Кремль “Хойд урсгал-2” төслийг улстөржүүлэх хэрэггүй гэв

Админ
2020/09/25

ОХУ-аас Герман руу шууд дамжуулах шатдаг хийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх хүчин чадал бүхий “Хойд урсгал-2” төслийг улстөржүүлж, Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан хэрэгтэй хольж хутгах хэрэггүй хэмээн Кремль мэдээлэв. Герман улс дээрх төслийг дэмжиж буй гол орон. Гэвч Москва Алексей Навальныйг хордуулсан хэргийг хэрэв ил тод мөрдөхөөс татгалзвал Канцлерь Ангела Меркелийн Засгийн газрыг хийн хоолой барих төслөөс татгалзах шаардлага ихэсч магадгүй гэнэ. Өнгөрсөн наймдугаар сарын 20-нд Томск хотоос Москва руу Алексей Навальный нисч байхад гэнэт бие нь муудаж, Омск хотын эмнэлэгт хүргэгдсэн билээ. Дараа нь түүнийг Германы эмч нар ирж аваад явсан. Германы эрдэмтэд сүүлийн үед авлигатай идэвхтэй тэмцэж буй Оросын улстөрчийг ЗХУ-ын үед хийгдсэн “Новичок” хэмээх бодисоор хордуулсныг тогтоосон. Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өнгөрсөн лхагва гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр “Хойд урсгал-2” төслийг улстөржүүлэх хэрэггүй гэж мэдээлэв. Тэрбээр “Энэ төсөл ОХУ болон Европын холбооны орнууд, ялангуяа, Германы эрх ашигт нийцсэн маш ашигтай арилжааны төсөл” гэв. Украин, Европын холбооны гишүүн болох Польш, Эстон, Латви, Литв улсууд дээрх төслийн эсэргүүцдэг. Түүнчлэн АНУаас “Хойд урсгал-2” төсөлд хориг тавьж, зогсоохыг уриалж байв. Гэвч Вашингтоны байр суурийг Европын холбооны хэд хэдэн улс эсэргүүцсэн аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна