Хүний мөртэй амьдарсан түмний нэг

Админ
2020/06/25

Дэлхийн хоёрдугаар дайн ид дундаа, хүн төрөлхтөн хоёр хуваагдан өөд өөдөөсөө буу шагайж, сум шунгинан, амь үрэгдэж байхад Монголын тал нутагт харьцангуй ажин түжин байв. Холын дайны сураг сэтгэлд сүүдэр татуулавч монголчууд ардын хувьсгалын ойгоо тэмдэглэн эрийн гурван наадмаа хийх сөхөөтэй л байж. 1943 оны зун. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумынхан тал талаас цуглаж, наадмын талбайгаа дүүргэжээ.

Хүүхэд багачууд уяачдын асар дамжин гүйж ааруул, боорцогны хувь хүртэхийн зэрэгцээ хэний морийг хэн унаж хурдлуулахыг сэм сонирхоцгооно. Тэр өдөр шандас юугаа сорихоор уяан дээрээ дүүхэлзэх морьдын дундаас өндөр цээжтэй, урт зоотой, ялаа шумуул үргээн шингэн сүүлээ хаялсан, минчүү шиг гөлтгөнөж гялалзсан хүрэн морь наадамчдын харааг эрхгүй булаах нь хавтай Цэгмидийн хүрэн хэмээх нутаг усандаа зартай ажнай ажээ. Жил жилийн наадмаар торгон жолоо өргүүлж, түмэн олноо баясгадаг энэ хурдан хүлгийг хэний хүү хэн унаж уралдуулах бол гэдэг нь газар газраас цуглаж ирсэн наадамчид, тэр дундаа моринд хорхойтой багачуудын хувьд сонирхол татсан асуулт.

Тийн байтал хажуу тийш нь гөлчийтөл самнасан халимагтай, нар ойж гялалзсан тэгш цагаан шүдтэй, хийморьлг хүү хүрэн морины цулбуурыг тайлж, зайдан мордоод “Ум марзи нам суухай” хэмээн ширмэн тогоо жингэнэм цангинасан хоолойгоор гийнгоолж, наадмын талбайг нэгэнтээ тойроод барианы зурхай руу хөдөлж буй морьтой нийлж одохуйд морь, унаач хоёрын өнгөлөг, хийморьлгийг Бөмбөгөрийн наадамчид өөр хоорондоо шинжин ярилцсаар үлдэв.

Наадамчдын шинжсэн ёсоор хавтай Цэгмидийн хүрэн түрүүлж, унаач хүү цээл сайхан хоолойгоор гийнгоо хадаан, наадамчин олны сонор, мэлмий хоёрыг дахин дахин баясгасан нь тэр наадмыг үзэж явсан бяцхан хүүгийн сэтгэлд тодоос тод мөр үлдээж, өдгөө ная шахам жил улирч, бүтэн зуун, мянган солигдсоны дараа ч дурсан ярьсаар сууна. Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ “Д.Лхамхүүг анх харсан минь энэ. Их хийморьлг, гоё хүүхэд харагдаж билээ. Тэгэхэд “Сумын бага сургуульд л лав сураагүй тэр хүү малын дэргэдээс ирсэн нь баттай. Яаж ийм золбоолог, сайхан хоолойтой болоо юм бол. Би яагаад ингэж төрсөнгүй вэ, ийм л болох юм сан” гэсэн гэнэн цагаахан атаархал төрж байсан” хэмээгээд дээрх түүхийг хуучилсан юм.

Монголын их урлагт “Түмний нэг”-ийн Чимид багшийн дүрээр орж ирж, тэр л дүрээрээ ард түмний хайр хүндлэлийг хүлээж, зүрх сэтгэлд мөнхөрч үлдсэн жүжигчин Дүгэрсүрэнгийн Лхамхүү агсныг эргэн дурсахаар цөөнгүй хүнтэй уулзсаны нэг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ. Тэд нэг нутгийн улс юм. Х.Цэвлээ “1959 онд Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадам болсон юм. Түүнд оролцох хүмүүсийг бэлтгэх гэж том ажил өрнөлөө. Сум бүрээс сайхан дуулж, бүжиглэдэг уран сайханч залуусаа шалгаруулж явуулахад Бөмбөгөрөөс Лхамхүү ирсэн юм даг. Тэгэхэд би аймгийн Соёлын ордны сайн дурын уран сайханч болчихсон, хуучир тоглодог байлаа. Ингээд аймагтаа бэлтгэл хийж байгаад бид Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадамд ирсэн. Лхамхүү “Замбага ягаан цэцэг”-ийг дуулж, Сономдэндэв, бид хоёр хөгжимдсөн.
“Зам дээр ургадаггүй 
Замбага ягаан цэцэг замд яагаад ургаа вэ
Замилан хорвоод хань болдоггүй хүний үр
Надад яагаад дасаа вэ” гэдэг үгтэй энэ дууг манай нутгийнхан л дуулдаг, олон нийтэд түгээгүй байсан болов уу. Монголын дуу хөгжмийн тайзан дээр “Замбага ягаан цэцэг”-ийг Лхамхүү анх дуулж, түүнээс хойш улс даяар дэлгэрсэн байх гэж би боддог. Лхамхүү тэр дууны аяыг нутгийнхаа Дамбасүрэнгийн ээжээр заалгалаа гэж ярьж байсан. Үрчгэрийн Дамбасүрэнгийн ээж их сайхан дуулдаг, дууч хүн байсан юм.

Залуучууд, оюутны анхдугаар их наадамд амжилттай оролцсон учраас Лхамхүү буцаж очоод аймгийн Соёлын ордны жүжигчин болсон. Ингэж бид ойртож, танилцсан юм. Лхамхүү маань урлагт л зүтгэхээр заяасан, байгалийн авьяастай хүн байсан даа. Түүнийг мэргэжлийн сургуулиар явуулсан бол гүйцэгдэхгүй жүжигчин болох байсан. Даанч сургууль соёлоор явж чадаагүй, байгалиас заяасан авьяас, төрөлх мэдрэмжээрээ урлагт зүтгэсээр дууссан.

Хүнийхээ хувьд их тусархуу, зөөлөн хүн байсан юм шүү дээ. Нэг нутаг усных, аймгийн Соёлын ордонд хамт байсан учраас бид тун ойр. Лхамхүү манайхаар ирэхээрээ “Ум зандан ширээ” гэх мэт ардын дуу дуулж, гэр орныг маань дуу хуураар дүүргэн хөгжөөж байгаад, ганц нэг лонх хоосолно. Манай хадам хөгшин нас барсныг дуулаад хаа холоос алхаж ирэн, хөшөөг нь сийлэлцэж билээ, хөөрхий. Тийм л тусархуу, жаргал, зовлонд ойр байдаг хүн юм” хэмээн дурссан.
Дуутай хуруугаар Галзуу цоохрыг давдаг ганц жаал
Цас их унасан зудтай жилийн дараа дэлхий дэлэгнэж, сайхан зун болдог зүй тогтлыг нүүдэлчид эс мэдэх биш. 1944 оны бичин жилийн өвөл амьтай бүхнийг дарах гэсэн мэт нэвсийж байсан их цас цаг наашлахад шинэ ногооны чийг болж, Бөмбөгөр нутагт 1945 онд дэлгэр сайхан зун болжээ. Дүгэрсүрэнгийнх Баацагааны Таван элс рүү орж өвөлжөөд, зуны эхэн сарын эхээр нутаг руугаа дөхөж, Уушгийн хадны хавьд ирж буугаад удаагүй байлаа. Гэтэл гай дайрав. Гэрийн эзэн мориноос унаж, дотуур бэртэн, тавь дөнгөж шүргэж яваа идэрхэн насандаа мөнх бусыг үзүүлснээр хэдэн хүүхэд нь өнчрөл хагацалд унах нь тэр.

Дүгэрсүрэнгийн Лхамхүү агсны отгон дүү Банзрагч “Бандийн Дүгэрсүрэн, Оргийн Төмөртогоо гэдэг хоёр хүнээс төрсөн таван хүүхдийн отгон нь би. Баацагаан, Бөмбөгөр сумын заагт Уушгийн хадны бэлд манай өвөлжөө байдаг. Өвөө минь тэнд морь, тэмээгээр бууц зөөж асгаж байж өвөлжөө болгосон юм билээ. Тиймээс нутгийнхан тэр өвөлжөөг өвөөгийн нэрээр Оргийн хонд гэж нэрлээд заншчихсан. Харин манайхан өвөөгийн нэрийг цээрлэж, бэлийн бууц гэдэг. Лхамхүү ах бэлийн бууцанд төрсөн юм гэнэ билээ. Манайх бэлийн бууцандаа өвөлжөөд, зундаа дээшээ өгсөн Галуутын Олон нуур, Олгой нуур, Үүд, Хоолой худаг хавиар зусдаг байлаа.
Аав минь архи, тамхи хэрэглэдэггүй, цэвэрч нямбай сүрхий хүн байсан.

Мориноос унаж бэртчихээд, хамраас нь цус гоожиж, тэр нь гутал дээр нь үсрэхэд хуруугаа норгоод арчиж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Тэгэхэд би долоотой, ах аравтай байсан. Сумын бага эмчийг дуудуулахаар хүн явуултал аймаг руу явчихсан байв. Өөр эмч домч гэж олигтой хүн байгаагүй тул бариач авчирсан юм. Тэр хүн улаан утсаар аавын толгойг ороож хэмжээд, банз авчруулан хөлийнх нь уланд тавьж, хэд хүчтэй өшиглөж билээ. Бид аавыгаа эмчлүүлж байна л гэж бодсон. Одоо бодоход дотуур гэмтэлтэй хүнийг тэгж өшиглөх ямар олигтой байх вэ, бодохоор дотор эвгүй болдог юм. Аав унтаж байгаа нь ч бүү мэд, яаж байгаа нь ч бүү мэд байж байгаад маргааш нь үүрээр амьсгал хураасан даа.

Ингээд бид ээжтэйгээ үлдсэн. Манайх амьжиргааны хэдэн малтай айл болохоор тэгтлээ өлсөж, ядраагүй ээ. Гэхдээ л залуугаараа ханиа алдаж, хэдэн нялх хүүхэдтэй үлдсэн ээж минь биднийг эсэн мэнд өсгөх гэж санаагаа багагүй чилээсэн байж таарна. Лхамхүү ахыг бие султай гээд сургуульд явуулаагүй. Ахад хар шөл хийж өгөөд л биднээс илүү тойлдог сон. Ах бүлгэмд сууж үсэг сурсан. Сургууль соёлоор яваагүй гэхэд бичиг үсэг сайн сурсан шүү. Намайг сургуульд ороод онц гарахад “Онц сурвал хот руу аваад явчихдаг юм гэнэ билээ. Битгий л онц сураарай, миний хүү” гэж захиж байж билээ” хэмээн бага насандаа туулсан амьдралынхаа талаар хуучилсан.

Жүжигчин Д.Лхамхүү залуугаараа хагацал үзэж, бэлэвсэрсэн ээжийнхээ түшиг тулгуур болж мал малладаг, сайхан дуулдгаараа нутгийнхандаа магтагдсан, сэргэлэн хүү байж. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Баян-Овоо, Өлзийт сумын зон олны дунд үе дамжин уламжлагдаж ирсэн дуутай хуруу хэмээх дэмбээтэй төстэй уламжлалт наадгай бий. Энэ нутгийнхны соёлын биет бус өв болох дуутай хуруунд Ч.Лхамхүү хэнийг ч урдаа оруулдаггүй, дандаа давхар тоо хэлж таадаг байсан нь ой тогтоолт, сэтгэн бодох чадвар сайтайнх нь илэрхийлэл болов уу. Халх даяар Галзуу цоохор, Хаалган, Жанчхүүгээс цааш Халхын цоохор хэмээн алдаршсан Түмэнбалжир хэмээх панзчин тэдний нутгийнх. Жанчхүү, Бээжин рүү жин тээдэг, хэн ч барахгүй зальтай тэр хүний хөрөнгийг гурав дахин хурааж, малыг нь мянга мянгаар нийгэмчлэхэд дундраагүй юм гэнэ билээ.

Галзуу цоохор нэг жилийн намар жинд явахынхаа өмнө нутгийнхандаа “Гаргасан малынхаа салбант сархинагийг битгий цэвэрлээрэй, бондгор чигээр нь гадуур нь сэмжээр нь ороогоод хөлдөөгөөд байгаарай” гэж. Тэгээд баахан баастай сархинаг өөхөнд боолгож хөлдөөлгөөд, түүнийгээ ачаад урагшаа явж. Галзуу цоохрыг Хаалган хотод дөхөж очиход хятадууд 2-3 хоногийн газраас тосож аван, “Халхын цоохор ямар бараатай ирэв” хэмээн хөл алддаг юм санж. Тэр ёсоороо тосож авсан данжаадууд “Халхын цоохор өөх тостой ирсэн үү” гэхэд “Авчирсан, авчирсан” л гэж. “Авъя, авъя” гэхэд нь “Манай өөх хээлтэй байдаг юм шүү дээ. Дургүйцэхгүй бол ав” хэмээж. Нөгөөдүүл нь хээл гэж юу гэж байгааг ойлгохгүй тул өөхөнд боосон баастай сархинагийг нь булаацалдаад авцгааж. Хэд хоногийн дараа хятадууд гомдол мэдүүлэхэд “Хээлтэй гэж хэлээд байхад та нар өөрсдөө л авъя гэсэн шүү дээ” гэж амыг нь таглаад, ямар ч бурууг өөртөө хавьтуулаагүй гэдэг.

Бас нэг удаа гутлын дэлгүүрт ороод тэрийг ч үзье, энийг ч үзье гэж баахан гутал лангуун дээр овоолуулж, хамгийн сайныг нь сэмхэн нуруун талынхаа бүсэнд хавчуулчихаж. Тэгээд үзэж үзэж бүсэн дэх гутлаа сугалан “Чиний гуталд үүнийг гүйцэх нь алга. Би ийм л гутал авъя гэж бодсон юм” гэчихээд гараад явчихсан гэж байгаа. Галзуу цоохрын хятадуудыг чадсан тухай иймэрхүү үлгэр домог мэт яриа олон. Тэр хэрээр нутаг усныхандаа хүндлэгддэг, сайн эрд тооцогддог байж. Галзуу цоохор гайхалтай гүйлгээ ухаантай, сэргэлэн хүн байсныг хаяа залгаа хэдэн сумынхан өнөө хэр батлан ярьдаг юм.

Гүйлгээ ухаан, заль мэхээрээ гайхагдсан тэр хүнийг дуутай хуруугаар давдаг хүн Бөмбөгөр суманд байтугай ойр хавийн сумдад байгаагүй гэдэг. Харин жаал хүү Лхамхүү л давчихдаг байж. Санасандаа хүрч, сарвайснаа авдаг сайн эрсийн нэг Галзуу цоохор “Хэрийн хүнийг давчихаад байдаг сан. Лхамхүүг л дийлэхгүй юм” хэмээн шогширч суусан юм гэнэ билээ.

Лхамхүүгийн аав, ээж хоёул сайхан дуулдаг байсан бөгөөд хонь малаа хотлуулчихаад хүүхдүүддээ дуу зааж, үлгэр ярьдаг, тухайн үеийнхээ урлагийн боловсролтой гэр бүл байжээ. Лхамхүүгийн эгч Наранцэвэл гайхалтай сайхан хоолойтой, уртын дууг уяртал дуулдаг бүсгүй байсан гэдэг. Лхамхүүгийн бага, залуу нас ч жүжиглэхээс илүү дуулж өнгөрсөн байдаг. 

Энэ талаар “Театрын нэвтэрхий толь”-д “Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Улсын сайн дурын уран сайханчдын үзлэгт нутгаасаа шалгаран оролцож “Баатар бээлийн унага” ардын уртын дуу дуулан хоёрдугаар байр эзэлж байв” хэмээн тэмдэглэжээ. Ингэж улсад үнэлэгдсэн 16 настай уран сайханч хүү сумынхаа Улаанбулангийн эрхлэгч болсноор урлагтай насаараа холбогдох эхлэлээ тавьсан аж. Дараа нь Галуутын Улаан булангийн эрхлэгчээр хэсэг ажиллаад удалгүй аймгийн Соёлын ордон руу татагджээ.

1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхээр аймгийн дарга ажилсаг Сүхбатын санаачилгаар Баянхонгорынхон мянгатын суваг гээчийг татах их ажил өрнүүлсэн. Тэр нь Байдраг голоос суваг татаж, Бөмбөгөр, Баацагааны голд байх уудам тэнүүн талыг усжуулан, малын бэлчээр тэлэх, тэжээлийн ургамал тарих том зорилгынх нь эхлэл байв. Тэнд аймгийн бүх сумдаас хүн хүч татан ажиллуулж, тэдэнд урлаг, соёлоор үйлчлэх ажлыг ч зохион байгуулж байлаа. Аймгийн Соёлын ордныхон мянгатын суваг татаж буй хүмүүст урлагаар үйлчлэхээр очсон нэг удаагийн тоглолтын үеэр найруулагч Д.Жигжид тэнд явж таарч.

Төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай кино найруулагч агуу Дэжидийн Жигжид “Түмний нэг”-ээ хийхээр шатаж, буцалж, эрэл хайгуул хийж, Чимид багшаа ч хараахан олоогүй янз янзын хүмүүс үзэж, шалгаж явсан үе. Тэрбээр Баянхонгор аймгийн Соёлын ордныхны тоглолтыг үзэж суугаад “Чимид багш энэ биш үү” хэмээн дуу алдсан нь Лхамхүүгийн ирээдүйн зам мөрийг заасан хэрэг байв.

Энэ талаар Х.Цэвлээ “Тэгэхэд би аймгийн Соёлын хэлтсийн дарга байсан юм. Өвчний чөлөөтэй байж байгаад ажилдаа иртэл Д.Жигжид найруулагч аймгийн Намын хороо, захиргаатай яриад, Лхамхүүг авахаар болчихсон байсан. Тэгээд удалгүй Лхамхүү хот руу явсан” хэмээсэн.

Харин Д.Банзрагч “Түмний нэг” 1962 онд гарч, аймагт кино ирэхэд нутаг нь гээд бусад сумаас урьтаж Бөмбөгөрт өгсөн юм. “Ахын тоглосон кино гарсан байна” гээд ээжид “Түмний нэг”-ийг үзүүлэв. Өгөр Гүрсэд Чимид багшийн морийг булааж аваад зоддог хэсэг гарахад ээж минь “Ишш, миний муу хүү их ядарч явна аа даа” гээд учиргүй уйлж, бид “Ах жүжиглэж, дүр үзүүлж байгаа юм” гэж тайлбарлах гэж сандарч билээ” хэмээн хууч дэлгэв.

“Түмний нэг” кино  гарсан даруйдаа Чимид багшийн дүрийг илүү, дутуу зүйлгүй яг тааруулан урлаж, шагласан Лхамхүү хэмээх жүжигчин их урлагт хөл тавьсныг тод, чангаар зарлажээ. Ингээд Лхамхүү нийслэлд үлдэж, “Түмний нэг”-ийн хоёрдугаар анги “Хүний мөр”-д тоглосон ч аймгийн Соёлын ордондоо данстай явсан бололтой. “Театрын нэвтэрхий толь” номд түүнийг 1968 он хүртэл аймгийн Соёлын ордны жүжигчин, 1968 оноос Драмын театрын жүжигчин болсон хэмээн тэмдэглэсэн байна.

Д.Лхамхүүтэй Драмын театрт мөр зэрэгцэн ажиллаж, нэг өрөөнд сууж байсан Ардын жүжигчин Г.Мягмарнаран “Л.Ванган багш “Түмний нэг”, “Хүний мөр”-ийг үзээд Лхамхүүг хотод ажиллуулъя гэсэн. Ингээд Соёлын яамны шийдвэрээр татаж авчирч байлаа. Аймгийн Соёлын ордонд байхдаа хөгжимт драмд тоглож байсан хүн юм билээ. Ардын, уртын дуу сайхан дуулна. Яриан жүжигт ч сайн тоглоно. Олон сайхан дүр бүтээсэн. Сургууль соёлд сураагүй, байгалийн авьяасаараа явсан хүн хэрнээ мэргэжлийн жүжигчдээс дутахгүй тоглодог байсан. Өөртөө таарсан дүрийг нарийн чимхлүүр гаргана. Хүний үг сайн авна, дуулгавартай. Тиймээс найруулагч нар Лхамхүүтэй ажиллах их дуртай байсан сан” хэмээн дурсав.

Д.Лхамхүү Драмын театрт ажилласан жилүүддээ “Ээдрээ”, “Том авгын овоохой”, “Наян чулууны ой” “Баян барлаг хоёр” “Тангараг”, “Эхийн сэтгэл буюу Кавказийн цэрдэн дугуй”, “Эдип хаан”, “Нандин эрдэнэ”, “Оролмаа”, “Дөшин жирмийнхэн”, “Маш нууц”, “Хоёр эзний ганц зарц”, “Отелло”, “Хөдөөгийн хөгтэй явдал”, “Гамлет”, “Их авхай”, “Найрын ширээний ууц” гэх мэт 40 гаруй жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн байдаг.

Түүний амьдралын сүүлийн жилүүдэд хамт ажиллаж байсан Гавьяат жүжигчин Б.Тунгалаг “1987 онд Армийн драмын театрт байгуулахаар болж, Драмын театраас Лхамхүү, Баатархүү, Л.Чаминчулуун, Оюунцэцэг, Энхбаатар, Батбаяр нарын жүжигчдийг гуйж авсан. Би даргаар нь, Б.Баатар найруулагчаар нь  очсон. Тэгэхэд Драмын театрыг 32 жил удирдсан, Соёлын гавьяат зүтгэлтэн А.Таяа дарга маань надад “Лхамхүү, Баатархүү хоёр их тулхтай, гэм хоргүй сайн хүмүүс. Нэр төртэй сайхан ч жүжигчид шүү. Чамд түшиг болно, энэ хоёрыг чамд өгье. Сайн ажиллуулаарай, Соёлын тэргүүний ажилтан болгоорой” гэж захисны дагуу Лхамхүү, Баатархүү хоёрыг Армийн драмын театрт өгсөн юм.

Лхамхүү, Баатархүү хоёр надад үнэхээр түшиг болсон. Театр байгуулах чинь нөр их ажил шүү дээ. Бид театрынхаа нээлтийг баруун хязгаарын тулгаралтын тухай “Хэзээ ч мартахгүй” жүжгээр хийсэн. Тэнд Лхамхүү, Баатархүү хоёр маань цэргийн даргын дүр бүтээсэн. Түүнийг үзсэн армийнхан “Ямар сайхан генаралууд вэ. Сайхан генералын дүр бүтээлээ” гэж их баярлаж байж билээ. Бид Армийн драмын театрт байхдаа Драмын театрын нэрийг муугаар дуудуулахгүй юм сан, Драмын театраас ирсэн хэдэн жүжигчний байгаа царай гэж хүнд хэлүүлэх вий гэж их хичээж ажилласан. Тэр ч хэрээрээ олон сайхан бүтээл төрсөн.

Армийн драмын театрт Лхамхүү маш идэвхтэй ажиллаж, Драмын театрт 20 гаруй жил ажиллаж хуримтлуулсан туршлагаа гарган, олон сайхан дүр бүтээсэн. “Сэрүүн зүүд” жүжгийн ламын дүрд маш сайхан тоглосон. Энэ дүрээрээ шагнал ч авсан санагдана. “Дутуу хээтэй тооно”, “Удган модны домог” жүжгүүдэд ч сайн тоглосон. Өөрөө аливаад сэтгэлээсээ ханддаг, үнэнч хүн учраас жижиг дүрийг ч жижиг гэхгүй хамаг бүхнээ шингээж тоглоно. Бид гар, сэтгэл нийлэн эрч хүчтэй сайхан ажиллаж байтал ардчилал, зах зээл гарч, Армийн драмын театр тарсан. Тэгэхэд надтай зургаан хүн үлдэж “Орчин үе” гэдэг театр байгуулсны дотор Лхамхүү, Баатархүү хоёр маань байлаа. Бид “Ирэх сарын 17” гэдэг жүжиг тавьж, түүнийг маань үзэгчид сайхан хүлээж авч, амжилттай болсон. Ингэж 1995 он хүртэл бид чадах чинээгээрээ тэсэж, уран бүтээлээ хийцгээсэн дээ. Тэр жилүүдэд хувь хүний хувьд ч, уран бүтээлчийн хувьд ч ойр дотно нөхөрлөж явлаа.

Монголын театрын урлаг, дэлгэцийн урлагийн аль алинд Лхамхүү гэдэг жүжигчин тод мөрөө үлдээсэн. Хэн ч Чимид багшийг Монгол кино урлаг, жүжигчний ур чадварын түүхнээс хасаж чадахгүй. “Түмний нэг” киноны бүх дүр Монголын жүжиглэхүйн урлагийн түүхэнд мөнхлөгдөж үлдсэн. Тэр дундаа Лхамхүү Чимид багшийг яах аргагүй сайн бүтээсэн. Тийм ч учраас Чимид багш нэрээрээ хүндлэгдсээр яваад өөд болсон. Хүндэлж байгаа нь тэр гээд бор дарс сөгнөх нь ч олон байсан байх. Лхамхүү маань их сайхан дуулна.

Драмын театрын бүх арга хэмжээ, найр хурим, хүний насны ой, энд тэндээс зочин гийчин ирэхэд Лхамхүү л “Жаргалтайн дэлгэр”-ээ дуулдаг сан. Нэг удаа бор дарсны хэргээр анхааруулга аваад удаагүй байхад нь театрт хүндэтгэлийн арга хэмжээ болж “Лхамхүү “Жаргалтайн дэлгэр”-ээ дуул” гэтэл “Энэ жалгалтайн дэлгэр” намайг нэг ална шүү” гээд бөөн инээдэм болж билээ. “Жаргалтайн дэлгэр”-ээ дуул гэж урьж залаад бор дарс өгчихдөг байхгүй юу. “Шинэ үсгийн багш”-ийн Чойжоо өвгөнд бас их сайхан тоглосон. Хүн олон том дүрд тоглохгүй ч оногдсон дүрээ төгс бүтээгээд, түүгээрээ үнэлэгдэж болдгийг харуулсан жүжигчин бол Лхамхүү.

Тэр бас хувийн номер их хийдэг байлаа. Жүжигчин хувийн номер хийнэ гэдэг нь өөрийгөө хөгжүүлж буй хэрэг. Энд тэнд явахад “Чимид багш ирж гэнэ” гээд л үзэгчид нь хүрээд ирнэ. Тэгээд уулзалт хийнэ. Тэнд ямар том том жүжиг тоглоод байлтай биш, нөгөө хувийн номеруудаа үзүүлнэ. Тэр нь олон түмэнд их хүрнэ. Хөдөө орон нутаг, хот орчимд тоглолтоор явахдаа тэр хувийн номеруудаараа л театрын орлогыг бүрдүүлнэ шүү дээ.

Сүүлд бид Армийн драмын театраа байгуулж, байраа засах, төлөвлөгөө биелүүлэх гээд мөнгө олох хэрэгтэй болов. Ингээд би Лхамхүү, Д.Жагдаг, Л.Чаминчулуун, Эрдэнэбат дөрвийгөө урлагийн баригад болгон УАЗ-469-өөр хөдөө явуулж байлаа.С.Вандан, Д.Дуламсүрэн хоёр Төв аймгийн театрын орлогыг хийж байсан гэдэг шиг Армийн драмын театрын орлогыг эхэн үедээ энэ хэд маань л хийж байсан шүү. Армийн драмын театр олон түмэнд танигдаагүй үед орлогын төлөвлөгөө биелүүлнэ гэдэг амаргүй. Нэг инээдэмтэй явдал санаанд орж байна.

Алтанбулагт болдог Эв модны наадмын үеэр тоглолт хийх гээд очлоо. Манай автобусны бөөрөн дээр Монголын ардын армийн театр гэдгийг МАА-ийн театр гэж товчилж бичсэн байсан юм. Гэтэл хүмүүс “Мал аж ахуйн театр гэж байгаа юм болов уу. Ёстой дуулаагүй театр байна” гээд манай тасалбарыг авдаггүй. Аргаа бараад Лхамхүү, Баатархүү, Чаминчулуун, Оюунцэцэг нарын үзэгчдэд танигдсан хэдийгээ “Автобуснаас буугаад наадмын талбай, дэлгүүр, захаар яваадах” гэв ээ. Гэтэл хүмүүс “Хөөх, Чимид багш ирсэн байна. “Гарын таван хуруу”-гийн жүжигчин ирсэн байна” гээд тасалбар аваад эхэлсэн. Сайхан дүр бүтээсэн, түүгээрээ олон түмэнд хайрлагдаж явна гэдэг тийм сайхан. Лхамхүү бол Монголын театрын урлагийн түүхэнд Армийн драмын театрыг байгуулахад том үүрэг гүйцэтгэсэн уран бүтээлч хэмээн үлдэх ёстой хүн. Хүний бүтээсэн гавьяаг ярьж л байх хэрэгтэй.

Хувь хүнийхээ хувьд хамгийн томоотой, даруухан, номхон хүн байлаа. Эхнэр нь Баянхонгорын Соёлын ордонд бүжигчин байсан юм гэнэ билээ. Сайхан эмэгтэй байсан. Төрөхийн хүдрэлээс болж залуугаараа бие муутай болсон учраас Лхамхүү гэрт орж эм, гадаа гарч эр болж, хүүхдүүдээ өсгөж, амьдралаа авч явсан. Хүүхдүүдээ сайн хүмүүжүүлсэн сайн аав, сайн хань, сайхан хүн явсан юм шүү дээ. Хөөрхий тэр минь, тийм л сайхан хүн байсан даа гэж  үргэлж үгүйлэгдэж явдаг дотнын нөхөр минь Лхамхүү байлаа” хэмээн халуун дулаан дурсамжаа хуваалцсан.

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харьяат Дүгэрсүрэнгийн Лхамхүү хэмээх сайхан уран бүтээлчийг дурсахуйд ийм буюу.