Уран зураг уншицгаая: Реалист зураач Х. Баярын тайлбараар  Рембрандт Ван Рейний “Даная”

Админ
2020/09/25

 Голландын агуу зураач Рембрандт Ван Рейний “Даная” зургийг Реалист зураач Х. Баярын тайлбараар хүргэж  байна. Уран зураг уншицгаая ...Аргосын хаан Акрисиус өөрийн охин Данаяагаас төрөх хүүгийн/ирээдүйн зээ хүү/ гарт амиа алдах болно гэдгийг зөнчөөс мэдэж, аймшигт ирээдүйгээсээ зайлсхийн, Данаяаг ямар ч эртэй ойртуулалгүйн тулд бүх насаар нь цамхагт хорьжээ. Гэвч хэрэг зориг хааны хүслээр шийдэгдсэнгүй. Бүхнийг чадагч Зевс бурхан хааны охины гоо үзэсгэлэнд шунаж, дурлалын холбоо үүсгэв. Аянгат Зевс өөрийгөө алтан бороо болгож хувиргаад бүсгүйн хоригдож буй өрөөний дээврийн нарийн нүхээр нэвтэрч чаджээ. Удалгүй тэр хоёрын дундаас Персей хэмээх хүү мэндэллээ. /Жич: Үүнээс цаашхи домог энэ зурагт хамааралгүй. Персейн тухай сонгодог зураг ба домгийг П.П. Рубенсийн “Персей ба Андромеда” зураг дээр дэлгэрэнгүй тайлбарлана/ ...Зургийн төвд бие нь төгс, тод гэрэлтэж, бурханлиг өнгөөр бичигдсэн Даная дүрслэгджээ. Хөөрхөн, нүцгэн эмэгтэй, өөрөөс нь хүү төрүүлэх хүсэлтэй Зевс бурхан ирэхийг хүлээн хэвтэж байна. Бүсгүйг дүрслэхдээ зөөлөн шаргал өнгийг ашиглаж, гэрэл сүүдрийг чадварлагаар хослуулсан нь энэ бүтээлийн нэгэн гайхамшиг, зураачийн авьяас чадварын илэрхийлэл юм. Даная зүүн гараараа дэрээ тулж, баруун гараараа гэрэлтэж буй хэн нэгэн рүү тэмүүлжээ,. Энэ бүтээлийн бас нэгэн онцлог нь Зевс бурхныг бодитоор дүрслэлгүй алтлаг гэрлээр орлуулжээ. ...Хэдий Даная Зевсийг хүсэж, урин дуудаж буй мэт авч дотоод дүр нь эсрэгээрээ юм. Бүсгүй эцгийн тушаал ёсоор эрд гараагүй байгаа бөгөөд амьдралынхаа туршид хайрыг мэдрэлгүйгээр ганцаар амьдрах ёстой байлаа. Шоронд эцгийнхээ тушаалд үнэнч хэвээр хоригдож байсан боловч Эзэн бурханд бүсгүйн хүсэл зориг, зөвшөөрөл өчүүхэн ч хэрэггүй. ...Энэ бүхний гэрч зурагт бий. Зургийн зүүн дээд буланд зурагдсан хөмсгөө зангидаж шаналсан дүртэй Амур бол түүний дотоод дүр юм. Сайн харвал “Хайрын элч”-ийн гар нь хүлээтэй байх бөгөөд энэ нь удахгүй болох “үйл явдал”-ыг хичнээн дургүйцэвч, яаж ч хүчрэхээ байж, цөхрөнгөө барсан Данаягийн үнэн байдал. ...Бүсгүйг харгалзаж буй шивэгчинг орны арын хэсэгт баруун гартаа цайзын олон тооны түлхүүр, барьснаар таних боломжтой. Зүүн гараараа “Үл үзэгдэгч гэрлэн хүн”-д хөшгийг нээн, цээжээ бөхийлгөж, хүндэтгэл үзүүлж байна. ...“Барококын хэв маяг” нь Сүр жавхлан, Ёслолын байдал, Гялтганасан гоёл чимэглэл, төвөгтэй нарийн дүрслэл бүхий Хээ угалзанд агуулагддаг. Зураач ч үүнээс гажсангүй. Бүсгүйн хэвтэж буй зөөлөн цагаан даавуу, өдөн дэрийг нарийвчлан чимэглэж, алтан утас бүхий ширээний бүтээлэг, алтадсан сийлбэртэй матмал орыг зурсан байна. Бүр дурлалын элчийг хүртэл алт зэсээр бүрсэн мэт зурсан нь соньхон. Орны хөшиг, хучлаганы хүрэн ногоон өнгө нь өрөөнд зөөлөн дулаан орчинг мэдрүүлнэ. ...Данаягийн домог, дүр төрх нь Сэргэн мандалтын үеэс хойш олон олон уран бүтээлчдийн анхаарлыг татаж, түүнийг алдаршуулан зурж байсан юм. Гэвч тэдний хэнийч бүтээл Рембрандтийнх шиг өндөр түвшний сэтгэлгээ, арга барил, зохиомж авалтыг гүйцэхгүй бөгөөд үнэхээрийн түүн шиг чадварлаг, шинэлэг гайхалтай төгс зурсан нь үгүй билээ л. Рембрандт/Rembrandt Harmenszoon van Rijn/ “Даная” 1636-1647 он Тос зотон 185 см х 203 см Эрмитажийн музей, Санкт-Петербург


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна