Эх орны төлөөх 25 жил

Админ
2020/09/25

Мөнх хөх тэнгэртээ алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дуулалаа дэлхийн дайтад цуурайтуулсан туурга тусгаар улсын иргэн байна гэдэг юутай бахархалтай. Эх нутагтаа мөнхөд амгалан орших, их гүрнүүдтэй эн тэнцүү алхах, ертөнцийн уудамд тэргүүн цэх зогсох энэ их эрх чөлөө үе үеийн хилчин дайчдын үнэлж барамгүй гавьяа зүтгэлээр бидэнд ирсэн билээ. Өдгөө ч бидний амгалан энх, эх орны халдашгүй дархан байдлын төлөө харуулын цэрэг хилийн зурваст нүд цавчих эрхгүй цэх зогсоо. Ганцхан олдох амьдралаа эх орон, элэг нэгтнүүдийнхээ төлөө харамгүй зориулах нэр төртэй бөгөөд хариуцлага өндөртэй албаны эзэд бол хилчид. Өчигдөр тэрхүү эгэл даруухан баатруудын баярын өдөр буюу орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний түүхт 87 жилийн ой тохиолоо. Хил оршин буй учраас л эх орон эгнэгт мандан буй. Торгон хилийн энх тайвны төлөө олон аавын хөвгүүн цэл залуу нас, эрдэм мэдлэг, эд хаваа зориулсаар яваа. Тэдний тод жишээ бол хурандаа А.Ууганбилэг. 18 настайдаа хилийн цэрэгтэй амьдралаа холбож, түүнээс хойших цаг мөч бүрийг эх орны төлөө зориулсан түүний эгэл амьдралын замналаар аялна уу. БАГШИЙН ГЭР БҮЛЭЭС ТӨРСӨН МӨРДӨСТӨН 1996 оны хавар. Баруун гар талаас А.Ууганбилэг Хилч үзлийн тухай яриа дэлгэвэл үг нь ундраад л байдаг эрхэм бол Хил хамгаалах ерөнхий газрын Цэргийн сахилга, албаны зохион байгуулалтын хэлтсийн дарга, хурандаа А.Ууганбилэг. Чиг үүргийнхээ дагуу хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдыг сурган хүмүүжүүлэх, хилч үзэл төлөвшүүлэх, энгийн амьдралаас цэргийн амьдралд шилжиж буй эрсийг хэрхэн дэг ёс, дүрэм журамд сургахад заан чиглүүлдэг тул эгээ л багш мэт нэг бүрчлэн тайлбарлаж, уг үндсийг нь ойлгуулах гэж хичээнэ. Тэрбээр 1977 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд багшийн гэр бүлд төрж, өсжээ. Түүний аав хэл уран зохиолын багш мэргэжилтэй. Харин ээж нь бага ангийн багш. Дөрвөн хүүтэй айлын хамгийн том нь төдийгүй аав ээж хоёр нь багш мэргэжилтэй болохоор хичээлдээ чамгүй сайн хүүхэд байж. Тиймээс хуульч, эрхзүйч болохыг мөрөөддөг байсан гэнэ. Гэвч хувь заяагаар хилийн цэрэгтэй амьдралаа холбожээ. Учир нь, түүнийг арван жилийн сургуулиа төгсөхөд суурь шалгалтын хичээл ижил бол хоёр сургуульд өрсөлдөж болдог журамтай байж. Монгол Улсын их сургуулийн хуулийн ангид элсэхийн тулд нийгмийн тухай мэдлэг, математик, орос хэл гэх гурван хичээлээр шалгалт өгөх ёстой. Эдгээр хичээл нь Цэргийн их сургуулийн суурь шалгалтын болзлыг хангаж байсан тул давхар бүртгүүлчихэж. Яагаад гэвэл, Монгол Улсын их сургуулийн хуваарь ганц, Цэргийн их сургуулийн хуваарь долоо ирсэн тул эрсдлийг тооцоолсон нь тэр. Ийм нэгэн гэнэтийн тохиолдлоор, магадгүй зураг төөргөөр тэр хилийн зүгт алхаж эхэлсэн байна. Хурандаа А.Ууганбилэг энэ тухай “Ээжийн талын холын хамаатан дэд хурандаа байсныг эс тооцвол манай удамд цэргийн хүн байхгүй. Тухайн үед Улсын багшийн дээд сургууль төгссөн хүнийг бэлтгэл бие бүрэлдэхүүнд тооцдог байсан тул манай аав цэргийн алба хааж байгаагүй. Ингээд бодохоор би цэргийн тухай ойлголт ч үгүй өссөн .Яг үнэндээ цэргийн хүн болъё гэж нэг ч удаа бодож байгаагүй. Гэтэл намайг арван жилээ төгсөх үеэр нийгэм зах зээлийн тогтолцоонд шилжиж, хүмүүсийн амьдрал хүнд болж эхэлсэн байлаа. Улсын дээд сургуулиуд төлбөртэй болсон. Тэр үеийн 300 мянган төгрөг гэдэг их мөнгө шүү дээ. Багшийн цалин алсуураа бага. Аав бие нь өвдөөд халамж тогтоолгочихсон байсан юм. Тийм болохоор ээжийнхээ хамаг цалинг аваад, хот сургуульд явна гэхээр санаанд багтаагүй. Сургалтын төлбөрөөс гадна байр сууц, өмсөх хувцас, хоол унднаас эхлээд зардал гарна. Гурван дүү минь яах билээ гэж бодогдсон. Харин цэргийн сургуульд орчихвол байр, хувцас нь цаанаасаа учраас сонгох шалтгаан болсон. Хүсэж, тэмүүлж сонгоогүй ч хилчин болсондоо баярлаж явдаг. Нэг хаалгаар нь алхсан хүн буцаад хаамааргүй ээлтэй сайхан салбар даа” хэмээн ярьсан юм. Түүнчлэн шалгалтынх нь өглөө аав нь “Би чамайг нийгмийн тухай хичээлийн танин мэдэхүйн сэдвийг огт ойлгоогүй байна гэж зүүдэллээ” гэсэн аавдаа нэгд нэгэнгүй ярьж, тайлбарлаж өгсөн гэнэ. Тэгээд шалгалт өгөх ангидаа ороод хүнгүй ширээний цонхон талд сууж байтал шалгалт авахаар гаднаас орж ирсэн багш түүнийг “Б” вариант буюу нөгөө талдаа гарч суухыг хүсчээ. Гэтэл санаандгүй шийдвэр түүний хувьд хожоотой нүүдэл байв. Тэрбээр энэ тухай “Багш самбарыг хоёр хуваасны дараа манай вариантын талд “Т” үсэг бичиж эхлэхэд цээжинд баяр дүүрээд ирж билээ. Яагаад гэвэл, нийгмийн тухай мэдлэг хичээлд ганцхан “Т” үсгээр эхэлсэн сэдэв байсан нь танин мэдэхүй байсан юм даа. Шалгалтын дүнгээр тун дээгүүрт жагсаж Цэргийн их сургуулийн Хилийн цэргийн дээд сургуулийн ангийг авч байлаа. Дараа нь хотод ирж биеийн тамирын шалгалт өгсөн. Биеийн тамиртаа гайгүй сайн. Бас ч үгүй ноцолддог хүүхэд байсан тул хэцүү санагдаагүй. 1995 оны долдугаар сарын 31-нд анх цэргийн ногоон хувцас өмсөж, торгон хил, эх орны төлөө зүтгэх он жилүүд эхэлж байжээ” хэмээн дурсан ярьсан юм. Хань О.Сувд-Эрдэний хамт ХОЁРДУГААР КУРСИЙН ДЭСЛЭГЧ Аж, амьдрал ар гэрээ бодон хэрсүү шийдвэр гаргасан ч хүсэж зорьж ороогүй тул цэргийн амьдралын эхний өдрүүд түүнд хүндхэн санагдаж байжээ. Дуг нойрон дунд “Сэрээд команд” сонстох нь аав ээждээ эрхэлж явсан арван хэдтэй хүүд анхандаа зүүд шиг санагддаг байсан нь дамжиггүй. Хурандаа А.Ууганбилэг “Энгийн амьдралаас цэргийн амьдралд шилжинэ гэдэг тийм амар биш. Өглөө бүр 06:00 цагт босож 2-3 километр гүйнэ. Гүйж ирээд бэлтгэл сургуулилалт хийнэ. Хүн харахад дэглээд байгаа юм шиг хэрнээ тухайн хүний эрүүл мэндэд нэн тустай. Цэргийн хүнд тэсвэр хатуужил суулгах сургалтын явц юм шүү дээ. Цэргийн хүн командаар ажиллах ёстой учраас удахгүй дасчихдаг юм. Мэдээж, чадахгүй, мэдэхгүй зүйлээс халшрах үе бишгүй. Гэхдээ эр хүн гаргасан шийдвэртэй үнэнч байх ёстой. Нэгэнт энэ мэргэжлийг сонгоод орсон тул болих буцах тухай бодож байсангүй” хэмээн хариулах түүнд цэргийн хүний хатуужил аль эрт суучихсан байж гэж бодогдуулна. Биеийн тамираар хичээллэдэг, хичээлдээ сайн, урлагийн авьяастай сонсогч дарга нарын хараанд мөдхөн өртөж, төд удалгүй сэтгэлд нь хүрсэн аж. Учир нь, нэгдүгээр курстээ л жагсаалын дарга болж, ахлах түрүүч цол авсан гэнэ. Тэрбээр “Дөрвөн зураастай мөрдөс зүүчихээд алхах мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Ёстой л мөр лүүгээ байн байн харж, гялалзтал тосолсон гутал руу гаа үе үе харж баярласан сэтгэлээ барьж ядан алхдаг байсан байх шүү” хэмээн хэнэггүйхэн инээнэ. Энэ үед түүний гутлыг ажвал, өнөө хэр толь шиг гялалзаж байх нь тэр. Хөлний бэртэл сэдэрсэн, ойрын хэдэн өдөр таягтай ирж очиж байгаа аж. Цэргийн хүн гэдэг хэзээд цэвэр цэмцгэр, дэг журамтай байдаг хойно доо.Тийнхүү цэргийн сургуулийн босгыг алхсан цагаасаа эхлэн зөвхөн өөрийгөө болгохоос гадна зэргийн нөхдөө манлайлах, тэдний сурлага, хүмүүжил, төлөвшилийг шийдэх хариуцлагатай ажлыг гүйцэтгэх болсон нь түүний хожмын ажил, амьдралд тун ч нэмэртэй байсан нь тодорхой. Сэргэлэн, хөдөлмөрч залуу хоёрдугаар курстээ дэд ахлагч болж, тэр жилийнхээ зургадугаар сард дэслэгч цолоо авсан байна. Өөрөөр хэлбэл, сургууль төгссөний дараа авдаг офицер мөрдөсөө сонсогч байхдаа зүүсэн аж. Харамсалтай нь, түүнийг шижигнэсэн залуу офицер болох үед аав нь тэнгэрт хальсан байв. Тэр тийм л хичээнгүй, манлайлагч байсан хэрэг. Түүнээс та яаж тийм хурдан цол ахив гэхэд “Цэргийн амьдралд ар өврийн хаалга гэж байхгүй. Хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг. Би өөрийгөө ийм, тийм байсан гэж хэлэх нь хаашаа юм. Суръя мэдэе гэж л хичээж явсан” хэмээн даруухан хариулна. Түүний эгэл амьдралын бахархам түүх үүгээр дуусахгүй. А.Ууганбилэг сургуулиа төгсөхөөс нэг сарын өмнө Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Хилийн цэргийн дээд сургуулийн Дамжааны захирагч багшаар томилогджээ. Энэ тухайгаа “Тухайн үеийн сургуулийн дэд захирал, генерал П.Даш, захирал генерал Я.Пүрэвдорж нар надад маш их итгэл хүлээлгэсэн юм. Сургууль төгсөөгүй байхдаа багшаар томилогдоно гэдэг хүн бүрт олдохгүй завшаан. Их хувь заяа. Ийнхүү миний ажлын гараа хил хамгаалах байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, сонсогч оюутнуудад цэргийн эрдэм заахаас эхэлсэн. Тэр цагаас Хилийн цэргийн дээд сургуульд 17 жил ажиллаж салбарын офицер, биеийн тамир, самбо бөхийн багш, аргазүйч багш зэрэг олон ажил, алба гүйцэтгэсэн дээ” хэмээн хуучлав. БАГШААС ОЮУТАН БОЛСОН НЬ Тэрбээр 2011 онд Батлан хамгаалах удирдлагын академид суралцах болсноор өөрөө оюутан болж, багшийн ажлаа өгчээ. Ийнхүү суралцсны дараагаар 2013 онд Хилийн 0306 анги буюу Дорнод аймгийн Мэнэнгийн отрядын Цэргийн сургууль сахилга, албаны зохион байгуулалтын тасгийн албаны даргаар томилогдсон байна. Тэрхүү албаа Үндэсний их баярын наадмын өглөө буюу долдугаар сарын 11-ны мандах нарнаар хүлээж авсан хэмээн бэлгэшээн ярих дуртай юм билээ. Цэргийн үйл ажиллагаа баяр наадмыг үл харгалзан үргэлжилдэг нь тэр буюу. Түүнийг томилогдон очиход отрядын дарга нь доод курсийнх залуу байж таарч. Хурандаа А.Ууган билэг “Цэргийн хүний хувьд курсийн дээр доор, насны ах дүү хамаагүй. Албан тушаалын эрэмбээр харьцдаг. Цэргийн хүн илтгэж харилцдаг учраас би тэр журмын дагуу ажилласан. Мөн намайг очиход “Дарга аа” гэж дуудах хүн нэг ч байгаагүй. Бүгд “Багш аа” гэж хүлээж авсан. Би залуу насаа заставт өнгөрүүлээгүй ч тэнд ажиллах бие бүрэлдэхүүнийг сурган хүмүүжүүлж байсны минь үр дүн юм даа” гэв. Ийнхүү гэр бүлээсээ хол нэг жил гаруй үүрэг гүйцэтгэж, 2014 онд Хил хамгаалах ерөнхий газарт шилжин иржээ. Анх цэргийн сахилга, сургалт зохион байгуулалтын хэлтсийн тусгай бэлтгэл биеийн тамирын офицероор ажиллаж байсан бол өдгөө дарга нь болжээ. ХИЛЧИН ГЭР БҮЛ Түүний амьдрал үргэлж урагшилж, гэрэлтэж байсан гэлтэй. Энэ бүхэн мэдээж түүний чин сэтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн билээ. Мөн ар ажил мэргэжлийг нь ойлгож дэмждэг, ар талыг нь найдвартай зохицуулдаг ханийн түшгийг дурдахгүй өнгөрч боломгүй. Түүний гэргий О. Сувд-Эрдэнэ гэж дэд хурандаа цолтой, алаг нүдэн бүсгүй бий. Тэд арван хэдэн настайдаа учирч амьдралаа холбожээ. Түүнээс хойш 25 жил өнгөрсөн бөгөөд том охин нь 25 настай. А.Ууганбилэг нэгдүгээр курсийн сонсогч байхдаа алаг нүдэн охинд сэтгэл алдарсан нь их хайрын эхлэл байлаа. Хорь ч хүрээгүй аав болсон түүнд хариуцлагаас их үгүй байсан ч тэр хайрлана гэж амласан бүсгүйнхээ төлөө, шинэхэн мэндэлсэн үрийнхээ төлөө хичээнгүйлэн ажилласаар л байв. Эхнэр нь дараа жил нь шалган нэвтрүүлэх албаны ажилтан орчуулагч мэргэжлээр сурч, төгссөнөөр тэд хилчин гэр бүлийн эгнээнд нэгджээ. Ийнхүү суралцахдаа цэргийн сургуулийн журмын дагуу нэг жил казарамд байрласан гэнэ. Хурандаа А.Ууганбилэг “Би эхнэрээ цэргийн хүн бол гэж хэлээгүй юм. Хүний ажил мэргэжил хажуудахдаа нөлөөлдөг юм байлгүй. Хоёулаа цэргийн хүн байх сайхан ш дээ. Бие биенийхээ ажил мэргэжлийг ойлгоно. Үйл ойлголцол үүсэхгүй. Хүүхэд нялх, хоёулаа сонсогч байх үед жаахан хэцүү. Гэхдээ сайн эцэг эхийн буянд бид хүүхэдгүй юм шиг л ажилладаг байлаа даа. Монголчууд Эрхэм тэнэг эхнэрээ магтдаг л гэдэг. Гэхдээ би эхнэрээ магтах дуртай. 10 километрийн маршанд эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөж явсан дайчин эмэгтэй. Миний өдий зэрэгтэй яваад ханийн минь түшиг их. Нэгэнт энэ албанд амьдралаа зориулахаар шийдсэн болохоор баргийн юмыг хүнд хэцүү гэж хүлээж авдаггүй юм даа” хэмээн ярилаа. Тэрбээр эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байсан шигээ гэргий, үр хүүхдэдээ өгсөн амлалтаа хором ч умартаагүй сайн хань, үлгэр жишээ аав ажээ. Түүнчлэн таван настайгаасаа Хөгжим бүжгийн коллежид сурч, 10 гаруй жил хийл хөгжмөөр хичээллэсэн дунд охин нь өнгөрсөн жил Дотоод хэргийн их сургуульд шилжин суралцахаар шийдсэн гэнэ Ийнхүү хилчин гэр бүлд төрж өссөн мөрдөстөн нэгээр нэмэгдэх нь ээ. “Эх орны хил тайван байна” хэмээн илтгэхдээ бүхнээс жаргалтай зогсдог хилчдийн яруу алдар үеийн үед үргэлжилсээр байх нь сайхан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна