А.Ариунзаяа сайдад алга ташъя

Админ
2020/09/25

Өөрөө л дарга байх, бусдыг өмнөө бөхөлзүүлж байж албан тушаал, эрх мэдэлтэйгээ мэдэрдэг сэтгэхүй Монголд хүчээ авчээ. Иргэд нь ч дарга нарын ийм нэг увайгүй, дээрэнгүй, харгис, хүйтэн, дарангуй, ихэрхүү аашинд дасчээ. Сайд гэхээрээ жирийн ажилтнаа магтан сайшааж, урамшуулан баярлуулж болохгүй мэт авирладаг болсон байна. Төрийн сайдын тамга бүү хэл, төрийн тэргүүний тамга улс төрийн хаалттай орчинд хаана дарагдаж явааг бид мэдэхгүй л суугаа шүү дээ. Гэтэл нийтээрээ нэг сайдын үйлдэлд цухалдаж, жирийн нэг ажилтны төрсөн өдрөөрөө хүлээж авсан ил захидлыг ам дамжуулан “урж” байна. Хорвоогийн түмэн хүнд жилийн 365 өдрөөс онцолж баярламаар өдөр байдаг нь төрсөн өдөр. Хүмүүний биеийг олж мэндэлсэн ганцхан өдрөө бидний хэн нь ч ялгаагүй юухан, хээхнээс ч илүү өмчилдөг. Яагаад ч юм төрсөн өдрийг минь хүн бүхэн мэдээсэй, дэргэдүүр өнгөрсөн бүхэн мэнд хүргэж халуун, дулаанаар тэврээсэй хэмээн бодчихсон явдаг. Энэ л өдрөөрөө хүндэтгэж явдаг бүхнээсээ яагаад ч юм бэлэг “горьддог”. Хүний сэтгэлийн ийм л уянга, аашийг А.Ариунзаяа сайд мэдэрдэг учраас Үндэсний статистикийн хорооны дарга байхаасаа л дээрх уламжлалыг хэрэгжүүлдэг байснаа өөрийн цахим шуудангаараа зарлав. Мэдээж даргаасаа, сайдаасаа зөвхөн өөрийнх нь “өмчилсөн” өдрийг сонгож урамшуулахад нь баярлахгүй хэн байх билээ. Энэ бол ийм л нэг чин сэтгэлийн үйлдэл байв. Ингэлээ гээд төрийн мөнгө урсаагүй, аль нэг сангаас зээл авах эрх үүсээгүй. Гэтэл бид сүрэглэн дайрч, сүртэй сүртэй титэм үг тэрлэх нь хүн ёсны гажуудал уу, хүн чанараа гээсний баталгаа юу. Одоо бид харин өөрсдөөсөө асууя. Цахим орчинд туйлшрах нь эрх ашиг уу, таны мөн чанар уу. Жирийн нэг залуугийн баярлаж, өмчилсөн төрсөн өдрийнх нь халуун дулаан уур амьсгал, долгилсон их сэтгэлийг хүйтэн мэс шиг үгсээр, хэдэн мянгаараа жадлах нь нийгмийн сэтгэл зүй юм уу, нэг хоёрхон хүний туйлгүй хийрхэл үү. Үгүй ер нь тэгээд сайд тамгаа цүнхнээсээ гаргана уу, шүүгээнээсээ гаргана уу хэнд хамаатай гэж. Харин ч өөрийнх нь эрх мэдэл, хууль журмынхаа хүрээнд жирийн ажилтнаа хэрхэн даржин төсөвгүй баярлуулж болохоо эмэгтэй хүний сэргэлэн, авхаалжтай араншингаар мэддэг түүнд алга ташъя. Дарга, сайдууд жирийн ажилтнаа баяруулах халуун сэтгэлтэй явахад бусад нь аяндаа болно доо, болно.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна