэл үнэмшил бий болгон бэлтгэлээ уйгагүй хийсэн. 


Дийлдэг хүн маань олимпийн аварга болж байгааг харах хэцүү юм билээ.


Нас минь залуу байна, тэгээд ч бөх хүн бүдүүн бараг байх албагүй. Хүн бүхэнд өөрийн гэсэн ертөнц бий. Тиймээс би дуртай зүйлээ хийж яагаад болохгүй гэж. Би хүссэнээрээ байж, өөрийн ертөнцөө бүрдүүлэх эрхтэй.


Тэмүүлсэн хүн бүхэн олимпод түрүүлдэггүй. Бүх чадвар нь тэгширсэн хүмүүсийн дундаас цойлох хэцүү. Аз од, хөдөлмөр нь жигдэрсэн тамирчин л олимпийн аварга болдог.


Ард түмний итгэлд бидний амжилт оршин тогтнодог. Амьдрал баян болохоор аливаа хүн унана ч, босно ч. Хөдөлмөрлөж байгаа хүнийг бурхан хардаг гэдэгт би итгэдэг.


Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэж насанд минь ахадсан мундаг цол. Төрийн хайр хүндлэл, ард түмний итгэлийг зөв дааж явах ёстой гэж боддог юм. Эрт эдүгээ баатруудын цус энэ биеэр минь лугшиж байгаа учраас эс бүхнээ дайчлан мэрийж, эх орноо үргэлж ялалтаар шагнах болно оо, хүү нь. 


Хөндлөнгөөс харахад тамирчид тэмцээнд оролцож, бэлтгэл л хийдэг амар ажилтай хүмүүс шиг санагдаж магад. Гэхдээ олон зүйлийг золиосолсны эцэст медаль ирдэг. 


Дэлхийд дээгүүр түвшинд өрсөлддөг тамирчинтай нэг жинд барилддаг минь аз зохиол. Бид биесээ ирлэж хурцалсаар өнөөг хүрсэн.