Афганистанд гацсан энхийг сахиулагчид коронавирусийн халдвар авсан бололтой

Админ
2020/07/07

            -Афганистанд үүрэг гүйцэтгэсэн 120 энхийг сахиулагч эх орондоо ирж чадахгүй гурван сар гацах                                                                                                        хугацаандаа халдвар авчээ -

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байсан Монгол цэргүүд коронавирусийн халдвар авчээ. Тодруулбал, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн 120 энхийг сахиулагч оролцож, зургаан сар үүрэг гүйцэтгэжээ. Улмаар үүрэг гүйцэтгэх хугацаа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард дуусаад эх орондоо ирэх ёстой байсан боловч буцах нислэг хүлээсээр зургаадугаар сарын 13-ныг хүргэсэн байна. 

Улмаар зургаадугаар сарын 13-нд АНУ-ын цэргийн онгоцоор эх орондоо буцахаар Афганистаны Кабулын нисэх онгоцны буудал дээр иржээ. Гэтэл АНУ-ын цэргийн онгоц тодорхойгүй шалтгаанаар нислэг үйлдэх боломжгүй болсон тул тэд Афганистаны Кабулын нисэх онгоцны буудалд гацсан байна. Өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд тэдэнд коронавирусийн шинжилгээ хийсэн бөгөөд 50 цэргийн шинжилгээ эерэг гэж гарчээ. Тэднийг Кабулын нисэх онгоцны буудлын гадна майханд тусгаарласан бол биеийн байдал хүнд найман цэргийг эмнэлэгт хүргэсэн байна. Түүнээс хойш ар гэрийнхэн нь энхийг сахиулагчидтай холбоо тасарсан бөгөөд коронавирусийн шинжилгээ нь эерэг гарсан 50 энхийн сахиулагч эмчилгээ хийлгэж байгаа эсэх, эмнэлэгт хүргэгдсэн найман энхийг сахиулагчийн биеийн байдал ямар байгаа тухай мэдээлэл авч чадахгүй байгаагаа учирлалаа. Энэ мэдээллийг нууцлахыг бусад цэргүүдэд үүрэг болгож, гар утас, холбоо хэрэгслийг нь хураан авсан байж болзошгүй тухай ар гэрийнхэн нь мэдээллээ.

Уг нь заавал АНУ-ын цэргийн онгоцоор биш өөр улсын онгоцоор, өөр улсын агаарын хилээр дамжуулан эх оронд нь авчрах боломжтой. Хэдхэн хоногийн өмнө Германчуудтай хамт үүрэг гүйцэтгэх монгол цэргүүд Чехийн онгоцоор эх орноосоо мордсон билээ. Гэтэл яагаад зөвхөн Афганистанд байгаа энхийг сахиулагчдыг бүтэн гурван сар хүлээлгэж, халдвар авсныг нь чанд нууцлаад байгаагын хариултыг ар гэрийнхэн нь олохгүй, сэтгэл зовнисон байдалтай байна.

Тиймээс Монгол Улсын Зэвсэгт Хүчний 10 дугаар ээлжийн цэргийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирж чадахгүй байсаар коронавирусийн халдвар авсан энэ асуудлаар Батлан хамгаалахын сайд, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Гансүх, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нар яаралтай тайлбар хийж, олон нийтийн болон ар гэрийнхнийх нь айдас, түгшүүрийг арилгаж өгнө үү?

Цаашлаад манай улсын зэвсэгт хүчний 1300 гаруй цэргийн албан хаагч дайн самуунтай зургаан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа. Тэдгээр цэргүүд үүрэг гүйцэтгэх явцдаа коронавирусийн халдвар авсан тохиолдолд Афганистанд байгаа энхийг сахиулагчдын адил хөсөр хаяж, бодит мэдээллийг олон нийтээс нуух уу?

Иймд Батлан хамгаалахын сайд, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Э.Гансүх, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нар энхийг сахиулагчдын аюулгүй байдал хангагдаж байгаа эсэх талаар олон нийтэд яаралтай мэдэгдэл хийж, Афганистанд гацсан энхийг сахиулагчдын хэзээ эх оронд нь явчирах, бусад улсад энхийг сахиулж байгаа цэргүүд коронавирусийн халдвар авсан эсэх баталгааг ил болгоно уу?

 


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ