“УНТАА БАЙГАА ХУВЬЦААН ДОТОР ИРЭЭДҮЙН АЛТ, ЭРДЭНЭС НУУГДАЖ БАЙДАГ”

Админ
2020/09/10

Б. Бямбасүрэн

Ард санхүүгийн нэгдлийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалан (Э.А), Hedge capital Management компанийн гүйцэтгэх захирал М.Мухулай (М.М )нар Хувьцааны зах зээл, хөрөнгө оруулалтын талаарх өөрсдийн туршлагаа хуваалцаж, ярилцсаныг тоймлон хүргэе.

М.М: Монголын хувьцааны зах зээлд өөрийн болон байгууллагынхаа хувь нэмрийг оруулж яваад талархаж явдаг. Та одоогийн байдлаар ямар зах зээлд оролцож байна вэ?

Э.А: Сүүлийн 10 жилд би хөрөнгийн зах зээлээр мэргэшиж ажиллалаа. Нэлээд хэдэн бонд гаргасан. Дурдвал, Сүү ХК-ийн “Сүү” бонд, “Мандал” компанийн IPO-д оролцож байсан гэх мэтчилэн нэлээдгүй ажил хийсэн. Одоо бол Ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалтыг хариуцаад ажиллаж байна.

Манайд сонирхолтой хэд хэдэн төсөл хэрэгжиж байна. Тухайлбал, хамгийн анхны “Хөрөнгө оруулалтын сан” Монголын хөрөнгийн биржээр гаргах гэж байна. Нэгж хувьцаа нь 100 төгрөгийн үнэтэй төрөлжсөн санг олон нийтэд санал болгоно гэсэн үг. Хөрөнгийн биржээр бол хүмүүс нэг компанийн хувьцаа авч байгаа шүү дээ. Харин санд хөрөнгө оруулбал, нэг ширхгээр нь авлаа гэхэд биржийн хамгийн сайн гэсэн болон гадаадын биржийн хувьцаа, бондуудад давхар хөрөнгө оруулалт хийх боломж бүрдэж буй юм. Үүнээс гадна, сүүлийн үед тэтгэврийн реформыг хөндөж байгаа. Хувийн тэтгэврийн компани байгуулагдсан ба хувийн тэтгэврийн сангийн бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож байна. Сонирхолтой, шинэлэг, анхдагч бүтээгдэхүүнийг Ард санхүүгийн нэгдэл хэрэгжүүлж байна.

М.М: Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд үйлчилгээ болон бүтээгдэхүүн гаргаад явж байхад иргэдийн мэдлэг боловсрол таны бодлоор хэр зэрэг түвшинд хүрсэн байна вэ. Саяхан Та баруун таван аймгаар аялж, сургалт хийгээд ирсэн шүү дээ?

Э.А: Хэдийгээр 1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй боловч хөрөнгийн зах зээл маань шинэ тутам байна. Энэ зах зээлийн бүтээгдэхүүн болон хөрөнгө оруулагч талаасаа ч тэр туршлага хангалтгүй түвшинд байгаа. Бид олон нийтэд зориулан байнга сургалт хийж, ном хүртэл орчуулан гаргасан боловч мэдлэг хомс хэвээр байна. Ялангуяа, хөдөө орон нутгийн иргэдийн дунд мэдлэг тун бага. Гэхдээ хүмүүс хөрөнгийн зах зээлийг маш их сонирхдог. Хэдий эрсдэл өндөр боловч өгөөж нь мөн төдий хэмжээнд байдаг болохоор иргэдийн дунд суралцах хийгээд оролцох сонирхол их байна. Ард санхүүгийн нэгдлийн уриа нь “Хөрөнгө оруулагч үндэстнийг цогцлооно” гэдэг. Тиймээс хүн бүрийн мэдлэгийг сайжруулах, ирээдүйн хөрөнгө оруулагч болох тал дээр нь туслахыг хүсэж байгаа.

М.М: Жирийн иргэд мөнгөө банканд хадгалуулах, эсвэл бизнес хийх байдлаар өсгөх мэдлэгтэй байдаг. Харин хөрөнгийн зах зээлийн хувьцааны талаар төдийлэн ойлголтгүй. Тиймээс Та жирийн хүнд хувьцаа гэж чухам юу болох талаар тодорхой хэлэхгүй юу?

Э.А: Хувьцаа гэдэг нь ерөөс компанийн хувь юм. Жишээлбэл, найман нэрийн барааны дэлгүүр хэд эн эзэнтэй байдаг вэ? Нэг л эзэнтэй шүү дээ, тэр хүн компанийнхаа хувьцааг 100 хувь эзэмшиж байна. Харин ХК-ийн тухайд, Ард санхүүгийн нэгдэл гэхэд 4000 гаруй хувьцаа эзэмшигчтэй байдаг. Найман нэрийн барааны дэлгүүр нэг эзэнтэй байдаг бол манай нэгдэл 4000 гаруй эзэнтэй байна гэсэн үг. Энэ тооны хүмүүс компани удирдаж, ашгаас нь хуваалцаж, хяналт тавьж, үйл ажиллагаанд нь чиглэл өгч байдаг. Ерөөс хувийг нь эзэмшиж байгаа л гэсэн ойлголт юм.

М.М: Хувьцаанаас хоёр төрлөөр ашиг олох боломжтой байдаг. Нэг бол өсөлтөөс, нөгөө бол ногдол ашгаас. Иргэдийн хувьд эхлээд мэдлэг хуримтлуулчихаад хувьцааны эсвэл гадаад зах зээлд оролцох нь зөв байдаг. Миний хувьд найман жил форэкс трэйдэр хийж байна. Тэгэхээр энэ зах зээлийг эрсдэл өндөртэй гэдгийг ойлгуулах нь бидний үүрэг болов уу. Эрсдлийн тухай яриад дараа нь өгөөж, боломжийн тухай ярих нь зөв байх. Таны хувьд арилжаанд оролцоод алдаж байсан туршлага бий юү?

Э.А: Байлгүй яах вэ. “Ухаалаг хөрөнгө оруулалт гэж юу вэ?” гэж миний орчуулсан номонд бичсэн байгаа. Үндсэн хөрөнгөө хамгаалах, дараа нь бүрэн гүйцэт шинжилгээнд үндэслэн ашиг олох үйл ажиллагааг хөрөнгө оруулалт гэж ярина. Тэгэхээр үндсэн хөрөнгөө хамгаалах нь маш чухал алхамд тооцогдоно. Бэлтгэлээ сайн хийж, судалж, уншиж суралцах хэрэгтэй. Хүмүүсийн алдаанаас суралцаж яагаад болохгүй гэж. Гэхдээ хүн өөрийнхөө алдаанаас хамгийн сайн сурдаг. Сэтгэл зүй гэдэг бидний хамгийн том дайсан байдаг. Тиймээс сэтгэл зүйгээ удирдаж сурах хэрэгтэй. Алдагдал хүлээх шаардлагатай бол хүлээхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсдэг. Арилжаанд орохоосоо өмнө өөрийн гэсэн дүрэмтэй байх хэрэгтэй. Бүрэн гүйцэт шинжилгээнд үндэслэн авах дүнгээ гаргаж, улмаар хэдэн төгрөгийн ашиг хийгээд гарах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Хэрэв бодож байснаас өөрөөр эргэж, хувьцааны ханш унаад байвал хэдэн хувиар алдагдал хүлээгээд гарах вэ гэдгээ ч мэдэж байх хэрэгтэй. Ердөө л орох, гарах цэгээ тодорхойлчихвол өөрийн эрсдэл болон сэтгэл зүйгээ удирдаад явах юм. Үндсэндээ найдах гэдэг стратеги биш.

М.М: Энэ зах зээлд эрсдэл биднийг байнга угтаж байдаг. Гэхдээ нөгөө талдаа боломж бас байдаг. Хувьцааны талаар мэдлэгтэй иргэдийн хувьд банканд мөнгөө хадгалуулах уу, хувьцааны зах зээл дээр “тоглох” уу гэдэг сонголттой байдаг. Гаднын зах зээл дээр ихэнх хүмүүс хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг. АНУ-д гэхэд автоматаар цалингаас нь 10 хувийг нь худалдаж авдаг. Таны хувьд тус улсад ажиллаж, амьдарч байсан хүний хувьд Монголын хөрөнгийн зах зээл хөгжихгүй байгаагийн шалтгааныг юутай холбоотой гэж бодож байна вэ?

Э.А: Миний хамгийн их ярьдаг зүйл бол засаглал. Компанийн эзэд буюу томоохон хувьцаа эзэмшигчид шударга байх ёстой. Учир нь компанийн хувьцааны 90- 95 хувь нь цөөн хүний гарт цугласан байдаг. Үлдсэн 5-10 хувь нь олон нийтэд эргэлдэж байдаг. Тэгэхээр 90 хувийнхан шударга байхгүй, өөрсдийнхөө ашгаас хуваалцахгүй, зардал хэлбэрээр ашгаа авчихаад байвал хөрөнгийн зах зээл хөгжихгүй. Хамгийн түрүүнд, компанийн засаглалаа сайжруулах хэрэгтэй. Жижиг хувьцаа эзэмшигчдээ хохироодоггүй, шударга байх ёстой. Дараа нь мэдээж ашигт ажиллагаа. Зарим ХК-ийг харж байхад хувьчлалын үеэр компаниа авчихсан, яг 100 хувь ажиллуулж чаддаггүй. Уг нь, тэд бизнесээ сайжруулах, шинэ технологи, бүтээгдэхүүн нэвтрүүлэх, гаднын ноу-хау, менежмэнтийг авчрах нутагшуулах ажлууд хийх хэрэгтэй байгаа юм.

М.М: Хөрөнгийн зах зээлтэй холбоотой институтууд болох Хөрөнгийн бирж, Төв банк, Хөрөнгө оруулалтын сан, Засгийн газар ба түүний оролцоо, банкууд, хувийн хэвшлүүдээс хөрөнгийн зах зээлийн суурийг аль нь түрүүлж тавих ёстой вэ. Дэлхийд бол Хөрөнгө оруулалтын сан түрүүлж хөдөлсөн туршлага бий. Сангийн дараа хөрөнгийн биржүүд үүсэж, дараа нь банкны систем рүү шилжсэн. Гэтэл Монгол Улсын тухайд, банк нь зах зээлийн 90 хувийг эзэлж, 10 хувьд нь бусад зах зээл байна. Банкуудын хэт их ноёрхол банкны хүүтэй холбоотой байх гэж боддог. Хадгаламжийн зээлийн хүү буурснаар Хөрөнгийн бирж хөгжих шалтгаан болох болов уу?

Э.А: Тус болно. Гэхдээ банкны хүүг хүчээр бууруулахыг би дэмждэггүй. Төгрөгийн үнэ хатуу валютаар тодорхойлогдож байгаа. Хэрэв төгрөгийн хадгаламжийн хүүг бууруулбал хүмүүс доллар авна. Иймд шууд хүчээр буулгачихаж болохгүй. Аль аль талаас нь бодож үзэх хэрэгтэй. Банкнаас гадна манайд институцийн хөрөнгө оруулагчид байдаггүй. Банкууд ч хөрөнгийн зах зээл дээр төдийлэн оролцдоггүй. Гэхдээ энэ нь нөгөө засаглал, хөрвөх чадвартай холбоотой гээд өөр асуудал бий. Гэхдээ институцийн байгууллагын хөрөнгө оруулагчид болон даатгалын компаниуд орж ирэх хэрэгтэй байна. Даатгалынхан хэт жижиг байна, уг нь тэд хөгжсөн зах зээл дээр банк шиг том байдаг. Хэрэв даатгал, тэтгэвэр, хөрөнгө оруулалтын сангууд хөрөнгийн зах зээл дээр ороод ирвэл нэгдүгээрт, мөнгө ороод ирнэ, улмаар компаниудын бирж дээр гарах сонирхол нэмэгдэнэ. Одоо бол том компаниудыг бирж дээр гараад ирэхэд авах хүн алга байна. 20, 30, 50 тэрбумаар IPO хийх гэхээр авах хүн байхгүй байна.

М.М: Хөрөнгийн биржийг эргэлтэд оруулдаг байгууллага бол Хөрөнгө оруулалтын сан байдаг. Мэдээж энэ талбарт оролцдог бидний хувьд Монголынхоо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд ямар гаргалгаа байж болох вэ, хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

Э.А: Засгийн газрын оролцоо чухал. Яагаад гэвэл, Хөрөнгийн бирж дээр нээлттэй компани байлаа гэхэд ямар ч давуу тал, хөнгөлөлт эдлэхгүй байна. Тэгвэл бирж дээр гарч буй компаниудыг татвараас тодорхой хэмжээнд чөлөөлж болно. Ногдол ашиг, арилжааны шимтгэлүүдийг татваргүй өгч болно. Бирж дээр нээлттэй гарвал тухайн компанийн засаглал сайжирч, ил тод болно, улмаар татвараа үнэн шударгаар төлдөг болно гэх мэт давуу тал олон байна. Нөгөөтэйгүүр, Хөрөнгийн бирж, СЗХ гэх мэт байгууллагууд засаглал дээр маш сайн хяналтаа тавих хэрэгтэй. Тэд асуудлуудыг мэдэж байгаа ч хэрэгжилт дээр дутуу ажилладаг. Тэрчлэн хууль, эрх зүйн орчны сул талууд ч бий. Үнэндээ өнөөдөр Хөрөнгийн бирж дээр цөөн бүтээгдэхүүн байна. Ердөө 200 компани бүртгэлтэй байгаагаас хувьцааг нь авахаар бол 10-20 компани л байна. Үүнээс өндөр арилжааны идэвхтэй, өдөрт том дүнгээр авах боломжтой нь бүр цөөн шүү дээ. Тиймээс дэлгүүрийнхээ барааг нэмэгдүүлэх, үүний тулд олон худалдан авагчтай байх ёстой. Салбарын брокерүүд илүү шинэлэг бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй. Зөвхөн хувьцаа, бондоор хязгаарлагдахгүй олон нэр төрлийг бий болгох ёстой гэсэн санаа.

М.М: Жирийн иргэдэд гаднын зах зээл дээр арилжаанд оролцох боломжууд байгаа. Гэхдээ аль зах зээлийг Та бусдад зөвлөх вэ?

Э.А: Хувьцааны зах зээлээс богино хугацаанд өндөр ашиг олох боломжгүй гэж би боддог. Харин илүү урт хугацаанд, сайн компанийн түр зуурын асуудалтай болсон хувьцааг авч, хөрөнгө оруулбал 10- 20 жилдээ найдвартай өгөөж авна гэж үздэг. Тийм л бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах сонирхолтой. Ийм бүтээгдэхүүнээд яах аргагүй хамгийн том захтай АНУ-ын зах зээлд байдаг. Бид харилцагч нартаа томоохон компаниудын хувьцааг санал болгодог. Гэхдээ хувьцаанаас гадна биржээр арилжаалагддаг сангуудийг санал болгодог. Жишээ нь, зөвхөн Apple-ийн хувьцаа бус, Apple болон бусад дөрвөн том технологийн компанийн хувьцаа орсон санг худалдан авч болж байгаа юм. Apple хэдэн жилийн дараа дампуурлаа гэхэд Google, Facebook, Netflix зэрэг нь байж л байна гэсэн үг.

М.М: Хувьцааны тоглолтын тухайд, миний хувьд хүмүүсийг зоригтой байх үед нь айж, аймхай үед нь зоригтой байх хэрэгтэй гэж үздэг. Хүмүүсийн анхаарал төвлөрч байгаа хувьцаан дээр биш унтаа байгаа хувьцаан дотор жинхэнэ ирээдүйн алт, эрдэнэс нуугдаж байдаг. Одоогийн байдлаар таны анхаарлыг татаж байгаа ямар компаниуд байна вэ?

Э.А: Би хэтэрхий өндөр нэр хүндтэй компанийн хувьцааг сонирхдоггүй. Яагаад гэвэл, хөөсөрсөн байх магадлалтай гэж үздэг. Харин эсрэгээрээ хүмүүсийн нэг их сонирхоод байдаггүй компанийн хувьцааг илүүд үздэг. Гэхдээ мэдээж амархан дампуурхааргүй, бэлэн мөнгө ихтэйг нь харгалзана. Хүн бүр заавал баян байх албагүй, хамгийн гол нь санхүүгийн төлөвлөгөөтэй, тодорхой хугацааны дараа хүрэх цэгээ төлөвлөсөн байх юм. Санхүүгийн төлөвлөгөө гаргаж, тууштай байж, зорилгодоо хүрч байвал ухаалаг хөрөнгө оруулагч болж байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт гэдэг богино зайных биш марафон гүйлт юм. Сэтгэл зүйгээ зөв удирдаж, тууштай байж чадвал насан туршдаа санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ.