Г.Занданшатартай дөрөө харшуулж, бүсгүйчүүд торойж мэдэх Баянхонгор

Админ
2020/05/22

Бие даагчид тойргоо амлаж, намууд суудал авчрах магадлалаа тооцож, учраагаа тэнцүүлээд, ачаа үүрэх нуруутай нэгнээ аль болох шинэковуудын өөдөөс “тавьж” байгаа энэ үед Баянхонгороос Г.Занданшатартай халз “үзэх” хүчтэн горилогчдын дунд алга аа. Яггүй мэдлэгтэй, шаггүй тулхтай энэ эрд хонгор нутгийнхан буруу өгч, хир хүргэдэггүй шиг санагддаг. Энэ нь Г.Занданшатар шиг улстөрчийг бэлтгэхийн тулд дахиад 30 жил шаардлагатай гэх дүгнэлттэй минь баттай харгалдах болов уу.

2016 онд Баянхонгорынхон  МАН-д эрх олгож, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, М.Билэгт гурвыг УИХ-ын сэнтийд залсан ч өнгө нь гологдож, мөнгө нь чамлагдсан уу М.Билэгтийгээ хаалганы гадна үлдээгээд, ГХЯ-ны дэд сайд Б.Батцэцэгээр холио, солио хийчихлээ. Нас, зүсийг нь харвал, олонд таалагдаж мэдэх ч үзэгдэх төрх шигээ үнэн, ариуны туйл биш гэж Б.Батцэцэг хатагтайг дүгнэдэг юм билээ. Сүйхээтэй, суусан газраасаа шороо атгадаг, дээгүүр, доогуур гүйдэлтэй, өөрийн компаниудаа томруулж, тодруулах их хүсэлтэй энэ бүсгүйд тендер будлиулах, цавчих, өөрийн болгох асар их авьяас билэг байдаг гэх юм билээ. 

Б.Батцэцэг Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төржээ. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Дархан хотын 13 дугаар сургуулийг 1992 онд, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1996 онд, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд, Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг 2005 онд төгссөн чамгүй боловсролтой нэгэн. 1996 онд хаалгыг нь нээж байсан “Мөнхийн үсэг” компаниа групп болтол нь тордож, 2003 онд “Аз хур”, “Монгол үнэт цаас, хэвлэл” компанийн амжилттай, ажлаар тасрахгүй эрэлттэй аж ахуйн нэгж болгосон алсын хараатай, сүйхээтэй, овжин нэгэн.

2010 оноос улс төрийн карьераа эхлүүлж, МАХН-ын ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд МАН-ын ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөхөөр ажилласан туршлагатай. Боловсролтой, үзэсгэлэнтэй, нэр хүндтэй, удирдагч гээд эмэгтэй хүнд ахадсан алдар хүндийн ачааг үүрсэн энэ хатагтайн тухай үе үе таагүй мэдээ хөвөрдөг нь тендерт ялалт байгуулж, бусдыгаа хийх ажилгүй болгодогтой нь холбоотой. Тухайлбал, ном, зохиол хэвлэх үйлдвэрлэлийн салбарт Б.Батцэцэг хатагтайг гүйцэж тендер авдаг үйлдвэр байдаггүй гэнэ билээ. 2014-2020 оны хооронд тэрбээр 41 тендерт ялж, нийт гурван тэрбум, 259 сая төгрөгийн ажил гүйцэтгэж чаджээ. Энэ мэт ов мэхийг нь мэдэхгүй сонгогчдод тэрбээр боловсролтой, сайхан бүсгүй харагдах нь тодорхой. 

Баянхонгорт нэр дэвшигчдийн дундаас магтаж, миалах боломжгүй нэг л дэвшигч байгааг уншигч та надаар тодруулахгүйгээр мэдэж буй биз. УИХ-ын даргын үүрэгт ажлыг чадамгай хийж, хэл ам, хэрүүл тэмцэлгүйгээр биеэ аваад явдаг цөөн улстөрчийн нэг бол яах аргагүй Г.Занданшатар. Энэ удаагийн сонгуулийн уур амьсгал, дүр зураг, учраа тохироог шинжвэл, толгой өвтгөхгүйгээр намдаа нэг суудал авчрах хүн бол яах аргагүй тэр. Түүний ялалтад нөлөөлөх гол хүчин зүйл нь өөрийнх нь төв, түвшин байр суурь, хэнтэй ч нийцэж ажиллах чадвар, хүлээцтэй, буурьтай, итгэл даах ноён нуруугаас гадна Ерөнхийлөгчийн дэргэдээс гялалзаж чадаж байгаа эв, эе юм. Тэр бол Л.Элдэв-Очирыг бодвол хэнтэй ч учраа олох арга эвтэй. Энэ бол түүний ялалт байгуулах гарцаагүй том давуу тал. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Г.Занданшатарт  магтаал ч хэрэггүй, матаас ч хэрэггүй. Сонгогчдын жагсаалтад нэр нь л байхад хангалттай. Учир нь, тэрбээр, ус балгасан мэт чимээгүйнхээ цаана тойргоо услах, дэмжигчээ бэлтгэх, залуусаа дэмжих, Ерөнхийлөгчийн ивээлд багтах...гэх мэтээр бартаатай байж мэдэх замаа хамгийн сайн засаж, цэвэрлэж чадсан алсын хараатай түшээ. 

Энэ удаад “Ялалтын дуу” аялсаар УИХ дахь ширээ, сандал, өрөө, танхимдаа гарцаагүй ирж суух нэр дэвшигчийн тоонд Л.Элдэв-Очир багтана хэмээн тааж байна. Хэдийгээр түүнд даргын хөлд сууж, намайг бодоорой гээд ханцуйндаа наймаалцах ухаан байхгүй ч хэтэрхий шударга, хэтэрхий хэлэмгий, заргач, нэхэл хатуутай тэмцэгч мэт авирладаг өөрийнхөөрөө зан нь түүнийг дахин итгэл хүлээхэд нь тусалж мэднэ. Аймгийнхаа  МАН-ын хороог удирдаж явсан эл эрхэм 2016 оны сонгуулиар өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, нутгийн иргэдийн уулзалтын үеэр урилга гаргаж байсныг хонгор нутгийнхан мартаагүй. Тухайн үедээ нэлээд “хоржоонтой” түүний уриалга АН-ынхныг эвгүйцүүлж байв. Тэрбээр, “Х.Баттулга аа, шударга өрсөлдье. Царцааныхаа нүүдлийг зогсоо. Улаанбаатар хотоос Галуут суманд л гэхэд 300 гаруй хүнийг сонгогчоор бүртгэж авах ажил зохион байгуулжээ” хэмээн эсрэг намаа эгдүүцүүлсэн хатуу самар. Энэ удаад ч мөн АН авираа нуухгүй бол Л.Элдэв-Очир аашаа нуухгүй л болов уу. 

Тэрбээр, эрчим хүчний барилга угсралтын конторт монтёроос эхлээд мастер, ерөнхий инженер, даргын албан тушаалд очоод, тэндээсээ “Мон Стар” компанийн захирал, “М-Си-Эс Интернэйшнл” компанид дэд захирал, “СББ” компанийн ерөнхий захирал, “Зүүнхараа трейд” компанийн гүйцэтгэх захирал, “М-Си-Эс групп”-ийн дэд ерөнхийлөгч, 2012-2013 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. 2016 оны сонгуулиар Баянхонгор аймагт МАН-аас нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.

Аль ч нам, эвслийг сонгож мэдэх хамгийн барьцгүй тойрог гэгдэх Баянхонгорт АН-аас А.Адъяасүрэн, П.Нүрзэд, Г.Ганбат нар нэрээ дэвшүүлж байгаа бол, Та бидний эвслээс Ж.Ганзул, Г.Цэдэнжав, Э.Содномжамц, ШИНЭ намаас Цэнджав, Ганзориг, О.Батсүх, “Зөв хүн электорат” эвслээс Ж.Төмөрхуяг УИХ-ын гишүүн болохоор горилж байгаа юм. АН-ын нэр дэвшигчдийн тухайд “бидон” хочит Д.Ганбат санал горилж байна. Тэрбээр 2012 онд хонгор нутгийнхныг төлөөлж, парламентад сууж байсан туршлагатай ч өөрийн нэр дээрх  “Техник импорт” компанидаа төрөөс мөнгө гаргуулсан гэх хар түүхтэй нэгэн. 

Баянхонгорт үзэсгэлэнтэй, царайлаг, халаасандаа мөнгөтэй хоёр бүсгүй баруун, зүүн талаас намтар, түүхээ дуудуулж байгаагийн нэг нь АН-аас нэр дэвшигч А.Адъяасүрэн. Үзэсгэлэнтэй, царайлаг энэ хатагтай уул уурхайн салбарт бизнестэй гэх юм билээ. АН-ын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн А.Адъяасүрэн өөрийгөө таниулах ажлыг нэлээд эрчимжүүлж, телевизийн төлбөртэй нэвтрүүлэг бүрээр тодрон харагдах болсон нь МАН-ын Б.Батцэцэгтэй мандат булаалдах хэмжээнд байгааг олны ярианаас олзолж болохоор байна. Мөн МАН-аас хоёр мандатын эзэн тодорхой ч гурав дахь нь хэний ч гарт очиж мэднэ. “Царайны сайхнаар цай сүлэхгүй” гээд Ерөнхийлөгчийн зөвлөх П.Нүрзэдэд үлдсэнээ атгуулж мэднэ гэх таамаг ч хөвөрч байна. 

Гурван мандаттай энэ тойрогт хийсэн, бүтээсэн гавьяа гэхээсээ илүүтэй маргаан мэтгэлцээн, дуулиан, шуугиант мэдэгдлүүдээрээ танигдсан нэр дэвшигч горилж байгаа нь бие даагч Д.Мөнх-Эрдэнэ. Хөх хотын Ерөнхий консул асан тэрбээр Ж.Батзандангийн улс төр дэх ургийн модыг ганхуулсан нь ашигтай нүүдэл байсныг өдгөө бид харж байна. Түүний халаасанд хүсвэл, ганхуулж, гайтуулах мод хэд хэдээрээ байж мэдэх учраас бие даагч гэж голох хэрэггүй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор багтана.  Энэ бүхнээс харвал, Г.Занданшатартай дөрөө харшуулж, бүсгүйчүүд торойж мэдэх тойрог яах аргагүй Баянхонгор.