“Baykar” нисдэг автомашин “Gezeri”-г танилцууллаа

Админ
2020/09/25

Нисэгчгүй нисдэг аппарат үйлдвэрлэгч Туркийн “Baykar” компани анхны нисдэг машиныхаа загварыг олон нийтэд танилцууллаа. “Ирээдүйн өрсөлдөөнд бэлэн байх зорилгоор бүтээсэн “Cezeri” нисдэг автомашин анхны нислэгээ хийж дуусгалаа” гэж тус компани “Twitter” дэх албан ёсны хуудсандаа мэдээлээд нисдэг автомашин нь агаарт хэдэн метрийн өндөрт хэрхэн нисэж байгааг харуулсан дүрс бичлэгийг байрлуулсан байна. Нисдэг автомашиныг бүтээх ажил 1.5 жилийн өмнө эхэлсэн ба анхны нислэгээ энэ сарын 11-нд хийжээ. Найман цахилгаан хөдөлгүүртэй сэнс нь 230 кг-ын жинтэй нисдэг автомашиныг агаарт хөөргөнө. Анхны туршилтын үеэр 10 метрийн өндөрт хөөрсөн байна. Одоогоор нисдэг автомашины кабинд ганцхан хүн суух боломжтой аж. “Baykar” компани нисдаг автомашинаа ирээдүйд улам сайжруулж, зорчигч болон ачаа тээврийн загварыг үйлдвэрлэх зорилт тавьжээ. Түүнчлэн нэг цагт 100 км хүртэл хурдалж, 2000 метрийн өндөрт нэг цагийн турш нисэх чадвартай болгоно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн наймдугаар сард Японд нисдэг автомашинд хүн суулгаж нисгэсэн. АНУ-ын Нью-Хэмпшир муж улсын эрх баригчид иргэдэд нисдэг автомашин хэрэглэхийг зөвшөөрсөн юм. Том хотуудын түгжрэлийн асуудлаас үүдэж сүүлийн үед нисдэг автомашины хэрэглээ гарч эхэлсэн. Тиймээс эрдэмтэд, компаниуд нисдэг автомашин үйлдвэрлэхэд ихээхэн анхаарлаа хандуулдаг болсон. Японы технологийн 20 компани нэгдэн нисдэг машин бүтээх судалгаагаа эхлүүлсэн. Алдарт “Тоёота” компаниас авахуулаад “Ямато”, Японы агаарын тээврийн компани ч дээрх компаниудын тоонд оржээ. Нисэх чиглэлийн зөвлөгөө, технологийн туслалцааг “Боинг” компаниас авч байна. Японы Сангийн яам нисдэг машины технологи зохион бүтээх ажилд улсаас 40.4 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд дийлэнхийг нь судалгааны ажилд зарцуулах аж. Амжилттай үргэлжилж буй судалгааны ажил 2022 он гэхэд дуусч, улмаар үйлдвэрлэх ажилд шилжих юм байна. Япон улсын зохион бүтээх машиныг такси дуудлагын “Uber” компани авахаа мэдэгдэж, 2023 он гэхэд нисдэг таксины үйлчилгээ нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Нисдэг машинтай холбоотойгоор дүрэм, зохицуулсан хууль боловсруулж байгаа гэж Японы Засгийн газраас мэдэгдсэн. Нисдэг машин зохион бүтээсэн тохиолдолд АНУ болон Европын зах зээлд гаргах ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна