Уран зураг уншицгаая : Реалист зураач Х. Баярын тайлбараар “ Персей ба Андромеда ”

Админ
2020/09/25

Уран зураг уншицгаая : Реалист зураач Х. Баярын тайлбараар Питер Паул Рубенсын “ Персей ба Андромеда / Персей Андромедаг суллав /” уран бүтээлийг хүргэж байна. ... “ДАНАЯА”-гийн домог үргэлжилсээр... Аргосын хаан Акрисиус хувь тавилангаасаа “дахин” эмээснээсээ болж энэ удаа төрсөн охиноо хүүтэй нь хамт торхонд хийн далайд хаяжээ. Эх хүү хоёр азаар амьд гарч маш их зовлон бэрхшээл туулсны эцэст аз жаргалыг амсдаг билээ. Зевсийн хүү идэр залуу Персей хорт нүдтэй могой үст Медузаг устгаад харьж явахдаа далайн эргийн хаданд өргөл болж хүлүүлсэн Кефей хааны охин үзэсгэлэнт Андромедаг далайн мангасаас аварч эхнэрээ болгон авдаг домогтой билээ. За, зургаа тайлбарлая. ...“Гэнэтийн” сүйт залуу нь Андромедагийн гарт нь хүрэх агшинд тэрээр машид догдолж, харц нь доошлон, нүцгэн байгаагаасаа ичингүйрэх мэт хацар нь бүхэлдээ ягааран гэрэлтэнэ. Тэрээр аймшигт мангаст идүүлэхийн оронд царайлаг баатар эрд аврагдсан тул мэдээж аз жаргалтай байгаа болов уу. Зураг дээрх ялагч хүнд байх өөртөө итгэлтэй, шийдэмгий хөдөлгөөн үзүүлэгч Персей, ичимхий байдлаараа гайхалтай эмэгтэйлэг шинжийг бүрдүүлсэн гүнж Андромедагийн хоорондын аугаа ШИЙДЭЛ... Гурван өхөөрдөм дурлалын бурхад залуу бүсгүйн дотроосоо гэрэлтэх нимгэн торго мэт зөөлөн булбарай арьсыг Персейд гайхуулах гэсэн мэт даашинзыг нь сөхөн эргэлдэнэ. Ягаан шаргал арьсны өнгийг сувдан цэнхэр сүүдэртэй хослуулсан нь биесүүдийг амьд, сайхан, гэрэлтэх мэт бодитой харагдаж байна. Андромедагийн ихэмсэг язгуур гарлыг нөмрөг болон үсний алтан шаргал өнгөөр илүү тодотгожээ. Харин Персейн час улаан нөмрөг түүний баатарлаг эр зоригийг илэрхийлнэ. ...Зураач домгийн уур амьсгал, үйл явдлыг бидэнд бүрэн хүргэхийн тулд зурагтаа Ялалтын бурхан Ника, мангас, далавчит морь, Горгоныг ялахад хэрэглэсэн толин тусгалтай бамбай, далавчтай гутал зэргийг бүгдийг багтаасан болно. Персейн бамбай зургийн яг төвд байж, дурлалт хос болон далавчит морь гэсэн тэнхлэгт хуваана ...Зураг дээр ялагдсан мангасын толгой л цухуйж бие нь бараг үл үзэгддэг. ...Алагдсан Горгон Медузагийн дусал цуснаас төрсөн Пегасус бол далавчтай бурханлиг морь бөгөөд Андромедаг суллахаар ниссэн Персейн итгэлт хөлөг юм. Пегасус нь домогт өгүүлснээр цагаан байх ч зурган дээр өнгөний тэгш хэмийн хувьд алаг болгож зурсан нь зөв шийдэл болжээ. Морины торгомсог дэл сүүл, гялалзсан арьс нь гайхалтай амьдлаг харагдаж байна. ...Ялалтын бурхан Ника Персейн толгойд ялалтын билэг тэмдэг лаврын навчин титэм зүүж, ёслож байна. ...Амур /Эрот, Эрос/ эртний Грекийн домог зүйд хайрын бурхан, дэлхий дээрх амьдралын холбоосыг баталгаажуулдаг хайр дурлалын дүр юм.. Гурван амур Андромедад тусалдаг бол Өөр нэг нь Персейн алтан дуулгыг тайлна. Нөгөө нь Медузагийн толгойтой бамбайг түшжээ.. Үлдсэн нэг нь үхсэн мангасаас үргэх Пегасусын ногтноос барьж тайвшруулна. Барокко зураачдын хувьд цаг хугацаа орон зайг сүлж зурах нь түгээмэл тухай би өмнө нь бичиж байсан. Энэ зурагт Грекийн домгийг дүрсэлсэн атал Персейд Грекийн биш хожуу Ромын цэргийн хувцас өмсгөснийг анзаарна уу. Амурын барьсан малгайн дээрх бүргэд нь Ромын эзэнт гүрний билгэдэл юм. Нөгөө талаар Ромчууд Грекийг эзэлсний дараа тэдний маш олон үлгэр домог бурхдыг өөриймшүүлсэн байдаг учраас зураач энэ тал дээр санаа зовоогүй байж болох юм. Питер Паул Рубенс “ Персей ба Андромеда / Персей Андромедаг суллав /” 99.5 см х 139 см Тос зотон 1622 он Эрмитажын музей, Санкт-Петербург


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна