Минскийн шүүх хоёр зурагчныг хорьжээ

Админ
2020/09/25

Беларусийн нийслэл Минск хотын Фрунзе дүүргийн шүүхээс “Чөлөөт Европ” радио болон Tut.by цахим сайтын фото сурвалжлагч зурагчин Владимир Гридинд “зөвшөөрөөгүй жагсаал”-д оролцсоных нь төлөө 11 өдрийн баривчлах ял оноосон байна. Бас нэгэн фото сурвалжлагч Александр Васюковичийг мөн адил 11 хоногоор хорихоор болжээ. Tut.by сайтад мэдээлснээр зурагчдыг энэ сарын 13-нд Романовская Cлобода гудамжинд болсон жагсаалд оролцсон хэмээн буруутгажээ. Уг гудамжинд байрладаг зоогийн газраас А.Васюкович, В.Гридин нар редакц руугаа зураг илгээсэн байна. Тус өдөр Минск хотод олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон. Жагсагчид тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенког дахин сонгосон гэх сонгуулийн дүнг эсэргүүцэж байгаа. Тэд Сонгуулийн төв комиссын зарласан үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Беларусийн дотоод хэргийн яамнаас 13-нд Минск хотод болсон жагсаалын үеэр 400 гаруй хүнийг баривчилсан гэж мэдээлсэн. В.Гридин, А.Васюкович нарыг баривчилсантай холбогдуулан “Чөлөөт Европ” радиостанцын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэйзи Синделар шүүхийн шийдвэрт харамсч буйгаа илэрхийлжээ. Тэрбээр фото сэтгүүлчид ажлаа хийснийхээ төлөө ял авч байгаа гэв. “Беларусийн эрх баригчид чөлөөт сэтгүүлчдийн эсрэг хийж буй дайралтын нэг хэсэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үеэр гарсан будлиан, хууль бус үйлдлийн тухай үнэн бодит баримтыг гаргаж ирэхэд саад болж буй явдал” хэмээн Дэйзи Синделар цохон тэмдэглэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна