З.Цэвэлмаа: Гэгээн хайрын шүлгээр сонороо мялааж, дархлаагаа дэмжицгээе

Админ
2020/05/21

21  дэх удаагийн “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадмын  тов зарлагдаж, уран бүтээлч, уншигчдын дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа билээ. Түүхэндээ анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй тус наадмын зохион байгуулалт, шалгаруулалтын талаар Монголын залуучуудын холбооны Төвлөрсөн үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга З.Цэвэлмаагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Энэ удаагийн “Цагаан-Уул” наадам улс орны хэмжээнд, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон үед болж байна. Мөн жил бүр зохион байгуулагчдын зүгээс ерөнхий сэдэв зарладаг. Энэ жилийн сэдвийн талаар?
-Монголын залуучуудын холбооноос энэ оны хоёрдугаар сарын 2-ноос ирэх оны хоёрдугаар  сар хүртэл Андын ёс барилдах жил болгон зарласан. Үүний хүрээнд хайрын шүлгийн энэ жилийн “Цагаан уул” наадмыг “Андуудаа хайраар хөглөе” уриан дор зохион байгуулж байна. Энэхүү наадмыг зохион байгуулснаар дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хайрын уянгалаг шүлгүүдээр иргэд, үзэгчдийн оюуны  сонорыг мялааж, урлаг соёлоор дамжуулан дархлааг дэмжсэн үйл ажиллагаа болно гэж найдаж байна. Энэ жил анд нөхөд, амраг сэтгэлийн хайраас эхлээд эх орон, эх дэлхийгээ хайрлах  хайр  зэрэг нэлээд өргөн хүрээний сэдэв хамруулсан онцлогтой. Оролцогчид нийт долоон сэдвээс сонгон, шүлэг туурвиж, оролцох боломжтой.

-Цахимаар зохион байгуулж байгаа учраас гадаад улс болон хөдөө орон нутагт суугаа уран бүтээлчид давуу талтай болж байна. Гэвч өөрийн шүлгээ уншиж, дүрс бичлэгээр ирүүлэх шаардлага нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд хүндрэлтэй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Цахимаар зохион байгуулж байгаа учраас дэлхийн өнцөг булан бүрт суугаа уран бүтээлчид оролцох боломж бүрдсэн. Япон, Солонгос зэрэг гадаадын олон орноос бүтээлээ ирүүлж байна. Мөн орон нутгийн оролцогчид ч идэвхитэй байгаа. Бид тэгш оролцоог хангах үүднээс тусгай хэрэгцээт оролцогчдын шүлгийг зурагтай нь хамт нийтэлж байгаа.  Мөн залуу уран бүтээлчдээс гадна “Цагаан –Уул” наадмын тэргүүн болон дэд байрын эзэд, МЗЭ-ийн шагналт  яруу найрагчид бүтээлээ ирүүлсэн.

-“Цагаан уул” өнгөрсөн жил өнжсөн учраас залуу уран бүтээлчид хүлээлт өндөртэй байгаа нь дамжиггүй. Одоогийн байдлаар хэчнээн оролцогч шүлгээ ирүүлсэн бэ. Бүтээл авах хугацаа хэзээ дуусах вэ?
-Өнөөдрийн байдлаар 40 гаруй оролцогч шүлгээ ирүүлээд байна. Бид наадам зохион байгуулах, бүтээл хүлээн авах тухай мэдээллийг энэ сарын 5-наас олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээнд байршуулсан. 15-ны өдрөөс уралдаанд оролцогчдын бүтээлийг хүлээн авч, Монголын залуучуудын холбооны цахим хуудаст ирсэн дарааллын дагуу байршуулж байна. Бүтээл хүлээн авах хугацаа энэ сарын 20-ны өдөр дуусах байсан ч оюутан залуус ихэвчлэн интернет орчноос хол хөдөө орон нутагт, байгааг харгалзан 25-ны 18:00 цаг хүртэл сунгасныг дуулгахад таатай байна.

-Цахимаар зохион байгуулахад ямар нэг хүндрэл гарч байна уу. Оролцох хүсэлтэй залуус юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Анх удаа цахимаар зохион байгуулж байгаа учраас оролцогчид зөвхөн шүлгээ илгээх эсвэл дан ганц видео илгээх зэргээр уралдааны шалгуурт нийцэхгүй материал илгээх тохиолдол гарч байна. Ингэснээр уралдаанд оролцох боломжгүй болно. Оролцогч өөрийн зохиосон хоёр шүлгийг файлаар болон уншсан дүрс бичлэгийн хамт илгээх ёстой. Мөн дүрс бичлэгийн үргэлжлэх хугацаа 90 секундээс илүүгүй байхыг анхаарах хэрэгтэй. Хамгийн чухал нь өөрийн мэдээллээ бүрэн бөглөх шаардлагатай. Учир нь иүүлсэн материал нь шаардлага хангахгүй бол утсаар холбогдож дутуу зүйлсийг нөхөж авах боломжтой. Тиймээс бүтээлээ ирүүлэхээр бэлдэж байгаа оюутан залуус наадмын удирдамж, бүтээлд тавигдах шаардлагатай сайтар танилцаж, бүрэн гүйцэд материал ирүүүлээрэй. 

-Шалгаруулалтын хэрхэн зохион байгуулах вэ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ямар уран бүтээлчид байгаа вэ?
-Хоёрдугаар шатанд тэнцсэн 13 оролцогчийн нэрсийг тавдугаар сарын 27-ны өдөр зарлана. Ингэхдээ сошиал хандалт болон шүүгчдийн үнэлгээ хослосон шалгуураар тодруулна. Хэдий цахим уралдаан ч гэлээ дан ганц сошиал хандалтаар шалгаруулах нь учир дутагдалтай. Эцсийн шатны шалгаруулалтыг хөл хорионы дэглэм, Улсын онцгой комиссын шийдвэрийг мөрдөж дижитал хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Монголын залуучуудын холбооны пэйж хуудсаар шууд дамжуулна. Мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах боломжийг судалж байгаа. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг хараахан танилцуулах боломжгүй. Мэдээж уламлжал  ёсоор Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран ажиллана.