Б.Батзориг: ЭЭЖДЭЭ ЗОРИУЛЖ ШҮЛЭГ БИЧИЖ ЗҮРХЭЛДЭГГҮЙ

Админ
2020/09/25

П. Амгаланбаяр Хүсэл тэмүүллийнхээ зүг алхаж буй залуу үеийн төлөөлөл яруу найрагч Б.Батзоригтой ярилцлаа. -Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулаач. Хэзээнээс шүлэг яруу найрагт татагдсан бэ? -Намайг С.Батзориг гэдэг. МУБИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Одоо Сэлбэ сургуульд ажиллаж байна. Би багдаа эмч болохыг хүсдэг байлаа. Харин дунд ангид манай монгол хэл, уран зохиолын багш намайг олимпиадад оролцохыг хүссэн. Тэр үедээ нэг их дуртай биш байсан л даа. Гэтэл тэмцээндээ амжилттай оролцсон. Түүнээс хойш хэл уран зохиолд дуртай болж, шүлэг яруу найрагт дурласан. Миний хүсэл тэмүүлэлийг, ирээдүйн замыг минь зөв залж өгсөн багшдаа маш их баярладаг. -Ингээд бодохоор багш мэргэжил хүүхдийн оюуныг тэлж, хүсэл мөрөөдлийг нь чиглүүлдэг чухал ажил юм.Хүүхэдтэй ажиллах ямар байна вэ? - Тэгэлгүй яах вэ. Мэргэжлээрээ ажиллаад удаагүй байгаа ч гэлээ багш мэргэжлийг эзэмшсэндээ би үргэлж талархдаг. Хүүхэд цав цагаан цаас шиг хиргүй тунгалаг бодол сэтгэлгээтэй, үргэлж сайхан энергийг түгээж байдаг шүү дээ. Миний ажигласнаар хүүхдүүд монгол хэл уран зохиолын хичээл хэцүү гэсэн ойлголттой байдаг юм шиг. Тиймээс хүүхдүүдийг монгол хэл уран зохиолдоо дуртай болгох, сургах боломж байгаа гэдгийг ойлгуулахыг хичээж байна. - Та оюутан байхдаа илүү их шүлэг яруу найргаар амьсгалж, амьдарч байсан юм шиг? -Би оюутан болоод 20 гаруй шүлэг бичсэн. Гэхдээ шүлэг бичнэ гэдэг миний хувьд зүгээр сууж байснаа би ийм шүлэг зохиолоо гээд бүтчихдэг зүйл биш. Шүлэг бичих агшин, цаг хугацаа гэж байдаг болов уу. Магад хүний амьдралын хэтийдсэн аз жаргалтай, уйтгартай хором мөчөөс шалтгаалж шүлэг яруу найраг төрдөг байх. Тиймээс миний сэтгэлээс, оюун бодролоос тийм олон шүлэг одоохондоо төрж амжаагүй л байна. Гэхдээ надад оргилсон их хүсэл тэмүүлэл бий.Хүн бүрийн амьдрал өөрийн гэсэн цаг хугацаатай. Тэр хугацаа ирсний дараа шүлгийн номоо өлгийдөн авах байх. - Тийм цаг хугацаа, орчноос төрөн гарсан нэг шүлгийнхээ тухай ярьж болох уу? - “Хэнтийд зориулав” гэж шүлэг бий. Тухайн үед би гуравдугаар курсийнхээ дадлагаар Хэнтий аймгийг зорьсон юм. Тэр үед надад ер бусын сонин мэдрэмж төрж байсан.Тал хээр, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар намайг угтсан. Нутгийн хүмүүс нь их зочломтгой. Миний дадлага хийхээр очсон сургуульд монгол эмэгтэйн шинж бүрдсэн, үзэсгэлэнтэй бүсгүй багшилдаг байв. Энэ бүхнээс үүдэж миний шүлэг төрсөн. Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын уугуул.Ийн нутгаасаа хол хүсэл тэмүүллээ даган яваа хүүд олон зүйл их сонин санагдаж билээ. -Таны төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Жаргалант сум гэлээ. Нутгийн тань уул ус, аж байдал таныг шүлэг яруу найрагт дуртай болоход нөлөөлсөн байх даа? - Мэдээж төрсөн нутгийнх нь сайхан бүхэн тухайн хүний зан араншин авьяас билэгт нөлөөлдөг байх. Аж ахуй, хүмүүсийн амьдралын хэв маяг эгэл хэрнээ ер бусын нууцыг хадгалж байдаг шүү дээ. Хөвсгөл нутаг минь далай ээжийнхээ хөвөөнд орших байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан өлгий. Тиймээс хүмүүн заяаг эрхшээж төрөхдөө энэ газрын нэг эд эс болон оршин яваадаа баярладаг. Улирал бүхэн өөрийн өнгөтэй байдаг гэдэгчлэн би хавар, намарт шүлэг бичих дуртай. Ялангуяа, намар. Намрын өнгө, түүний эгэл оршихуй бүхэн нь хүмүүний сэтгэлийг хөндөх хөнгөн гунигтай байдаг. Тиймээс олон хүнд ийм мэдрэмж өгдөг байх. Миний зохиосон намрын тухай цуврал шүлгүүд бий. -Ямар нэг зүйлийг өөр өнцгөөс харж бичнэ гэдэг сайхан. Гэрийнхэн тань хэрхэн хүлээж авдаг вэ? -Аав маань бас шүлэгч. Намайг монгол хэл уран зохиолын багш болсны дараа шүлэг яруу найрагт илүү дуртай болсон. Би аавдаа зориулж шүлэг тэрлэсэн. Харин ээждээ шүлэг зориулан бичиж зүрхэлдэггүй юм. Ээж минь хүүдээ гомддог байх даа. -Р.Чойномын Залуу нас утга зохиолын дугуйлангийн анхны түүвэр “Дөт” номд таны хэдэн шүлэг багтсан бэ? -“Хэнтийд зориулав”, “Натирморт” гэсэн хоёр шүлэг багтсан. “Натирморт” шүлэг нь миний хамгийн дуртай, хайртай шүлэг. Хүн уншихад жаахан ойлгомжгүй юм шиг санагдаж магад. Тухайн үед зохиолч Г.Аюурзанын “Цагаан хар улаан” романыг уншсан юм. Надад төгсгөл нь ер бусын мэт санагдсан. Номынхоо сүүлийн өгүүлбэрийг уншиж дуусах мөчид миний зүүн чихэн дээр эмэгтэй хүн хашгирах шиг болсон. Гэхдээ эргэн тойронд нэг ч хүн байгаагүй. Тэгээд л надад шүлэг бичих санаа төрсөн. Би энэ шүлгээ их хурдан бичсэн, яг үзэг бийр өөрөө гүйх мэт, миний сэтгэл зүрхнээс урссан. Миний бичсэн анхны этгээд өнгө аяс бүхий шүлэг. Ер нь “Натирморт” гэдэг нь зургийн эх дүр, үхмэл зураг гэсэн утгатай.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна