ОНЦЛОХ ХҮН: Н.Цэлмүүний талаарх ТАВАН АСУУЛТ?

Админ
2020/07/27

МАК ХХК-ын дэд ерөнхийлөгч Н.Цэлмүүний хэвлэлд өгсөн ярилцлагуудаас түүвэрлэн "ТАВАН АСУУЛТ"-ыг хүргэж байна. 

-Хувь хүнтэй чинь холбоотой хэдэн асуулт тавих гэсэн юм. Таны өвөө, удам судрын тань талаар олон сонирхолтой түүх байдаг юм билээ. Өвөө нарынхаа тухай танилцуулахгүй юу?
- Манай элэнц өвөө Номтайшир гэдэг хүн байсан. Орос, хятад, төвд, манж хэлний өндөр мэдлэгтэй, эрдэм номтой хүн байсан юм билээ. 1921 оны ардын хувьсгалаар бага хүү Лувсантайгаа хамт цагаантнуудад амьдаараа шатаагдаж амь насаа алдсан түүх байдаг. Миний өвөөгийн нагац ах буюу Номтайширын Лхамсүрэн 1945 оноос Гадаад Явдлын орлогч сайд, 1951 оноос сайдаар ажиллаж байсан хүн байдаг. Тухайн үедээ энэ хүн Х.Чойбалсангийн залгамжлагчаар яригдаж бэлтгэгдэж байсан төрийн томоохон зүтгэлтэн байсан юм билээ. 1950-иад оны сүүлд бүх албан тушаалаас нь буулгаж нутаг заасан байдаг. 

Мөн аавын маань аав, миний өвөө Бямбаа гэж хүн байсан. 1938 онд Улс төрийн хэрэгтэн гэж 10 жилээр шийтгүүлж хоёр жил гаруй Алтанбулагийн гянданд хоригдож байгаад 1940 оны дунд үед цагаатгагдсан. Мөн л Намын Төв Хорооны Хөдөө Аж Ахуйн хэлтсийн эрхлэгч, Ардын Их Хурлын Депутат одоогоор УИХ-ын гишүүн хүн байсан.

1978 онд гэхэд л одоо яригдаж буй малын хөлийн татвар, даатгал зэргийг ярьж улс орны хөгжлийг хөдөө аж ахуйн бодлогоор харж явсан хүн юм билээ. 

Энэ бол аавын талынхан маань. 

Харин ээжийн маань өвөө аав болох О.Намнандорж гэж эрдэмтэн хүн байсан. Оросын Ленинград хотод Дорно дахины Их сургуулийг 1928 онд төгссөн анхны оюутнуудын нэг. Мөн л тэмцэгч хүн байсан юм билээ.

 "Намд Намнандорж хэрэггүй. Намнандоржид нам хэрэггүй"  гэж хэлснээрээ намаасаа хоёр ч удаа хөөгдөж гурван ч удаа шоронд сууж байсан түүхтэй. 

-Таны Instagram хуудаснаас бид маш олон төрлийн загварлаг дүр төрх хардаг. Ер нь таны хамгийн дуртай загварын хэв маяг юу вэ?

-Сүүлийн үед илүү чөлөөт хэв маягтай хувцасладаг болсон. Тэгэхдээ ажил хэргээ явуулж байхдаа мэргэжлийн онцлог харагдсан сонголт хийхгүй, хэт загварлаг байх юм бол салбарынхан маань ойлгохгүй шүү дээ. Ажил ихтэй үед гангалах цаг бага болохоор хөлд хөнгөн пүүз өмсөөд явдаг. Ер нь би нэг төрлийн хэв маягт захирагдах дургүй. Тухайн өдрийн ажлын хуваариас хамаарч сонгодог. Спортлог, ажил хэрэгч гээд янз бүрээр хувцаслана. Яг ямар урсгалд дуртай вэ гэвэл авангард буюу байдаг нормоос хэтэрсэн, сорьсон, бусдаас өөр, урьд өмнө нь гарч байгаагүй хэв маяг болон богем стиль таалагддаг.

Тэгвэл таны хамгийн дуртай дизайнер хэн бэ? Ер нь шинэ улирлын загваруудыг хэр сонирхож авдаг вэ?

Шинэ чиг хандлага тогтоож байгаа Jacquemus, Vetements гэх мэт авангард дизайнерууд сүүлийн үед хүчээ авч байна. Гэвч тэднийг томоохон загварын орднуудтай харьцуулбал удаан хугацаанд тогтвортой байх уу гэдэг нь эргэлзээтэй. Харин урсгал нь хэзээд шинэлэг хувилбараар оршсоор байх болно. Зорьж очдог брэнд гэвэл Dries Van Noten. Мэдээж Balenciaga, Givenchy, Balmain, Lanvin болон Alexander McQueen-ий бүтээлүүд хэзээд аюулгүй сонголт байдаг.

- Та ажлын гараагаа Худалдаа Хөгжлийн Банкнаас эхэлж байсан юм билээ. ХХБ-нд МАК компанийн оролцоо байсан уу. Яагаад энэ сонголтыг хийсэн бэ?
- 2005 онд сургуулиа төгсөөд ХХБ-нд анх ажилд орж байсан. Ажлын гараагаа их зөв эхэлсэн гэж боддог. 

МАК компанийн ямар ч хөрөнгө оруулалт ХХБ-нд байгаагүй, байхгүй. Яг л шинэ ажилтан ажилд ордог зарчмаар ороод Хөрөнгө Зохицуулалтын арын албанд ажиллаж эхлээд улмаар Иргэдийн Банканд ажиллаж ХХБ-ны орон сууцны анхны зээлийг гаргах ажилд оролцож байлаа. Түүний дараа Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээл хариуцсан хэлтэст нэг хэсэг ажилласан. Ингээд хоёр жил ХХБ-нд ажилласан. 

Миний хувьд багаасаа гадаадад өссөн. Харин Худалдаа Хөгжлийн Банканд ажилласнаар Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн өдөр тутмын ажил амьдрал, иргэдийн амьдрал гээд нийгэм, орчинтойгоо танилцаж, бага гэлтгүй  туршлага хуримтлуулж чадсан болов уу. 

- Танд одоо МАК ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч, Хас Банкны ТУЗ-ийн гишүүнээс өөр албан тушаал, сонгуульт ажил бий юу?
- Миний хувьд ажлын бүтэн цагаа зарцуулж хариуцаж хийдэг ажил маань МАК компанийн Хөрөнгө оруулалт, санхүүжилт, худалдаа, маркетинг хариуцсан Дэд Ерөнхийлөгчийн ажил. 

Энэ нь компанийн бүхий л үйл ажиллагаанд оролцох шаардлагыг бий болгодог. Ер нь хөрөнгө оруулалт олж, хөрөнгө оруулалт хийх ажил хийдэг. Тиймээс ч 2011 онд Хас Банканд хөрөнгө оруулалт хийсэн. МАК ХХК Хас Банкны хамгийн том хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч. Тэгэхээр зарим үед янз бүрийн "малгай өмсөх" шаардлага гардаг. 

Улиралдаа нэг банкны "малгай өмсчихнө". Мөн бид "Хүннү Эйр"-т хөрөнгө оруулалт хийсэн. "Хүннү Эйр"-ийн үйл ажиллагаанд өдөр тутам оролцдоггүй ч шаардлагатай үедээ оролцоно. Бодлогын шийдвэрүүдэд нь аавдаа туслаад явдаг. 

- Хэвлэл мэдээллийн салбарт танай гэр бүлийг орж ирсэн гэж ярьдаг шүү дээ. Та бүхний хөрөнгө оруулсан "Өдрийн Шуудан" сонин гэхдээ дампуурчихсан гэдэг. Мөн "Шинэ Дэлхий" телевизийн захирлаар таныг ажиллана гэж байсан. Энэ хэр үндэслэлтэй мэдээлэлтэй вэ?
- Энэ худлаа. "Шинэ Дэлхий" телевизэд би хэзээ ч захирлаар очиж байгаагүй. Энэ телевизийн үйл ажиллагаа МАК ХХК-иас хамааралгүй болсон. "Өдрийн Шуудан" сонины тухайд дампуураагүй. Түр зуур үйл ажиллагаагаа зогсоосон.  

Бидний хувьд эдийн засгийн энэ хүндрэлтэй үед МАК-ийн үндсэн үйл ажиллагаанд илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үзсэн. 

Хэвлэл мэдээллийн салбар гэдэг хэцүү. Тиймээс бид энэ үед "Шинэ Дэлхий" телевизийг бусдад шилжүүлсэн. 

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ