Уран зураг уншицгаая: Виктор Михайлович Васнецов “Баатрууд”

Админ
2020/09/25

Уран зураг уншицгаая Виктор Михайлович Васнецовын “Баатрууд” хэмээх уран бүтээлийг Реалист зураач Х.Баярын тайлбараар хүргэж байна. "Гурван баатар" ...4 настайгаасаа эхлээд жаахан айдастай хардаг байсан зураг. Цаанаа нэг сүнслэг байжээ одоо бодоход. Морьд нь үнэрлэдэг, хардаг, сонсдог гэж ирээ л ярьдаг байж билээ . Зургийн голд хар морьтой Илья Муромец гараа саравчлан алсыг харуулдах бөгөөд зүүн гартаа жад, бамбай, баруун гартаа шийдэм барьсан байдаг. Зүүн талд цагаан морин дээр Добрыня Никитич сэлэмээ хуйнаас нь гаргаж тулаанд ороход бэлэн байна. Баруун талд Алёша Попович гартаа нум сум барьжээ. Нөгөө хоёртойгоо харьцуулахад тэрээр залуу, туранхай харагдана. ... Тэнгэр үүлэрхэг, түгшүүртэй байдаг нь баатруудын хувьд аюул ойрхон буйг илэрхийлж байна. Цаад хадны тэнд 2 махчин шувуу байна. Монгол гэр шиг харагддаг байсан саарал өвсөн бухал нь одоо харахад бөөрөнхий том хад байж. Баатар эрсийн морин туурайн доорх нялх гацуур, нарс мод нь хойч үеийн баатарлаг залгамж чанарыг илтгэнэ. Васнецовын баатрууд Орос үндэстний өвөрмөц онцлог шинж чанартай. Зургийн төв хэсэгт Илья Муромец том хар морин дээр сууж Орос ардын үлгэрийг эхлүүлнэ. Хүч чадал, мэргэн ухаан, тэсвэр хатуужил түүний төрхөнд шингэжээ. Муромец бол Орос хүнд байх бүх л сайхан төрхийг агуулсан, тунгалаг нүдтэй, шулуун хамартай, хүч чадлыг илэрхийлсэн сахалтай гэх мэт. Илья эмээл дээрээ лагс суужээ. Зураачийн шийдэл ийм л төгс ажгуу. Эр зориг, эх орноо хамгаалах хүсэл эрмэлзэл нь Добриня Никитичид бий. Алёша Поповичын дүр төрх нь Оросын сэтгэлийн яруу найраг дах эргэцүүлэл, мэдрэмжийг тусгажээ. Баатруудын эдлэл зүүсгэл, морины тоногуудыг алтаар чимжээ. Гол дүрүүд: Илья Муромецын тухай үлгэр домог маш их ба тэрээр баатарлаг эх орончийн шилдэг дүр юм. Добрыня Никитич бол Оросын туульсад Илья Муромецын дараа орох алдартай хоёрдахь баатар. Алёша Попович Оросын туульсын баатруудад хамгийн залуугаараа нэгдсэн баатарлаг гурвалын нэгд бичигдэнэ. Бодит түүх өөрийг өгүүлэх бөгөөд Оросын алдартнуудын түүх Монголчуудтай холбоотой гэдгийг мэдэх нь хориотой байсан цаг үе бий. Илья Муромец XII зуунд амьдарч, 1188 оны орчим Киевт нас баржээ 1223 онд Добрыня Никитич, Алёша Попович нар Бат хааны тэргүүлсэн Монголчуудын аян дайны үеэр Калька голын дэргэдэх тулаанд амиа алдацгаасан. Бид 90-ээд оноос өмнө Чингис хаанаас илүү энэ 3-ын талаар илүү их мэддэг байсан гэхэд хилсдэхгүй биз. Тиймээс энэ зургийг Оросын зураачийн сэтгэлээр тайлбарлах нь зүйд нийцнэ. Эцсийн эцэст түүх ямар ч эмгэнэлтэйгээр төгссөн бай эх орноо хамгаалж амь үрэгдсэн баатрууд үеийн үед дурсагдаж, үлгэр домогт шингэн үлддэг авай. Виктор Михайлович Васнецов “Баатрууд” 1881-1898 он Хэмжээ: 295.3см х 446 см Москва. Третьяковын галерей 2020.5.14  #реалистбаяр


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна