Л.Болорсолонго: Хууль бус ан агнуур 55 хувиар өссөн

Админ
2020/05/25

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэд ахлагч Л.Болорсолонгоос хууль бус ан агнууртай холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 

-Он гарснаас хойш хууль бус ан агнууртай холбоотой хэчнээн гэмт хэрэг бүртгэгдэв?
-Сүүлийн арван жилийн судалгаагаар хууль бусаар ан агнах гэмт хэрэг 376 бүртгэгдсэн байдаг. Харин өмнөх оны I улиралд 21, энэ оны мөн үед 38 гэмт хэрэг бүртгэгдсэн нь энэ төрлийн гэмт хэрэг 55 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн ийм төрлийн гэмт хэрэг цаашид ч өсөх хандлагатай байгааг харуулж байна. Хууль бус ан агнуур буурахгүй байгаа шалтгаан нь нийгэм, эдийн засгийн суурь үзүүлэлт, ажилгүйдэл, ядуурал, архидалт, иргэдийн байгаль орчны боловсрол дутмаг зэрэгтэй холбоотой.
-Энэ онд 38 гэмт хэрэг бүртгэгдсэн гэлээ. Эдгээрт ямар хариуцлага ногдуулсан бэ?
-Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5400-7000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5  жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Мөн нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10000-40000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.
-Дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны хооронд загас барихыг хуулиар хориглодог. Гэвч иргэд үүнийг үл тоох байдал анзаарагддаг?
-Хамгийн сүүлд тавдугаар сарын 13-нд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын II багийн Өвт гэх газраас  иргэн Ю.Адорж, Х.Батхуяг, Г.Батдорж нь зохих зөвшөөрөлгүй хоёр ширхэг зэвэг загас барьсныг илрүүлж, материалжуулан шалгаж байна.  Амьтны тухай хуулийн 9.2-д “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 15-ны хооронд загас агнахыг хориглоно” гэж заасан.  Хуулийн хэрэгжилтийг хангах, агнуурын загасны нөөц хомстож, устахаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Загас хамгаалал 2020” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. 
 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ