NPOST-ОНЦЛОХ ХҮН: Төрийн соёрхолт дуучин Д.Болдын тухай ТАВАН АСУУЛТ?

Админ
2020/05/22

Төрийн соёрхолт дуучин Д.Болдын хэвлэлд өгсөн ярилцлагуудаас түүвэрлэн онцлох таван асуултыг хүргэж байна.

Монголын рок попын ертөнц сүүлийн жилүүдэд нам жим байлаа. Шинэ хамтлаг дуучид ч төрөн гарах нь багасчээ. Гарсан ч тайзнаасаа удахгүй буудаг. Таныхаар энэ юутай холбоотой гэж бодож байна?

-Залуу дуучид гарч ирээд алга болно гэдэг бол нэгдүгээрт менежмэнт, менежер, продюсер, санхүүгийн байдалтай холбоотой гэсэн үг. Уран бүтээлийн бодлого чиг хандлага байхгүй учраас ийм тогтворгүй байгаа болов уу.

Рекордсууд Монголд албан ёсоор нээгдэх юм бол санхүүгийн байдал, менежмэнт, продюсерууд, ая зохиогч нар бүгд нэг баг болж, нэг дуучин юм уу, хамтлаг дээр ажиллана. Энэ талын менежмент манайд дутагдалтай байгаа нь үнэн.


Таныг “The Voice Mongolia” шоуны шүүгч болсноос хойш үзэгчид торгон мэдрэмжтэй, хүнд урмын үг хэлж чаддаг, хошин мэдрэмжтэй гэж магтах болжээ. Ер нь та хэр мэдрэмжтэй хүн бэ?

-Би байгаагаараа л байгаа.  “The Voice Mongolia” шоун дээр ч мөн адил. Шоу маань өөрөө их гоё болж байна. Дээрээс нь шоу хийж байгаа продюсерууд, баг хамт олон шоугаа маш сайхан хийж, үзэгчдэд хүргэж чадаж байна.

Миний хувьд үнэхээр сэтгэлд хүртэл сайхан дуулсан тэр л оролцогчдод тухайн үедээ төрсөн сэтгэл хөдлөлөөрөө хандаж, хэлмээр байгаа зүйлээ л хэлдэг. Мөн бидний үг  хэн нэгний хувьд үнэхээр үнэ цэнэтэй байгааг харахад ч маш сайхан санагддаг.


Бас их романтик хүн үү?–

Би их романтик хүн.


Урлагийн хүнд төлөвшил гэж нэг чухал зүйл байх ёстой шиг анзаарагддаг. Бусдаас өөр байх, ялгарах гээд онцлогууд ч байх ёстой. 

-Дандаа хүний нүдний өмнө ил явдаг. Урлагийг түгээж байгаа хүн гэдэг хүний нүд баясгах, сонор мялаах, урам зориг өгөх, дурсамжуудыг үлдээх, сэтгэл хөөрөл мэдрүүлэх, сэтгэлийг бадраах, гунигийг мартуулах, баярлуулах, хэцүү үед дуу хөгжмөөрөө хамт байх ийм л ажилтай улсууд. Тэгэхээр тэр дуулж байгаа дуу өөрөө дандаа шинэлэг байх хэрэгтэй. Дуучин өөрөө ч өнгө зүстэй, тэгш бие хаатай, зөв биеэ авч явдаг, бусдад үлгэр дуурайлал болох гээд бүх л зүйлээрээ төгс байх ёстой. Яагаад гэвэл дандаа хүний нүдэнд ил явдаг учраас. Тэр утгаараа өдөр болгон өөрийгөө шинэчилж, өөртөө анхаарал тавьж, бас ард түмэндээ гоё дуу хүргэхэд би ч гэсэн өөрөө зөв хүн байх ёстой гэдэг байдлаар байнга хичээж явдаг. Байнга апдэйт хийж явна гэсэн үг л дээ.


Аавын нөмөр гэдэг ялангуяа эрэгтэй хүүхдэд том орон зай эзэлж байдаг. Аавынхаа эгэл сайхан зан чанараас дурсч яривал?

-Их тийм сэтгэлээрээ. Юмыг шууд хэлчихдэг. Ил хэлээд сэтгэлээ онгойлгочихдог тийм хүн байсан. Ааваасаа сурсан зүйл минь нямбай зан. Юмыг их эмх цэгцтэй байлгадаг. Өөрийнхөө хэрэглэдэг архитекторын үзэг цаас болгоныг маш нямбай, цэвэрхэн хэрэглэдэг байдал нь надад үлдсэн. Хүнд тусархуу. Аав минь өдөр шөнөгүй зургаа зураад л ажиллаад л, явдаг байсан. Сурах юм их байсан даа. Дуучин болоогүй бол эргэлзээгүй архитекторч болох байсан.